Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00059

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00059

 

 

Д.Цэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2020/00186/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Д.Цэнд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

А.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Э.Ариунсайхан /онлайн/

Хариуцагчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа /онлайн/ ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01ий өдрийн 303 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор
Д.Цэндийн нэхэмжлэлтэй Д.Ариунтуяад холбогдох Эксковатор зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 90.000.000 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2019 оны 10-р сарын 24-ний өдөр Д.Ариунтуяа нь миний эзэмшлийн миний хөрөнгө болох НIТАСНI ZX 350Н-3G маркийн тээврийн хэрэгсэл буюу эксковаторыг 180 сая төгрөгөөр худалдаж авахаар амаар тохирч 7 хоногийн дараагаас буюу /эхний дэлгээгээ буюу кареар/ гаргасны дараа мөнгийг өгөхөөр ярьж тохирсон....Д.Ариунтуяа нь боломжийн ажиллаад байгаа мөртлөө миний мөнгийг өгөхгүй байхаар нь би 2019 оны 12-р сарын 28-нд Д.Ариунтуяатай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Ингээд дахин хугацаа тохирч мөнгийг өгч чадахгүй бол бид урьд тохирсон ёсоороо сар бүр 30 сая төгрөгөөр тооцож ашигласны хөлс буюу түрээс үргэлжлүүлэн авахаар гэрээ хийгээд дахин мөнгө өгөхийг хүлэсэн боловч мөнгийг өгөхгүй байсан тул Баянгол сумын Хар морьт гэх газраас өөрсдийн зардлаар арга буюу 2020 оны 02-р сарын 02-нд очиж эксковатороо буцаан авсан. Иймд Д.Ариунтуяагаас 2019 оны 10-р сарын 24-ний өдрөөс хойш 2020 оны 02-р сарын 02-н хүртэл 3 сар 10 хоног ашиглуулсны хөлс 90000000 төгрөг авах ёстой гэж үзэж байна. ...Иймд одоогийн байдлаар Д.Ариунтуяагаас техник ашигласны хөлс болох 90000000 төгрөгийг нэхэмжлэж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ариунтуяа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2019 оны 10-р сарын 24-нөөс бид амаар харилцан тохиролцоод хамтран ажилласан. Энэ хугацаанд Цэнд, Гомбосүрэн нар нь манай нөхөрлөлийн газар дээр кареар гаргаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон. Цэнд, Гомбосүрэн нар нь өөрсдийн эзэмшлийн хөрөнгө болох Hitachi-2Х 350-30 маркийн тээврийн хэрэгсэл эксковаторыг 180.00.0000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар миний нөхөр Я.Батсүхтэй амаар тохиролцсон байсан. Энэ хугацаанд техник худалдах, худалдан авах талаар надтай огт ярилцаагүй болно. Цэнд, Гомбосүрэн нар техникээ /эксковатороо/ зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийхийг өөрсдөө санаачлан хүссэний дагуу 2019 оны 12-р сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт уг гэрээг надтай байгуулсан. Бид нар 2019 оны 10-р сарын 14-өөс эхэлж өөрсдийн боломжоороо Цэндийн нөхөр Гомбосүрэнгийн ХААН банкны 5090611698 тоот дансанд төлбөр төлж эхэлсэн. /Төлбөр шилжүүлсэн баримтыг хавсаргав/ Гэрээ хийхээс өмнө цаг агаарын нөхцөл байдал хүндэрч шороо хөлдөх асуудал үүсч /12 сард/ дулааны цаг үетэй харьцуулахгүйгээр ажил удаашралтай байсныг Цэнд, Гомбосүрэн нар өөрсдөө ирж үзсэн төдийгүй, энэ чиглэлээр өөрсдөө үйл ажиллагаа явуулж байсан тул асуудлыг бүрэн мэдэж байсан. Тэгээд өөрсдөө одоо гэрээгээ хийе гэж хүссэн. Уг гэрээг байгуулсантай зэрэгцээд манай тог гаргагч генератор эвдэрсэн тул ажил зогссон. ...Цэнд, Гомбосүрэн нартай байгуулсан гэрээ 2020 оны 03-р сарын 15-ны өдөр дуусах байсан. Тиймээс бид нөхцөл байдлыг хэлж гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнд тусгагдсан төлбөрийг төлж барагдуулна гэдгээ хэлсэн боловч Цэндийн нөхөр Гомбосүрэн нь техник эвдчихлээ, техникээ татаж авна гээд гэрээ хийсэн надтай ярилцалгүй гэрээний үүргээ зөрчөөд техникээ 2020 оны 01-р сарын 20-нд авч явсан. ...Үүнээс үүдэн бид баяжмалтай овоолго шороогоо хөлдөөгөөд ойролцоогоор 40.000.000 орчим төгрөг, кареар гаргахад зарцуулсан 15 тн түлшний 32.250.000 төгрөгөөр хохирсон. Иймээс бид Цэндийн гаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнд ашиглалтын хөлс гэсэн асуудал яригдаад байна. Худалдах худалдан авах гэрээнд ашиглалтын хөлс гэсэн асуудал огт яригдахгүй. Гэтэл ашиглалтын хөлс гэж нэхээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Мөн худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаад байна уу гэрээг цуцлаад байна уу гэдэг эсхүл түрээсийн төлбөр нэхээд байна уу гэдэг нь тодорхойгүй Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчээс техник ашиглуулсны түрээсийн төлбөр гаргуулахаар шаарджээ. Түрээсийн гэрээ төлбөр нэхэж байгаа бол гэрээ байгуулсан байхыг шаардах ёстой. Гэтэл худалдах дудалдан авах гэрээний доод талд нэг заалт болгоод түрээсийн сарын 30 сая төгрөгөөр тохирсон гээд оруулсан ингэхээр энэ бол түрээсийн гэрээ биш тухайн байгуулсан гэрээ нь хуульд бичгээр байгуулах хэлбэрийг зөрчсөн гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэж хэлсэн тийм бол нэхэмжлэгч хөлс нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Худалдах худалдан авах гэрээнд хөлс гэсэн ойлголт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01ий өдрийн 303 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №2207 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгч Д.Цэндээс 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Ч.Ариунтуяад олгож, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ариунтуяагаас 90000000 /ерэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжпэгч Д.Цэндэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжпэгч Д.Цэндийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 607950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ариунтуяагаас 607950 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Д.Цэндэд олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иймд хариуцагч зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, мөн гэрч Б.Шинэцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн болох нь .... нотлох баримтаар тогтоогдож байна... гэж нийт 10.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна гэж тусгасан хэрнээ шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэгч Д.Цэндээс 5.000.000 төгрөгийг гаргуулж олгож тооцооллыг буруу хийсэн, хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 31.005.000 төгрөгний төлбөрийг нэхэмжлэгч талд төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байхад уг үнийн дүнгээс зөвхөн 10.000.000 төгрөгийг л хассан нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.

2. Нэхэмжлэгч анхнаасаа шүүхэд гаргасан нэхэмжлэл нь худалдах худалдан авах гэрээний төлбөрт 90.000.000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нар зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан уг гэрээг цуцласнаас нэхэмжлэгчид учирсэн хохирол болох 90.000.000 төгрөгийг хариуцагч тал төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж үзсэн хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг үндэслэж хохиролыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Хэрэв нэхэмжлэгч хохиролыг шүүхээс нэхэмжилсэн бол ямар хэмжээний хохирол, хэрхэн яаж учирсаныг нотлосон баримтыг шүүхэд өгч уг баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан байсан. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад би уг гэрээнээс татгалзаж байна, би машинаа буцааж авсан, би автомашиыг маань түрээслэсэн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тайлбар өгсөөр байхад шууд хохирол гэж үзсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад гэрээнээс татгалзчихаад, гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан хохиролыг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардпага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох нь зүйтэй. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэрхэн хангасан эсэх талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

5. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ... 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс төлбөрийг бүрэн төлөх хугацаанд хүү тооцохгүй, гэрээ цуцлахаар бол ашигласан хугацааг түрээсээр тооцож, сарын 30.000.000 төгрөг болно. Механизмыг хүлээлгэн өгсөнөөс хойш одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа.., гэж тусгасан байна. Гэтэл талууд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж энэ үеэс эхлэн хэрэв худалдаж авахгүй бол нэг сарын 30.000.000 төгрөгөөр тооцож түрээс төлнө гэж гэрээгээр тохиролцсон. Нэхэмжлэгч тал 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр техник ээ буцаан авсан гэж үзвэл нийт 64 хоног л хариуцагч тал түрээс төлөх үүрэг үүснэ. Гэтэл шүүхээс мөн өөрийн санаачлагаараа 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс уг үүргийг үүсгэж тооцсон нь мөн л үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 303 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардпагыг гангаагүй байх тул, тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд эксковатор зээлээр худалдах худалдан авах гэрээнээс гадна өөр бусад техникийг түрээслүүлэх тухай гэрээ хийсэн. Түрээсийн төлбөрт өгсөн мөнгөө худалдах худалдах авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж хольж хутгаад байна. Эксковаторын үнэд 5.000.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн өөр огт төлбөр хийгээгүй тул би техникээ буцаан авсан. Миний техникийг удаан 3 сар ашигласан тул тэр хугацааны мөнгийг нэхэмжилсэн. Худалдан авч чадахгүй бол түрээсийн төлбөр төлнө гэж өөрсдөө тохиролцсон тул нэхэмжилж байна. Бэлэн мөнгө өгсөн гээд байгаа нь худалдах худалдан авах гэрээнд огт хамааралгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Цэнд нь өөрийн эзэмшлийн НIТАСНI 350 маркийн экскеваторыг 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Д.Ариунтуяагийн өөрийн хүсэлтийн дагуу харилцан тохирч 180.000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдсан. Ингээд Д.Ариунтуяа, түүний нөхөр Я.Батсүх нар мөнгийг 7 хоногийн дараагаас мөнгийг шилжүүлнэ гэсэн боловч 2020-02-02-н хүртэл мөнгийг шилжүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс гадна нэхэмжлэгч Д.Цэнд түүний нөхөр Г.Гомбосүрэн нар нь хариуцагч Д.Ариунтуяа, түүний нөхөр Я.Батсүх нар харилцан тохиролцож 04-31 ӨВР дугаартай норд маркийн авто машин, 29-57 ӨВР улсын дугаартай норд маркын авто машинаа 2019 оны 10-р сарын 06-ны өдрөөс , нэг сарын 12 сая төгрөгөөр, мөн Доосан 370 маркийн экскеваторыг 2019-10-13-наас сарын 23 сая төгрөгөөр, Доосан 300 маркийн экскеваторыг сарын 18 саятөгрөгөөр, 2019-10-24-нөөс тустус түрээсээр ашигллуулж байсан болно. /Дээрх эд хөрөнгө түрээслэж байсныг хольж тайлбар гаргаад байгаа учир дурьдав./

2019 оны 10-р сарын 02-нд 5.000.000 төгрөг бэлэнээр өгсөн үнэн ба энэ нь дээрх эд хөрөнгийг түрээслэж байсан тул түүний төлбөр бөгөөд энэ нэхэмжлэлд огт хамааралгүй болно. Харин дансаар 5.000.000 төгрөг төлсөн нь гэрээний дагуу төлөгдсөн 5.000.000 төгрөг болно. Нэхэмжлэгч Д.Цэнд өөрийн HIТАСНI 350 маркийн экскеваторыг 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Д.Ариунтуяагийн өөрийн хүсэлтийн дагуу харилцан тохирч 180.000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдсан боловч 7 хоногийн дараа мөнгийг өгнө гэж тохироод мөнгийг өгөөгүй 3 сар болсон атлаа техникийг тасралтгүй 3 сар ажиллуулж байсан тул худалдагч тал буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 264-р зүйлийн 264.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 264-р зүйлийн 264.2-д хохирлыг нэхэмжилсныг шүүх шийдвэртээ тусгасан бөгөөд Иргэний хуулийн 227-р зүйлийн 1-д заасныг барьж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ба хэт нэг талыг барьсан буюу өөрийн санаачлагаар шийдвэрлэсэн зүйл огт биш хууль зөрчөөгүй шийдвэр гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020-07-01-ны өдрийн 303 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээндээ худалдан авагч нь үүргээ биелүүлээгүй бол сарын 30.000.000 төгрөгөөр тооцон эд хөрөнгө ашигласны төлбөрийг тооцон өгөхөөр тохиролцсон. Худалдан авагч нь үнэ төлөөгүй тул техникээ буцаан авч гэрээнд тохирсны дагуу мөнгөө нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагад төөрөөд ойлгогдохгүй байх зүйл огт байхгүй. Хариуцагч өөр техник түрээслэсэн энэ төлбөрөө худалдан авсан техникийн үнэтэйгээ хольж хутгаж тайлбарлаад байна. Нэхэмжлэгч 5.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Цэнд нь хариуцагч Д.Ариунтуяад холбогдуулан 90.000.000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийн үйл баримтын талаар: Зохигчид нь 2019 оны 09 сараас эхлэн бичил уурхай ажиллуулах зорилгоор нэхэмжлэгч талаас техник гаргах байдлаар хамтран ажиллахаар болж хамтран ажиллах явцдаа нэхэмжлэгчийн ашиглаж байсан техникээс Hitachi ZX350 3J маркын эксковаторыг хариуцагч Д.Ариунтуяа нь худалдан авах талаар хүсэлт гаргасны дагуу эксковаторын үнийг 180.000.000 төгрөгөөр тохирч зээлээр худалдах худалдан авах, эксоваторын үнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, худалдагч нь техникийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хэрэв худалдан авах гэрээ цуцлагдах бол техник ашигласан хугацааг түрээсээр тооцож сарын 30.000.00 төгрөгөөр тооцохоор тус тус тохиролцсон байна.

Ийнхүү тохиролсны дагуу нэхэмжлэгч Д.Цэнд эксковаторыг 2019 оны 10 сарын 24-ний өдөр худалдан авагчийн эзэмшилд хүлээлгэн өгсөн байх ба 2019 оны 12 сарын 28-ны өдөр талууд амаар байгуулсан гэрээгээ бичгийн хэлбэрт оруулан нотариатаар батлуулсан байна.

Худалдагч талаас гэрээний дагуу эксковаторыг худалдан авагчийн талд гэрээнд тохирсон хугацаанд шилжүүлсэн байх ба худалдан авагч нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тул 2020 оны 02 сарын 02-ны өдөр худалдан авагчаас эксковатороо буцаан авч түүнийг ашигласан хугацааны төлбөрт 90.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Дээрхи үйл баримтаас дүгнэвэл: Нэхэмжлэгч /худалдагч/ Д.Цэнд нь хэлцлийн дагуу Hitachi ZX350 3J маркын эксковаторыг 2019 оны 10 сарын 24-ний өдөр /худалдан авагч/ хариуцагч Д.Ариунтуяагийн эзэмшилд шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба гэрээгээр Д.Ариунтуяа эксковаторын үнийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Худалдан авагч нь эксковаторын үнэ 180.000.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 60.000.000 төгрөгөөр хэсэгчилэн 3 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар худалдагчаас удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул 2020 оны 02 сарын 02-ны өдөр худалдан эксковатораа буцаан авсан буюу худалдагч гэрээнээсээ татгалзсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Гэрээг цуцлах ойлголт нь ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд хэрэглэгддэг бол харин гэрээнээс татгалзах нь хиймэгц буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах хэлцэлд хэрэглэгддэг.

 

Нэхэмжлэгчийн эксковаторыг ашигласны төлбөр /түрээс/ 90.000.000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Гэрээнд талуудын хооронд байгуулсан гэрээ үргэлжлэх боломжгүй нөхцөлд эксковаторыг ашигласан хугацааны төлбөрийг сарын 30.000.000 төгрөгөөр худалдагчид төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Энэ эрхийхээ дагуу гэрээнээс татгалзсаны үр дагаврыг буюу гэрээ үргэлжилээгүй тохиолдолд техник ашигласаны хөлс тооцохоор гэрээндээ заасан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Цэндийн гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу эксковаторыг 2019 оны 10 сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ашигласны төлбөр 90.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Цэнд нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ цуцалсан, эксковаторын түрээсийн төлбөр гэж үндэслэлээ зөв тодорхойлоогүй боловч шүүхээс хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбар зэрэгт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгчид эксковаторын үнэд 32.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотлоогүй, тайлбартайгаа холбогдуулан банкан дахь өөрийн дансны хуулгууд болон нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн тухай тооцоолол зэрэг баримтууд ирүүлсэн боловч энэхүү баримтаар хэний дансанд мөнгө шилжсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Шинэцэцэг ... 2019 оны 10 сарын 02-ны өдөр Цэндээ эгчид Ариунтуяа нь 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн... гэж мэдүүлдэг.

Худалдагчаас эксковаторыг 2019 оны 10 дугаар сарын 24-нд худалдан авагчид шилжүүлсэн ба 2019 оны 12 сарын 28-ны өдөр урьд байгуулсан гэрээгээ бичгийн хэлбэрт оруулахдаа урьдчилгаа төлбөр байхгүй гэж тэмдэглэсэн байх тул 2019 оны 10 сарын 02-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн 5.000.000 төгрөгийг эксковаторын үнэд төлсөн гэж үзэхгүй.

Харин нэхэмжлэгч Д.Цэнд нь ХААН банк дахь өөрийн дансаар хариуцагчаас 2019 оны 10 сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул түүний нэхэмжлэлийн шаардлага 90.000.000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад гэрээний татгалзлын үр дагавар гэж нэхэмжлэгчид эксковаторын үнэд шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 303 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Д.Ариунтуяагаас 85.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэндэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

 

2 дахь заалтыг:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 607.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 582.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 607.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН