Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 35

 

 

   2023          05           23                                      2023/ДШМ/35

 

Т.Ариунбилэгт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, шүүгдэгч Т.Ариунбилэг түүний өмгөөлөгч Б.Батсүх/цахимаар/, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Т.Ариунбилэг түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Ариунбилэгт холбогдох эрүүгийн 2336000000036 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Олзвой ургийн овогт Түмэн-Өлзийн Ариунбилэг, 1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 05 дугаар (Буянт) багийн 8-11 тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: пи86062901.

 

2. Шүүгдэгч Т.Ариунбилэгийг гэрч М.Санчирын фейсбүүкт байршуулсан "бяруу авна" гэх зарын дагуу хохирогч Г.Алтансүхтэй холбогдож Ховд аймгийн Алтай суманд байх бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед хохирогчоос 1'000'000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ариунбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Олзвой ургийн овогт Түмэн-Өлзийн Ариунбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол Байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунбилэгийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ариунбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найман) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.Ариунбилэгт энэхүү шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь оногдуулсан 8 (найман) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ариунбилэгт эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.6 Шүүгдэгч Т.Ариунбилэг нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.7 Шүүгдэгч Т.Ариунбилэгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Алтансүхэд олгож, хохирогч Г.Алтансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 300,000 төгрөгийг нотолсон баримтаа бүрлүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

4.8 шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Т.Ариунбилэг түүний өмгөөлөгч Б.Батсүх нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Анхан шатны шүүх Т.Ариунбилэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1жил хорих ял, 2021/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

5.2 Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Ховд аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 сарын 13-ны өдрийн №2336000000036 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд ...Т.Ариунбилэгийн үйлдсэн гэмт хэрэг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой хэрэгт хамаарч байх тул... гэж тодорхойлсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар саналыг яллагдагчид танилцуулахгүйгээр шүүх рүү шилжүүлсэн нь процессын хуулийг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүх 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй гэж нэг талаас үзэхээр байна.

5.3 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 157 дугаар шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ... тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6,9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна... гэжээ. Энэхүү ойлголт нь заавал хорих ял бус өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялын 4 санкцтай үзэхээр бөгөөд Эрүүгийн хуулийн 6,8 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор байна. Мөн 6.9 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боловч шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 ийн аль хэсгийг нь баримталсан нь ойлгомжгүй ерөнхий тойм ойлголтоор ялыг нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй болжээ гэж үзэхээр байна.

5.4 Шүүгдэгчийн хувьд 2 нас 2 сартай, 5 настай, 13 настай, 16 настай 4 хүүхэдтэй бөгөөд бага хүүхэд нь хөхүүл бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.... эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэжээ. Шүүгдэгчийн хувьд дээр дурдсан бага насны хүүхэдтэй бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх зорилготой тул хорих ялаас бусад төрлийн буюу зорчих эрх хязгаарлах ялаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өөрчлөн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгчийн эхний үйлдлийг сүүлийн үйлдэлтэй нь нэмж нэгтгээд 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хэдий хорих ялаар шийтгэх заалт ороогүй боловч шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг 2 удаа үйлдсэн иймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Т.Ариунбилэг түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа,  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд“  шүүгдэгч Т.Ариунбилэг нь гэрч М.Санчирын фейсбүүкт байршуулсан “үхэр, бяруу авна” гэх зарын дагуу хохирогч Г.Алтансүхтэй холбогдож Ховд аймгийн Алтай суманд байх бяруу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед хохирогчоос 1’000’000 төгрөгийг бэлнээр авч залилах  гэмт хэрэг үйлдсэн болох нь   дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  Үүнд:

Хохирогч Г.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би М.Санчирыг Ховд аймгийн фейсбүүк зарын групп дээр үхэр, бяруу худалдаж авна гээд зар тавьчих гэж хэлсэн.  Зарын доор  М.Санчирын утасны 80704712 дугаарыг тавьсан. Манай дүү М.Санчирын 80704712 гэсэн дугаар луу 88704833 гэсэн дугаараас залгасан бөгөөд үхэр зарна гэсэн хүн ярьж байна гэхээр нь би М.Санчирын  утсыг авч ярьсан. Тэгэхэд нэг хүн “100 гаруй бяруу байна, зарна” гэж хэлсэн. Би тухайн хүнээс нэг бяруу хэдээр зарах юм бэ? гэхэд тэр хүн надад “нэг бяруу 60’000 төгрөгөөр зарна, би  Ховд аймгийн  Алтай  сумын хүн байна аа энд цас ихтэй, зудтай жил болж байгаа болохоор бяруу хямд зарна” гэсэн. Би тэр хүнд 50 бяруу худалдаж авъя, та Ховд аймагт оруулаад ирээч гэхэд “за за тэгвэл Алтай сумаас ачаад оруулж өгч болно, эндээс машин хөлсөлж явах болж байна, тээврийн хөлс, түлшний мөнгө 1’000’000 төгрөг өгчих” гэж хэлсэн. ...би 1’000’000 төгрөг өгье гэж хэлсэн тэр  хүн  аймгийн төвд  манай охин байдаг юм тэр охинд мөнгөө өгчихөө гээд охиныхоо дугаар гээд  85870404 гэсэн дугаарыг өгсөн. Би  85870404 дугаар луу залгахад  нэг эмэгтэй хүн утсаа авахаар нь бяруу зарна гэсэн айлын охин нь мөн үү гэхэд надад тиймээ мөн байна гэж хариулсан.

Тэгээд намайг Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд хүрээд ир гэсэн би явж очоод 85870404 гэсэн дугаар луу залгахад нэг хүн гарч ирэхээр танай  ээжтэй ярьсан чамд 1’000’000 төгрөг өгчих гэнээ гэж хэлсэн. Надад мөнгөө бэлнээр өгчих гэж хэлсэн. Тэгээд би төв ХААН банкны АТМ-ээс бэлнээр 1,000,000 сая төгрөг аваад автомашин дотроо тоолоод тэр эмэгтэйд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг 27 минутын үед өгсөн юм.” гэх мэдүүлэг,

гэрч М.Санчирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 88704833 дугаараас над руу залгаж холбогдоод бяруу зарна гэж ярьсан. Тэгэхээр нь би Г.Алтансүх ахад утсаа өгөөд ахыг яриулсан. АТМ-ээс

Г.Алтансүх ах 1’000’000 төгрөг бэлнээр авч гарч ирээд машин дотор өгсөн. Сүүлд яриад байсан хоёр хүн болохоор ээж охин хоёр биш харин нэг хүн болж таарсан.Тэр худлаа яриад ахыг залилсан байсан...” эх мэдүүлэг,

хохирогч Г.Алтансүхийн эд зүйлд (гар утсанд)  2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  үзлэг  хийсэн тэмдэглэл,

гар утсанд үзлэг хийсэн байдлыг гэрэл зургаар бэхжүүлсэн авсан гэрэл зургууд зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ариунбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ариунбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 (найман) сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.Ариунбилэгт  энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь оногдуулсан 8 (найман) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

6.Шүүгдэгч Т.Ариунбилэг болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.Уг гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох нийтэд тустай ажил хийлгэх,зорчих эрх хязгаарлах,хорих гэсэн 4 санкцтай, шүүгдэгчийн хувьд 2 нас 2 сартай,5 настай,13 настай,14 настай 4 хүүхэдтэй, эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх зорилготой тул хорих ялаас бусад төрлийн буюу зорчих эрх хязгаарлах ялаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өөрчлөн,өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

 7.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ариунбилэгийн хохирогч Г.Алтансүхэд “өөрийгөө Ховд аймгийн Алтай суманд  байдаг гэж танилцуулан цас ихтэй   зудтай жил болж  байгаа тул хямд үнээр олон тооны бяруу зарна.  Алтай  сумаас Жаргалант сум руу хүргэж  өгнө гэж итгүүлж

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  Ховд  аймгийн Жаргалант сумын нутагт хохирогчтой уулзаж түүнээс бэлнээр 1’000’000 төгрөгийг авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө  шилжүүлэн авсан”  гэх  залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.” гэж дүгнэсэн нь   хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 8.Түүнчлэн шүүгдэгч Т.Ариунбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын  2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Ариунбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найман) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь мөн хуулийн зорилго, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд  нийцсэн байна.

 9.Шүүгдэгч Т.Ариунбилэгт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт  оногдуулсан 8 (найман) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх заалттай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.Энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчид шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул түүнийг бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх боломжгүй байна.

10.Анхан шатны хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж,хэргийн бодит байдлын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан байх тул  шийтгэх тогтоолыг хэвээр нь  үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч   Т.Ариунбилэгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  цагдан хоригдсон    37 /гучин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/91 дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Т.Ариунбилэг болон түүний өмгөөлөгч  Б.Батсүх  нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч   Т.Ариунбилэгийн цагдан хоригдсон   37 /гучин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              С.ӨМИРБЕК

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Н.ТУЯА