| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0141/З |
| Дугаар | 128/ШШ2024/0770 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0770
2024 10 01 128/ШШ2024/0770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х*******,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Маргааны төрөл: Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ -ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай тушаалын Х*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Х*******-д газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн Г******* нэртэй 20081 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар Х*******-д ашиглах эрх олгосон.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Г*******нд 20081 м.кв талбай газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон. Улмаар газар ашиглах гуравласан гэрээг байгуулахаар Налайх дүүргийн Засаг даргад хандсан ч шалтаг шалтгаангүйгээр гарын үсэг зуралгүй удаасаар, өнөөдрийг хүртэл гуравласан гэрээг байгуулах боломжгүй байсаар байна. Тухайн үед улс орон даяар Ковид-19 цар тахал дэгдэж Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын онцгой комиссын 01 дүгээр тушаалаар онцгой байдлын улбар шар түвшинд шилжсэн, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарч Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудаас бусад байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол батлагдаж хөл хорио тогтоосон. Дээрх тогтоолууд хэрэгжсээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарснаар үндсэндээ бүтэн 1 жил 2 сар төслийн ажлаа эхлүүлэх боломжгүй байсан.
Хариуцагч талаас газар ашиглах эрхийг цуцлах мэдэгдэл ирүүлээгүй, өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг огт хийгээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл бүрдэж газар ашиглах эрхийг цуцалсан, хүчингүй болгосон гэсэн нь үндэслэлгүй байна.
Бид газрын ашиглах эрх цуцлагдсаныг газрын төлбөрийн тооцоо нийлэх акт үйлдэх үед буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг олж мэдсэн. Бид дээрх хугацаанд газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу egazar.gov.mn дээр тавигдсан мэдээллээр холбогдох хууль тогтоомж, журмын дагуу 6,502,032 төгрөгийг төлж төлөлт бүрэн хийгдсэн байна. Иймд газрын төлбөр тооцоо нийлсэн № тоот актаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь нотлогдоно. Ийм байтал газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн газраа ашиглахын тулд эхлээд Х ХХК-иар аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг 30,000,000 төгрөгөөр зуруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж төсөл хэрэгжих талбайд мод бүхий ногоон байгууламжийг тусгасан. Бид 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектораар батлуулж, №******* тоот архитектур төлөвлөлтийн даалгавраа авч, үүний дараа барилга, сантехник угсралтын ажил гүйцэтгүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ хэлцлийн шатанд явж байна. Улс орон даяар коронавирус Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2020 оны 04 дүгээр сараас эхэлсэн хязгаарлалт, хөл хорио үргэлжилж 2022 оны 02 дугаар сар дуустал онцгой байдал зарлаж хөл хорио тогтоосон нөхцөлд манай компани хуулийн хүрээнд газраа хүндэтгэн үзэх дээрх шалтгааны улмаас ашиглах ямар ч боломжгүй байсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй бол гэж заасан. Энэ заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл . Газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарлажээ.
Иймд тушаалд дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар заалтуудыг баримтлан газар ашиглах эрх цуцалсныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн бидэнд огт мэдэгдэлгүй, тайлбар гаргах, түүнд хавсаргах нотлох баримтыг нягтлан судлахгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын Х*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Х*******-ийн газар ашиглах эрхийг сэргээлгэхээр тус шүүхэд хандаж байна. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Х*******-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийн дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрх авч, холбогдох баримт материалууд болох аялал жуулчлалын цогцолбор хийх загвар зураг, техникийн нөхцөл гээд холбогдох баримт бичгүүдийг батлуулаад явж байсан.
Гэтэл газар ашиглах эрх хүчингүй болгосон талаар манайд мэдэгдээгүй бөгөөд сонсох ажиллагааг явуулсан талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй. Манай талаас мэдсэн даруйдаа, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр гарсан. Нэхэмжлэгч Х*******-ийн газар ашиглах эрхийг гарсан өдрөөс эхлэн захиргааны байгууллагаар баримт бичгүүдийг батлуулах, төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг дэс дараалалтай хийж байсан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газрын захиргаанаас газар дээр үзлэг хийгээд юм хийгээгүй байна гэдэг тайлбарыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Тухайн газар дээр аялал жуулчлалын цогцолбор байгуулах учраас маш их баримт материал бүрдүүлэх шаардлага үүсэж байна. Тухайн баримт материалыг бүрдүүлсний дараа нь төсөв мөнгө нь батлагдана. Шинжлэх Ухааны академийн түүх угсаатан зүйн хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ерөнхий, нарийвчилсан дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсныг мэдэж байсан. Тэгсэн атлаа газар дээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Газар ашиглах төлбөрийг жил бүр төлөөд, тооцоо нийлээд явж байхад газрын төлбөрөө төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй, газрын төлбөрөө төлөхөд газар ашиглах эрх хүчингүй болсон талаар мэдэгдээгүй бөгөөд Налайх дүүргийн Газрын албанаас төлбөрөө аваад л явж байсан. Гэтэл газар ашиглах эрхийн гэрчилгээг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болгосон бол газар ашиглах гэрчилгээний төлбөрийг зогсоох ажиллагаа хийгдээгүй. Сонсох ажиллагааг хийгээгүй. Газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь тусдаа үндэслэл бүхий бие даасан тусдаа өөр өөр үйл баримт, шийдвэр байхад энэ талаар тусад нь мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Аж ахуйн нэгж тус бүр өөр өөр үндэслэлээр, газар ашиглалтын нөхцөл, төлбөрийн хэмжээ, байршил, ашиглаагүй гэх үндэслэл нь өөр өөр байхад олон байгууллагын шийдвэрийг нэг дор гаргахдаа, сонсох ажиллагааг хуулийн заалтыг буруу хэрэглэн нэг дор хэвлэлээр мэдэгддэг. Энэ шийдвэр гаргахын өмнө нь болон шийдвэр гаргасны дараа нь ч бид мэдэх боломж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х*******-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 35.3.3 дахь заалт, 35.3.4 дэх заалт, 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тушаалыг гаргахдаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22-793 дүгээр албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгч Х*******-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч Х*******-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар 5 жилийн хугацаанд ашиглах эрх олгосон боловч нэхэмжлэгч нь тус газартаа үйл ажиллагаа явуулаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаар тогтоогддог.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1. хорь буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.2.2. хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж тус тус заасан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулахдаа 21 буюу түүнээс дээш тооны этгээд байсан тул 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өдрийн сонин-ы Баасан гарагийн 6 дугаар нүүрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх аваад үйл ажиллагаа явуулаагүй, байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, Ой, усан сан бүхий газартай давхцалтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгох жагсаалт-ыг байрлуулсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-т заасан үйл ажиллагааг явуулах талаар мэдэгдсэн.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Х*******-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж тайлбарлахдаа: Х******* нь 2020 оноос эхлэн Тэрэлжид байрлалтай газар, газар ашиглах эрхийн гэрчилгээг эзэмшиж эхэлсэн. Уг газраа 2020 оноос зориулалтын дагуу ашиглаагүй мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Энэ үйл баримтууд дараах хэд хэдэн үндэслэлээр тогтоогддог. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тухайн газар дээр үзлэг хийсэн тухайн зураг нь хавтаст хэрэгт авагдсан. Газар дээр ямар нэгэн үйл ажиллагааг явуулахаар тэмдэг тэмдэглэгээ болон барилгын суурь тавигдаагүй байгаа. Газрын ашиглах эрхийн талаар Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбараар газар ашиглах гэдэг нь тухайн газарт, барилга байгууламж барихыг ойлгоно гэж заасан.
Энэ тайлбараас үзэхэд, газар дээр барилга, байгууламж бүтээн байгуулалт зэргийг хийсэн зүйл огт байхгүй мөн газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсанаар 2022, 2023 оны төлбөрүүдийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан байдаг. Маргаан бүхий акт нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан, төлбөрөө төлөөгүй байсан атлаа 2 сарын дараа төлбөрийг төлсөн нь маргаан үүсэхээс өмнө төлснийг зөрчил арилсан гэж үзэх үндэслэлгүй юмаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл нь Налайх дүүргийн Татварын албаны албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*******-ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ашиглах эрх авсан Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Г*******нд байрлах 20081 м.кв аялал жуулчлалын зориулалттай газрын ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрөө бүрэн төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй, газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж холбогдох эрх бүхий этгээдээр аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, археологи, угсаатны зүйн судалгаа хийлгэсэн, мөн захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй хэмээн маргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалын Х*******-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалын Х*******-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Г*******нд байрлах 20081 м.кв аялал жуулчлалын зориулалттай газрыг ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, үндэслэл бүхий гараагүйгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх үзлээ.
1.1. Шийдвэр гаргах ажиллагааны журмын зөрчлийн тухайд.
Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын буюу шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, санал гаргах боломж олгож, ийнхүү тайлбар, түүнд хамаарах баримтыг гаргах боломжит хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.
Гэтэл хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг газар ашиглах эрх авсан этгээдэд хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй байна гэж шүүх үзсэн. Учир нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 тоот албан бичгээр ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өдөр тутмын хэвлэлд сонсох ажиллагааны мэдэгдэл нийтлүүлсэн талаарх мэдээлэл бүхий саналаар хариуцагч нь маргаанд хамаарах шийдвэрийг гаргажээ.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 тоот албан бичигт дурдсан, Өдрийн сонины 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаарт нийтэлсэн гэх байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, ой, усан сан бүхий газартай давхцалтай үндэслэлээр ашиглах эрхийг дуусгавар болгох аж ахуйн нэгжийн жагсаалт бүхий сонсох ажиллагааны мэдэгдэл нь өөр өөр ашиглах эрх олгосон шийдвэртэй, өөр өөр байршилд, ашиглах эрхийг хүчингүй болгох өөр өөр үндэслэл заасан 57 аж ахуйн нэгжид хандсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх арга хэрэгсэлд хамаарахааргүй нөхцөл байдалд хуулийг буруу хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл олон тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан өдөр тутмын хэвлэлд нийтэлж мэдэгдэх аргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан ижил хүсэл зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгчөө томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн олон тооны этгээдүүдийн хувьд тэдгээрт сонсох, мэдэгдэх ажиллагааг хийхэд ашиглахаар хуульчилсан байна.
Гэтэл Х*******-ийн тухайд маргаан бүхий шийдвэрээр газар ашиглах эрх нь хүчингүй болсон бусад аж ахуйн нэгжүүдтэй хүсэл зориг өөр, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй үндэслэлүүд өөр, анх газар ашиглаж эхэлсэн хугацаа буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх 2 жилийг тооцох хугацаа өөр, газрын төлбөр тооцох газрын хэмжээ, байршил ч өөр, газраа ашиглаагүй гэх хугацаанд хамаарах аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаантэй эсэх нөхцөл байдал ч өөр тул тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайлан хаягаар нь хүргүүлээгүй, өдөр тутмын хэвлэлээр мэдэгдсэнийг сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хийсэн гэж үзэхгүй.
Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээс үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
1.2. Шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзсэн тухайд.
Маргаан бүхий тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт бөгөөд үндэслэл бүрээр дүгнэвэл,
1.2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлийн тухайд.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.5 ...-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
Хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн, тооцоо нийлсэн актуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандахаас өмнөх хугацаанд маргаанд хамаарах Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн Г*******нд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 20081 м.кв газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна. Тодруулбал хэрэв газар ашиглах эрхийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хүчингүй болсон гэж үзвэл 2023 оны 3, 4 дүгээр улиралд газрын төлбөрийн илүү төлөлттэй байна.
Хэдийгээр Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоотоор ирүүлсэн Х******* 2022 оны газрын төлбөр төлөөгүй лавлагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа ашиглах эрхийг хүчингүй болгуулах саналын үндэслэл болгож, хариуцагч шийдвэрийн үндэслэл болгосон ч 2022 оны төлбөрийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үүсгэсэн ногдлоор дүүргийн Татварын хэлтсээс үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу төлсөн, энэ үед газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг газар ашиглагчид хариуцагч байгууллага хуулиар тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй, хүргүүлээгүй байсан тул шийдвэр гарах үед газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй байсан, ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш нөхөж төлсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй биш байна.
1.2.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын буюу газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд.
а/ Мөн л Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.6 ...-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор заасны дээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл газар ашиглагчид сөрөг нөлөөлөл бүхий уг шийдвэрийг гаргах бол газар ашиглах эрх авснаас хойш хуанлийн 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд, зориулалтаар нь ашиглаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх нөхцөл хуулиар тавигдаж байна.
Нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор барихаар нийслэлийн ерөнхий архитектораар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлтийн хязгаарын схем зураг батлуулж, уг төлөвлөлтийн дагуу Х ХХК-ийн боловсруулсан аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг ерөнхий архитектораар батлуулж, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаартай цахилгаанаар хангуулах техникийн нөхцлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас авч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2021/Б-49 дугаартай байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ батлуулж, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээр 2022 оны 4-6 дугаар сард археологийн хайгуул судалгааны ажил, мөн тус академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгээр 2022 оны 6 дугаар сард угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил тус тус хийлгэж дүгнэлт, тайлан гаргуулсан байх ч хариуцагч шийдвэр гаргахдаа эдгээр үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл, бодит нөхцөл байдлыг огт харгалзаагүй, энэ талаарх тайлбар өгөх, баримт гаргах боломжийг олгоогүй буюу сонсох ажиллагаа хийгээгүйгээс шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй байна.
б/ Түүнчлэн анх газар ашиглах эрхийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авах үед болон түүнээс хойших хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Засгийн газрын тогтоолоор шилжсэн байх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, хязгаарлагдсан нийтэд илэрхий нөхцөл байдлыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох эсэхийг харгалзаагүй нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэх нөхцөл боллоо. Цаашлаад энэ хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг тооцсон ч хуанлийн 2 жилийн хугацаа хүрэхгүй.
Ийнхүү шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийгээгүйгээс газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл хангаж холбогдох төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлуулсан, үнэлгээ, судалгаа хийлгэсэн нөхцөл байдлууд болон хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзаагүй, дан ганц хээрийн судалгаа хийсэн гэх фото зургаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх дүгнэлтэд хүрсэн нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
в/ Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хариуцагч тухайн бүс нутгийн хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гаргасан бөгөөд саналд хавсаргасан жагсаалтын агуулга дахь байгалийн цогцолборт газрын унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй, ой, усан сан бүхий газартай давхцалтай гэх нөхцөл, шалтгааныг нэхэмжлэгч компанийн хувьд тогтоогоогүй нь, ийм нөхцөл, шалтгаан нэхэмжлэгчийн хувьд үүсээгүй нь маргаан бүхий шийдвэрийг үндэслэл бүхий гараагүй гэж үзсэн үндэслэл боллоо.
Иймд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалын Х*******-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т захиргааны актыг өөрт нь гардуулах, ... бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж зааснаар хариуцагч 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээ мэдэгдээгүй, хүргүүлээгүй, ийнхүү хүргүүлсэн, мэдэгдсэн, танилцуулсан баримтгүй, хүргүүлээгүй, мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хариуцагч няцааж тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.
Иймд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газрын төлбөрийн тооцоо нийлэх үед мэдээд 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн.
3. Газар ашиглах эрхийг сэргээлгэх асуудал нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын эрх зүйн үр дагавар, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн тухайн газрыг ашиглах эрх сэргэж газар ашиглах эрхийн гэрчилгээг бичиж олгох үүрэг хариуцагчид үүсэх бөгөөд нэхэмжлэлийн тусдаа шаардлагаар шийдвэрлэгдэхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1 дэх заалтыг баримтлан Х*******-ийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай тушаалын Х*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА