Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 84

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Онон,

шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дд холбогдох эрүүгийн 1705007780178 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... дээд сургуулийн ... дугаар курсын оюутан, .... аймаг ... сум ... дугаар баг ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, 2 ахын хамт .... дүүргийн ... дугаар хороо ....тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д. /РВ............../

 

Шүүгдэгч Д нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо 5 дугаар байрны гадна хохирогч Хыг нүүрэн тус газарт  2-3 удаа цохиж, 1 шүдний сулрал, дух, дээд, доод, уруул, хамар, баруун бугалганд зулгаралт бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Д хохирогч Хыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Хын “Би 2017 оны 09 дүгээр сарын 13-ны орой 22 цаг өнгөрөөгөөд найз Мөнхтөр, Түмэнцогт нартай Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонго зочид буудалд орсон ба бид 3 2.5 литрийн 4 савтай  пиво хувааж уусан. ... нэг суудлын машин ойрхон хажуугаар өнгөрч гарсан ба би тэр машиныг хөлөөрөө өшиглөөд дайрлаа шүү дээ пизда минь гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө машин зогссон бөгөөд би өөрийн гар утсаа гаргаж ирээд машины хойноос нь улсын дугаарын зургийг нь авах гэтэл тэр машинаас нэг эмэгтэй гарч ирээд миний зураг авах гэж байсан гар утсыг булаагаад авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 75-76 дугаар хуудас/

“...Тэгсэн  нэг өндөр залуу ирээд миний  нүүр лүү эхлээд цохисон. Тэгээд газар унахад дээрээс өшиглөсөн.Тэгээд босоод ирсэн эхлээд намайг цохисон залуу алга болсон байсан. Тэгээд хоёр залуу нэг охинтой хамт үлдсэн. Тэгээд цагдаа дуудаад хэсэг байж байтал ирээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 11699 дугаартай:

“ 1. Х-н биед 1 шүдний сулрал, дух, дээд уруул, доод уруул, хамар, баруун бугалганд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 87 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Дгийн яллагдагчаар өгсөн “Намайг ямар зүйл ангиар ямар хэрэгт яллагдагчаар тооцож байгааг  ойлголоо. Яллагдагчаар татаж буй Прокурорын тогтоол түүнд бичигдсэн эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа ялыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай үеэл эгч болох Одбаясахын төрсөн өдөр болоод бид хоёр хамт тэмдэглэсэн. ... Одбаясах тэр залуутай юм ярьж байтал тэр Одбаясахыг үсдээд унагаасан. Тэгэхээр нь би бууж ирээд гарыг нь салгах гэтэл ерөөсөө гараа авахгүй байхаар нь тэр залуугийн нүүрлүү нь 3-4 удаа гараараа цохисон. Тэгсэн тэр залуу гараа тавьсан. Тэгсэн Билгүүнбаярын найз гарч ирээд бид нарыг салгасан. Тэгсэн нөгөө залуу утас нэхээд байхаар нь бид нар чиний утсыг аваагүй, цагдаа дуудъя гээд цагдаа дуусан. Цагдаа ирээгүй 1 цаг гаран хүлээсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь би Билгүүнбаярынх руу орсон ба гадаа Одбаясах Билгүүнбаяр бас нэг найз нь гадаа үлдсэн ба хорооллын эцсийн цагдаа руу явсан гэсэн. ... Би цохиж учруулсан. Нүүрлүү нь 3-4 удаа цохисон. ... Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулах тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 95-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч нь Хыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  хохирогч,  гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Х “Би Дамдинсүрэнгээс хохирлын мөнгө 600.000 төгрөг хүлээн авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн хүсэлтийг /хэргийн 114 дүгээр хуудас/ мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                       

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.