Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн захирал Н.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд С.Д,  нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг дарга С.О нь Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот захирамжийн холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь иргэн, аж ахуй нэгжийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэн С.Д нь 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-ний захирал Ц овогтой Стэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан дэлгүүр, граж, уурын зуух болон гэрээний хавсралтад заагдсан бусад дагалдах эд хөрөнгийг худалдан, автомашины тохижуулсан талбайг эзэмшлийн гэрчилгээтэй болгон Ц.Сийн мэдэлд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн байдаг. Мөн үүнтэй холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх” гэрээ хийгдсэн ба гэрээ болон холбогдох баримтуудыг үндэслэн аймгийн Засаг дарга 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот захирамжаараа худалдааны төвийн үйлчилгээний болон автомашины зогсоолын талбайн газруудыг “Хөрх б” ХХК-д шилжүүлэн олгосон.

С.Днь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, газрын эрх шилжүүлэх гэрээнүүдтэй холбогдсон хэд хэдэн төрлийн шаардлага гарган иргэний журмаар удаа дараа шүүхэд хандан маргаан үүсгэж байсан ба хэргийг анхан шатны шүүхээс Улсын дээд шүүх хүртэл хянан хэлэлцэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон.

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2013.06.17-ны өдрийн...-р шийдвэрт “нэхэмжлэгч нь Засаг даргын захирамж хууль бус гарсан гэж үзэж байгаа бол захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй ба газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гарсан Засаг даргын захирамж хууль бус гарсан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна…”

Мөн Монгол Улсын Дээд Шүүх нь 2013 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн ... тоот Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор … 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр иргэн С.Д Дундговь аймгийн Мандалговь хотод байрлах 7949 ам дөрвөлжин метр талбай бүхий газрыг “Х” ХХК-ний захирал Ц.Сгт үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохирч, энэхүү гэрээний 5 дахь хэсгийн нэмэлт нөхцөлд “үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болох”-ыг зааж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогджээ” гэж дүгнэсэн тогтоолууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ.

Мөн аймгийн Засаг дарга С.Онь “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” ... тоот захирамжийг гаргахдаа дараахь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн.

1. 2008 оны ... дүгээр захирамжийн үндэслэл болсон дээрх гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр үйл баримтаар хангалттай нотлогдсоор байхад тэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн. Тухайн зүйл хэсэгт заасан заалтыг хэн гэгч этгээд хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. Засаг дарга нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “г” хэсэгт зааснаар иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэхь хэсэгт заасан “Өргөдөл, гомдолд дурьдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан.

3. Газар эзэмших, ашиглахтай холбоотой нэг ижил шатны Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсгийг зөрчсөн.

4. Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг эдлэн, газрын зориулалтыг хууль бусаар өөрчлөн бусдын эзэмшил газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

5. Аймгийн засаг дарга С.Оийн 2014.06.24-ний .. тоот захирамжийн 1 дэх хэсэгт “…газрын хэмжээ байршил зэргийг нягт тооцолгүйгээс…” иргэн аж ахуй нэгжид чирэгдэл учруулсан байна гэж үзжээ. Үүнээс үзэхэд хохирсон аж ахуй нэгж “Х” ХХК байхаар байна.

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу Аймгийн засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2014.07.17-ны өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн хариуг ирүүлээгүй тул уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын дагуу гомдлоо гаргаж байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Дундговь аймгийн Засаг дарга С.Оийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр захирамж нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь манай компанийн өмнөх захирал Стэй “Б” ХХК-ийн захирал С.Д 2008 оны 3 дугаар сард газар, түүний эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсныг үндэслэн аймгийн Засаг дарга 2008 оны 8 дугаар сард ... дүгээр захирамжийг гаргасан байдаг. Тэр гэрээтэй холбоотой гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн нэхэмжлэл С.Д гаргаж маргаан үүсгэсэн. Энэхүү маргаан нь шүүхийн шатанд 2 жилийн турш үргэлжилсэн. Ингэхдээ уг маргаантай холбоотой хоёр удаагийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Улмаар бүх шатны шүүхээр уг газар шилжүүлэх гэрээг хуулийн хүчин төгөлдөр  гэрээ байна гэж үзсэн. Шүүхийн шийдвэрт энэ гэрээ бол хүчин төгөлдөр, харин уг гэрээнд үндэслэж гарсан аймгийн Засаг даргын захирамж нь хүчингүй гэж үзэж байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болох тухай дурьдсан байсан.

Гэхдээ аймгийн Засаг даргын уг захирамжийг хүчингүй гэж үзэх нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй талаар тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр тул уг гэрээг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр гэж үзэж байна. Маргаан бүхий аймгийн Засаг даргын ... дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 3 дахь хэсгийг зөрчсөн, мөн газрын хэмжээ, тооцооллыг нягт тооцоолоогүй олгосон нь аж ахуйн нэгж, иргэдийн эрх, ашгийг зөрчсөн гэж гарсан байдаг. Энэхүү үндэслэлтэй утга нэг гомдлыг гуравдагч этгээд С.Д хоёр удаа шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүх үндэслэлгүй байна гэж үзээд манай талд шийдвэрлэсэн.

Манай компани нь автомашины зогсоолын 1780 м.кв, Үйлчилгээний төвийн доод талын газар болон түүнийг хашаалсан 4180 м.кв газрыг эзэмшдэг байсан.  Мөн аймгийн Засаг дарга ... дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг үндэслэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар өргөдөл гаргасан С.Дийн асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг нягтлалгүйгээр захирамжийг гаргасан. Тийм учраас аймгийн Засаг даргын ... дүгээр захирамж нь илт хууль зөрчсөн захирамж тул түүнийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн... тоот захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой.  Засаг дарга С.О нь 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн .. тоот захирамжийг “Б ХХК-иас Х ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ 7929 м.кв газарт ороогүй 1786 м.кв газрыг оруулан тооцож, мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь заалтуудыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Энэ хүчингүй болгосон захирамж нь “Хг” ХХК-ийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн. Ямар нэгэн баримт нотолгоогүйгээр энэ захирамж гарсан гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болж байна. Иймд энэ захирамж нь үндэслэл бүхий биш байна.

Мөн уг захирамждаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтыг үндэслэсэн мөртлөө захирамжлах хэсгийн хоёр дахь заалтаараа нийтийн эзэмшилд шилжүүлэхийг Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ байгууллага нь нийтийн эзэмшилд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш. Энэ нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар зохицуулагдах ёстой. Гэтэл яагаад эзэмшигчтэй энэ талаар ярилцаагүй юм бэ. С.Дийн эрх, ашгаас илүү “Х” ХХК-ийн эрх, ашиг яригдана.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргаж буй “Автомашины зогсоолын талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэхийг захирамждаа даалгасан болохоос биш шилжүүлээгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар орон нутгийн өмчид бүртгэсэн” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ талбай шинээр бий болоогүй, өмнө нь автомашины талбайгаар тодорхой хэмжээний тохижилттой ашиглагдаж байсан. Шинээр бий болсон засч сайжруулсан гэдэг ойлголтууд нь өөр өөр ойлголтууд юм.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах тухай заасан байгаа. Мөн үүнд хамаарахгүй. Төсвийн тухай хуулийн 24, 60 дугаар зүйлүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулж болохгүй зүйлүүдийн талаар дурьдсан байдаг ба мөн уг хуульд орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулан тохижуулсан хөрөнгийг нийтийн эзэмшилд шилжүүлнэ гэсэн заалт байхгүй.  

Нэгэнт орон нутгийн өмч болсон эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг хуульд зааснаар Улсын Их Хурал шийддэг. Ийнхүү хуулийн зохицуулалт нь алдагдаж Х ХХК-ийн эрх, ашиг ноцтой зөрчигдөж байна. Маргаан бүхий захирамж хэвээр үлдвэл автомашины зогсоолын талбайг Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх ямар ч боломжгүй болсон. Учир нь дуудлага худалдаанд оруулж худалдах, эсхүл бусдад түрээслэх, үнэ төлбөргүй эзэмшүүлэх гэсэн гурван арга хэмжээг авах эрх бүхий этгээд нь Улсын Их Хурал болно.   

Мөн хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн шүүх хуралдаан дээр 2008 оны газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр 4180 м.кв газар нь Х ХХК-д хамт шилжсэн байсан тул хоёуланг нь хүчингүй болгосон гэж тайлбарласан боловч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 4180 м.кв газар нь гэрчилгээгүй байсан гэж байна. Ингэж ярьж болохгүй. 4180 м.кв газрын гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа ба бусдын хууль ёсны эзэмшиж буй энэ газарт нь хэн нэгэн этгээдэд халдах эрх байхгүй.

Хариуцагчийн төлөөлөгч нь С.Д Засаг даргад амаар гомдол гаргасны үндсэн дээр Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргасан гэдэг ч Д нь бичгээр гаргасан гэж байна. Гэтэл хариуцагч талаас гомдолтой холбоотой ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тэгэхээр С.Д нь үнэхээр гомдол гаргасан юм уу гэдэг асуудал яригдана. Мөн хариуцагч нь хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба зөвхөн гуравдагч этгээд л гаргаж өгдөг.   

Хэрэгт С.Днь өөрийн хүсэлт санаачилгаар гуравдагч этгээдээр татагдаагүй учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж үзэж байна.  Мөн өөрт огт хамааралгүй хэнд ч өгөөгүй орхигдуулсан 3769 м.кв газрын асуудлаар бие даасан шаардлага гаргаад гуравдагч этгээдээр оролцох боломж байхад оролцоогүй байна. Иймээс 3769 м.кв газрын талаар яригдахгүй.

2016 оны 8 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд байршлын схем зурагт тусгагдсан 5355 м.кв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар олгогдсон зам талбайн газар ороогүй гэсэн байна. Шинжээчийн дүгнэлт ингэж гарсан шалтгаан нь гуравдагч этгээд С.Дийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гражийн зүүн талаар эгц хойш “Х” ХХК-ийн зүүн хойд өнцөг хүртэл хэмжих, хэмжээнүүд доголгүй, муруйлтгүй байх гэсэн хүсэлтээр “Х” ХХК-ийн зүүн талын газрыг хэмжүүлсэн. Ингээд 5355 м.кв газар гэсэн хэмжээ гарсан. Гэтэл “Х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрын баруун талд байгаа автомашины зогсоолын талбай энэ хэмжүүлсэн газарт орохгүй гэдэг нь ойлгомжтой байна.

Гэрчээр байцаагдаж байсан Гын мэдүүлгээс тухайн үед С.Д нь гэрээ хийсэн нөгөө талдаа зүй бусаар авир гаргаж байсан болох нь тодорхой харагддаг.

Мөн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маш олон маргаан гарсан бөгөөд шүүх алийг нь ч хангаагүй. Энэ талаарх Улсын дээд шүүхийн тогтоол, Нотариатын сахилгын зөвлөлийн шийдвэр хүртэл бий.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий сайдын захирамж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол болон Улсын дээд шүүхийн 2015 оны 301 дүгээр тогтоолоор аймгийн Засаг дарга С.Оийг хууль бусаар томилогдсон байсан гэж үзэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймээс анхнаасаа хууль бусаар томилогдсон аймгийн Засаг даргын гаргасан захирамжууд хууль бус байна. … Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот захирамж нь дээрх нэхэмжлэлд дурдсан газартай холбоотой хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамжийг засч залруулах зорилготой гарсан. Уг захирамжаар “Б” ХХК-ийн 018 дугаар гэрчилгээтэй 7949 м.кв газрыг “Х” ХХК-д шилжүүлэхдээ дээрх 018 тоот гэрчилгээнд ямар газрууд багтаж байгааг нягт тооцолгүй алдаа гаргасан байсныг залруулсан. Түүнээс аль нэг иргэн, аж ахуй нэгжийн эрх ашигт нийцүүлэх, эсвэл бусдыг хохироох зорилго агуулаагүй болно. Цаашид маргаан үүсгээд байгаа 2005 онд анх автомашины зогсоолын зориулалтаар олгогдсон 1786,0 м.кв /0,1786 га/ талбай бүхий газрыг нийт ард иргэдийн эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшилд шилжүүлэх, мөн 40, 20 айлын орон сууцны барилгын 4180,0 м.кв /0,4180 га/ талбай бүхий газрыг одоогийн зориулалтын дагуу оршин суугчдын эрх ашгийн үүднээс албан ёсоор нийтийн эзэмшлийн газар болгохоор тус тус зохицуулах талаар аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газарт даалгасан юм. Гэвч захирамжийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх талаар аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар нь хариуцлагагүй хандсаны улмаас өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй байна.

Ойрын хугацаанд уг асуудлыг шийдвэрлэж дахин тайлбар хүргүүлэх болно. Авто машины зогсоолын талбайг олон нийтийн эрх ашгийн үүднээс 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 90 гаруй сая төгрөгөөр засварлан тохижуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө нь Орон нутгийн өмч болж бүртгэгдсэн байх учиртай. Энэ ч учраас уг энэ автомашины зогсоолын талбай нийтийн эзэмшил /төрийн өмч/-ийн байх нь хэрэгтэй. Дээрх захирамжийг хүчингүйд тооцвол иргэд олон нийтийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий болох тул дээрх захирамжаа хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Аймгийн Засаг даргын А/391 дүгээр захирамж нь аймгийн Засаг даргад гуравдагч этгээд С.Дээс биечлэн амаар гаргасан өргөдлийн үндсэн дээр гарсан захирамж юм. Газрын эрх шилжүүлэх гэрээгээр 2008 онд “Х” ХХК нь “Б” ХХК-иас газрыг шилжүүлэн авсан. Гэтэл С.Д нь тухайн газрыг шилжүүлж өгөөгүй гэж аймгийн Засаг даргад гомдол гаргасан ба аймгийн Засаг дарга эрх, хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасны дагуу холбогдох захирамжийг гаргасан. Мөн Х ХХК, С.Д нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг судлахад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын алдаа дутагдал гарсан байсан учраас захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Захирамжийг гаргахдаа маргаан бүхий газар дээр очиж хэмжилт хийгээгүй. Захирамжид дурьдагдсан газрууд одоо “Б” ХХК буюу Дэжидийн эзэмшилд байгаа. Хамгийн гол нь аймгийн Засаг даргын ... дүгээр захирамжийн хоёр дахь заалтаар “Х” ХХК, С.Д нарын хооронд газар шилжүүлсэн асуудлыг дахин судалж шийдвэр гаргах асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон байдаг. Мөн “Х” ХХК нь 4180 м.кв газрыг эзэмшсэн тухай гэрчилгээгүй байсан. Энэ захирамж гарснаар гэрчилгээгээ авч болно. Захирамжинд зохицуулж, дахин хуваарилах гэж зааж өгсөн нь дахиад өөр хүмүүст хуваана гэсэн үг биш. Иргэн С.Д нь амаар өргөдөл гаргасан, харин өөр иргэн, аж ахуй нэгжээс ямар нэгэн өргөдөл гомдол ирээгүй.  

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэж заасан байдаг тул  уг автомашины тохижуулсан талбайг орон нутгийн өмчид бүртгэсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нь улсын төсөв юм. Тухайн хөрөнгө нь урсгал зардал болж алга болоогүй учир шинээр бий болсон хөрөнгө гэж үзсэн.

Хоёр удаагийн шүүх хуралд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргаж байгаа тайлбараас үзэхэд энэ шийдвэрийг зөв оновчтой гаргасан байна гэж дүгнэж байна. Учир нь Х ХХК-ийн зарим газар байхгүй юм байна, түүнийгээ мэдэхгүй байна. Энэ асуудлыг цэгцэлж нэг тийш нь болгохгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна. 4180 м.кв газарт Х ХХК-ийн худалдааны төв байгаа. Энэ талбайг дараагийн Засаг дарга өөр хүнд шилжүүлнэ гэж ярьж байна. Ийм зүйл болохгүй. 

Уг захирамжийг гаргахын өмнө болон гарсны дараа ХХХК-д албан ёсоор мэдэгдээгүй, харин гомдол гаргасан С.Дэд л мэдэгдсэн. Энэхүү захирамжийг гаргах үед Улсын дээд шүүхийн тогтоолыг уншиж танилцаагүй. Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр захирамжийг дэмжиж байна” гэв.

Гуравдагч этгээд С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: …. Н.Б нэхэмжлэлдээ Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэрт “Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын захирамж хууль бус гарсан гэж үзэж байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй ба газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын захирамж хууль бус гарсан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна…” бичиж өгсөн зүйл бодит зүйл байна.

Асуудлыг нягталж шалгаагүй захирамж гаргасныг бодит үндсэн баримтанд тулгуурласан Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамж нь бусдын эрх ашиг хуульд нийцсэн юм. Харин Б ХХК олон жил хохирч байсныг гэрчилсэн баримт бичиг болсон болно” гэжээ.

Гуравдагч этгээд С.Д нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “…Газрын хэмжээ будлиантай байгаа нь 2008 оны Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох гол үндэслэл болсон. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гурван янзын дүгнэлт гаргаад байгаа нь анхнаасаа алдаатай байсныг харуулж, асуудал үүсгэж байна. Мэргэжлийн байгууллага яг, таг тоо гаргаж байгаа бол ийм маргаан болохгүй.

Мөн 7949 м.кв газрын 4180 м.кв газар нь ХХХК-д шилжсэн юм бол зөрүү 3769 м.кв газрыг хэрхсэн нь мэдэгдэхгүй байгаа нь маргаан үүсгэх шалтгаан болсон. Гэрч Б.Р нь мөн адил бодит хэмжээг тодорхойлж чадахгүй байна.

Нэгд, 5424 м.кв газраас “Х” ХХК албан ёсоор 4180 м.кв газрыг эзэмшиж байгаа гэх боловч шинжээчдийн хамгийн сүүлийн дүгнэлтээр 4768 м.кв газар гэж байна. “Б” ХХК-ийн зүүн талын 404 м.кв газар нь “Х” ХХК-ийн хашаалсан газарт орж байгаа. Ингээд 4768 м.кв, 404 м.кв нийлээд 5172 м.кв газар болж байна.

Мөн 2015 оны 4 дүгээр сарын 17-нд шүүгч хэргийн оролцогчтой хамт маргаан бүхий газарт очиж үзлэг хийж газрыг хэмжсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн баримтанд “Х” ХХК-ийн Үйлчилгээний төвийн урд талын 66 м.кв газрыг нийт эзэмшдэг газарт нэмж тусгаагүй, тусад нь талбайн газар гэж тэмдэглэсэн байна. 66 м.кв газар нь машины зогсоолд орохгүй. Шинжээчдийн дүгнэлтүүд нь ийнхүү хоорондоо балансгүй, өөр өөр байгаа нь гомдол гаргах үндэслэл болж байгаа юм.

Хоёрт, 4180 м.кв газар дээр 1768 м.кв газрыг нэмэхэд 5948 м.кв газар гарч байна. Энэ нь 2008 онд “Х” ХХК-ийн захирал Саранцэцэгийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хүлээж авсан газар юм. Уг гэрээнд 7949 м.кв гэж газрын хэмжээг зааж өгсөн байхад 5948 м.кв газар эзэмшсэн байгаа нь хоорондоо тооцоолол таарахгүй байгааг мөн харуулж байна.

Гуравт, Мөн Шинжээчийн дүгнэлтэд 4368 м.кв газар гэж байна. Хэрэв тийм бол Гийн 404 м.кв газар нэмэгдэхээр 4772 м.кв газар, үүнд 1786 м.кв газрыг нэмэхээр нөгөө 7949 м.кв газар нь байх юм уу. Энэ мэт тооцоололгүй тоогоор ярьж байна.

Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл хувийн хэрэгт талуудын хүсэлт байдаггүй. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байсан. Уг нь бидний хооронд байгуулсан гэрээ эх хувиараа байх ёстой.  

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна гэж заасан байдаг. Үүнд: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-т Энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тус тус шалгаж байж Засаг дарга шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл шилжүүлэхийг хүссэн уг эрхийн 018 тоот гэрчилгээ нь надад одоо эх хувиараа байгаа нь тухайн үед намайг байлцуулахгүйгээр энэ асуудлыг шийдсэнийг харуулж байна. Уг нь энэ эрхийн гэрчилгээг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар надаас хурааж аваад шинээр эзэмшиж байгаа этгээдэд шинэ эрхийн гэрчилгээг шилжүүлэх ёстой. Гэтэл энэ үйлдэл хийгдээгүй.  

“Х” ХХК-ийн худалдааны төвийн доорх газрыг булаацалдсан явдал байхгүй. Би энэ газрыг нь авахгүй гэж аймгийн Засаг даргад бичгээр бичиж өгсөн.  

Бодит байдлыг гуйвуулж гаргасан Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, мөн 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг тус тус нотлох баримтаас хасуулах саналтай байна.   

Харин шинжээч Оийн хэмжилт хийж гаргасан 5355 м.кв газар гэдэг  дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь тэр үед электрон багажаар биш метрээр хэмжиж 5424 м.кв газар гэсэн бодит, үнэн тоог гаргасан. Өнөөдөр электрон багажаар хэмжихэд газрын хотгор, гүдгэрээс шалтгаалаад 5355 м.кв газар гэсэн тоо гаргаж байгаа нь тун ойрхон, маргаад байхааргүй тоог гаргасан байна гэж үзэж байна.

Дээрх 5355 м.кв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 6-р сарын 10-ны өдрийн 157-р захирамжаар олгогдсон зам талбайн газар ороогүй гэдэг нь 2016 оны 8-р сарын 30-ны өдрийн тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтээр тогтоогддог. Энэ дүгнэлт нь шүүхийн шийдвэр гаргах гол үндэслэл болсон дүгнэлт юм. Учир нь уг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд заасан 7949м.кв газарт 1780 м.кв газар буюу автомашины зогсоолын талбай ороогүй гэдэг нь энэ дүгнэлтээр нотлогдож байна.  

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шинжээчийн дүгнэлтэд хавсаргаж ирүүлсэн 2000 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн план зураг бий. Энэ зургийн дагуу би шинжээчдээр газар хэмжилт хийлгэсэн. Энэ зураг нь архивын материалд байгаа. Би дураараа хаа нэгэн газрыг хэмжүүлье гэж хүсэлт гаргаагүй.

Мөн 018 тоот гэрчилгээн дэх 5424 м.кв, 105м.кв, 2400 м.кв, 1786 м.кв гэсэн 4 газрыг нийлүүлэхээр 9715 м.кв болдог. Гэтэл би Х ХХК-тай 9715 м.кв газар гэж гэрээ байгуулаагүй, уг гэрээг 018 тоот үндсэн гэрчилгээнд бичигдсэн 5424 м.кв газар, 2000 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 86 дугаар захирамжаар олгогдсон 2400 м.кв газар, 105 м.кв гэсэн гурван газарт баланслуулж 7949 м.кв газар гэж гэрээ байгуулсан. Энэ гурван газраас үзэхэд автомашины зогсоолын 1786 м.кв газар нь 2008 оны 3 сарын 21-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд заагдсан газарт ороогүй болох нь харагдаж байна. Энэ зөрүүтэй хэмжээ нь будлиантай байгааг харуулдаг тул маргаан бүхий захирамж гаргахаас өөр аргагүй болсон.

105 м.кв газрыг “Б”, “У” дэлгүүрүүдийн гадаа хувиараа хөдөлмөр эрхлэгч нар худалдаа, үйлчилгээ эрхлээд байсан тул тэдгээрт зориулж үйлчилгээний жижигхэн цэг байгуулж өгнө үү гэж нэмж өгсөн юм. Газар шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлд автомашины зогсоолын талбай байгаа гэдгийг тодруулсан болохоос биш дээрх хэмжээнд багтаж байгаа гэдэг бол худлаа бичсэн зүйл. Худлаа бичсэн, үнэн бичсэн эсэхийг тодруулж байгаа газар байгаа. Улаанбаатар хотод хэргийн материал нь бий. Би энэ баримтыг нь шаардлагагүй гэж үзээд шүүхэд өгөөгүй.

Энэ гэрээ байгуулагдахад би байсан бөгөөд гарын үсэг зурсан. Үүнтэй маргаагүй. Автомашины зогсоолын 1786 м.кв газар гэж гэрээнд нэмэлтээр бичсэн нь нотариатчийн алдаа болсон. Иргэний хэргийн шүүх хурлын тэмдэглэлд нотариатч талууд хэлсний дагуу нэмэлт нөхцөлийг бичсэн гэж хэлдэг. Үүнийг нотариатч нягталж шалган бичих ёстой байтал талуудын хэлсний дагуу бичсэн байгаа нь харагдаж байна. Энэ гэрээг шөнийн цагаар, яаруу сандруу хийснээс нотариатч алдаа гаргасан. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Иргэний шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар хуудсанд нотариатч нь газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг би бичсэн гээд өөрөө бичсэнээ хүлээн зөвшөөрдөг. Мөн 12 дугаар хуудсанд 7949 м.кв газарт хангалттай орсон, өөрсдөө зөвшөөрч байна гэж үзээд гэрчилсэн гэж байгаа. Энэ нь уг гэрээг нягталж шалгалгүйгээр хийсэнг харуулж байна.

13 дугаар хуудсанд Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ 2 хувь хийгдсэн, нэгийг нь нотариатч өөрөө авсан, нэгийг нь Ст өгсөн, надад нэг хувийг нь өгөөгүй гэж бий.  Мөн автомашины зогсоолын талбайг би өөрийн хөрөнгөөр тохижуулсан. Уг хөрөнгийг шийдээгүй байгаа нь яагаад зөрчил болдоггүй юм бэ. Би талбайг нь авах гээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж буй Гын мэдүүлэгтэй холбоотой тайлбар нь арай өрөөсгөл ойлголт юм. Гэрч Ганболдын мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь мэдэгдэнэ. Миний эрх ашиг юунд хохироод байна гэхээр миний “Б” ХХК-ийн жаахан хашаалсан газар бий. Энэ маргаанаас болоод хашаалсан газраа өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. Мөн үүнээс болж маш их хэмжээгээр хохирч банкнаас хүртэл зээл авах боломжгүй байна.  

Хэрвээ маргаан бүхий захирамж хүчингүй болвол дахин маргаан үүснэ. 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргын 281 дүгээр захирамж нь бодлогогүй, учир дутагдалтай гарсан. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр тохирсон 7949 м.кв газрыг энэ хэмжээнд нь шилжүүлж шийдвэрлээгүй нь өнөөдөр зарим этгээдийн газрын гэрчилгээг гаргаж өгөхөд саад болж байна. Иймд аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ...тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Н.Б нь Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Б” ХХК-ийн захирал С.Д, “Х” ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1-р хавтаст хэргийн 16, 17, 68/ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд үндэслэн аймгийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай” 281 тоот захирамж /1-р хавтаст хэргийн 5, 67-р хуудас/ гарсан байна.

Ийнхүү захирамжид үндэслэн аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь “Х” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, /1-р хавтаст хэргийн 77-86-р хуудас/ газар эзэмших эрхийн 0208405 /4180м.кв /, 000303495 /1780м.кв/ тоот бүхий гэрчилгээнүүдийг /1-р хавтаст хэргийн 26, 27, 89, 95, 97, 2-р хавтаст хэргийн 149-155-р хуудас/ олгожээ.      

Гэвч Дундговь аймгийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/... тоот  захирамжаар /1-р хавтаст хэргийн 4-р хуудас/ аймгийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот “Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийн нэгдүгээр заалтын доторх “… Б ХХК-ны эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180,0 мкв /0,418 га/, автомашины зогсоолын 1780,0 м.кв /0,178 га/ 2 нэгж талбар газрыг Х ХХК-д” гэсэн хэсгийг хүчингүй болгосон байна.

1/Маргаан бүхий захирамжид дурдагдсан “Тус аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хотын төв хэсэгт Мандалговь хотын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамжаар олгосон 5424м.кв газар, Сайнцагаан сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжаар олгосон 2400 м.кв газар, мөн сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139 дүгээр захирамжаар олгосон 105 м.кв газар нийт 7929 м.кв газар бүхий Б ХХК-ны 018 дугаартай газар эзэмших гэрчилгээг аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай” 281 дүгээр захирамжаар Өмнөговь аймгийн .. багийн иргэн Ц овогтой С /Х ХХК/-т шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээ, байршил зэргийг нягт тооцолгүй дээрх 7929 м.кв газарт ороогүй аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар Б ХХК-нд автомашины зогсоолын зориулалтаар олгосон 1786,0 м.кв /0,1786 га/ талбай // бүхий газрыг оруулан тооцож…” гэсэн үндэслэлийн тухайд:  

Маргаан бүхий захирамжид заагдсан 7929 м.кв газар, түүнд багтсан гэх 2400м.кв, 5424м.кв, 105м.кв газруудын байршлыг нягталж тогтоогоогүй, мөн “автомашины зогсоолын зориулалтаар олгосон 1786 м.кв талбай бүхий газар нь 7929м.кв газрын хэмжээнд ороогүй болно” гэж захирамждаа тусгасан атлаа энэ тухайгаа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий газар дээр мэргэжлийн хүмүүсээр хэмжилт хийлгэж дүгнэлт гаргуулахгүйгээр захирамжийг гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тын шүүх хуралдаан дээр гаргасан “… Аймгийн Засаг даргын А/... дүгээр захирамж нь аймгийн Засаг даргад гуравдагч этгээд С.Дээс биечлэн амаар гаргасан өргөдлийн үндсэн дээр гарсан захирамж юм. … Тухайн үед маргаан бүхий газар дээр очиж хэмжилт хийгээгүй” гэх тайлбар, гэрч Б.Рийн “… манай байгууллагад хэмжилт хийлгэх талаар хандаагүй” гэх мэдүүлэг, 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /3-р хх-н 206-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулж өгсөн байх бөгөөд энэ хуулийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”  гэж заажээ.

Гэтэл аймгийн Засаг дарга С.О нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргахдаа шийдвэр гаргах болсон үндэслэл, шалтгаанаа баримтаар тогтоогоогүй төдийгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд болох “Х” ХХК-ийн захирал Н.Бт уг захирамжийг гаргах болсон талаар нь урьдчилан танилцуулаагүй, мөн захирамж гарсны дараа ч түүнд захирамжийг албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй нь иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэл болж байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд С.Дээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилсон ба Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн /1-р хавтаст хэргийн 229-245-р хуудас/, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн /3-р хавтаст хэргийн 1-7-р хуудас/, мөн Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/17 тоот /3-р хавтаст хэргийн 24-28-р хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2/196 тоот  /3-р хавтаст хэргийн 89-95-р хуудас/, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/34 тоот тушаалаар /4-р хавтаст хэргийн  9-12-р хуудас/ тус тус томилогдсон шинжээч нарын дүгнэлтүүдийг ирүүлжээ.

Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд С.Д нь Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/... тоот захирамж гарах болсон шалтгаан үндэслэлийн талаар дараахь тайлбарыг гаргасан байна. Үүнд:

А/ ” …  0. тоот гэрчилгээн дэх 5424 м.кв, 105м.кв, 2400 м.кв, 1786 м.кв гэсэн 4 газрыг нийлүүлэхээр 9715 м.кв болдог. Гэтэл би Х  ХХК-тай 9715 м.кв газар гэж гэрээ байгуулаагүй, уг гэрээг 018 тоот үндсэн гэрчилгээнд бичигдсэн 5424 м.кв газар, 2400 м.кв газар, 105 м.кв гэсэн гурван газарт баланслуулж 7949 м.кв газар гэж гэрээ байгуулсан. Эндээс үзэхэд автомашины зогсоолын 1786 м.кв газар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заагдсан 7949 м.кв газарт ороогүй болох нь харагдаж байна” гэх тайлбарын тухайд:

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн .. тоот шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот тогтоолоор хянавал хэсэгтээ “… энэхүү гэрээний 5 дахь хэсгийн нэмэлт нөхцөлд үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болохыг зааж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогджээ” гэж гэрээний нэмэлт нөхцлийн талаар үнэлэлт дүгнэлт хийж “Б” ХХК-ийн захирал С.Д, “Х” ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн байна.   

Нэгэнт шүүхийн шийдвэрээр дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон байх тул тус гэрээнд заагдсан 7949 м.кв газарт автомашины тохижуулсан талбайн 1786 м.кв газар ороогүй гэх тайлбар нь үндэслэлгүй болно.   

Б/ Мөн “… шинжээч Оийн хэмжилт хийж гаргасан 5355 м.кв газар гэдэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь тэр үед электрон багажаар биш метрээр хэмжиж 5424 м.кв газар гэсэн бодит, үнэн тоог гаргасан. Өнөөдөр электрон багажаар хэмжихэд газрын хотгор, гүдгэрээс шалтгаалаад 5355 м.кв газар гэсэн тоо гаргаж байгаа нь тун ойрхон, маргаад байхааргүй тоог гаргасан байна гэж үзэж байна.

Дээрх 5355 м.кв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 6-р сарын 10-ны өдрийн 157-р захирамжаар олгогдсон зам талбайн газар ороогүй гэдэг нь 2016 оны 8-р сарын 30-ны өдрийн тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтээр тогтоогддог. Энэ дүгнэлт нь шүүхийн шийдвэр гаргах гол үндэслэл болсон дүгнэлт юм. Учир нь гэрээнд заасан 7949м.кв газарт автомашины зогсоолын талбай ороогүй гэдэг нь энэ дүгнэлтээр нотлогдож байна …” гэх тайлбарын тухайд:

Хэргийн оролцогч С.Д нь 2016 оны 3 дугаар сарын 17, 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус шүүхэд хүсэлт гаргасан /2-р хавтаст хэргийн 260-269, 3-р хавтаст хэргийн 14-р хуудас/ ба шүүх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилжээ.

Улмаар шинжээч байгууллага болох Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/.. тоот тушаалаар томилогдсон шинжээч нар нь хүсэлтэд дурьдагдсан газруудыг хэмжиж дүгнэлт гарган дүгнэлтдээ хэмжилт хийсэн газрын байршлын схем зургийг хавсарган ирүүлсэн байна. Уг схем зурагт 5355м.кв талбай бүхий газар гэж тусгагдсан хэдий ч энэ нь 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 018 тоот газар эзэмших гэрчилгээгээр “Б” ХХК-д анх олгогдож байсан 5424м.кв газрын байршил, хэмжээ гэж тогтоогдоогүй байна.

Мөн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлд “үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болно” гэж заасан байх ба уг гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/34 тоот тушаалаар томилогдсон шинжээч нарын “… байршлын схем зурагт тусгагдсан 5355 м2 газарт аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар олгогдсон зам талбайн газар ороогүй болно” гэсэн дүгнэлтийг үнэлээгүй болно.

В/ “… Газар шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлд автомашины зогсоолын талбай байгаа гэдгийг тодруулсан болохоос биш дээрх хэмжээнд багтаж байгаа гэдэг бол худлаа бичсэн зүйл. Автомашины зогсоолын 1786 м.кв газар гэж гэрээнд нэмэлтээр бичсэн нь нотариатчийн алдаа болсон. … Нотариатч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг өөрөө бичсэнээ хүлээн зөвшөөрдөг. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ 2 хувь хийгдсэн, нэгийг нь нотариатч өөрөө авсан, нэгийг нь Ст өгсөн, надад нэг хувийг нь өгөөгүй …” гэх тайлбарын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд С.Д нь нотариатч Ж.Мд холбогдуулан дээрх тайлбартай хамаарал бүхий асуудлаар эрх бүхий байгууллагад нь гомдол гаргаж, улмаар Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын Зөвлөлийн хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоолоор /2-р хавтаст хэргийн 120-125-р хуудас/ нотариатч Ж.Мын үйлдэлтэй холбогдуулан гаргасан гомдолд дурьдсан үйл баримт нь сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Г/ “… шилжүүлэхийг хүссэн уг эрхийн 018 тоот гэрчилгээ нь надад одоо эх хувиараа байгаа нь тухайн үед намайг байлцуулахгүйгээр энэ асуудлыг шийдсэнийг харуулж байна. Уг нь энэ эрхийн гэрчилгээг Газрын алба надаас хурааж аваад шинээр эзэмшиж байгаа этгээдэд шинэ эрхийн гэрчилгээг шилжүүлэх ёстой. Гэтэл энэ үйлдэл хийгдээгүй…” гэх тайлбарын тухайд:

2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр /1-р хавтаст хэргийн 69-р хуудас/ 018 тоот гэрчилгээнд заасан газрыг шилжүүлсэн байхад уг гэрчилгээг анхны эзэмшигчээс эрх бүхий этгээд хурааж авалгүйгээр “Х” ХХК-д гэрчилгээ олгосон явдал нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл биш юм.  

Өөрөөр хэлбэл газрын албаны эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой байтал ийнхүү хэрэгжүүлээгүй үйлдэлд нь Х ХХК-ийг буруутгах боломжгүй байна.

2/ Захирамжид дурьдагдсан “… Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-ийн зарим хэсгийг зөрчиж иргэн, аж ахуй нэгжид чирэгдэл учруулсаар байх тул…” гэсэн үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг гаргана…” гэж, мөн хуулийн 38.3-т “эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна …” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаас үзэхэд “Б” ХХК-ийн захирал С.Д, “Хг” ХХК-ийн захирал Ц.С нарын хооронд 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд үндэслэн “Хг” ХХК-д  газрыг  шилжүүлж эзэмшүүлсэн нь хуулийг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тын 2016 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан “… нийтийн эзэмшлийн автомашины талбайг хуулийн этгээдэд эзэмшүүлвэл автомашин орох, гарах, түр тавихад төлбөр авах зэрэг наад захын асуудал бий болно гэж тооцсон. … Х ХХК нь уг газрыг эзэмших хугацаандаа төлбөр авна гэж мэдэгдэж байгаагүй” гэх тайлбараас нь дүгнэхэд “Х” ХХК-ийн зүгээс автомашины талбайг эзэмших хугацаандаа иргэн, аж ахуй нэгжид чирэгдэл учруулж байсан нөхцөл, байдал тогтоогдохгүй байна.  

Мөн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд С.Д нь Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт, мөн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2/196 тоот тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтийг /3-р хавтаст хэргийн 218, 219/ нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийн хувьд уг шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр мэргэжилтэн Б.Рийн үйлдсэн зургийг /1-р хавтаст хэргийн 232-р хуудас/ хавсарган ирүүлсэн байх бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 8, 31-ний өдрүүдийн шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан С.Д нь уг зурагт тусгагдсан 4368 м.кв газар гэсэн хэмжээний талаар тайлбар гаргаж, мөн нэхэмжлэгчтэй мэтгэлцэж байх тул энэхүү хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзлаа.    

Харин Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2/196 тоот тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтийг шүүхээс тавьсан асуултад бүрэн гүйцэт хариулаагүй дүгнэлт байна гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасч шийдвэрлэв.

Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасан байна.

Шүүх С.Д, Ц.С нарын хооронд 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж шүүхийн шийдвэрээр тогтоосон байхад тус гэрээнд заагдсан буюу бусдын хууль ёсоор эзэмшиж байсан автомашины тохижуулсан талбайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж, дахин шийдвэрлэхийг хуулиар эрх хэмжээ нь олгогдоогүй аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газарт даалгасан нь хуулийг зөрчиж байна.

Мөн Дундговь аймгийн Засаг дарга С.О нь иргэн С.Дийн амаар гаргасан гэх өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4-т заасан “өргөдөл гомдолд дурьдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” эсэхийг харгалзан үзэлгүйгээр шийдвэрийг гаргасан нь хуулийг зөрчсөн болно.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 46 дугаар зүйлийн 46.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай”... тоот захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батбаярт  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 69 тоот захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           В.Ц