Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01155

 

Б.Бадралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04192 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1328 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Бадралын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Батболдод холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цацрал, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бадрал 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр н.Намнандорж гэгчтэй 65 000 ам.долларыг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаад н.Намнандорж зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо 93 дугаар байрны 02-22 тоот байрнуудыг шилжүүлж худалдах-худалдан авах гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулж, татвар төлж үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сараас эхлээд хариуцагч М.Батболд нь 93 дугаар байрны 02 тоот байранд яаж орсон нь тодорхойгүй, байрны цоожийг сольсон байна.Иймд 93 дугаар байрны 02 тоот орон сууцнаас М.Батболдыг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Бадрал 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 65 000 ам.долларын хүү, алдангид энэ байрыг авсан, одоо байраа суллаж өг гэсэн. Манай захирал хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд энэ байрыг авсан, захиралтай гэрээ хийгээд энэ байранд орсон гарах боломжгүй гэдгээ хэлсэн. Байранд яаж орсон нь тодорхойгүй гээд байгаа нь Б.Бадрал бид хоёрт нэг, нэг түлхүүр байгаа. н.Намнандорж манай захиралд энэ байрны ордер нь гараагүй гэсээр байгаад 2015 оны 10 дугаар сард н.Намнандорж нь энэхүү байруудын ордерыг ББСБ-д тавьсан байгаа 300 000 000 төгрөг төлөөд энэ байрнуудын гэрчилгээг авчих гэсэн. Гэтэл Б.Бадрал 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийсэн байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04192 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 2 тоот сууцнаас М.Батболдыг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Батболдоос 70 200 төгрөг гаргуулж Б.Бадралд олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1328 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Б.Бадрал нь 65 000 ам.доллар зээлүүлсэн гэсэн зээлийн гэрээ хийгдсэн мөн худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн он, cap, өдрүүд бүгд нэг өдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн нь хүчин төгөлдөр бус хэлцлүүд байна. Мөн Б.Бадрал нь 65 000 ам.долларыг яаж зээлүүлсэн нь тодорхой бус байдаг ба зээлүүлсэн өдрөө шууд байрны гэрчилгээ нь гарсан байдаг. Тухайн орон сууцыг захиалгаар бариулах гэрээг О.Намнадоржтой байгуулж ажиллаж байх явцад О.Намнандорж нь гэрээ биелүүлж чадахгүй боллоо гээд барьсан орон сууцнаасаа нийт 4 байрыг өгнө гэж тохиролцон тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулсан. О.Намнандорж биднийг залилан мэхэлж одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст яллагдагчаар татагдан байцаагдаж байгаа бөгөөд тус 4 байр нь битүүмжлэгдсэн байгаа. Б.Бадрал худалдан авсан байр нь битүүмжпэгдэн О.Намнандоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ байрыг ашиглах боломжгүй юм. О.Намнандоржийг шалгаж дууссаны дараа жинхэнэ эзэмшигчийг тогтоох ёстой юм.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх зохигчдын эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Бадрал нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206039071 дугаарт бүртгэл, 000371572 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Бадрал нь О.Намнандоржоос тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлснээр хуучин өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүссэн байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна.

Хариуцагч М.Батболдод орон сууц өмчлөх, эзэмших эрх үүссэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Бадрал өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтад нийцжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс  шаардах эрхтэй байна.

Хариуцагч М.Батболд нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхэд энэ хэргийн шийдвэр саад болохгүй ба энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1328 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН