Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 19

 

“Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Х.Батсүрэн

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасан үндэслэлээр “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг Гаалийн ерөнхий газарт даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2018/0614 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анар,

Нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн захирал Г.Б-Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасан үндэслэлээр “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2018/0614 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн захирал Г.Б-Э гомдолдоо: ... магадлалд “... улсын байцаагчийн барааны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зайлшгүй төлөх татвар байхад ...,” гэж хуулийн ямар ч үндэслэлгүйгээр барааны үнийг улсад төлөх ёстой татвар гэж үзсэн /барааны үнэ, татвар нь тусдаа өөр ойлголт/

4. “... гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ болох 54,542,772 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь албадлагын арга хэммээ биш зайлшгүй төлөх ёстой татвар тул ...” гэж улсад төлөх мөнгө тул татвар мөн гэж хуулийн үндэслэлгүй дүгнэсэн /улсын орлого нь татвар болон татварын бус орлого үүнд алданги, торгууль, тусгай зөвшөөрөл хураамж зэргээс бүрдэнэ гэсэн Төсвийн тухай хуулийг буруугаар ойлгосон/

5. “... Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр тогтоолуудаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ болох 54,542,772 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн ...” гэж Дээд шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарласан /Дээд шүүхийн 54 дүгээр тогтоолоор энэ үнэ дотор татвар байгаа тул бүхэлд нь Өршөөлийн хуульд хамруулах боломжгүй, анхан шатны шийдвэр үндэслэлтэй гэсэн болохоос бүгдийг нь татвар гэж үзээгүй/ зэрэг хуулийн үндэслэлгүй шалтгаануудаар манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд бид гомдолтой байна.

6. Бидний маргаж буй гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн 06/14 тоот акт нь “Б А” ХХК-ийг 54,5 сая төгрөгийн барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй оруулж ирсэн тул Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасны дагуу гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүнг 100% буюу 54,5 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн акт бөгөөд үүнд татварыг төлүүлэх тухай огт дурдагдаагүй болно. 290 дүгээр зүйлийн 290.2.1-ийн гаалийн зөрчил үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ захиргааны шийтгэлийг оногдуулна гэж хуулиндаа заасан байдаг билээ.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар дэлгэрэнгүйгээр тайлбарлаж байна. Үүнд: үнийг татвар гэж шууд хуулийн үндэслэлгүйгээр авч үзсэн тухайд,

8. Манай хуулинд татвар, анз   гэсэн   ойлголтууд   ойролцоо   байдгаас   зарим ажилтнууд их хольж хэрэглэж байгаагаас энэ асуудал үүссэн. Татварыг Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө ажил үйлчилгээнд тодорхой хувь хэмжээгээр ногдуулж хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ” гэж заасан бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д анзыг “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан байдаг. “Б А” ХХК нь хилээр бараа оруулахдаа гаалийн албанд мэдүүлж татвараа төлөх үүргээ биелүүлээгүй тул 06/14 тоот актаар анз төлөхөөр Гаалийн хуулийн дагуу шийтгүүлсэн гэж бид үзэж байгаа.

9. Монгол Улсад өнөөдөр мөрдөж байгаа хуулиар гаалийн татварыг Гаалийн үнэ тарифын тухай хуулиар тогтооно гэж уг хуулийн 1 дүгээр зүйлд заасан байдаг бол Гаалийн тухай хуулиар Монгол Улсын гаалиар бараа нэвтрүүлэх үеийн харилцааг зохицуулах, гаалийн улсын байцаагч нарын эрх үүрэг, Гаалийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээх хариуцлага зэргийг зохицуулах тухай 1 дүгээр зүйлд тус тус заасан байдаг. Гэтэл уг акт нь “Б А” компанийг 54,5 сая төгрөгийн үнэтэй барааг хилээр мэдүүлэлгүй орж ирүүлсэн гэж үзэн Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т үндэслэн шийтгэл ногдуулсан акт юм. Иймд энэ магадлалын үндэслэл нь Гаалийн тухай хуулиар гаалийн татвар ногдуулж байгаа хэрэг болох тул хуулийн агуулгыг бүрэн зөрчиж, хуулийн үндэслэлгүй шийдсэн нь харагдаж байна.

10. Гаалийн үнэ тарифын тухай хуулинд энгийн барааг хилээр оруулж ирэх үед 5%-ийн татвар төлөх тухай заасан ба 100%-ийн татвар энэ хуулинд байдаггүй. Иймд Монгол Улсад байхгүй зүйлийг татвар гэж авч үзсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Мөн татварын хувь хэмжээг УИХ-аар зохих хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах замаар тогтоодог ба гаалийн улсын байцаагчийн үзэмжээр саналаар тогтоодоггүй.

11. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд гаалийн улсын байцаагчийн эрх үүргийг заасан байдаг бөгөөд гаалийн улсын байцаагч нь 274 дүгээр зүйлийн 274.1.7-д зааснаар “Гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан байдаг. Татвар ногдуулах, татварын акт үйлдэх эрхтэй гэж заагаагүй. Иймд магадлалыг хуулийн үндэслэлтэй гэж үзвэл гаалийн улсын байцаагч нар нь хуульд байхгүй эрх эдэлсэн буюу үйлдсэн акт нь хууль бус болох юм.

12. Гаалийн улсын байцаагч нар нь 274 дүгээр зүйлийн 274.1.7-д зааснаар хариуцлага хүлээлгэх эрхтэй тул татварыг төлүүлэх нь хариуцлага гэж үзвэл Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “Хуулиар татвар төлөх нь Монгол Улсын иргэний үүрэг” гэж заасан байдаг. Тэгвэл Монгол Улсын 3,0 сая иргэн татвараа төлж байгаа нь шийтгэл гэсэн логик агуулга гарч ирнэ. Энэ нь үндсэн хууль зөрчиж байгаа юм. Иймд татвар төлөх нь үүрэг бөгөөд үүрэг биелүүлэх шийтгэл оногдуулах зүйл байдаггүй тул 06/14 акт нь хариуцлага ногдуулсан буюу шийтгэсэн акт юм.

13. Иймд, үнийг 100% төлүүлэх нь татвар гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Гаалийн үнэ тарифын тухай, Гаалийн тухай зэрэг олон хуулийг зөрчиж байгаа тул энэ шийдвэр хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна. Улсад төлж байгаа мөнгө бол татвар гэж буруугаар авч үзсэн тухайд,

14. Давж заалдах шатны шүүх улсын төсөвт оруулах ёстой мөнгөн хөрөнгө буюу татвар гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Төсөвт орох ёстой мөнгө хөрөнгө л бол татвар гэж үзэж болохгүй. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлого байхаар заасан. Манай тохиолдолд энэхүү барааны үнэ нь /Зөрчлийн тухай хуулиар “Б А” ХХК-ийн эрх зүйн байдал дээрдэхээс өмнө/ төсөвт төлөгдөх ёстой татварын бус орлого буюу Төсвийн тухай хуулий 23 дугаар зүйлийн 23.3-т заасан “... хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлого” юм.

15. Дээд шүүхийн 54 тоот тогтоолыг буруугаар тайлбарласан тухайд, энэхүү барааны үнэ болох 54,542,772 төгрөг нь бүхэлдээ татвар бус энэхүү 54,542,772 төгрөгт татвар тодорхой хэсэгт нь байгаа тухай Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор хянавал хэсэгт тайлбарласан байдаг. Чухам хэдэн хувьд нь татвар байгаа, ямар хуулийн дагуу ийм байгаа түхай тодорхой заагаагүй.

16. Бусад хууль тогтоомжийг зөрчсөн тухайд, Улсын байцаагчаас барааны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Албадлагын арга хэмжээ” бөгөөд татвар ногдуулж буй хэлбэр биш юм. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар гаалийн улсын байцаагч татвар тогтоох, улмаар татвар төлүүлэх арга хэмжээ авах эрх хэмжээ байхгүй бөгөөд хариуцлага хүлээлгэх эрх хэмжээтэй болно. Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө тухайн харилцааг зохицуулж байсан. Захиргааны хариуцлагын тухай хууль 2014 онд мөрдөгдөж байсан бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тус албадлагын арга хэмжээ нь шийтгэлийнхээ төрөлд хамаарч байсан. Иймээс анхан шатны шүүх 06/14 дугаар актаар авсан арга хэмжээг албадлагын арга хэмжээ биш гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

17. Давж заалдах шатны шүүх Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаар албан бичгийг яагаад захиргааны акт биш гэж үзэж буйгаа тайлбарлалгүйгээр захиргааны акт биш гэж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх бол захиргааны акт биш гэж үзэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан ЗА-ын шинжүүдээс эрх зүйн шууд үр  дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй байна гэжээ.

18. Эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх шаардлагын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт “... заавал хэрэгжүүлэх эрх үүргийг тогтоосон байх ёстой …” гээд жишээ авахдаа “... Давуу тал олгохыг хүссэн өргөдөлд татгалзсан шийдвэр байж болно” гэжээ. Үүнээс үзвэл манай тохиолдолд Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийг хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хориглосон, зөвшөөрсөн, журмалсан шинжгүй гэж тайлбарласан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасныг хэрэглэж байгаа бололтой. Тус зүйлд заасан зохицуулалтаас үзвэл “захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан татгалзсан үйлдэлд хамаарч захирамжилсан шинжийг агуулж байна.

19. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дугээр зүйлийн 6-д “...хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ... албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан үндэслэлээр мөн хуулийн 11.21-ийн 1.3-д “... гаалийн шалгалтаас нуун далдалсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь “Б А” ХХК-ийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт юм. Мөн 06/14 дугаар актыг гүйцэтгээгүй байгаа болно. Иймд “Б А” ХХК нь барааны үнийн дүнг төлөх бус татвараа нөхөн төлж, нөхөн төлүүлсэн татварын 30 хувьтай тэнцэх торгууль төлөх үндэслэлтэй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэж байгаа хэрэг юм.

20. Гаалийн үнэ тарифын тухай хуулинд гаальд мэдүүлсэн бол 5 хувь, мэдүүлээгүй бол 100 хувь гэсэн ойлголт байдаггүй тул бид 5 хувийн гаалийн татвар болон түүнд харгалзах торгуулиа төлөх нь хууль ёсны зүйл гэж үзэж байгаа болно.

21. Хэрэв бид хуулийн дагуу гаальд бараагаа мэдүүлж оруулж ирсэн бол 54,5 сая төгрөгнөөс 5 хувийн гаалийн татвар буюу 2,72 сая төгрөгийн татвар төлөх ёстой бөгөөд энэ нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн дагуу манай эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа ба уг асуудлыг энэ хуулийн дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

22. Иймд, хуулийн үндэслэлгүй шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2018/0614 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            23. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

24. Нэхэмжлэгч “Б А” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт хандан, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04/18 дугаар албан бичгээр, “... тус компанийн зүгээс улсын төсөвт учруулсан хохирол болох гаалийн албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувийн татварыг төлөхөө илэрхийлж байх тул үлдэх хэсгийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаар албан бичгээр “... Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх нь “Б А” ХХК-ийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариу хүргүүлжээ.

25. Нэхэмжлэгчээс уг албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаартай албан бичиг нь захиргааны актын шинжийг хангахгүй байхаас гадна Гаалийн ерөнхий газрын дарга бус уг газрын Хуулийн хэлтсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан нь эрх бүхий албан тушаалтан биш байх тул хууль бус” гэж тайлбарлан маргасан, шүүхүүд уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан, маргаан бүхий албан бичиг нь “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан актын шинжийг агуулаагүй”, “...  эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй” “... Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хориглосон, зөвшөөрсөн, журамласан шинжгүй, дангаараа шууд үр дагавар үүсгэхгүй” гэх зэргээр зөв дүгнэлт хийсэн атлаа уг нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх”-ээр заасан, “Б А” ХХК-иас “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд хамруулж, “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх” асуудлаар Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргасан, хариуцагчийн “...хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй” гэж маргаан бүхий албан бичгээр өгсөн хариу нь тухайн тохиолдолд, “Б А” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийн хүсэлтийг хангахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл мөн, харин нь бие даасан захиргааны акт болохгүй юм.  

27. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар нэрлэн заасан Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаар албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хамгаалагдах, эргэж сэргэх үр дагавар үүсэхээргүй байх тул уг албан бичгийг “захиргааны акт” гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн “... “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийг хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

28. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй, дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй тохиолдолд, захиргааны хэргийн шүүх тийм албан бичигт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “...захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байхад, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох хэсэгт “...Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

29. Нэхэмжлэгч “Б А” ХХК-иас “... Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасан үндэслэлээр “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3-д “...гаалийн шалгалтаас нуун далдалсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь “Б-А” ХХК-ийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт юм. ... Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “...албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж зааснаар тус компанид Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар нөхөн татвар ногдуулж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах боломжтой...” гэж, хариуцагчаас “... үндэслэлгүй’ гэж маргажээ.

30. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар “Б А” ХХК-нд холбогдуулан, “... гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54,542,772 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр” шийдвэрлэсэн, “Б А” ХХК-иас уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсанаар уг маргаан гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар (тухайн үеийн нэрээр) шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн нийт үнийн дүнгээс 4,128,300 төгрөгийг хасаж 50,414,472 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хэвээр үлдээсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 444 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 324 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

31. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон  ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх тул  Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актын хууль зүйн үндэслэл, уг актаар ногдуулсан гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54,542,772 төгрөг нь “татвар мөн эсэх”, эсхүл “...захиргааны шийтгэл мөн эсэх” талаар шүүх дахин дүгнэлт хийх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй,  нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... барааны үнэ, татвар нь тусдаа өөр ойлголт, ... шүүх “... албадлагын арга хэмжээ биш зайлшгүй төлөх ёстой татвар” гэж хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх зэрэг гомдлын үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй.

32. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн  11.21 дүгээр зүйлийн 1-д Гаалийн тухай хууль зөрчсөн үйлдлүүдийг жагсаасны дотор мөн зүйлийн 1.3, 1.5-д “... барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан ... /болон/...гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан, нэхэмжлэгчээс уг заалтуудыг нэрлэн зааж, гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар тогтоосон “... гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнэ болох 54,542,772 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэх”-ээр шийдвэрлэснийг өөрчлүүлэхээр хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй юм.

33. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйл (2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)-ийн 290.2.1-д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих ... аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол  ... аж ахуйн нэгж, байгууллагыг 100,000-150,000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх”-ээр заасныг баримтлан нэхэмжлэгч “Б А” ХХК-нд “... /2010-2012 онд/ гадаадаас худалдан авсан зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй” зөрчилд уг барааны үнийн дүн болох  54,542,772 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь “хууль ёсны” болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон байхад, 2014 онд үйлдэгдсэн уг актыг өөрчилж, 2017 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хариуцагчаас шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль бус, хариуцагч уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсан нь зөв байна.

34. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “... хууль ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах ... ” гэж зааснаас үзэхэд Зөрчлийн тухай хууль нь уг хуулиар тогтоосон зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах  харилцааг зохицуулахаар байх тул мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4-т “зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 5-д “шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, 6-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан заалтууд нь мөн зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулахтай холбогдсон эрх зүйн харилцааны хүрээнд хэрэглэгдэх учиртай, тухайн тохиолдолд, уг заалтууд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “хууль ёсны” болох нь эцэслэн тогтоогдсон захиргааны актыг өөрчлөх хууль зүйн үндэслэл болохгүй, уг актыг биелүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийг хэрэглэхгүй.  

35. Аливаа хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар эрх бүхий этгээдээс гаргасан акт шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт баталгаажсан тохиолдолд, шүүхийн шийдвэрийн нэгэн адил заавал биелэгдэх учиртай, тухайн тохиолдолд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актаар ногдуулсан нийт 54,542,772 төгрөгийн үнийн дүнгээс 50,414,472 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсэг нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 324 дүгээр тогтоолоор “хууль ёсны” болох нь тогтоогдсоноор, “Б А” ХХК уг төлбөрийг заавал төлөх хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзнэ.

36. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэх заалтын үйлчлэх хүрээ нь “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа”-ны хүрээгээр хязгаарлагдана, уг заалтын “шийдвэрийг гүйцэтгэсэн”, “шийдвэрийг гүйцэтгээгүй” гэх нөхцлүүд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “төлөх ёстой” болох нь тогтоогдсон төлбөрийг барагдуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй, гагцхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шийтгэл оногдуулах”, “шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх” харилцаанд хэрэглэгдэнэ.

37. Иймд, анхан шатны шүүхийн “...маргааны зүйлд хамаарах асуудлаар Зөрчлийн хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй”, “... актаар тогтоосон төлбөрийг барагдуулах тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа нь Зөрчлийн хуулийн холбогдох заалтыг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй” гэх дүгнэлтүүд зөв, “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-т тус тус заасан үндэслэлээр “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгчийн “... Зөрчлийн тухай хуулийн 11.21-ийн 1.3-д “... гаалийн шалгалтаас нуун далдалсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь “Б А” ХХК-ийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт юм, ... 06/14 дугаар актыг гүйцэтгээгүй байгаа ... /тул/ “Б А” ХХК нь барааны үнийн дүнг төлөх бус татвараа нөхөн төлж, нөхөн төлүүлсэн татварын 30 хувьтай тэнцэх торгууль төлөх үндэслэлтэй” гэх гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

38. Эдгээр үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0551 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2018/0614 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б А” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д заасныг тус тус баримтлан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус заасан үндэслэлээр “Б А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б А” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА