| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2023/0873/3 |
| Дугаар | 128/ШШ2024/0750 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2024/0750
2024 09 26 128/ШШ2024/0750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*******ын Д
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар,
Гуравдагч этгээд: Бын Б
Маргааны төрөл: Өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулахаар маргасан хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Ц.О, гуравдагч этгээд Б.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 90.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Б Б.Д нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн.
2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дугаар дүгнэлтээр бүртгэлийг хяналт шалгалтын хугацаанд түдгэлзүүлсэн.
2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Б.Дгийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие танил Б.Б “мөнгө хэрэгтэй байна зээлүүлээч” гэх гуйлтаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Х.Сгийн данснаас 100,000,000 төгрөгийг зээлүүлж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Э хотхоны ******* байрны ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн , гэрчилгээний 0005*******49 дугаартай 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Б.Б нь “зээлсэн мөнгөө төлж чадахгүй нь ээ байрыг та 170,000,000 төгрөгт худалдаад аваач” гэж гуйхад нь зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг нэг цэгийн үйлчилгээний төвд байрлах нотариатад байгуулсан бөгөөд, худалдагч талын төлөх 2 хувийн татвар болох 2,000,000 сая төгрөгийг Б.Б мөнгөгүй байсан тул миний бие мөн төлсөн бөгөөд үлдэх 70,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Б.Б нь мөнгө хэрэгтэй байна та 10,000,000 төгрөг түр өгөөч үл хөдлөхийн гэрчилгээ гарахад нь үлдэгдэл 60,000,000 төгрөгөө өгчихөд болно гэх гуйлтаар нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг найз Х.Сгийн данснаас шилжүүлж, мөн өдөр бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан тул 60,000,000 төгрөгийг Б.Б руу шилжүүлж бүрэн тооцоо дууссан.
Дээрх үйл явдал болсноос хойш хэд хоногийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас над руу ахлах Т.З гэж хүн "Э хотхоны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбоотойгоор ирж уулзана уу" гэж утсаар ярьсны дагуу очиж уулзсан. Т.З "Э хотхоны байр битүүмжтэй байсныг хууль бусаар шилжүүлсэн байна. Гэрчилгээг буцааж Б.Б рүү шилжүүлнэ" гэсэн. Хариуд нь би "тэгэх боломжгүй, би уг байрыг Б.Бэс худалдаж авсан. Улсын бүртгэлээс шилжүүлж өгсөн болохоор би мөнгөө өгсөн, хэрэв танайхаас шилжүүлээгүй бол би мөнгөө өгөхгүй байсан" гэж хэлсэн. Сар орчмын дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.З над руу залгаж “сонсох ажиллагаанд суу, гэрчилгээ шилжүүлэхэд гарсан алдаа аль талынх нь алдаа вэ гэдгийг тодруулж, хэрэв манай зүгээс алдаа гарсан бол танай худалдаж авсан байрны гэрчилгээг өгнө" гэж хэлсний дагуу уг сонсох ажиллагаанд сууж өөрийн байр сууриа илэрхийлэн бүх зүйл хуулийн дагуу явагдаж худалдах, худалдан авах гэрээ хийж улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүртгэгч нар нь уг орон сууцтай холбоотой ямар ч асуудал байхгүй байсан тул гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн гэхэд Т.З болон улсын бүртгэгч Г.Мө миний өмнөөс юу ч хэлж чадахгүй байсан тул асуудлыг миний талд шийдэгдсэн гэж ойлгосон. 10 хоногийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Э" хотхоны байрны гэрчилгээг хүчингүй болгосон тухай утсаар мэдэгдсэн ба өөрийн биеэр очиж асуухад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй бөгөөд бүх зүйл хуулийн дагуу явагдаж байрны төлбөрийг төлж, нотариатаар худалдах, худалдан авах гэрээг хийлгүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан байтал ямар үндэслэлээр миний байрны гэрчилгээг хүчингүй болгосныг огт ойлгохгүй бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Аод хандаж үл хөдлөх хөрөнгө Б.Д миний нэр дээр гаргаж өгөх тухай гомдол гаргахад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6/7851 тоот хариу мэдэгдэх хуудсаар огт ойлгомжгүй, үндэслэлгүй гэх хариуг өгсөн. Иймд иргэн Б.Д миний бие өнөөдрийн байдлаар мөнгө ч үгүй, байр ч үгүй хохирч үлдсэн тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн байх энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
Улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтээр дээрх бүртгэлийг түдгэлзүүлсэн нь хууль бус юм. Учир нь дээрх дүгнэлтийг гаргахаасаа өмнө хуульд заасны дагуу надад урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, сонсох ажиллагаа явуулах чиг үүргээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй нэг үгээр хэлбэл аль эрт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр улсын байцаагч тоот дүгнэлтийг гаргасан атлаа 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж үзнэ. Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлт нь мөн адил хууль зөрчсөн бөгөөд энэ дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, сонсох ажиллагаа явуулах зэрэг чиг үүргээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй бөгөөд “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хариуцагчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* хариу болон хавсаргасан баримт бичигт ирүүлснээр миний бие анх удаа харлаа.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн улмаар хэд хоногийн дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Дгийн нэр дээр гарсан боловч хэсэг хугацааны дараа таны бүртгэлийг түдгэлзүүллээ гэж хэлсэн. Ямар шалтгаанаар түдгэлзүүлж байгаа бэ гэхэд ирж уулз гэсэн, Э.Зтай очиж уулзаж болсон бүх процессоо тайлбарладаг. Анх зээлийн гэрээ хийгээд барьцаанд бүртгүүлэхэд ямар ч эрхийн зөрчил гараагүй. Худалдах, худалдан авах гэрээ хийгээд Улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрхийн зөрчил гаргаагүй гэдгээ хэлдэг. Э.З нь “хяналт шалгалт хийсний дараа танд эргээд мэдэгдье” гэсэн хэдий ч огт сураг чимээгүй алга болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Улсын бүртгэлийн байгууллага дээр очиж Б.Д болон нэхэмжлэгчийн итгэмжлэлийн төлөөлөгч миний бие очиж уулзсан. “Ямар шийдвэр гарсан бэ? Бүртгэл түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” талаараа хэлсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тухайн бүртгэлийг сэргээж өгнө үү гэсэн гомдлыг гаргахад огт үндэслэлгүй хариу өгдөг. Б.Д өнөөдрийн байдлаар мөнгө ч байхгүй, байр ч байхгүй байна. Үндсэн хуульд заасан өмчлөх эрх ноцтойгоор зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Улсын бүртгэгч холбогдох хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй байна гэдгийг хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад хяналтын улсын байцаагч Э.З, Ц.О нарын дүгнэлт болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон Ш.Э улсын байцаагч нар нь маш тодорхой хэллээ. Тухайн маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч нь ямарваа нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал огт байхгүйгээр иргэн Б.Бэс худалдах, худалдах авах гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улсын бүртгэгч буруутай үйлдэл хийсэн гэдгийг тогтоосон.
Э.З улсын байцаагчаас асууж байсан. Сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар, оролцогчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдлууд байсан эсэх талаар тодруулсан байдаг. Бүртгэл түдгэлзүүлж байгаа нэг дэх дүгнэлт, хүчингүй болгож байгаа 2 дахь дүгнэлт байна. Энэ нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа мөн. Яагаад гэвэл энэ 2 шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа, зөрчигдөж байгаа учраас захиргааны байгууллага, албан тушаалтан заавал оролцоог нь хангаж урьдчилан мэдэгдэнэ, энэ үүргээ биелүүлээгүй байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Бүртгэлийг түдгэлзүүлснийхээ дараа 04 дүгээр сарын 01, 04 дүгээр сарын 07-ны 2 өдөр сонсох ажиллагаа хийсэн гэж худлаа яриад байна. 04 дүгээр сарын 07-нд Улсын бүртгэлийн байгууллагын 207 тоотод очиж сонсох ажиллагаа хийсэн. Түдгэлзүүлчихсэнийхээ дараа хүчингүй болгосон дүгнэлтээ огт танилцуулаагүй байсан. Үүнийг шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа хариуцагчаас ирсэн баримтыг харж байж бид нар мэдэж авсан. Хүчингүй болгосныг мэдээгүй байсан. Захиргааны ерөнхий хуульд мэдэгдэх ёстой, мэдэгдсэнээ баримтжуулах ёстой гэж заасан, улсын байцаагч тийм зүйлийг огт хийгээгүй. Мөн бүртгэл хүчингүй болгож байгаа нь яг ямар хуулийн зүйл заалтыг үндэслээд байгаа нь тодорхойгүй. Тухайн бичгээр гаргасан акт хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Агуулга нь маш тодорхой байх ёстой, хоёрдмол утгагүй. Гэтэл түдгэлзүүлсэн шийдвэрийг нь хэвээр үлдээгээд байгаа юм уу, хүчингүй болгоод байна уу гэдэг нь ойлгомжгүй. Нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах ажиллагаагаа захиргааны байгууллагын албан тушаалтан огт хийгээгүй. Бүртгэл хүчингүй болгож буй тохиолдолд хэнд хандаж гомдол гаргах эрхтэйг зааж өгөөгүй.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
1/ Үйл баримтын тухай. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Баянгол дүүрэг дэх нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төвөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Х.С, Б.Д нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ******* байр, ******* тоот орон сууцыг Б.Бэс худалдан авсан талаарх нотариатаар батлуулсан гэрээ болон холбогдох бусад материалыг ирүүлсэн. Иргэдээс ирүүлсэн материалыг шалгаж үзэхэд нотариатаар баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн бөгөөд тухайн бүртгэлийг хянан үзэхэд 180-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.О энэ байрны эзэн Б.Бд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх тогтоол 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үйлдэж өгсөн, программ дээр хориггүй, ногоорч харагдаж байсан. Гэтэл байрны гэрчилгээ Б.Бэс Б.Дд шилжсэний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар энэ байр нь давхар хоригтой байсан нь хожим илэрсэн. Үүний дагуу манай байгууллагын дотоод хяналтаас дүгнэлт гарган энэ байрны өмчлөгчийн шилжих хөдөлгөөн дээр хориг тавьсан.
Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар "Бүртгэл түдгэлзүүлэх тухай", 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтээр тус тус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны бүртгэл хийлгэх явцад иргэн Б.Б, Б.Д нар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй, худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр давхар хоригтой байхад нэг шийдвэр гүйцэтгэгч нь хоригийг чөлөөлөх тогтоол үйлддэггүй ба Б.Б, Б.Д гэх хүмүүс нь хуурамч бичиг баримт үйлдэн, зориуд зохиомол байдлыг бий болгон улсын бүртгэлийн албыг хууран мэхэлж шүүхээс захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байрыг бусдад дамжуулан шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй тухайд. Нэхэмжлэгч зүгээс "Хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийж, гэрчилгээг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Харамсалтай нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага бодит байдалд биелэгдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлдөө шилжүүлж бүртгэхийг даалгуулахаар маргаж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 00 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн , гэрчилгээний 0005*******49 дугаартай 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр эрхийн улсын бүртгэл нь түдгэлзсэн.
Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/Ш32019/******* дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захирах зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөрдөн байцаах газрын 2020 оны дүгээр албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 652 дугаар прокурорын зөвшөөрлөөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай тэмдэглэл хийж захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна. Харин зөвхөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны дугаар албан бичиг 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын “Хөрөнгийг сэргээх тухай” тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 0 дугаар бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээсэн байсан. Товчхондоо нэхэмжлэгчийн бүртгэл хийлгэхээр маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/Ш32019/******* дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захирах зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Мөрдөн байцаах газрын 2020 оны дүгээр албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 652 дугаар прокурорын зөвшөөрлөөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай тэмдэглэл хийж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн учир өөрчлөлт оруулах буюу нэхэмжлэлийн шаардлагын дагуу бүртгэх боломжгүй юм.
3/ Бусад хууль зөрчсөн нөхцөл байдлын тухай. Нэхэмжлэгчээс "зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ... орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан" гэж тайлбарласан. Гэтэл энэхүү барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ." гэж заасны дагуу бүртгүүлээгүй бөгөөд хуулийн шаардлага хангаагүй байна.
Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 0147 дугаартай иргэн Б.Бэс иргэн Х.Сд олгосон итгэмжлэл ажлын цаг дууссаны дараа хийгдсэн буюу 20 цаг 47 минутад хийгдсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дагуу бүртгэл нь түдгэлзсэн байхад Нийслэлийн тойргийн нотариатч Б.О хууль зөрчиж итгэмжлэл олгосныг анхаарч үзэх шаардлагатай байна. Зүй нь нотариатч Б.О бүртгэл нь түдгэлзсэн үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлэх итгэмжлэл үйлдэхгүй байх үүрэгтэй буюу Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Нотариатч дараах үүрэг хүлээнэ; мөн зүйлийн 21.2.9-д "нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авхуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх" үүргээ биелүүлээгүй буюу мөн л хууль зөрчжээ. Цаашилбал, иргэн Б.Б өмнө нь иргэн М.А гэх иргэнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бүртгүүлэхээр хандаж байсан, гэрчилгээ үрэгдүүлсэн шалтгаанаар дахин авах хүсэлт, мэдүүлэг гаргаж байсан зэргээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзэгдсэн бүртгэлийг хууль бусаар өөрчлөх оролдлого хэд хэдэн удаа гаргаж байжээ. Дээрхээс үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоот орон сууцыг иргэн Б.Б бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгүүлэх үйлдэл гаргаж байсан, Б.Б, Б.Д нар бүртгэлийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж байгаа бүртгэлийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бодит байдалд гүйцэтгэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч “…Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг хариуцагчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хариу болон хавсаргасан баримт бичигт ирүүлснээр харсан гээд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн улсын байцаагчийн дугаартай "Бүртгэл хүчингүй болгох" тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан эсэх баримт байхгүй, захиргааны акт нь дотогш чиглэсэн байх бөгөөд захиргааны байгууллага өөрийн алдааг залруулсан шинжтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно." гэж заасан бөгөөд хяналтын улсын байцаагч Т.З нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 20 дугаар зүйлийн 20.1.10. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийх журмын 2.1.8-д заасныг зөрчсөн болохыг тус тус тогтоож, доод шатны бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгосон. Мөн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагад "хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах" гэж хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хамтатган гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1- д зааснаар "хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага, мөн "илт хууль бус болохыг тогтоолгох" нь өөр нэг нэхэмжлэлийн шаардлага бөгөөд нэхэмжлэгч ямар эрх зүйн үндэслэлээр шүүхээс тогтоолгох эсхүл хүчингүй болгуулах буюу хуулийн 106.3.1-106.3.14-т заасан шийдвэрээс алийг нь гаргуулахыг хүсэж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнийг тодруулах нь зүйтэй.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч н.Мөээс хяналтын байцаагчаар ажиллаж байсан Э.Зт гаргасан тэр хүсэлт байсан. Тухайн хүсэлт нь би ажлын ачааллаас болоод бүртгэл түдгэлзүүлчихсэн байхад нь эд хөрөнгийн бүртгэл, бүртгэлийн хөрөнгө шилжүүлсэн бүртгэл хийчихсэн байна. Тиймээс хяналт шалгалт хийж өгч тухайн бүртгэлийг түдгэлзүүлж хүчингүй болгож өгөөч гэх хүсэлт ирүүлсэн байсан. Уг хүсэлттэй холбоотойгоор хяналтын улсын байцаагч Э.З нь тухайн бүртгэлтэй холбоотойгоор хяналт шалгалтын ажиллагаа хийсэн. Хяналт шалгалтын ажиллагаа хийх явцад Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчөөд бүртгэгдсэн мөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас тухайн бүртгэлийг түдгэлзүүлээд цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн ийм асуудал байдаг.
Хяналт шалгалтын явцад улсын бүртгэгч н.Мө нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 дэх заалт 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, эд хөрөнгийн эрхийн бусын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөтлөх журмын 2.1.8-д тус тус заасныг зөрчиж иргэн Б.Дгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай худалдан худалдан авах гэрээний мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн байна. Иргэн Б.Д, Б.Б нар нь хяналт шалгалтын ажиллагаагаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг зөрчиж Улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн. Мөн иргэн Б.Б хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг залилан мэхэлсэн байдал тогтоогдсон учраас хяналт шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлээд тухайн эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт хяналт шалгалтын ажиллагаа хийх явцад 4 түдгэлзүүлсэн бүртгэлтэй байхад улсын бүртгэгч нь үүнийг үл хайхран өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэл хийсэн эсэх, энэ нь улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг шалгаж, гэмт хэргийн шинжтэй асуудал байвал манай зүгээс шийдвэрлэж тогтоох боломжгүй.
Бүх эрх түдгэлзүүлсэн албан бичгүүд нь он сарын дарааллаараа орчихсон байдаг. Сүүлийн түдгэлзүүлсэн битүүмж сэргэлээ гэхэд өмнөх битүүмж цуцлагдахгүй хэвээр битүүмжтэй хэвээр харагдана. Битүүмж болгоныг битүүмжилсэн эрх бүхий байгууллагын битүүмжийг цуцалсан шийдвэрээр цуцлах боломжтой. Түдгэлзүүлсэн төлөвтэй байхад сэргээсэн төлөвтэй харагдахгүй. Гэтэл үүнийг сэргэсэн төлөвтэй байсан гэдэг хуульд нийцсэн хариулт биш ямар ч бүртгэгчид түдгэлзүүлсэн төлөв харагдана.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б344 дугаартай тушаалаар улсын бүртгэгч Б.Мөт сахилгын шийтгэл ногдуулсан.
Улсын бүртгэгч Б.Мөийн бүртгэлийг Э.З байцаагч шалгаж байх үед ижил агуулгатай нэг өргөдөл надад орж ирсэн учраас хамтарч шалгасан. Хяналт шалгалтын хүрээнд ББСБ-ын зээлийн гэрээн дээр дарагдсан тэмдэг нь манай улсын бүртгэлд бүртгэгдээгүй, 2022 оны зээлийн гэрээн дээр 2020 онд Нийслэлийн улсын бүртгэлийн газарт хураагдсан улсын бүртгэгчийн тэмдгийг ашиглаж уг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан ийм асуудал тогтоогдоод акт үйлдэж холбогдох нотлох баримтыг хурааж авсан.” гэжээ.
3.5. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Б миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.Дтэй зээлийн гэрээ хийж өөрийн нэр дээрх “Э” хотхоны 32Б байр ******* тоотыг барьцаанд тавьж 100,000,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Тухайн зээлийн дүнг төлж чадаагүйн улмаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 70,000,000 төгрөг аван байраа зарсан нь үнэн болно. Уг бүх процесс ажиллагаа хуулийн дагуу явсан гэж итгэж байгаа. Тухайн байр 2019 оны 10 дугаар сард иргэний шүүхийн иргэн н.Б гэх хүний нэхэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байгаа бөгөөд 2022 онд тухайн тухайн нэхэмжлэлийн төлбөрийг төлснөөр шийдвэр гүйцэтгэх, иргэний шүүхийн битүүмж арилсан гэж бодсон учраас зарсан болно. Тухайн үед Э-Монголиагаас улсын бүртгэлийн дугаараар тухайн байрыг шалгахад битүүмжилсэн үйл ажиллагаа байхгүй гэсэн тул улсын бүртгэгч тухайн байрыг хууль ёсны дагуу шилжүүлж бүртгэсэн гэж итгэж байна. Битүүмжлэлийн хувьд цагдаагийн байгууллагаас эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрүүд байгаа. Тэдгээрийг надад танилцуулж байгаагүй. н.Бын хэрэг дээр ийм асуудлууд байна. Үүнийг төлбөл эрх чинь сэргэнэ гэж дүүргийн байцаагч хэлсэн. н.Боос хойш тухайн байраа би худалдан борлуулах гэж үзсэн. Гэтэл уг бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. Тухайн үед байцаагчтай очоод уулзахад н.Бын 15,000,000 төгрөгийн төлбөр байна. Үүнийг төлснөөр эрх сэргэнэ гэсэн тайлбарыг өгөөд хэсэг хугацааны дараа н.Бын хохирлыг төлсөн түүний дагуу эрх сэргэсэн гэж ойлгож байсан. Иймд тухайн байрны жинхэнэ эзэмшигч, худалдан авагч болох Б.Дгийн нэр дээр тухайн байрыг шилжүүлж өгнө үү.” гэжээ.
3.6. Гэрчээр хяналтын улсын байцаагч Т.З мэдүүлэхдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2012-2023 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд улсын бүртгэгч, хяналтын улсын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагчаар тус тус ажилласан. 2022 оны 3, 5 дугаар сарууд буюу маргаанд хамаарах улсын байцаагчийн дүгнэлт гаргах үед Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн тасагт хяналтын улсын байцаагчаар тодорхой хугацаанд сэлгэн ажиллаж байсан.
2022 оны 3 дугаар сард эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Мөээс өөрийн зөрчлийг илрүүлэн мэдэгдэж, “эрх түдгэлзүүлсэн тусгай тэмдэгт хийгдсэн бүртгэл байхад өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэсэн байна. Энэ бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан. Үүний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Б.Д болон өмчлөх эрх шилжүүлсэн Б.Бтэй утсаар холбогдсон. Б.Бтэй эхэлж холбогдоод “хууль хяналтын байгууллагаас шилжилт хөдөлгөөний эрх түдгэлзүүлсэн байхад улсын бүртгэгч хууль зөрчиж өмчлөх эрх шилжүүлснийг бүртгэсэн байна. Үүнтэй холбоотойгоор таны тайлбар мэдүүлгийг авах шаардлагатай байна” гэхэд Б.Б хувьд “түдгэлзүүлсэн бүртгэл нь сэргэсэн байгаа. Сэргэсэн талаарх баримтаа авч очно” гэсэн тайлбарыг хэлж байсан. Өмнө нь улсын бүртгэлийн байгууллагад үүнтэй холбоотой зөрчлүүд гарч байсан. Тус бүртгэлийг цааш гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн бүртгэх эрсдэлтэй байдаг учраас хяналтын улсын байцаагч нараас бүртгэлийг түдгэлзүүлж байгаад хяналт шалгалт хийсэн. Энэ талаар Б.Д, Б.Б нарт мэдэгдсэн. Сонсох ажиллагааг биечилж хийсэн. Б.Б хувьд “баримтаа аваад ирнэ” гээд ирээгүй. Б.Дгийн хувьд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр биечлэн ирж сонсох ажиллагаанд орсон. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт эхнэрийн хамт ирж сонсох ажиллагаанд оролцсон. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс миний сэлгэн ажиллах хугацаа дуусаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт буцаан томилогдсон. Хэлтсийн даргадаа “надад ийм өргөдөл гомдол шалгах шатанд байгаа яах вэ” гэхэд “чи хүлээн авсан учраас цааш үргэлжлүүлэн хяналт шалгалтаа хийх шаардлагатай” гэсэн үүргийг өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хоёр дахь сонсох ажиллагааг хийсэн. Ингэхэд Б.Д эхнэртэйгээ ирсэн бөгөөд “эхнэр нь Б.Бд мөнгө зээлүүлсэн бөгөөд зээлүүлсэн мөнгөнийхөө төлбөрт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах худалдаан авах гэрээ хийж улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэх тайлбарыг сонсох ажиллагааны явцад мэдүүлдэг. Б.Д сонсох ажиллагаанд ирж оролцохдоо манай эхнэр н.С гэж танилцуулж байсан. Энэ талаар ямар нэг тайлбар мэдүүлэг аваагүй.
Б.Б мэдээллийг цахим сангаас үзэхэд өмнө нь улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ шилжүүлэхээр өөр этгээдтэй Худалдах худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлж байсан. Үүнийг нь тухайн үед улсын бүртгэлийн байгууллагаас татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэдгийг Б.Б мэдэж байсан атлаа дахин өөр этгээдтэй Худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үүнийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх байдлаар түдгэлзүүлж хяналт шалгалтын ажлыг хийдэг.
Хяналт шалгалтын хүрээнд маш олон зүйлүүд тогтоогдсон байдаг. Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн үйл баримтаас гадна гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй маш олон нөхцөл байдлууд тогтоогдсон. Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журамд заасан үүргийн хүрээнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад нь шилжүүлэх үүрэгтэй. Нэг талаасаа мэдүүлэгч бусдыг залилан мэхэлсэн. Нөгөө талаасаа тухайн бүртгэлийн үйл ажиллагаанд улсын бүртгэлийн байгууллагын албан хаагч хууль бусаар оролцсон байж болзошгүй гэсэн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлууд байсан учраас энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актын хугацааг тодорхой үйл явдлаар тодорхойлж болно гэсэн зохицуулалттай. Үүний дагуу цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлснээр уг захиргааны актын үйлчлэл дуусахаар заасан. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн санагдаж байна, би уг асуудалд нэг удаа мэдүүлэг өгөхөөр дуудагдаж байсан. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаарх тодорхой мэдээлэл байхгүй байна. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байсан санагдаж байна. Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн нөхцөл байдлыг арилгах чиг үүрэгтэй. Үүний хүрээнд тухайн хяналт шалгалтыг хийсэн.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх сэргээж байгаа тохиолдолд эрх сэргээсэн талаарх баримтаа Улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ. Улсын бүртгэлийн байгууллагын холбогдох албан тушаалтан мэдээллийг тусгай тэмдэглэгээгээр системд бүртгэдэг.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд дараах үйл баримт тогтоогдлоо.
1. Маргаанд хамаарах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц эрхийн улсын бүртгэлд дугаараар энэ хэргийн гуравдагч этгээд Б.Б өмчлөлд 2017 онд бүртгэгдсэн, уг эрхийн улсын бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын дараах шийдвэр бүртгэлтэй,
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар Э.Хын нэхэмжлэлтэй “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,846,418.5 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, Б.Б, Б ХХК-ийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, уг захирамж болон түүний дагуух Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тоот дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захирах зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,
1.2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 652 дугаар зөвшөөрлөөр Б.Б нь Б ХХК-иар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж нэр бүхий 43 иргэнийг залилан мэхэлж 2,849,274,108.45 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн дугаартай хэрэгт дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах”-ыг зөвшөөрч, Мөрдөн байцаах албаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай тэмдэглэл хийж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,
1.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны ******* дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захирах зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,
2. Харин эрх түдгэлзүүлсэн эдгээр эрх бүхий хууль хяналтын байгууллагын шийдвэрээс Ч.Бын нэхэмжлэлтэй Б.Бэс 15,099,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар эрх түдгэлзсэн бүртгэлийг сэргээсэн.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр Ч.Бын нэхэмжлэлийг хангаж Б.Бэс 15,099,950 төгрөг гаргуулан Ч.Бод олгохоор” шийдвэрлэж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 269 дүгээр гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаар “төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх” тогтоолоор “Б.Б өмчлөлийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж”, мөн өдрийн тоот албан бичгээр “... шүүхийн дугаартай шийдвэрийн дагуу дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн”-ийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болсноор, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж”, мөн өдрийн тоот албан бичгээр дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх”-ийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ
3. Түүнчлэн эрх түдгэлзүүлсэн дээрх маргаанууд мөн шийдвэрлэгдэж дууссан, эрх түдгэлзүүлсэн шийдвэр хэвээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Тодруулбал,
3.1. Э.Хын нэхэмжлэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 997 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Б.Б, Б ХХК-иас *******,380,407 төгрөг гаргуулан Э.Хт олгохоор” шийдвэрлэж[2], 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор “уг орон сууцны захиран зарцуулах эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түдгэлзүүлж”, 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот албан бичгээр “эрх түдгэлзүүлснийг” дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн,
3.2. Б.Бд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 994 дүгээр магадлалаар шийдвэрлэхдээ[3] дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, худалдан борлуулж эрүүгийн хэргийн хохирлыг нөхөн төлүүлэхээр тооцсон, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд албадан дуудлага худалдаа явагджээ[4].
4. Гэтэл ийнхүү эрх түдгэлзүүлсэн дээрх шийдвэрүүд хэвээр, хэргүүд шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхад маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, гуравдагч этгээд Б.Бэс нэхэмжлэгч Б.Дтэй 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр уг орон сууцыг Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна.
5. Уг бүртгэлийг хийсэн улсын бүртгэгч мэдээлэл, хүсэлт гаргаснаар[5] улсын байцаагч бүртгэлд хяналт шалгалт хийж, маргаан бүхий дүгнэлтүүд гарчээ. Тодруулбал,
5.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.З улсын бүртгэлд хяналт шалгалт хийх хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 974 дугаар дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Дгийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлж,
5.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.З, Ц.О нар хяналт шалгалтын дүнгээр 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Б.Дгийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байдаг.
Хоёр. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж дараах үндэслэлээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлтэй холбоотой маргааны тухайд бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх хүрээнд харьяалан шийдвэрлэх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагаар улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хууль бусаар зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
2. Улсын бүртгэгч нь Б.Бэс Б.Дгийн өмчлөлд шилжүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хийхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” үүргээ биелүүлээгүй, Б.Бэс Б.Дд өмчлөх эрх шилжүүлэхээр мэдүүлсэн эрх нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар “30.1.3 тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан, 30.1.4 шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хязгаарлалт тавьсан” тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байхад эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлгийг буцаагаагүй, өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд хөдөлгөөн хийх”-ийг хориглосон заалтыг зөрчжээ.
3. Улсын байцаагч нь бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хугацаанд бүртгэлийг түдгэлзүүлсэн нь, улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасан “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7.1-д заасан “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан “улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимд нийцжээ.
4. Хэдийгээр итгэмжлэлээр гүйцэтгүүлсэн ч өмчлөгч Б.Б нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан болохыг мэдэж байсан, мэдэх ёстой байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх” үүргээс чөлөөлөгдөхгүй.
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр иргэний хэргийн шүүхийн 2021 оны дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг мэдэгдэхдээ “үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг” тодруулахад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр “тусгай тэмдэглэл хийгдсэн” байгааг[6] тодорхойлсон байх тул “мэдүүлэг гаргах үед эрх хязгаарласан төлөвт байгаагүй” гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч Б.Д "зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ...орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан" гэж тайлбарлах ч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ." гэж заасны дагуу Б.Д, Б.Б нарын хооронд байгуулсан гэх зээлийн барьцааны гэрээ эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” эрх үүсэхгүй.
7. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийж тухайн бүртгэлд эрх бүхий байгууллагуудаас хийгдсэн эрх хязгаарласан, битүүмжилсэн, түдгэлзүүлсэн шийдвэрүүд цуцлагдсан эсэх, захиран зарцуулах эрх сэргээсэн эсэх лавлагааг авч[7] шийдвэрийн үндэслэл болгосон нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
8. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч шийдвэр гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, сонсох, оролцоог нь хангах, шийдвэрийг мэдэгдэх, гомдол гаргах эрхээр хангах Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзлээ.
Тухайлбал улсын бүртгэлд хяналт шалгалт хийх явцад өөр эрх зүйн үр дагавар үүсэхээс сэргийлэх зорилгоор аливаа шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, бүртгэлийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дугаартай дүгнэлтийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргахын өмнө 3 дугаар сарын 22-ны өдөр сонсох ажиллагааг хийхээр Б.Д, Б.Б нарт утсаар мэдэгдсэн, Б.Д “төрийн албан хаагч төрөөс цалин авч ажиллаж байгаагийн хувьд хянаж шалгаж байж бүртгэх ёстой, ... байрыг 170, 180 сая төгрөгөөр худалдаж авсан, гэрчилгээ гарсан учраас би 180 сая төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, ямар нэг байдлаар бүртгэл буцах, өөрчлөх асуудлыг огт хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна, улсын бүртгэгч нь цаад хүнтэйгээ учраа олоод асуудлаа шийдвэрлэнэ биз” хэмээн, Б.Б “2019 оны 10 дугаар сард Х гэх хүний маргаанаар түдгэлзүүлсэн. Дээрх маргаан нь манай компанитай холбоотой маргаан ... өмнө нь барьцаалбар бүртгүүлэхээр нотариат ороход эрх сэргэсэн байсан, мөн е-mongolia-аас лавлагаа авахад хамгийн сүүлд эрх сэргээсэн гэсэн мэдээлэлтэй байсан учраас эрх сэргээсэн гэж бодсон” гэх тайлбар өгснийг улсын байцаагч тэмдэглэл үйлдсэн[8] байна.
Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Б, Б.Д нарт уг дүгнэлтийг, хяналт шалгалт хийгдэж буйг 2022 оны 2 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн[9] нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасанд нийцжээ.
Хариуцагч захиргааны байгууллага “бүртгэлийг хүчингүй болгох” үндэслэлд өмчлөгч, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан буюу уг шийдвэрийн улмаас эрх нь хөндөгдөх этгээдээр Б.Б, Б.Д нарыг тодорхойлж, тэдгээрийг оролцуулахаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр утсаар[10] өгсөн, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн сонсох, тайлбар авах ажиллагаанд Б.Д, орон сууцыг Б.Дгийн өмчлөлд шилжүүлэх 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг Б.Бэс олгосон итгэмжлэлээр төлөөлөн гүйцэтгэсэн Х.С нар биечлэн оролцож[11] тайлбар өгсөн байдаг.
Улмаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэснийг Б.Б, Б.Д нарт утсаар мэдэгдсэн байна.
9. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/344 дүгээр тушаалаар улсын бүртгэгч Б.Мөт “улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны дугаар дүгнэлтээр тогтоогдсон” үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан[12] болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч Б.Д нь өмчлөх эрх шилжүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлээс үүдэлтэй хохирлоо улсын бүртгэлийн байгууллагаас, иргэний эрх зүйн худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй хохирлоо гэрээний нөгөө талаас нэхэмжлэх эрхтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4 дэх заалтыг баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн , 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлд Б.Дг өмчлөгчөөр сэргээн бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА