Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч  Г түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг,

хохирогч Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г холбогдох эрүүгийн 1705016820312 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .......оны ......дугаар сарын .....-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ...............дүүргийн ..... дугаар хороо ............тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ... байр ... тоотд түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г/СГ............/

 

Шүүгдэгч Г нь 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын ...дугаар гудамжны ... тоот хашааны орчим иргэн Э нүүрлүү цохилоо гэж маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: “Бөмбөгөр худалдааны төвийн орчим Бороо, Отгоо нартай хамт явж байгаад Энхболд ахтай тааралдсан. Тэгээд гэрт нь ууж байтал гаръя гээд хашааны гадна гараад намайг хүзүүдэж байгаа унагаагаад цохиод байхаар нь босоод өшиглөсөн. Энэ үйл явдал богино хугацаанд болж өнгөрсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э мэдүүлэхдээ: “Би пиво уусан явж байгаад Галмандахтай тааралдаад гэртээ хамт очоод дахиж пиво ууж байгаад Г-г дагуулж гадагшаа гарсан. Би юу болсон талаар сайн санахгүй байна. Нилээн согтсон байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хамар мурийлттай, хамгийн хямдхандаа 850.000 төгрөгөөр янзална гэж хэлсэн. Тэгээд Галмандахтай ярилцахад надаас уучлалт гуйсан. Би толгойн зураг авхуулсан тархи доргисон байсан нь гайгүй болсон. Толгойн зураг авахуулсан төлбөрийг Галмандах төлсөн. Гэмтэл авснаас 6 сарын дараа хамар янзална гэж байсан. Одоо шөнө унтахад хамар битүүрээд байгаа. Галмандах надад 400.000 төгрөг өгсөн. 450.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 05-нд өгнө гэж тохиролцсон” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч  Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Г хохирогч Э-г зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э-ийн“Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 5-85 тоотод гэртээ хүмүүсийг биллъярьд цагаар тоглуулж мөнгө авдаг ба сүүлдээ тоглодог хүмүүстэйгээ найзууд болоод хүмүүс бараг үнэгүй тоглодог болчихсон юмаа. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой манайд биллъярьд очиж тоглодог Галмандах гэж залуу хоёр найзтайгаа Бөмбөгөр дээр явж байгаад надтай таарсан. Тэгээд бид дөрөв манай гэрт очиж биллъярьд тоглож ганц нэг пиво уухаар болоод манай гэр лүү бид дөрөв гурван том савтай пиво аваад ирсэн.

... Тэгээд бид нар пиво ууж байгаад би гэрээсээ Галмандахтай хамт гарч байснаа  санаж байна. Нэг сэргэсэн чинь гэртээ сэрсэн. Тэгээд юу болсон талаар гэрийнхнээсээ асуутал чамайг ийм болтол чинь зодчихсон байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаад өргөдөл гаргасан. ... Галмандах намайг зодсон гэж манай охин Өлзиймаа надад хэлсэн. Мөн намайг зодож гэмтээснийхээ дараа Галмандах надад эмчилгээний зардалд нийт 130.000 төгрөг өгсөн. Өөрөөр намайг зодсон хүн байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Өлзиймаагийн “... Сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би Баянгол дүүргийн 16 дугаар хороонд өөрийн ээж Чулуунцэцэг, хойд эцэг Энхболд нарын гэрт байж байтал гаднаас 20 цагийн орчимд Энхболд аав миний зүс таних байнга аавынд ирж биллъярьд тоглодог Бороо, Отгоо, Мандах гэсэн гурван залуутай орж ирээд биллъярьд тоглоод пиво ууцгааж байсан ба бүгд нилээн согтчихсон байсан. Тэгээд аав жорлонд орж шээлээ гээд гэрээс гарах гэтэл Галмандах гэж залуу нь аавтай хамт гарч бие засна гээд тэр хоёр гэрээс гарсан. ... Тэгээд хашааны гадна гараад хартал хашааны урд талд аав газар хэвтчихсэн байсан ба би яваад очтол аав ухаан алдаад ухаангүй байсан. Тэгээд би түргэн дуудаад байж байтал Галмандах хашааны булангаас согтуу гуйвчихсан гарч ирсэн ба хоёр гар нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм гэхэд би аавыг чинь нэг л удаа өшиглөсөн гээд байхаар нь би цагдаа дуудаад Г-г өгөөд явуулсан.

... Яг харсан хүн байгаагүй. Галмандах өөрөө надад би нэг л удаа өшиглөсөн гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №9391 дугаартай:

“1. Э-ийнбиед баруун гайморын хөндийн урд ба ар ханын хугарал, баруун гайморын хөндий дэх цус хуралдалт, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ба доод ханын зөрөөтэй хугарал, хамар яс, таславчийн  хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх баруун гайморын хөндийн урд ба ар ханын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Гын яллагдагчаар өгсөн “... Тэгээд бид дөрөв тоглож байтал Энхболд ах Галаа хоёулаа гарч шээе гэж хэлэхээр нь би за тэгье гээд хамт гарсан. Тэгээд Энхболд ах бид хоёр гадаа гартал Энхболд ах хоёулаа хашаанаас гаръя гэхээр нь за гээд дагаад гарсан. Тэгтэл Энхболд ах баруун гараараа миний мөрийг түшээд явж байснаа чи муу ер нь юу гээд байгаа юм бэ гээд миний нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ та гэтэл намайг дарж унагаагаад дээрээс гараараа мөн нүүр лүү цохисон. Би болиоч гэж хэлтэл болихгүй байсан ба би арай гэж Энхболд ахын доороос нь босч ирээд нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Би Энхболд ахын нүүрлүү нь өшиглөх үедээ буузан хэлбэрийн ботинктой байсан. ... Би Энхболдыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Отгонбаатарын “... Тэгээд 23-00 цагийн үед байхаа цагийг нь нарийн санахгүй байна. Ямарч байсан нилээн орой болчихсон байсан ба тэр үед Энхболд ах Г-г гарч шээе гээд аваад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нээх их удалгүй Г-ийн нүүр цус болчихсон явъя гээд ороод ирсэн. Тэгэхээр нь Бороо бид хоёр юу болсон юм гэж асуутал Энхболд ахын охин нь аав хэвтэж байна гээд орилоод ороод ирсэн. Тэгээд бид нар сандраад гүйгээд гартал Энхболд ах хашааны гадна хамарнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаа ирээд Бороо бид хоёр Энхболд ахыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ... Гэрээс Энхболд Галмандах нар хоёулахнаа гарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Г нь Э-г зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Э“бид хоёр 850.000 төгрөгөөр тохиролцсон, 400.000 төгрөгийг өгсөн, одоо 450.000 төгрөгийг 2 дугаар сарын 05-нд өгнө” гэсэн гэж мэдүүлжээ.

Хохирогч Э-дучирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй ба харин шүүгдэгч Г хохирогчид 400.000 төгрөг төлсөн, уг мөнгийг хохирогч хүлээж авсан гэсэн тул хохирлоос сайн дураараа төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

 

Хохирогч Энь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүх шүүгдэгч Гад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                       

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Хардал бэйс овогт Баяраагийн Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Г гэмт хэргийн улмаас Э-дучруулсан хохирол, хор уршигийн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Энь цаашид гарах хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.