Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00060

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00060

 

 

Т.Мөнхтунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2020/00044/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 215 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Т.Мөнхтунгалагийн нэхэмжлэлтэй С.Ганболдод холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Т.Мөнхтунгалаг анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь С.Ганболдтой 1998 онд танилцан үерхэж байгаад 1999 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2004 оны 04 дүгээр сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. ...Би цаашид хоёр хүүхдийнхээ хамт амьдрах болно. ...Бидний дундын хөрөнгө болох 10 сая төгрөгийн үнэ бүхий нэг машины граш, мөн гэр доторх хөрөнгө хөргөгч, зурагт хоёр ширхэг, ханы стинк, угаалгын машин болон бусад зүйлээ 10 сая төгрөгөөр үнэлж байна. Манайх Спиртийн 3 дугаар байранд байдаг. Одоогийн ханшаар буюу хамгийн багаар үнэлэхэд 60,000,000 төгрөг, граш 10,000,000 төгрөг, эд хөрөнгө 6 сая төгрөг бүгд 76,000,000 төгрөгнөөс хүү, охин бид гуравт оногдох хувийг хуульд заасны дагуу С.Ганболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ганболд анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Би 45,000,000 төгрөгийг төлье гэсэн байр суурь дээрээ л байгаа. Хамгийн гол нь баримттай гээд байгаа учир нь дахиад дараад нь эргээд эд хөрөнгийн маргаан үүсгэхгүй гэсэн шийдвэр гагуулах хүсэлтэй байна. Охины хувьд тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Данс нээлгээд тогтоосон тэтгэлгийг төлөхөд бэлэн байна. Хамтран амьдрагч байгаа гэж ярьж байна л даа. Тэрийг бол би үгүйсгэхгүй. Яг одоо бол эвлэрэхэд оройтоогүй байна гэдгийг Т.Мөнхтунгалагаас хүсэх байна. Одоо бид хоёрын сайн сайхан амьдрах нь ч яах вэ. Гол нь хүүхдүүдээ л бодож байна. Хүүхдүүдийн ирээдүй харамсалтай санагдаж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 215 дугаартай шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дзүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Саандарын Ганболд, Боржигон овогт Төмөрбаатарын Мөнхтунгалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ганболд овогтой Нандин-Эрдэнийг төрсөн эх Т.Мөнхтунгалагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин Г.Нандин-Эрдэнийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, төрсөн эцэг С.Ганболдоос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хариуцагч С.Ганболдод хуулиар хүлээсэн эцгийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 8, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч болон хүүхдүүдэд оногдох хэсэг болох / хөрөнгө/ 45,000,000 төгрөгийг хариуцагч С.Ганболдоос гаргаж нэхэмжлэгч Т.Мөнхтунгалагт олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн бүгд 513150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжинд 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...215 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Мөнхтунгалаг миний бие нь С.Ганболдоос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эд хөрөнгийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул эд хөрөнгийг асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020-04-29-ны өдрийн 215 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Учир нь нэхэмжлэгчээс эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Зохигчдын хооронд эд хөрөнгийн талаар тохиролцоогүй 45.000.000 төгрөг гэдгийг хариуцагч өөрөө гаргаж түүнийг нь шүүх шууд нэхэмжлэгч зөвшөөрсөн мэтээр шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Мөнхтунгалаг нь хариуцагч С.Ганболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Үүнд:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Мөнхтунгалаг нь шүүхэд гаргасан шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн шаардлагадаа төлөх тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авсан атлаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон тэмдэгтийн хураамж төлөх эсэхийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан,

2. 2020 оны 03 сарын 29-ний өдөр дундын өмч болох орон сууц, автомашины граш, автомашины үнийг тогтоолгох, дундын хадгаламж нь аль банкинд байгаа зэргийг мэдэхгүй тул эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох, С.Ганболдоос дундын хадгаламж аль банкинд байгааг тодруулж өгөх тухай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх тухай хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй,

3. Нэхэмжлэгч нь нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасаар байхад түүнийг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр 2020 оны 04 сарын 23-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар тухай захирамж гаргасан.

4. Нэхэмжлэгчийн 2020 оны 03 сарын 29-ний өдөр гаргасан хөрөнгөд үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 04 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, хэргийн оролцогчийн хүсэлтийг нэн даруй шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй зэрэг хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийн ноцтой зөрчсөн байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.Ганболд нь дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэхэмжлэгчид 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг өгөхөөр тохиролцсон гэсэн агуулга бүхий тайлбар ирүүлсэн байх ба тухайн тайлбарт нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хэрхэн тусгасан талаар ямар нэгэн тэмдэглэл үйлдэгдээгүй, нэхэмжлэгч тайлбарт гарын үсэг зураагүй байхад шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийхгүйгээр шууд гэрлэгчид нь эд хөрөнгийн асуудал дээрээ эвлэрэн хэлэлцсэн гэж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухайгаа тохиролцож болохоор заасан хэдий ч гэрлэгчдийн энэхүү тохиролцоо нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх ёстой. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн эд хөрөнгийн талаар тохиролцсон гэсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Жич: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ. гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг 2020 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч хариуцагчид 2020 оны 06 сарын 03-ны өдөр танилцуулсан атлаа даруй 2 сарын дараа буюу 2020 оны 07 сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчин иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн алдаа гаргасан байх ба цаашид энэхүү алдааг давтан гаргахгүй байхыг анхааруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 215 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН