| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00012/И |
| Дугаар | 308/шш2025/00044 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 308/шш2025/00044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Дэлгэрэх сум *-р баг Б гэх газар оршин суух Б овогт Ш Ш нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Шнь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Залуу хүч нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байгаад мөн шилжин ажилласан билээ. Энэ хугацааны баримт бичиг хөдөлмөрийн дэвтэр тушаал шийдвэр, санхүүгийн баримт Дэлгэрэх сумын контор шатахад шатсан, үрэгдсэн тул ажилласан жил тогтоолгох боломжгүй байгаа юм. Иймд Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн дэлгэрэх сумын 3 баг, Залуу хүч нэгдэл 1987 оны 1 сараас 1991 оны 1 сар хүртэл малчнаар ажилласан. Аав ээжийн хамт малладаг байсан. Дараа нь хувьчлал гараад хувиараа мал малладаг болсон. Тэтгэвэрт гарахад 3 жил дутаад байгаа учраас шүүхэд хандсан. гэв.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/256 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 471 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 082/07 дугаартай тодорхойлолт, гэрч Х.Х тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Д тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Х Л.Д нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ш нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Дорноговь аймгийн дэлгэрэх сумын 3 баг, Залуу хүч нэгдэл 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Хүний нөөцийн баримт бичиг шатаж үрэгдсэн тул улсад ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. гэжээ.
3.Нэхэмжлэгч Ш.Ш нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 97 дугаартай Тус багийн иргэн Ш овогтой Ш нь 1986-1991 онд Дэлгэрэх сумын багт малчин байсан болно. гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.Гэрч Х.Х нь 2025 оны 1 сарын 8-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1980 оноос 1992 он хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ш.Ш нь 1987 оноос 1991 он хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлийн 3-р бригадад мал маллаж байсан. Бага мал маллаж байсан. Аав, ээжийн хамт мал малладаг байсан. Нэгдэл нь 1992 онд тарсан. Нэгдэл тарахад хувьдаа бог мал авч байсан. Хэдэн тооны мал авсныг нь бол санахгүй байна. гэж, гэрч Л.Д нь 2025 оны 1 сарын 8-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1984 оноос 1991 он хүртэл Дэлгэрэх сумын орлогч даргаар ажиллаж байсан. Ш.Ш нь 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлийн 3-р бригадад мал маллаж байсан. Бага мал маллаж байсан. Аав, ээжийн хамт мал малладаг байсан. Нэгдэл нь 1991 онд компани болсон. Нэгдэл тарахад хувьдаа бог мал авч байсан. Хэдэн тооны мал авсныг нь санахгүй байна. Одоо ч гэснэ мал маллаж байгаа. гэж нэхэмжлэгч Ш.Ш хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.
5.Нэхэмжлэгч Ш.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сумын архив шатсаны улмаар өөрийн бичиг баримт үрэгдсэн гэж тайлбарлаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2024 оны 10 сарын 24-ны өдрийн 01/256 дугаартай Тус сумын Засаг даргын тамгын газарт 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гал түймэр гарсны улмаас иргэн ЕГ****** регистрийн дугаартай Ш овогтой Ш бичиг баримтууд нь архивын баримтуудтай цуг шатаж үрэгдсэн нь үнэн болохыг тодорхойлов. гэх албан бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 сарын 5-ны өдрийн 471 дугаартай Тус архивд хадгалагдаж буй Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлийн удирдлагын баримтаас 1986-1991 оны Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, албан хэрэгцээний даргын тушаал зэргээс шүүж үзэхэд Ш Ш холбогдох баримт гараагүй байна. Хувийн хэргийн холбогдолтой цалингийн баримт даргын тушаал архивд байхгүй болно. гэх архивын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Иймд Ш.Ш Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Ш Ш Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА