| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00239/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндулам, шүүгдэгч Ж.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Жодовын Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 1721001090068 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1978 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 6 сарын 22-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж 2006 оны 7 сарын 07-ны өдөр суллагдсан, ЖВ78092311 регистрийн дугаартай, Хатгин овогт Жодовын Түмэнжаргал.
Шүүгдэгч Ж.Түмэнжаргал нь 2017 оны 8 сарын 09-ний өдрийн орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Засмал даваа” гэх газарт Маяти маркийн 79-14 ДОА улсын дугаартай авто машиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.а-д заасан замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, 2.3.а-д заасан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно, 21.8.а-д заасан тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Отгонбаярын биед хөнгөн гэмтэл, С.Эрдэнэбулганы биед хүндэвтэр гэмтэл, Б.Ганбат, Ж.Хонгорзул нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 сарын 09-ний өдрийн орой дүү чинь нас барлаа гэсэн мэдэгдлийг авсан. Би тэр өдөр рашаан сувилалд явах гээд бүх юм аа бэлдсэн байснаа болиод буяны ажилд нь оролцсон. Тухайн үед бид нар мөнгө төгрөг байхгүй байсан болохоор ээжийн тэтгэврийн зээлийг авч бололцоогоороо ажил явдлыг нь хийсэн. Анх бол хэний ч хүүхэд алдаа хийж болно заавал ял оногдуулах гээд яахав гэж бодоод 3500000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл энэ хугацаанд бид нартай холбоо ч бариагүй. Тэрэнд нь ээж маань их гомдолтой байгаа. Түмэнжаргал ажил явдалд нь гээд бярууны мах өгсөн. Өнөөдөр шүүх хуралдаан болоход 860000 төгрөг өгч байна. Миний нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 860000 төгрөг болон өмнө өгсөн 200000 төгрөг, нийт 1060000 төгрөгийг хасаад нийт 6038910 төгрөг үлдсэн байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна гэв.
Хохирогчийн төлөөлөгч Ж.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 сарын 09-ний өдрийн орой 22 цагийн орчимд манай дүү Дуламчимэг над руу залгаад Хонгорзул ах хүмүүстэй машинтай явж байгаад онхолдож нас барсан байна, та ирэх шаардлагатай байна гэхээр нь би тэр шөнөдөө машин олоод 8 сарын 10-ны өглөө Баян-Уул суманд очсон. Тэгээд хүмүүсээс сонсоход Түмэнжаргал, Ганбат /талийгаач/, Отгонбаяр, Эрдэнэбулган гэх хүмүүсийн хамтаар модонд яваад буцаж явахдаа онхолдсон гэж байсан. ...Түмэнжаргалын хувьд өөрийн буруугаа ойлгож гэмшсэн сэтгэлээ бидэнд илэрхийлснээс гадна өөрийнхөө бололцоогоороо 50 ширхэг палк, 60 ширхэг мод өгсөн. Ж.Түмэнжаргалын хувьд талийгаач ахын маань багын найз байсан, тиймээс бидний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 44/
Хохирогч С.Эрдэнэбулган мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 сарын 08-ны өдрийн орой Ганбат бид хоёр Түмэнжаргалын гэрт хоночихоод 8 сарын 09-ний өглөө Түмэнжаргалд модонд яваад ирэх хэрэг байна, ойр зуурын мөнгөний хэрэг болоод байна, чиний машинтай явчих уу? гэхэд Түмэнжаргал зөвшөөрсөн. ...Тэгээд бид хэд сумын төвөөс хойш Үйсэн даваагаар даваад цааш яваад 55 ширхэг мод бэлдээд Түмэнжаргалын машинд ачаад 16 цагийн орчимд буцаад сум руугаа явсан. ...Тэгээд даваанаас доош нилээд уруудаад явж байхад Түмэнжаргал хэлэхдээ араандаа орохгүй байна, тоормос гишгэгдэхгүй байна гэж хэлсэн бөгөөд замын эргэлттэй хэсэг дээр бүрэн дарж амжилгүй замын хажуу руу унасан. ...Бид нар бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 24-ний өдрийн 78 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач Ж.Хонгорзулын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бага тархины урд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн уушигны урагдал, зүүн 2, 3, 4 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт, аарцаг, зүүн шуу, богтос, атгаал яс, өвчүүний хугарал, дагз, дух, баруун мөр, хэвлий, нуруу, баруун сарвуу, зүүн шуу, баруун зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун чихний ар хэсгийн язарсан шарх, зулайн хуйх, зүүн өвдөг шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу 2017.08.09-ний өдрийн авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар тогтоогдсон зүүн уушигны урагдал, цээжний хөндийн цус хуралт, 3.1.3-д зааснаар бага тархины урд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар зүүн 2, 3, 4 хавирганы хугарал, аарцаг, зүүн шуу, богтос, атгаал яс, өвчүүний хугарал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар дагз, дух, баруун мөр, хэвлий, нуруу, баруун сарвуу, зүүн шуу, баруун зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун чихний ар хэсгийн язарсан шарх, зулайн хуйх, зүүн өвдөг шилбэний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь бага тархины урд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн уушигны урагдал, зүүн 2, 3, 4 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт, аарцаг, зүүн шуу, богтос, атгаал яс, өвчүүний хугарал гэмтлийн улмаас нас баржээ.” /хх-ийн 71-74/ гэжээ.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 24-ний өдрийн 77 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач Б.Ганбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун талын олон хавирганы хугарал, баруун уушигны урагдал, цээжний хөндийн цус хуралт, зулай, дагзны хуйхны цус хуралт, доод эрүүний салсан хугарал, баруун хөмсөг, баруун хацар, дагз, баруун чихний дэлбээний язарсан шарх, цээж, бүсэлхий нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу 2017.08.09-ний өдрийн авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар тогтоогдсон зүүн уушигны урагдал, цээжний хөндийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар баруун талын олон хавирганы хугарал, доод эрүүний салсан хугарал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар зулай, дагзны хуйхны цус хуралт, баруун хөмсөг, баруун хацар, дагз, баруун чихний дэлбээний язарсан шарх, цээж, бүсэлхий нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт, нурууны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь цээжний битүү гэмтэл, баруун талын олон хавирганы хугарал, баруун уушигны урагдал, цээжний хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ.” /хх-ийн 90-92/ гэжээ.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 9 сарын 04-ний өдрийн 32 тоот дүгнэлтэд: “1.Хэрэг бүртгэлтийн 172100109 тоот ослын материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Ж.Түмэнжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2.а-д “Замын хөдөлгөөний тухай Олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.3.а-д “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно”, 21.8.а-д “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн жолооч Ж.Түмэнжаргал нь тоормосны систем ажиллагаагүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж дүгнэлтийг тогтоов. 3.Жолооч Ж.Түмэнжаргал нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн нэгдсэн санд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 4. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд, гэрч болон жолооч Ж.Түмэнжаргалын мэдүүлэг, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Соёл-Эрдэнийн Маяти маркийн 79-14ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн жолооч Ж.Түмэнжаргалын жолоодож явсан Маяти маркийн 79-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бус гэж үзэв” гэжээ. /хх-ийн 103/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 611 тоот дүгнэлтэд: “1. Б.Отгонбаярын биед хуйхны няцарсан шарх, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь тус бүртээ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “/хх-ийн 119/ гэжээ.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 585 тоот дүгнэлтэд: “1. С.Эрдэнэбулганы биед зүүн гарын шуу ясны хугарал, зүүн тохой, зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүдийн зүүн гарын шуу ясны хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн тохой, зүүн шууны шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна “/хх-ийн 130/ гэжээ.
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/,
-Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 15-16/
-Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон Маяти маркийн 79-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 18/
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/
-Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70, 86-88/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 23-ны өдрийн 85, 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 584 тоот дүгнэлтүүд /хх-ийн 106, 141/
-Хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндуламын хохирол нэхэмжилсэн талаарх баримтууд / задгай 32 хуудас баримт/
-Шүүгдэгч Ж.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 146-147/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ж.Түмэнжаргал нь 2017 оны 8 сарын 09-ний өдрийн орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Засмал даваа” гэх газарт “Маяти” маркийн 79-14 ДОА улсын дугаартай авто машиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.а-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.3.а-д заасан “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно”, 21.8.а-д заасан “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Отгонбаярын биед хөнгөн, хохирогч С.Эрдэнэбулганы биед хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Б.Ганбат, Ж.Хонгорзул нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ”...Засмал даваанаас уруудаад явж байтал гэнэт миний машины араа ажиллахгүй байсан бөгөөд тормос гишгэхэд нэг удаа тормос бариад дахиж барихаа больчихсон. Тэгэхээр нь би хамт явж байсан хүмүүстээ машин маань араа, тоормосгүй болчихлоо гэж хэлэхэд Хонгорзул ах /талийгаач/ зүгээр, тайван замаа л хараад яваарай гэж хэлж байсан. Тэгээд эргэлттэй хэсэг таарахаар нь өөдөөс машин гарч ирэх вий гэж айгаад баруун гар талаа бариад явж байгаад эргэлтэн дээр дарж амжилгүй баруун гар тал руугаа /ертөнцийн зүгээр баруун зүгт/ унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндулам, Ж.Түмэндэмбэрэл, хохирогч С.Эрдэнэбулган, гэрч Б.Отгонбаяр нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 24-ний өдрийн 77, 78, 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 585, 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 611, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 9 сарын 04-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нь шүүгдэгч Ж.Түмэнжаргалд 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна. Хэдийгээр шүүгдэгч Ж.Түмэнжаргал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргээс үзэхэд түүнд 2 жилийн хорих ял оногдуулах боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналын хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Түмэнжаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүнд хөнгөн, 1 хүнд хүндэвтэр хохирол учруулсан, 2 хүний амь насыг хохирсоон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч Ж.Түмэнжаргалын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүнд хөнгөн, 1 хүнд хүндэвтэр хохирол учруулсан, 2 хүний амь насыг хохирсоон гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндулам нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 7098910 төгрөг гарсан үүнээс шүүгдэгчийн зүгээс 1060000 төгрөг өгснийг хасаад үлдсэн 6038910 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл хэрэгт цугларсан хохирогчийн төлөөлөгчийн нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн 25 ширхэг баримтыг нэг бүрчлэн бодож тооцож үзэхэд 7098910 төгрөг биш 6368410 төгрөг болж байх тул энэ мөнгийг талийгаачийг оршуулахтай холбогдсон зардал гэж тооцох нь зүйтэй байх бөгөөд зөрүү 730500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн төлөөлөгч нь шүүгдэгчийн зүгээс 1060000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч байх тул хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгийг хасаж, үлдсэн 5308410 /таван сая гурван зуун найман мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндуламд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндуламд төлөх төлбөртэй тул шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 3000000 сая төгрөгийн үнэ бүхий “Маяти” маркийн 79-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NZ2077561 серийн дугаартай 1 ширхэг 10000 төгрөгийг зэргийг хурааж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэвэл зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс “Маяти” маркийн 79-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NZ2077561 серийн дугаартай 1 ширхэг 10000 төгрөгийг тус тус битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн, 2017 оны 10 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ78092311 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлвэл зохино.
Шүүгдэгч Ж.Түмэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Эрдэнэбулган, хохирогчийн төлөөлөгч Ж.Түмэндэмбэрэл нарт төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Жодовын Түмэнжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүнд хөнгөн, нэг хүнд хүндэвтэр хохирол учруулсан, 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч Жодовын Түмэнжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргалд оногдуулсан 4/дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Түмэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Эрдэнэбулган, хохирогчийн төлөөлөгч Ж.Түмэндэмбэрэл нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ж.Түмэнжаргалаас оршуулгын зардалд 5308410 /таван сая гурван зуун найман мянга дөрвөн зуун арав/ төгрөг гаргуулан хохирогчийн төлөөлөгч Б.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 730500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 3000000 сая төгрөгийн үнэ бүхий “Маяти” маркийн 79-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NZ2077561 серийн дугаартай 1 ширхэг 10000 төгрөгийг зэргийг хурааж, хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс “Маяти” маркийн 79-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, NZ2077561 серийн дугаартай 1 ширхэг 10000 төгрөгийг тус тус битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн, 2017 оны 10 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн ЖВ78092311 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Түмэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР