Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/547

 

                                                              Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогч А.О, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Чинбат,  

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/374 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.А нарын өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Б.О-д холбогдох 2203 00727 0062 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5  дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н О, ...................., ял шийтгэлгүй, /РД: .............../;

Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Чин” хүнсний дэлгүүрийн орчим 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 51 минутын үед “Тоёота Приус” загварын ..... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”; 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Тээврийн прокурорын газраас: Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

    Хохирогч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.А нарын өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.А нарын өмнөөс тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний бие хавтаст хэрэгтэй танилцахад шүүх хэргийн бодит байдлыг бүрэн бодитой тогтоож чадаагүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, нотлох баримтыг бүрэн хавсаргаж өгөөгүй, яллагдагч, шүүгдэгч Б.О-н “Мираж” төвд архи ууж байгаа болон 00-оос маш их согтолттойгоор гуйвж дайван бусдаар түшүүлэн гарч ирж байгаа бичлэг, тухайн газраас гарахдаа мөн согтуу байдалтай зогсоолд байсан тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож гарахдаа бусдыг мөргөх шахсан үйлдэл, мөн хохирогч А.О-г мөргөсний дараах бичлэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бүгдийг бүрэн өгсөөр байхад хэрэгт хавсаргаагүй байна. Харин эсрэгээр зөвхөн хэрэг гарах үеийн камерийн бичлэгийг хэсэгчлэн тасалж хавсаргасан байна. Шүүгдэгч Б.О нь хохирогч А.О-г Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Чин” хүнсний дэлгүүрийн орчим ажлын байран дээрээ ажил үүрэг гүйцэтгэж байх үед нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 51 минутын үед согтуугаар мөргөж унаган, хөл дээгүүр нь дайрч гарсны дараа шууд хэргийн газраас зугтааж явсан нь камерийн бичлэгт үлдсэн байна. Энэ талаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар хэлсээр байхад энэхүү мэдүүлэг мэдүүлгийн эх сурвалжийг бодитой харсан мэдсэн шалгасан боловч энэ талаарх баримтуудыг хэрэгт хавсаргаагүй байгаа нь шүүгдэгч Б.О-д ашигтай шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хохирогч А.О-н бие махбодид учирсан гэмтэл одоо ч бүрэн эдгэж илааршаагүй, хэвтрийн дэглэмд байгаа бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор олгогдоогүй, энэ талаарх баримт гаргаж өгсөн ч бүрэн гүйцэд хохиролд оруулан тооцож шийдвэрлээгүй, хохирогч нь эмнэлэг, сувилалд хэвтэж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эмнэлгийн ор хоногийн зардлуудыг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай үед гэм хорыг арилгах зорилгоор урьдчилан гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байхад уг асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулж хохирогч А.О нь хохирсон дээрээ нэмж хохирох, сэтгэл санааны хүнд байдалтай, өндөр настай хүн тул энэхүү шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болсон ослын улмаас авсан гэмтлээс шалтгаалж биед нь өөр бусад хүндрэл учрах эрсдэлтэй болсон байна. Иймд хохирогч А.О-н биед учирсан гэмтлийг бүрэн илааршуулахад шаардагдах мөнгө, төлбөрийг хуульд зааснаар урьдчилан гаргуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Хохирогч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны зардлыг нэхэмжилж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчоос гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулахад бэлэн байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч нь анхан шатны шүүхэд 1.826.286 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс миний үйлчлүүлэгч 350.000 төгрөгийг илүү төлж барагдуулсан. Хэдийгээр 1.826.286 төгрөгийн баримтууд дунд зарим үнэлэх боломжгүй нотлох баримт байсан хэдий ч миний үйлчлүүлэгчийн зүгээс нэхэмжилсэн хохирлыг илүү төлсөн. Хохирогчийн өмгөөлөгчөөс 174.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Илүү төлөлтөөс суутгалаа гэхэд 176.000 төгрөгийн илүү төлөлттэй үлдэнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А анхан шатны шүүх хуралдааны үеэр 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримт байгаагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогчоос гаргаж өгсөн баримтуудыг нэг бүрчлэн судалж, хохирлын тооцоог гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 174.000 төгрөгийн баримтыг шинээр гаргаж өгч, мөн ажилгүй байсан хугацааны зардлаа нэхэмжилж байна. Хохирогч 500.000 төгрөгийн цалинтай харуулын ажил эрхэлдэг байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Хохирогч талаас цалин, орлого олдог байсан талаарх дансны хуулгыг гаргаж өгч байх тул ажилгүй байсан хугацааны зардлыг шүүгдэгчээс гаргуулж нь зүйтэй. Харин 800.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэнэ гэж байгаа боловч нотлох баримтгүй байх тул баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Чин” хүнсний дэлгүүрийн орчим 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 51 минутын үед “Тоёота Приус” загварын ... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”; 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.О-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.О-н “...2022 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Чин” ХХК-ийн байранд буюу өөрийн ажлын байранд ээлжийн ажилд гарч байсан. 00:20 цагийн орчим ажлынхаа урд талын туслах зам буюу “Мираж” төвийн хойд талын зам машин орж гарах хаалганы орчим байх явган хүний зам дээр зогсож байхад “Мираж” төвөөс ирж байсан цагаан өнгийн “Приус-20” загварын авто машины жолооч өөрийн талын урд талаараа миний биеийн зүүн гар, зүүн хөл орчим руу мөргөөд газар унагасан. Босох гэтэл тус автомашин арын дугуйгаараа миний зүүн хөлөн дээгүүр гарчихаад яваад өгсөн. ...” /хх 13-14/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-н “... Өглөө ээж залгаад аавыг шөнө машинд мөргүүлсэн талаар хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очтол аавын даралт ихэссэн, зүрхний хэм алдагдсан, зүүн талын хөл нь шилбэ хэсгээрээ ташраараа хугарсан хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд хэвтэн эмчлүүлж байгаа 5 хоногийн дараа хагалгаанд орсон. Шилбэний бяцралт нь нэлээн үйрмэг ихтэй байсан учир эвлүүлсэн гэсэн. Бүдүүн шилбийг нь хадаад, нарийн шилбийг хадах боломжгүй гэж хэлсэн. ...” /хх 60/,

гэрч О.А-б-ны “... “Чин” ХХК-ийн харуулын байранд очиход аав надад машины зогсоол дээр хэсэг залуус машин тавих гэхээр нь “энд тавьж болохгүй” гээд машинаас буусан согтуу хүмүүсийг машинд нь суулгаж өгөөд тэр машин хөдлөхдөө анзааралгүй миний хөл дээгүүр гараад хөл эвгүй болсон байна гэхээр нь ГССҮТ дээр очиж үзүүлэхэд зүүн хөл шилбээрээ 1 хугараад зөрсөн байсан тул эмнэлэгт хэвтүүлсэн. ...” /хх 16/,

гэрч Ч.Т-н “... “Мираж” ресторанд найз Бямбадоржийн хамт 19 цаг өнгөрч байхад ороод архи уусан. Над руу Б.О залгаад “ярих юм байна” гэхээр нь “Мираж-д байна” гэж хэлсэн. Удалгүй Б.О ирсэн. ... Бид хоёр дээр ирээд Б.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... А.О-н биед баруун тахилзуур, шаант ясны зөрөөтэй хугарал, баруун тохойнд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022.11.05-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. ... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн 15242 дугаартай дүгнэлт /хх 32-33/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “... “Приус 20” мэт загварын нэг авто машин “Мираж” төвийн автомашин гарах хаалгаар гарах үед машины урд эрэгтэй, өндөр настай мэт нэг хүн алхаж байсныг автомашины буруу талын урд хэсгээр мөргөж газар унагааж байгаа мэт үйлдэл гаргаж байгааг ...автомашины буруу талын ар талын машины дугуй хэсгээр дээгүүр нь гарч байгаа мэт хөдөлгөөн хийж байгааг харуулав. ...тэмдэглэлд тусгагдсан эрэгтэй мэт хүн алхаж явж чадахгүй байгаа мэт хөдөлгөөн гаргаж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл /хх 37-44/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээчийн “... Уг тээврийн хэрэгсэл нь гэрэлтүүлэх хэрэгслээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. ... Уг тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байгаа нь дээрх зам тээврийн осол хэрэгт ямар байдлаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй. Дээрх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахаас өмнө ашиглалтын үед үүссэн гэмтэл...” гэх 999628 дугаартай дүгнэлт /хх 70-75/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “... “Тоёота Приус” маркын .... УАВ улсын дугаартай автомашины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө...”, 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”; 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл тогтоогдож байна. Явган зорчигч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэсэн 86 дугаартай магадлагаа /хх 78-79/,

зам тээврийн осол, хэсгийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг /хх 7-8, 63-67/, хохирогч А.О-н өвчний түүхийн хуулбар /хх 90-99/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.О-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан байна.

Хохирогч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.А нарын өмгөөлөгч С.Чинзоригоос “... хохирогч А.О-н ажилгүй байсан хугацааны цалин болон ослын улмаас учирсан гэмтлийг бүрэн эмчлүүлэхэд шаардагдах төлбөрийг хуульд зааснаар урьдчилан гаргуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.826.826 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.О нь шүүхийн шатанд 1.800.000 төгрөг /хх 186-187/, мөн даатгалаас нөхөн төлбөрт 359.831 төгрөг /хх 188/ буюу нийт 2.159.831 төлсөн байна.

Харин хохирогч А.О нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хохирогчоос нэмж 285.066 төгрөгийн баримт ирүүлсэн боловч шүүгдэгч Б.О-н хувьд нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр хохирлыг бүрэн төлсөн гэж үзэхээр байна.

Үүнээс гадна, анхан шатны шүүх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 

    Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/374 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.А нарын өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР