| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0450/З |
| Дугаар | 128/ШШ2024/0760 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0760
2024 09 30 128/ШШ2024/0760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.О******* нар,
Маргааны төрөл: татварын нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч маргасан хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр нөхөн ногдуулалтын актаар Н ХХК-д 2,804,437,295.87 төгрөгийн зөрчилд 204,493,006.13 төгрөгийн нөхөн татвар, 93,181,531.48 төгрөгийн торгууль, 43,061,877.74 төгрөгийн алданги, нийт 340,736,415.35 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
2.2. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор зөрчилд холбогдох 340,736,415.35 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******, Ц.Б******* нар Н******* ХХК-ийн 2018-2021 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр нөхөн ногдуулалтын 2,804,437,295.87 төгрөгийн зөрчил илрүүлж 204,493,006.13 төгрөгийн нөхөн татвар, 93,181,531.48 төгрөгийн торгууль, 43,061,877.74 төгрөгийн алданги, нийт 340,736,415.35 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Дээрх гомдлын Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.18-д Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө, 47.19-т Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй, 81 дүгээр зүйлийн 81.1-д Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй, 81.1.3-т татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын акттай холбогдсон гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд, 81.1.4-т Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбогдсон гомдлыг шүүхэд гэж тус тус заажээ. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэг. Нөхөн ногдуулалтын актад 2021 онд 975,356,727.30 төгрөгийн урьдчилж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй зөрчилд 35,166,584.23 төгрөгийн нөхөн татвар, 14,066,522.69 төгрөгийн торгууль, 5,617,861.83 төгрөгийн алданги, нийт 54, 851,079.75 төгрөг, дээрх дүнг нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнаагүй, татвар ногдуулаагүй гэж 97,535,672.73 төгрөгийн нөхөн татвар, 39,014,269.09 төгрөгийн торгууль 15,581,323.72 төгрөгийн алданги, нийт 152, 131,265.54 төгрөгийн төлбөр, нийт 206,982,345.29 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх зөрчилтэй холбоотой тайлбар: Манай компани нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн М и ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд захиалагчаас батлагдсан ажлын зургийн дагуу тухайн ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй, бүрэн барьж байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой бараа нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын ажил болон үүнтэй холбоотой аливаа ажил үйлчилгээ, дотор гадна тохижилт зэрэг бүхий л ажлуудыг тус гэрээнд гэрээний үнэ 1,177,037,406 төгрөг /гэрээний хавсралтад заасны дагуу санхүүжилтийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлийн актыг үндэслэн нэхэмжлэх хүлээн авснаас хойш 3 хоногт төлбөрийг шилжүүлнэ. Гэрээний гүйцэтгэх хугацаа 45 хоног/ гэж заасан боловч тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж, эцсийн тооцоо хийгдсэнээр тухайн гэрээний ажил дуусгавар болно. Тухайн гэрээт ажлын хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хийгдсэн бөгөөд "СТОУС- 15"-д Худалдан авагчдадаа амласан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өсөх эсвэл үзүүлэхдээ тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ оронд авах эрхтэй гэж үзэж буй төлбөрийг илэрхийлэхүйц орлогыг аж ахуй нэгж хүлээн зөвшөөрнө гэсэн үндсэн за*******тай. Аж ахуйн нэгж нь амласан бараа, үйлчилгээгээ /өөрөөр хэлбэл хөрөнгөө/ худалдан авагчид нийлүүлснээр гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн тохиолдолд /буюу биелүүлснээр/ тухайн аж ахуй нэгж нь орлогыг хүлээн зөвшөөрнө. Худалдан авагч нь тухайн хөрөнгийн хяналтыг олж авсан тохиолдолд /буюу олж авснаар/ хөрөнгийг нийлүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу тухайн гэрээт ажил нь бүрэн хэрэгжээгүй буюу захиалагч хүлээн аваагүй тул 2021 онд орж ирсэн 975,356,727.30 төгрөгийн гүйлгээ орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн.
Тухайн гэрээт ажлын хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хийгдсэн бөгөөд "СТОУС-15"-д орлого хүлээн зөвшөөрөлтийн таван үе шаттай. Талуудын хооронд байгуулсан гэрээг тодорхойлох, гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийг тодорхойлох, ажил гүйлгээний үнийн гүйцэтгэлийн үүргүүдийг тодорхойлох, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн үедээ орлого хүлээн зөвшөөрнө гэсэн үндсэн 5 алхам буюу зарчмыг хэрэгжүүлдэг. Н******* ХХК нь дээрх стандартын дагуу орлогыг урьдчилж орсон орлого хэсэгт бүртгэн тайлагнасан байсан.
Гэтэл татварын улсын байцаагчид урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 957,356,727.30 төгрөгийн орлогыг тайлант оны орлогоор бүртгээгүй зөрчилд хариуцлага ногдуулахдаа Н******* ХХК нь М и ХХК-иас Хаан банк дахь 5003416341 дугаартай дансаар 2021 онд 9 удаагийн гүйлгээгээр 1,036,633,731 төгрөгийн орлого орж ирснийг зөрчилд тооцсон, татварын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад зөрчлийн зөвхөн дансны хуулгаар тавьсан, харин нөхөн ногдуулалтын актыг гарсны дараа зөрчил нотлох баримтыг эрх бүхий байгууллагад хандан нөхөн бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 01 дүгээр тогтоолд татварын улсын байцаагчид нотлох баримтаар Маргаан таслах зөвлөлд дансны хуулга, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин нэмэлт тайлбарын хамт гэрээ ирүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот бичгээр Хотын стандарт, хяналтын газарт хандсаны дагуу 2022 оны БА-1******* дугаар дүгнэлтийн хуулбар, Үндэсний төв архивын газраас "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, түүнтэй холбоотой баримтуудыг ирүүлснийг дурдах нь зүйтэй... гэснээс үзэхэд нөхөн ногдуулалтын актыг гарсны дараа зөрчлийн нотлох баримтыг эрх бүхий байгууллагад хандан нөхөн бүрдүүлсэн нь нотлогдоно.
Мөн дээрх нотлох баримтуудаас үзэхэд Үндэсний төв архивын газраас "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, түүнтэй холбоотой баримтуудыг авсан байх бөгөөд дээрх комиссын дүгнэлтэд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч дүгнэлт гаргасан нь нотлогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 "Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана", 41.2 "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ", 41.4 "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж зааснаас үзэхэд татварын улсын байцаагчид татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг нотлох үүрэг нь байна. Гэтэл татварын улсын байцаагчид зөвхөн ганц дансны хуулгаар акт төлбөр тогтоож, мөн нөхөн ногдуулалтын актыг гаргасны дараа зөрчил нотлох баримтыг нөхөн бүрдүүлж байгаа нь хуульд үл нийцсэн байна.
Хоёр. Нөхөн ногдуулалтын актыг гаргах үед татвар төлөгчид хүндэтгэн үзэх шалтгаанаас үүдэлтэй холбогдох бусад нотлох баримт ирүүлэх боломжгүй байсан талаар: Н******* ХХК-ийн захирал Ж.Д миний бие 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаа хагалгаа мэс засалд орж хагалгааны дараа оёдол задрах, цус алдалт үүсэж олон хоногоор хэвтрийн дэглэм сахиж байсан. Үүнийг тухайн үед татварын байцаагч нарт утсаар хэлж сүүлд нотлох баримтыг хүргүүлсэн. Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын хяналт шалгалтын үед санхүүгийн баримт, холбогдох гэрээ бусад шаардсан материалыг гаргаж өгөх боломжгүй, мөн хяналт шалгалтын явцад биеэр очих боломжгүй байв. Мөн дээрх хугацаанд манайд нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Агийн нөхөр нас барсан, ар гэрийн нөхцөл, сэтгэл санаа тогтворгүй байдлаас шалтгаалан хяналт шалгалтын явцад татварын байцаагчийн дуудсан хугацаанд очиж материал гаргаж өгөх боломжгүй байсан. Үүний улмаас татварын байцаагч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг акт гаргах сүүлийн өдөр гэж тайлбарлан актаа гаргасан.
Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн эдлэх эрхийг заасны дотор 12 дугаар зүйлийн 12.1.5-д "эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах гэж, 41 дүгээр зүйлийн 41.12-т "Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна, 41.12.1 эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах гэж,
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 3 дугаар зүйлийн 16-д "Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга дараах тохиолдолд хяналт шалгалт хийх томилолтын хугацааг сунгаж, нотлох баримтыг хавсаргана", 3.16.3-т "Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн" гэсний дагуу томилолтыг сунгаж татвар төлөгчийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй байна.
Гэтэл Маргаан таслах зөвлөлд ирүүлсэн нотлох баримтууд дунд татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийх томилолтыг үзэхэд 2018-2021 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх 2522802393 дугаар томилолтыг анх 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр татварын улсын байцаагч Б.О*******, Ж.Н нарт олгож, томилолтыг татварын улсын байцаагчийн ажиллагаа ихтэй шалтгаанаар ажлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 ажлын өдрөөр, 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр ажлын 22 өдрөөр тус тус ажиллагаа ихтэй шалтгаанаар, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хяналт шалгалт хийх байцаагчаар Б.О*******, Ц.Б******* нарыг томилж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлын 9 өдрөөр дахин ажиллагаа ихтэй гэж сунгажээ.
Мөн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд "Н*******" ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан бөгөөд татвар төлөгчийн зүгээс хойшлуулах хүсэлт нэг ч гаргаагүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хянаж шалгах нэрээр татварын улсын байцаагчид давуу байдал бий болгон нэмэлт нотлох баримт бүрдүүлэн ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон гэх зөрчлүүд нь бодитой гарсан гэдэг нь эргэлзээтэй, татварын байцаагч нар холбогдох хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг дутуу хийсэн, татварын хяналт шалгалтын явцад зайлшгүй цуглуулах ёстой байсан баримтууд авагдаагүй гэх үндэслэлүүд тогтоогдож байна.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, тухайн зөрчлийг тогтоох, нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан оролцоог хангах за*******, Татварын ерөнхий хуульд заасан шударга байх зарчмуудыг зөрчсөн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа шалтгаан нь захиргааны акт зөрчлийг бодитоор тогтоосон байх ёстой. Мөн татварын улсын байцаагч нь Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дараа нотлох баримтаа нэмж цуглуулсан гэж үзэж байгаа. Шийдвэрүүд нь бодитой биш байсан гэдгийг Маргаан таслах зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харсан. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрт 2022 оны 02 дугаар сард акт тавьсан байсан. Манай барилгын өргөтгөл барьсан 2023 оны 10 дугаар сарын 17-нд нотлох баримтаа акт гарсны дараа материалаа бүрдүүлсэн байсан. 2022 оны 12 дугаар сарын 17-нд тодорхойлолт гаргасан. Барилгын ажлын гэрээ дүгнэсэн акт нь татварын нөхөн ногдуулалтын акт гарснаас жилийн дараа гарсан. 2022 оны 02 дугаар сард акт гарсан байхад 08 дугаар сард барилгыг улсын комисст өгөөд, дуусаагүй ажлаар 2022 онд ашиглалтад оруулж барилгын гүйцэтгэсэн ажил дуусаагүй байхад татварын акт гаргасан. Маргаан таслах зөвлөлийн хурлын тэмдэглэлийн н.Б, н.А, н.Б гэдэг дарга нар хурал дээр хэлсэн байсан бүрэн шалгаагүй байна, худлаа шалгасан байна гэж хэлсэн байсан. Урьдчилж олсон орлогыг баталгаажуулаагүй байна гэж н.А гэдэг хүний хурлын шүүмж нь орлогын гүйлгээг шалгахын тулд орлого зарлагыг шалгах ёстой гэтэл энэ шалгалт явагдаагүй. Ганцхан дансны хуулгаар шалгах ёсгүй гэж олон хүмүүс хэлсэн. Маргаан таслах зөвлөлийн Хурлын тэмдэглэлийн төгсгөлийг харахад 50/50 хувиар санал тэнцлээ гээд олонхын саналаар шийдвэрлэлээ гэсэн ба тэнцүү хүмүүст олонхын санал байхгүй гэж бодож байна. Шалгалгүй шууд акт тавьсан нь хурлын шийдвэр гаргасны дараа хурлаа хийе гэдэгтэй адил эхлээд шалгасны дараа акт гаргах ёстой. Акт гаргаснаас хойш барилгын ажил дундаа явж байхад ажил бүрэн дууссанаар бүрэн барагдуулалтын орлого болсон байна гэхээр нь гайхаад танайхан шалгасан уу? гэхэд шалгаагүй гэсэн. Танай ажил дууссан уу? гэхэд барилгын ажил дуусаагүй гэсэн. Акт тавихдаа хяналт шалгалт хийгээгүй нь харагдаж байна. Миний ганц гомдоллож байгаа зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний ажил дуусаагүй байхад урьдчилж олсон орлогын дүнгээр ажил бүрэн дууссан гэдгээр үндэслэж акт тавьсан.
Татварын хяналт шалгалт хийгдэж байгааг мэдэж байсан. Бүх материалаа өг гээд гэрээ бусад материалаа өгсөн. Материалаа дутуу өгсөн нь үнэн. Шалгалт хийхдээ баримтуудад дутуу шалгалт хийсэн. Би хууль дүрэм мэдэхгүй гэхэд нягтлан н.А гэдэг хүн бүх зүйл асуудалгүй явж байгаа гэсэн. Та нар юу ч хийгээгүй байна гэж маргаан таслах зөвлөлийн хүмүүс байцаагч нарыг загнаж байсан. Би мэргэжлийн татварын хүн биш. Мэргэжлийн татварын хүмүүс Татварын маргаан таслах комиссын хуралд орж байсан. Тэд нар татвар төлөгчийн орлогыг гүйцэтгэлээр нь авах ёстой яагаад бүхэл дүнгээр нь авсан бэ? Материал гаргаж өгөх хугацаанд татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна, татварын улсын байцаагч хяналт шалгалтын хугацааг сунгах, материал ирүүлэх хугацааг хойшлуулах эрх байсан байна. Дүрмийн дагуу бүрэн дүүрэн шалгалт хийгээгүй байна гэж ихэнх мэргэжлийн хүмүүс хэлсэн.
М ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээгээ 2021 оны 07 дугаар сард байгуулсан. Барилгаа 2021 оны 08-09 дүгээр сард барилгаа эхлээд өвөл болоод зогссон, барилгыг 2023 онд дууссан. 2021 оны эцэст барилгын ажил нь 50,60 хувьтай баригдсан. 975,000,000 төгрөг урьдчилгаа, гүйцэтгэл орсон дүн. 2022 оны 05 сард барилга эхлүүлэх зөвшөөрөл гарсан. 2022 оны 05 дугаар сард барилгаа үргэлжлүүлж эхэлсэн болохоор 2022 оны 05 дугаар сараас хойш гэрээгээ дахиж хийе гэж М ХХК өөрсдөө санал гаргасан. Гэрээг дахиж хийсэн нь хуурамч биш. Архивт 2022 оны гэрээг өгсөн байна. 975,000,000 төгрөг 2021 онд дансаар орж ирсэн учраас урьдчилж орсон орлогоор тайлагнасан. 2022 онд үлдэгдэл гүйцэтгэлээр тайлагнасан, 2023 онд үлдсэн гүйцэтгэлээ тайлагнасан. Энэ барилгын ажил гүйцэтгэсний орлого тайлагнал давхардахгүй. гэв.
3.3. Хариуцагч нар хариу тайлбартаа: Татварын улсын байцаагчийн тоот актад бичигдсэн 340,736,415.35 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрсөн Н******* ХХК-ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Тус компанийн Маргаан таслах зөвлөлд өгсөн гомдолд дурдагдсан М-Э******* ХХК-тай хийсэн гэрээ нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх, 12.1.Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө: 12.1.2. ажлыг гүйцэтгэлийн хувиар; 12.1.3. үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар; гэж заасныг, мөн 2021 онд дансаар орж ирсэн орлогыг хүлээн зөвшөөрнө. Худалдан авагч нь тухайн хөрөнгийн хяналтыг олж авсан тохиолдолд (буюу олж авснаар) хөрөнгийг нийлүүлсэн гэж үзнэ гэсэн нь акт тавих үндэслэлтэй байна.
Тухайн компани шийдвэр гаргах сүүлийн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн бичиг хэрэгт захирал Ж.Д нь өвчтэй байгаа тухай албан бичиг өгснийг бичиг хэргийн ажилтан хуваарилж шилжүүлснээр 2023 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авсан. Иймд Татварын ерөнхий хуулийн 6.1.41.а. эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; 6.1.41.б эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41а-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан; гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй байсан.
Энэ хяналт шалгалтын томилолт нь Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн тус ХХК-тай иргэн Р.Д /РД:/-ийн захиалгаар 2020 онд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис үйлчилгээний 1407 м.кв 1,700,000,000.00 төгрөгийн өртөгтэй барилгыг улсын коммист хүлээлгэн өгсөн мэдээлэл байсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбоотой гэрээ, баримт бичиг шаардахад иргэнтэй хийсэн 176,000,000.00 төгрөгийн гэрээ авчирсан. Энэ гэрээ нь баримт материал болон гэрээний шаардлага хангахгүй байна гэж удаа дараа нэмэлт баримт материал шаардахад ирүүлээгүй. Барилга хот байгуулалтын яамны мэдээлэл, Баянгол дүүргийн 5-р хороонд байрлах оффис үйлчилгээний барилгын захиалагч болох иргэн Р.Дээс Татварын ерөнхий хуулийн 41.10-д заасны дагуу холбогдож тайлбар, данс бүртгэлийг нь авсны дараа Ж.Д нь утсаа солиод холбогдох боломжгүй болсон.
Татвар төлөгчөөс баримт бичгийн хүсэлтийн дагуу М и ХХК-тай хийсэн гэрээг шаардахад 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг ирүүлсэн боловч захирал Ж.Дтай ярилцлага хийхэд 2021 оны 07 дугаар сард гэрээ хийсэн гэж хариулсан мөн дансны хуулгаар орсон нь нотлогдож байсан.
Татвар төлөгчөөс ирүүлсэн гэрээ, дансны хуулга, захирлын ярилцлага зөрүүтэй байсан учраас М и ХХК-ийн захиалгаар үйлдвэрийн оффисын зориулалттай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн тойруу Э******* хүчний гудамж ******* хаягт барьсан барилгыг ашиглалтад оруулах БА-1*******/ дугаартай комиссын актаар барилгын зураг, төсөвт өртөг, холбогдох мэдээллийг авахаар Татварын ерөнхий хуулийн 34 зүйлийн дагуу Архивын ерөнхий газарт 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* албан тоотоор хандсан.
Архивын ерөнхий газарт мөн М и ХХК-тай хийсэн гэрээг шаардахад 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ байсан боловч цахилгаан болон сүлжээний шугамын зөвшөөрлүүд нь 2021 оных байсан.
Шалгалтын хугацааны эхний үед ирж санхүүгийн анхан шатны баримт дансны хуулгаа авчирч өгсөн боловч дунд үеэс нь эхлэн утсаа авахгүй, гэрийн хаягийг нь тодруулахад 4-5 хаяг гарч ирсэн боловч хаягтаа амьдардаггүй, яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Ж.Д эхнэрийн утсаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр холбогдож Ж.Д талаар асуухад хаана байгааг нь мэдэхгүй байна гээд тухайн үед Ж.Д биеийн байдлын талаар ч яриандаа дурдаж байгаагүй.
Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 Татвар төлөгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах эрхтэй гэсний дагуу эрхийг хэрэгжүүлэхээр удаа дараа харилцах утас болон е-мэйл, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот хаягт хүргүүлж байсан, Маягт УББ-1 мэдэгдлээр удаа дараа дуудаж ярилцлага тодруулга өгөхийг мэдэгдэж байсныг ТУНС программын өдөр тутмын тэмдэглэл, мэйл мессэжээр нотлогдоно.
Үндсэн мэдээлэл болох Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн иргэн Р.Дийн мэдээллийг нотлох баримтаар тулган шалгах, мөн М-Э******* ХХК-тай хийсэн гэрээний дагуу барьсан барилгыг хэзээ улсын коммист хүлээлгэн өгснийг тодруулахаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* албан тоотоор Хот байгуулалт, хотын стандартын газарт хүргүүлж байсан. Томилолт Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээс үүссэн. М и ХХК-тай холбоогүйгээр иргэн н.Дт Баянгол дүүргийн 5 дугаар хороонд 1,700,000,000 төгрөгийн өртөгтэй барилга барьчхаад орлого хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үндэслэлээр эхлээд Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл ирсэн. Тэр мэдээллийг шалгах явцад хугацаатай томилолтоо Н******* ХХК-ийн нягтлан бодогч, захирал 2-т хамгийн түрүүнд дуудаж ярилцлага хийхдээ танилцуулж байсан. н.Дтэй хийсэн гэрээ авч ир гэхэд 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ авчирсан учраас томилолт сунжирсан. Барилга, хот байгуулалтын яамнаас болон н.Д гэдэг иргэн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ямар байшин барьсан гэдгээс эхлээд тодруулсан. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд гуравдагч этгээдээс материал татаж болно гэсэн заалтын дагуу н.Дийн бариулсан барилгын талаар материал тодруулахад Н******* ХХК-ийн захирал Ж.Д нь өвдчихсөн, Өвөрхангайн Хужиртад амарч байна гэж утсаар хэлээд, тайлбар тодруулга, нотлох баримт өгөөгүй. 02 дугаар сарын 10-нд нөхөн ногдуулалтын акт гарсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай гээд 02 дугаар сарын 09-нд Сүхбаатар дүүргийн эмнэлгийн хагалгаанд орсон эмчийн хяналтад байгаа гэсэн бичиг өгсөн. анус орчмын буглаа гэдэг бол сэтгэн бодох чадваргүй хэвтэрт байгаа гэсэн үг биш. Утсаар холбогдоод тайлбар, нотлох баримтаа ирүүлэх боломжтой байсан. Нарийн мэргэжлийн эмчийн хэвтрийн дэглэм сахь гэсэн бичиг хавсаргагдаагүй.
Маргаан таслах зөвлөлийн хурал 06 дугаар сарын 27-нд товлогдсон. Яг тэр өдөр татварын улсын байцаагч Б.О*******ийн аав өвчний улмаас нас барсан, бас ээлжийн амралт гээд хүсэлтээр хурал хойшилсон. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот тушаалаар тус хяналт шалгалтыг хамтран хийж байсан татварын улсын байцаагч Ж.Н нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн даргаар томилогдсон тул татварын улсын байцаагч Ц.Б******* томилогдож хамтарч шалгалтын ажлыг дуусгасан. Дээрх шалтгааны улмаас томилолтын хугацааг сунгаж байсан.
1 дэх зөрчлийн хувьд аж ахуйн нэгж дээр нийт тайлагнасан зардал нь 141,000,000 төгрөг. Ирүүлсэн материалыг үндэслээд 88,000,000 төгрөгийн зөрчил гарсан. 2018 онд 99,000,000 төгрөгийн зөрчил гарсан. 2019 оны 572,000,000 төгрөгөөс ирүүлсэн материалыг үнэлээд 140,330,000 төгрөгийн зөрчил гарсан. Нийт дүн нь 239,000,000 төгрөгийн зөрчил.
2 дахь зөрчлийн хувьд Ж.Д захирлын ирүүлсэн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2021 оны 07 дугаар сарын 02-ны дансаар орж ирсэн орлогыг тодруулаад ярилцлага хийхэд орлого авсан гэсэн боловч бидэнд ирүүлсэн гэрээндээ 2022 оны 03 дугаар сарын 10-ны гэрээ өгсөн. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө гуравдагч этгээд М и ХХК-иас гэрээний эх хувийг авсан.
3 дахь зөрчил нь М и ХХК-ийн гэрээний 5 дугаар зүйлд урьдчилгаа нь 20 хувь, бусад ажил нь гүйцэтгэлийн хувиар ажил дүгнэж орлогыг нь шилжүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ гэрээ нь 45 хоногийн хугацаатай. Барилгын хувийн хэрэг төсөвт өртгөө гэрээтэйгээ, барилгын ажил эхлэх зөвшөөрөлтэйгөө бүгд Үндэсний архивын газарт хадгалагдаж байх ёстой. Бид Маргаан таслах зөвлөл гомдол хэлэлцэх хугацаа болон хяналт шалгалтын хугацаанд Үндэсний архивын газарт хандахад эдгээр бүх бичиг баримт 2022 оноор хийгдсэн байсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны гэрээ нь архивт байгаагүй, 2021 оны барилгын ажил эхлэх зөвшөөрөл байгаагүй, бүх бичиг баримт нь 2022 оных байсан. Ажлын гүйцэтгэлийн тайлангаар үйл явцыг нотолно гэдэг. Гэтэл Архивын ерөнхий газарт архивлагдсан материалд урьдчилгаанд хийсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан байгаагүй. Архивын ерөнхий газарт өгсөн материал нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны гэрээ байсан. Тиймээс М и ХХК-руу холбогдож энэ 2021 оны гэрээг авсан. Гэрээний огноог 2022 оны 03 дугаар сарын 10 болгож өөрчилсөн байдаг ч гэрээ байгуулсан, гарын үсэгтэй хэсэгт огноо нь 2021 оны 07 дугаар сарын 02 хэвээр өөрчлөөгүй байсан.
2020 оных нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа илүү тайлагнаад НӨАТ дээрээ дутуу тайлагнасан тайлан хоорондын зөрүү үүссэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 975,000,000 төгрөгөөс нь тухайн жилийн алдагдал 492,000,000 төгрөгийг бууруулаад авчихсан байна. Нөхөн татвар 975,000,000 төгрөгөөс 492,000,000 төгрөгийг хасахаар 350,000,000 төгрөг.
2020 оны зөрчилд- татварын тайлангаа санхүүгийн 4 тайлан дээр үндэслэж гаргадаг. Санхүүгийн тайланд үүнтэй холбоотой урьдчилж орсон орлого, зардал, өртөг байсан бол нягтлан, захирал хоёрыг нь ирж тодруулаач гэж зөндөө шаардсан боловч ирээгүй. Хэрвээ тэрэнтэй холбоотой дүн байсан бол бид хасаж болох байсан. Гэтэл ямар ч дүн байгаагүй учир бид нар зохиох боломжгүй учраас ингэж тавьсан.
М И ХХК дээр очиж шалгах эрх, үүрэг байхгүй. Гэрээ огноо зөрүүтэй хуурамч байсан учраас гэрээний талаар М и ХХК-иас мэдээлэл авсан. Барилгын ажлын үе шат бүрт гүйцэтгэлийн тайлангаа Н******* ХХК өгөөд тэрний дагуу М и ХХК орлогоо олгоно гээд энэ 2 компанийн хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлд заасан байгаа.
4 дэх зөрчил нь 362,130,889,600 гэдэг нь цалин, хөдөлмөрийн хөлс гээд шилжүүлсэн дансанд харагдах ба үнийгээ тайлагнаагүй. Хөдөлмөрийн хөлс гэж олгосон орлогыг тайлагнаж, татвар ногдуулаагүй зөрчилд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.1 дэх заалтаар шийдвэрлэсэн.
5 дахь зөрчил нь татварын удирдлагын нэгдсэн системд тайлагнасан 2019, 2021 оны төлөөгүй татвар.
Иймд татвар төлөгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нөхөн ногдуулалтын актыг хэвээр нь баталж өгнө үү гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн актад нэхэмжлэгчтэй холбоотой 5 зөрчил байгаа.
1 дэх зөрчил нь хасагдахгүй зардал хасаж татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил. Энэ нь 2018, 2019 онд баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ноогдуулах орлого бууруулсан зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг зөрчсөн зөрчил.
2 дахь зөрчил нь урьдчилж олсон орлого Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн зөрчил, урьдчилж олсон орлогын тайлан дутуу гэсэн зөрчил. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно. 7.4 албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ноогдоно. 7.4.1 үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 албан татвар ноогдох орлогыг ажлыг гүйцэтгэлийн хувиар хүлээн зөвшөөрнө гэж заасныг зөрчсөн.
3 дахь зөрчил Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд урьдчилж орсон орлогын үнийг тайлагнаагүй зөрчил. 2020, 2021 онд нийт 979,600,000 төгрөгийн урьдчилж олсон орлогын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчил. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1 доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулан 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан хямд төрлийн бараа, ажил үйлчилгээг гэж заасныг зөрчсөн.
4 дэх зөрчил нь 2020, 2021 онд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээрт ногдох орлогын ногдуулан суутгасан албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хугацаандаа төлөөгүй татвар гэсэн заалтыг зөрчсөн. 4 дэх зөрчлийн дүн дээр 2020 оны 362,000,000 төгрөг, 2021 оны 130,000,000 төгрөг зөрчлөөр тогтоогдсон татвар.
5 дахь зөрчил Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1, 16.1.1 дэх заалтыг зөрчсөн. 2019, 2021 онд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй зөрчил байна.
5 зөрчилд татварын улсын байцаагч нар хариуцлага ногдуулсан. Нэхэмжлэгч бусад зөрчлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг ч зөвхөн урьдчилж орсон орлогын зөрчлийг л хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ярьдаг. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******, Ц.Б******* нар Н******* ХХК-ийн 2018-2021 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2522802393 тоот томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн татварын хяналт шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 10-ны хооронд хийж татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр нөхөн ногдуулалтын актаар 2,804,437,295.87 төгрөгийн зөрчилд 204,493,006.13 төгрөгийн нөхөн татвар, 93,181,531.48 төгрөгийн торгууль, 43,061,877.74 төгрөгийн алданги, нийт 340,736,415.35 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.
Татварын төлөгчийн гомдлоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, актаар тогтоосон төлбөрийг бууруулж шийдвэрлэлээ.
1. Актаар 5 зөрчилд, тухайлбал,
1.1. 2018 онд 99,399,850.23 төгрөгийн, 2019 онд 140,330,742.12 төгрөгийн, нийт 239,730,592.35 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлого бууруулсан зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтаар,
1.2. 2021 онд 975,356,727.30 төгрөгийн урьдчилж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.1, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтаар,
1.3. 2020 онд 4,287,799.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хоорондын орлогын зөрүү, 2021 онд 975,356,727.30 төгрөгийн, нийт 979,644,526.66 төгрөгийн урьдчилж орсон орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар,
1.4. 2020 онд 362,999,500.00 төгрөгийн, 2021 онд 130,889,600.00 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар,
1.5. 2019 онд 50,934,989.75 төгрөгийн, 2021 онд 84,881,359.84 төгрөгийн тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтаар нөхөн татвар, торгууль, алданги тогтоожээ.
2. Нэхэмжлэгч нь нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ч 2, 3 дахь зөрчилд хамаарах урьдчилж орсон орлогыг орлогоор тайлагнаагүйг зөрчил гэж үзсэнтэй маргаж буй үндэслэлийг М э******* ХХК, М ХХК-тай байгуулсан гэрээгээр 2021-2023 онд гүйцэтгэсэн барилга угсралт, барилгын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлын гүйцэтгэлийг 2023 онд хүлээлгэж өгсөн, 2021 оны гэрээний дагуух 975,356,727.30 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлогод тусгасан хэмээн тайлбарлаж, бүхэлдээ хяналт шалгалт нотлох баримтад үндэслэж явагдаагүй, маргаан таслах зөвлөлд гомдол хянах явцад М э******* ХХК, М ХХК-тай байгуулсан гэрээг архиваас татварын алба авсан нь нотлох баримтыг нөхөн цуглуулсан хэмээн маргасан бөгөөд 1, 4, 5 дахь зөрчлийг эс зөвшөөрсөн үндэслэл, баримт маргаан таслах зөвлөлд ч, шүүхэд ч тухайлан гаргаагүй болно.
3. Хэдий тийм ч актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд актаар тогтоосон зөрчил тус бүрээр дүгнэвэл,
3.1. 2018 онд 99,399,850.23 төгрөгийн, 2019 онд 140,330,742.12 төгрөгийн, нийт 239,730,592.35 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлого бууруулсан зөрчил гэж үзсэн.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 2022-2023 онд хийгдсэн татварын хяналт шалгалтаар 2018, 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд нөхөн татвар ногдуулах харилцаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд албан татвар төлөгчийн 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ гэж зааснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийг хэрэглэнэ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй хэмээн хасагдах зардалд тавигдах хязгаарлалтыг тогтоосон.
Татварын алба татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан 2018 онд 99,399,850.23 төгрөгийн, 2019 онд 140,330,742.12 төгрөгийн, нийт 239,730,592.35 төгрөгийн зардлыг баримтаар нотлогдохгүй гэж үзсэн ба нэхэмжлэгч тухайлан яагаад хасагдах зардал болохыг, ямар баримтаар нотлогдож байгаа гэж үзсэнээ тайлбарлаагүй, баримт гаргаж маргаагүй тул энэ зөрчилд актаар нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь үндэслэлтэй гэж үзлээ.
3.2. 2021 онд урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 975,356,727.30 төгрөгийг тайлант оны орлогоор бүртгээгүй буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй зөрчил[1] гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги тогтоожээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдохоор, 7.4.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод албан татвар ногдохоор заасан ч энэ хуулийн татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх зохицуулалт бүхий 12 дугаар зүйлийн 12.1-д орлогыг хүлээн зөвшөөрөх нөхцөлүүдийг жагсааж, 12.1.2-т ажлыг гүйцэтгэлийн хувиар хэмээн албан татвар төлөгч ажил гүйцэтгэх гэрээний дагуух албан татвар ногдох орлогыг ажлын гүйцэтгэлийн хувиар хүлээн зөвшөөрөхөөр хуульд тусгайлан зохицуулжээ.
Хуулийн этгээдийн бүртгэлээс үзвэл нэхэмжлэгч Н******* ХХК нь барилга угсралт, барилгын засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд М ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, М э******* ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр оффисын барилгын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралт, суурилуулалт хийх ажил гүйцэтгэх гэрээ, түүнийг дагалдаж ажил гүйцэтгэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах гэрээг тус тус байгуулж, ажил гүйцэтгэх гэрээний 1,177,037,406.00 төгрөгөөс 2021 онд орсон 975,356,727.30 төгрөгийн орлогыг нягтлан бодох бүртгэлдээ урьдчилж орсон орлогод бүртгэжээ.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн тойруу Э******* хүчний гудамж хаягт үйлдвэрийн оффисын барилга угсралтын ажлыг 2021-2022 онд гүйцэтгэж, улсын комиссын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн БА-1******* дугаар дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэж өгсөн[2] байх тул 2021 оны 975,356,727.30 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь албан татвар төлөгч ажил гүйцэтгэх гэрээний дагуух албан татвар ногдох орлогыг ажлын гүйцэтгэлийн хувиар хүлээн зөвшөөрнө гэсэн заалт болон Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан татвар төлөгч ... зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлох суурь зохицуулалтад нийцсэн, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.5-д заасан татвар ногдох орлогод татвар ногдуулахгүй байх замаар 6 дугаар зүйлийн 6.1.23, 6.1.24-т заасан татвараас зайлсхийх үйлдлийн шинжгүй байна.
Актаар 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд орлогыг дутуу тайлагнасан энэ зөрчлийн 975,356,727.30 төгрөгөөс тус компанийн мөн хугацааны алдагдал 492,801,285.03 төгрөгийг бууруулсан дүнгээс 35,166,584.23 төгрөгийн нөхөн татвар, 14,066,633.69 төгрөгийн торгууль, 5,617,861.83 төгрөгийн алданги тооцсон байна. Татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хязгаарлагдсан тул ажил гүйцэтгэх гэрээний борлуулалтын орлогыг 2022 онд тайлагнасан эсэх нь энэ маргаанд хамаарахгүй, гэрээний нийт дүнгээс 2021 оны урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 975,356,727.30 төгрөгийн борлуулалтад актаар тавигдсан 35,166,584.23 төгрөгийн нөхөн татварын хувьд татварын ногдлын давхардал үүсэхгүй.
Иймд 2021 онд урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 975,356,727.30 төгрөгийг тайлант оны орлогоор бүртгээгүй буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар тайлагнаагүй зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байх тул энэ зөрчилд ногдуулсан 14,066,633.69 төгрөгийн торгууль, 5,617,861.83 төгрөгийн алдангийг хасаж шийдвэрлэлээ.
3.3. 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хоорондын орлогын зөрүүнээс үүссэн 4,287,799.36 төгрөгийн орлогыг, 2021 онд 975,356,727.30 төгрөгийн урьдчилж орсон орлогыг, нийт 979,644,526.66 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүйг зөрчилд тооцож тус бүрд нь нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон.
3.3.1. 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хоорондын орлогын зөрүүнээс үүссэн 4,287,799.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй зөрчилд холбогдуулан нэхэмжлэгч тухайлан үндэслэл, баримт гаргаж маргаагүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, 16 дугаар зүйлийн 16.1.1-д борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлөхөөр зааснаар актаар 428,779.94 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, 171,511.97 төгрөгийн торгууль, 85,755.99 төгрөгийн алданги тогтоосон нь үндэслэлтэй байна.
3.3.2. Дээр дүгнэснээр 2021 оны 975,356,727.30 төгрөгийн урьдчилж орсон орлогыг ажил гүйцэтгэх гэрээгээр барилга угсралтын ажил 2021-2022 онд гүйцэтгэж, улсын комисст 2022 оны 8 дугаар сарын 29-нд дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэж өгснөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар албан татвар төлөгч ажил гүйцэтгэх гэрээний дагуух албан татвар ногдох орлогыг ажлын гүйцэтгэлийн хувиар хүлээн зөвшөөрөхөөр байхад уг орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2021 онд тусгаагүй зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байх тул энэ зөрчилд ногдуулсан 39,014,269.09 төгрөгийн торгууль, 15,581,323.72 төгрөгийн алдангийг мөн хасаж шийдвэрлэлээ.
Энэ зөрчилд 97,535,672.73 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан бөгөөд татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хязгаарлагдсанаар ажил гүйцэтгэх гэрээний борлуулалтын орлогоос 2022 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тайлагнасан эсэх нь энэ маргаанд хамаарахгүй ч актаар тавигдсан 97,535,672.73 төгрөгийн нөхөн татварын хувьд татварын ногдлын давхардал үүсэхгүй.
3.4. 2020 онд 362,999,500.00 төгрөгийн, 2021 онд 130,889,600.00 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги тогтоожээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдоно, 7 дугаар зүйлийн 7.1.1-д ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогыг албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, ... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод хамруулна, 25 дугаар зүйлийн 25.1.1-д суутган төлөгч нь ... албан татвар ногдуулж, төсөвт шилжүүлнэ гэж зааснаар ажил олгогч нь цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогыг олгохдоо хувь хүний орлогын албан татварыг тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж суутган, суутгасан албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь мөн л уг зөрчлийг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбар гаргаж маргаагүй бөгөөд 2020 онд 362,999,500.00 төгрөгийн, 2021 онд 130,889,600.00 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 49,388,910.00 төгрөгийн нөхөн татвар, 19,755,502.00 төгрөгийн торгууль, 7,889,878.37 төгрөгийн алданги тогтоосныг үндэслэлтэй гэж үзлээ.
3.5. 2019 онд 50,934,989.75 төгрөгийн, 2021 онд 84,881,359.84 төгрөгийн тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд торгууль, алданги тогтоожээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д албан татвар суутган төлөгч нь тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө гэж заажээ.
Нэхэмжлэгч нь тайлагнасан татварыг төсөвт төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд уг зөрчлийн үндэслэл, торгууль, алдангийн хэмжээнд тухайлан үндэслэл, тайлбар, баримт гаргаж маргаагүй тул 13,581,634.8 төгрөгийн торгууль, 9,492,445,9 төгрөгийн алданги тогтоосон нь үндэслэлтэй гэж үзлээ.
4. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан татварын хяналт шалгалтаар татварын зөрчил илэрсэн тохиолдолд татварыг нөхөн ногдуулах бөгөөд 73 дугаар зүйлийн 73.1-д хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар алданги тооцохоор, 73.2.1-д татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор алданги тооцох хугацааг тодорхойлохоор, 82 дугаар зүйлийн 82.1-д татварыг нөхөн ногдуулж, төлбөл зохих татварын дүнг бууруулсан хувиас хамаарч тодорхой хувиар торгууль ногдуулахаар, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
5. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, 41 дүгээр зүйлийн 41.12.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах эрх, үүрэгтэй байна. Татварын хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд өвчний учир хүндэтгэн үзэх шалтгаанаар татварын хяналт шалгалтад оролцоогүй гэх авч эмнэлгийн магадлагаа баримтаа хяналт шалгалтын хугацаанд татварын албанд ирүүлээгүй, нөгөөтээгүүр татварын хяналт шалгалтын хугацаа, хүрээний талаар мэдээллийг хяналт шалгалт эхлэх үед авсан болохоо, хяналт шалгалт хэдий хүртэл үргэлжилсэн болохыг мэдэж байснаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч тайлбарласан, татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангасан[3], тодруулбал 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр татвар төлөгчид хяналт шалгалт хийх томилолтын талаар мэдэгдсэнээс хойш 10 дугаар сарын 03, 10 дугаар сарын 10, 10 дугаар сарын 12, 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 13, 2023 оны 01 дүгээр сарын 16, 01 дүгээр сарын 17-ны 13:13, 19:05 цагт, 01 дүгээр сарын 18, 01 дүгээр сарын 25, 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 07, 02 дугаар сарын 08-нд 10:51, 18:09 цагт, 02 дугаар сарын 10-нд 08:44, 11:14 цагт тайлбар, нотлох баримт шаардсан байх бөгөөд татвар төлөгчийг хяналт шалгалтад биечлэн, эсхүл төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан оролцох, тайлбар, баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул татвар төлөгчийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Татвар төлөгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх удирдлага Ж.Д нь 2022 оны 08 дугаар сарын 25, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэс ажилбарт орсон талаарх С мэс заслын эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтыг Н******* ХХК 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23/005 тоотоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хүргүүлснийг тус хэлтсийн бичиг хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15.35 цагт бүртгэгдэж, мөн өдрийн 16:17 цагт Тасгийн даргад, 2 дугаар сарын 13-ны 17:34 цагт хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч Б.О*******т шилжүүлсэн[4], ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны талаарх баримт, хүсэлт татварын улсын байцаагчид ирэхээс өмнө маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын актыг татварын улсын байцаагч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн байх тул татвар төлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
6. Татварын хяналт шалгалтын хугацаанд хамаарах санхүү, татварын анхан шатны баримтуудыг ирүүлэхийг татвар төлөгчөөс ийнхүү шаардаж, татварын хяналт шалгалтад ирүүлсэн баримтын хүрээнд хяналт шалгалтыг явуулсан, хяналт шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны хооронд 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байх тул татвар төлөгчийн баримт, тайлбар гаргах эрхийг хязгаарласан гэж татварын албыг буруутгах үндэслэлгүй байна.
7. Хяналт шалгалтад үнэлэгдсэн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ үүссэнээс Маргаан таслах зөвлөлд гомдол хянах үе шатанд ажил гүйцэтгэх гэрээг архиваас шаардаж авсныг татварын хяналт шалгалтын материалыг нөхөн цуглуулсан гэж татварын албыг буруутгахгүй.
8. Нөгөөтээгүүр татварын хяналт шалгалтын явцад цуглуулсан гэх маргаанд хамаарах барилгын ажил гүйцэтгэх М Э******* ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн огноотой гэрээг хуурамч гэх хариуцагчийн тайлбарыг шүүх үнэлээгүй буюу уг гэрээг хуурамч гэж үзээгүй болно. Иргэний эрх зүйн энэ гэрээг гэрээний талууд хүчин төгөлдөр бус гэж маргаагүй, хүчин төгөлдөр бусад тооцоогүй, гэрээнээс татгалзаагүй, гэрээг талууд шинэчлэн байгуулсан нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, хуурамч гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлүүдээр актаар тогтоосон 2,804,437,295.87 төгрөгийн зөрчилд 204,493,006.13 төгрөгийн нөхөн татвар, 93,181,531.48 төгрөгийн торгууль, 43,061,877.74 төгрөгийн алданги, нийт 340,736,415.35 төгрөгийн төлбөрөөс 2021 онд урьдчилж орсон орлого дансанд бүртгэлтэй 975,356,727.30 төгрөгийг тайлант оны орлогоор бүртгээгүй буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан 53,252,414.75 төгрөгийн торгууль, 21,284,941.54 төгрөгийн алданги, нийт 74,537,356.29 төгрөгийн төлбөрийг багасгаж, актын үлдэх хэсгээр тогтоосон 266,199,059.06 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дахь хэсгийг тус тус баримтлан Н******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаас зөрчил хэсгийн 2, 3 дахь зөрчилд ногдуулсан 53,252,414.75 төгрөгийн торгууль, 21,284,941.54 төгрөгийн алданги, нийт 74,537,356.29 төгрөгийн төлбөрийг багасгаж, актын үлдэх хэсгийн 266,199,059.06 төгрөгийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА