Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 67

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Б.Чинбилиг,

            хохирогч Б.Одхүү,

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, Г.Сүхээ,

шүүгдэгч Ч.Б, Ч.Т, тэдний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :  

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Гэгээн бямба овогт Ганбаатарын Өлзийхутагт,  мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Чулууны Базарваань, Боржигон овогт Мөнхсүрэнгийн Тэнүүн нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 1080 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Сүмбэр цамхаг” ХХК-нд ажилладаг, ам бүл 2, охины хамт

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхэдтэй,

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин жолооч мэргэжилтэй, ажилгүй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Г.Ө, М.Тэнүүн, Ч.Бнар нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” /Икс/ нэртэй караокед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэгт,   

   Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” /Икс/ нэртэй караокед иргэн Б.Одхүүг шатны уруу тийрэн унагаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1х, хх-2/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-7/

- эмч Э.Ариунхүүгийн:...Б.Одхүү 28 настай, эрэгтэй, ГССҮТ-д 103-ын түргэн тусламжаар 05 цаг орчимд хүргэгдэн ирсэн. Ирэх үедээ согтуу ухаан бүдгэрсэн байдалтай, толгойн үстэй хэсэгт шархтай байна...гэх тодорхойлолт /1х, хх-9/,

- эмч Ж.Батмагнайгийн:...Б.Одхүү нь тархины суурь ясны хугарал “субарахнысдаль” тархмал их хэмжээний цус харвалттай, тархи дарагдалттай. Эрчимт эмчилгээ хийгдэж байна. Өмнө нь тархины мэс засалд орж байсан сорвитой. /зүүн чамархай хэсэгт/...гэх тодорхойлолт /1х, хх-10/

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дэдарын мөрдөн байцаалтад өгсөн:...07 цагийн үед Одхүүгийн утсаар цагдаа над руу залгаад Одхүүгийн бие муу байна, Гэмтлийн эмнэлэгт яаралтай ир гэсэн. Намайг очиход сэхээнд орсон байгаа гэж хэлсэн. Толгойны ар хэсгийн суурь яс хугарсан, тэр хэсэгтээ цус харвалттай, цус алдсан гэсэн, эрчимт эмчилгээний тасагт одоо ухаангүй эмчлэгдэж байгаа, биеийн байдал муу байгаа, гомдолтой байна, миний хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байна....гэх мэдүүлэг /1х, хх-34-36/

- гэрч Б.Хадбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Тэнүүн, Базараа, Өлзийхутаг нартай Цэргийн хотхоны орчим караоке бааранд орсон. Коридорт Тэнүүн нөгөө бандитай барилцаад авсан байсан. Тэгээд би дундуур нь ороод салгасан. Тэгтэл Өлзийхутаг хэрүүл өдөөд байсан пагдгар залуутай хамт явсан найзыг нь өшиглөсөн. Энэ үед нөгөө өшиглүүлсэн залуу нь шат руу унасан. Би ардаас нь бууж очиход өшиглүүлсэн залуу ухаангүй хэвтэж байсан, толгойноос нь цус гарсан байсан санагдаж байна. Удалгүй цагдаа нар ирээд Тэнүүн, Базараа бид 3-ыг авч явсан. Өлзийхутаг байхгүй байсан, хаашаа явсныг нь мэдээгүй. Өлзийхутаг, Тэнүүнээс хэрүүл гуйгаад байсан залууг өшиглөх гэж байгаад андуураад хамт явсан залууг нь өшиглөсөн байх гэж бодож байна. Уг нь тэр өшиглүүлдэг залуу хэрүүл зодоонд оролцоогүй...гэх мэдүүлэг /1х, хх-42/

- гэрч С.Лхагважаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө “Х” пабыг ажиллуулж байсан. Намайг караокек ажиллуулж байхад шөнийн 23 цаг 40 минутын орчимд Галаа гэж урьд нь манайхаар үйлчлүүлж байсан залуу найз гэх гурван залуугийн хамтаар караокед орж ирсэн. Тэгээд манайхаас 0.5 литрийн 7 ширхэг пиво авч ууцгаасан. Нэг нь машин барьж яваа гээд уухгүй байсан. Тэгээд шөнийн 02 цагийн орчимд Тэнүүн гэх залуугийн хамтаар 4-үүлээ манай караокед орж ирсэн. Орж ирэх үед нь би тэр Тэнүүн гэх хүний нэрийг мэдэхгүй байсан. Орж ирэхдээ би танай энэ баруун талын “Цахлай” гэдэг дэлгүүрийг ажиллуулдаг Тэнүүн гэдэг залуу байна танилцъя гээд нэрийг нь мэдэх болсон. Манай нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм, хөдөөнөөс найзууд ирсэн жаахан сууж байгаад гаръя гэж гуйгаад сууж байгаад өөрсдөө манай хөргөгчнөөс пиво аваад ширээн дээрээ тавиад суусан байсан. Тэнүүн гэх хүнийг анх манай караокед нь манайд сууж байсан Галаа гэх залуу танимхайраад очоод гар бариад юу байна гэх зэргээр бага зэрэг ёжлох маягтай юм яриад ширээн дээр нь байн байн очоод байсан. Тэгсэн Галаагийн нэг найз нь Галааг болиулаад ширээнд нь суулгаж байсан. Ер нь Галаа цуг яваа найзуудыг нь юун хүн юм энэ тэр гээд Тэнүүнийг ахаа гэсэн мөртлөө нэг л ёжлох маягтай хүний дургүй хүргэмээр үйлдэл гаргаад байсан. Тэгээд Галаа тэд нар уух юмаа ууж дуусаад тооцоогоо хийгээд гарсан. Тэгсэн Тэнүүн болон Тэнүүнтэй хамт явсан 3 залуучууд ширээгээ сольж суугаад дэлгэцтэй ойртоод 2, 3 уугаад сууж байхад гаднаас Галаа сүүлд бэртээд эмнэлэгт хэвтдэг найзтайгаа хоёулаа орж ирээд Тэнүүн нарын ширээн дээр Галаа очоод хэрүүл эхлүүлсэн. Тэнүүнтэй хэрэлдэж байгаад Тэнүүн Галаагийн өөдөөс нь ганц хоёр юм хэлэхэд Галаа дээгүүр хувцсаа тайлаад зодолдох гэж дайраад барьцалдаж авахаар очоод Галааг тэвэрч аваад чи одоо боль харь гэж хэлээд гаргахад буцаж дайраад байсан. Тэр Галаатай хамт явсан найз нь бас Галааг болиулах гээд байсан. Галаа эсэргүүцэж зодолдох гээд дайраад байсан. Тэгээд хоёр удаа тэгж дайраад 3 дахв удаагаа Галааг бас дахин дайрахаар нь би Галааг аргадаж гуйгаад хаалгаар гаргаад “чи одоо явчихаач” гэхэд Галаа “за би тэгвэл энэ залуучуудтай уучлаарай гэж гар бариад явлаа” гэхээр нь буцаад оруулсан. Тэгээд Галаа, Тэнүүн нар дээр очоод гар барьсан. Энэ үед цаад хүмүүсээс нь Галааг явуулахгүй маягын ямар нэг үг хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд би Галааг гаргасан Галаа Тэнүүнтэй юм ярина гээд Тэнүүнтэй хамт гараад урд урдаасаа тулж зогсоод хэрүүлийн маягтай юм яриад байсан. Тэнүүнтэй хамт явсан нөгөө гурван найз нь караокеноос гарч ирсэн. Тэнүүнтэй нийлээд 4-үүлээ Галаа руу агсраад байсан. Тэгсэн Тэнүүнтэй хамт явсан USA гэсэн бичигтэй хар цамц өмссөн, саравчтай малгайтай залуу Галааг гараараа хальт цохиод зодоон эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтсэн байгаа Галаагийн найз бид хоёр тэд нарыг салгасан. Тэгээд Тэнүүн тэд нар 4-үүлээ байсан бас Галаа эргэж тэд нар луу дайраад байсан болохоор Галаагийн найз бид 2 тэд нарыг салгаж дийлээгүй. Тэгээд нилээн ноцолдож байгаад намжихаар нь би “та нар ингээд салахгүй бол би цагдаа дуудлаа” гэж хэлээд тэк рүү очоод гар утсаа аваад ирэхэд Галаатай хамт явсан найз нь шатны доор хэвтэж байсан. Галаагийн найз нь цус их гарсан шалан дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Цагдаа түргэн ирсэн. Дараа нь USA гэх бичиглэлтэй хар цамцтай залуу манай караокед ирээд юу болсон талаар асуухад “цагдаа нар танай найзуудыг аваад явсан, чи Галаагийн найзыг араас нь жийгээд унагаасан юм байна ш дээ” гэхэд “харин тиймээ Галааг жийх гэж байгаад хамт явсан найзыг нь жийчихсэн байна лээ” гэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-45-46/

- гэрч Д.Цэенхандын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 06 дугаагр сарын 07 ны өглөө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрандаа амарч байтал үүрээр 05 цагийн орчим нөхөр Өлзийхутаг гэртээ ирсэн. Сандарсан согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг /1х, хх-47/

- гэрч Б.Галмандахын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Одхүү бид 2 хадам ах Отгонбаатарын хамт 0.75 архи уусан. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “X” нэртэй караокед Одхүү бид 2 нэг нэг шил пиво уусан. Тэгээд караокенээс гарахын алдад Тэнүүн, Базарваань нартай караокед таарсан. Тэр 2 танихгүй 4-үүлээ явж байсан. Би Тэнүүнийг таньдаг болохоор юм ярьж байтал хажуунаас хамт явж байсан үл таних 2 залуу нь “над руу хандаж хэн юм” гэх мэтээр асуусан. Би тэр 2 үл таних залуучуудад хандаж “та 2-т хамаагүй” гэсэн. Би тэр 2 танихгүй залуучуудтай маргалдтал хажуунаас Тэнүүн орж ирээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Миний ээжийг хэрүүл маргаанд оруулаад доромлоод байсан. Караокены шатан дэргэд Тэнүүнтэй маргалдаад зогсож байтал хажуунаас нэг залуу нь гараараа намайг цохих гэсэн боловч оноогүй. Хэн байсныг хараагүй. Нэг залуутай барилцаад авахад тал талаас нь намайг цохиж эхэлсэн. Хэн хэдэн удаа цохиж зодсоныг санахгүй байна. Би хамгаалж хариу үйлдэл хийсэн. Тэгтэл Одхүү шатнаас өгсөөд гараад ирсэн. Хажууд байсан найз Одхүүг нэг хөл орж ирээд өшиглөөд унагаасан...гэх мэдүүлэг /1х, хх-50-52/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7529 дугаартай:...Б.Одхүүгийн биед суурь яс хамарсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины хатуу доорх цусан хураа, тархи, доргилт, уруулд шарх, уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /1х, хх-55/,

- шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Б.Одхүүд учирсан гэх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн олон сар хоногоор явах боломжгүй гэмтэл. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд. Б.Одхүүгийн зүүн чамархайнд хийсэн мэс засал нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй болно. Суурь яс дагз яс хугарсан шугаман хугарал, тархины, тархины баруун тал бөмбөлөгийн баруун тал дух, чамархай хэсгийн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа зэрэг гэмтлүүд хүнд зэрэгт хамаарна. Тархи доргилт, уруулд шарх, уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /1х, хх-56-57/

-  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-248-250, 1х, хх-1, 58-59/

-02:53:45 секундэд караокеноос хар бараан өнгийн жинсэн яак өмссөн /яакны ар хэсэгт дүрс бүхий хээ дүрстэй/ саарал өнгийн хагас богино өмдтэй хөлдөө хар цагаан өнгө алгалсан спорт загварын гуталтай эрэгтэй гарч ирээд бие засах өрөө рүү оров. Цаашид Галмандах гэж тэмдэглэлд тусгахаар болов.

-02:55:40 секундэд караокеноос хар өнгийн саравчтай малгай толгой дээрээ буруу харуулан байрлуулсан энгэр дээрээ хагас дугуй дүрс дотор М гэх тэмдэгтэй урт ханцуйтай саарал өнгийн цамцтай хөлдөө цэнхэр өнгийн жинсэн өмд цагаан өнгийн спорт загварын гуталтай эрэгтэй гарч ирэв. Цаашид Одхүү гэж тэмдэглэлд тусгахаар болов.

-02:55:45 секундэд Галмандах бие засах өрөөнөөс гарч ирэн хаалга болон бие засах өрөө рүү ордог хэсэгт зогсож байв. Хажууд нь хар бараан өнгийн куртик өмссөн хөлдөө саарал өнгийн өмдтэй эрэгтэй мөн хар өнгийн куртик хөлдөө хагас богино өмдтэй /шоорттой/ 2 залуу зогсож байв. Шатны дэргэд Одхүү тамхи татаад зогсож байв. Тамхи татаж хоорондоо ярилцаж байв.

-03:17:04 секундэд караокеноос Одхүү гарч шатаар доош буув.

-03:18:56-03.20:58 секундэд караокеноос Галмандах болон энгэр нь задгай цуйтай цамцтай /цаашид Тэнүүн гэж тэмдэглэлд тусгахаар тогтов/ нар гарч ирэн шатны дэргэд өөд өөдөөсөө харан хоорондоо юм ярьж байв. Мөн араас нь 3 эрэггэй ирэв. Тэр үед шатаар өгсөөд Одхүү гарч ирэв.

-03:20:59-03:23:00 секундэд хар өнгийн NҮ гэх бичипгэй саравчтай малгайтай энгэр эрээ USA гэх бичигтэй хар өнгийн цамцтай эрэгтэй /цаашид Өлзийхутаг гэж тэмдэглэлд тусгахаар тогтов/ Галмандахын баруун хацран тус газар нэг удаа баруун гараараа цохиод араас нь хөлөөрөө жийж байв. Галмандах Өлзийхутаг руу хариу дайрах үйлдэл хийж байв. Өлзийхутагийг Одхүү урдуур нь орж холдуулав.

-03:23:00-03:29:15 секундэд Одхүү болон Галмандах нар хоорондоо юм ярилцаж байгаад караоке руу оров. Өөр ач холбогдол болох зүйл тогтоогдсонгүй.

-03:35:12-03:35:36 секундэд Галмандах караокеноос гарч ирэн буцаж орохыг хичээж байв. Караокены эзэн хаалгаар оруулахгүй хаалгыг хааж зогсож байв.

-03:35:37-03:38:19 секундэд караокений өрөөнөөс Тэнүүн Галмандахыг хүзүү хэсгээр нь гараараа тэврэн гарч ирээд шалан дээр унав. Тэнүүнийг Одхүү болон ногоон өнгийн S гэх бичиг бүхий хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн цамцтай залуу /цаашид Базарваань гэж тэмдэглэлд тусгахаар тогтов/ нар араас нь татаж Галмандахаас салгав. Тэнүүн босч ирсэний дараа дахин Галмандахыг шалан дээр хэвтэж байхад нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдэл хийж байв. Базарваань Галмандахыг шалан дээр хэвтэж байхад дээрээс нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөв. Галмандах босч ирж цээжин биеэрээ өмсөж явсан хар бараан өнгийн судалтай цамцаа тайлан бусад руу дайрч давшлах үйлдэл хийж байв. Галмандахыг босч ирсний дараа Өлзийхутаг гурван удаа хөлөөрөө өшиглөх үйлдэл хийв.

-03:38:20 секундэд Өлзийхутаг нь Одхүүг баруун хөлөөрөө нэг удаа тийрч байв. Одхүү нь шатны уруу унав...гэх /2х, хх-58-59/,

- сэжигтнээр Б.Галмандах мөрдөн байцаалтад өгсөн:...найз Одхүүгийн хамт гарах гэж байхад караокед Тэнүүн, Базараа 2, танихгүй 2 залуутай хамт орж ирсэн. Танихгүй 2 залуу нь “намайг энэ хэн бэ” гээд байсан би маргалдсан. Тэгсэн нэг махлагдуу шар залуу нь намайг цохисон. Нэг нь миний ардаас боогоод нэг нь надтай зууралдаад байсан. Тэгээд арай гэж салаад байж байтал намайг анх цохидог махлаг шар залуу манай найзыг шатны уруу өшиглөөд унагачихсан. Тэгэхээр нь би Одхүү дээр очоод хартал толгойны ар хэсгээс нь цус гарчихсан, хамар амнаас нь цус гарчихсан, уруул нь хавдсан байсан. Тэгээд би толгойг нь хамгаалаад байж байтал дээрээс ирээд дэвсээд байсан. Одхүүг өшиглөөд унагаадаг залуу миний ард зугтаагаад гүйж явж байгаад нефтийн салаа уулзвар дээрээс таксинд суугаад явчихсан. Ганцаараа явж байсан. Би тэндээс гэмтлийн эмнэлэг явсан. Надад учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-121/,

- шүүгдэгч М.Тэнүүн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 6-ны 19 цаг өнгөрч байхад Базарваань, Хадбаатар 2 найзтайгаа 2 шил, 2.5 литрийн пиво уусан. Дахин 2 том пиво уусан. Шөнийн 02 цаг өнгөрч байхад “Х” бааранд дуулахаар орсон. Тэнд урьд таних Галаа гэх залуутай таарсан. Яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Би Галаатай ах маргалдсан. Би бол зодуулаагүй, миний биед ямар ч гэмтэл шарх байхгүй, саравчтай малгайтай өшиглөсөн залууг би танихгүй. Тэр залуу Базарваань, Хадбаатар бид 3-ыг сууж байхад ирж юм яриад байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /1х, хх-126/...Галмандах ширээн дээр ирээд Тэнүүнтэй ярьж байснаа маргалдаж эхэлсэн. Галмандахыг хамт явж байсан найз нь аваад гарсан. Удалгүй Галмандах ороод ирсэн. Тэнүүн Галмандахыг аваад гарсан. Араас нь гартал Галмандах Тэнүүн рүү дайраад байсан. Тэгээд нэг хартал Галмандахтай явж байсан Одхүү /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу шатны дор унасан байсан. Одхүү гэх залууг хартал тэр залуугийн хэвтэж байсан хэсгийн толгой орчимд цус болсон байсан...гэх мэдүүлэг /1х, хх-135-137/...Бид нар тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан. Би Галмандахтай маргалдсан. Галмандахыг 1-2 удаа гараараа цохисон. Галмандах ирээд агсарч хэл амаар доромжилсноос болсон. Өлзийхутагаар дамжуулан эмчилгээний зардалд өөрийн зүгээс мөнгө өгч тусалсан...гэх мэдүүлэг /2х, хх-68-69/,

- шүүгдэгч Ч.Бмөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэнүүний гэрт байж байтал Хадбаатар, Тэнүүн, Өлзийхутаг бид дөрөв 2,5 литрийн хээмжээтэй боргио пиво 2 савыг уусан. Тэгээд Х нэртэй караокед орохоор болсон. Галмандах нэг ширээнд хамт сууж байсан залуугийн хамт хоёулаа манай ширээнд ирж доромжилж эхэлсэн. Галмандахыг найз нь аваад гарсан. Бид нар ширээндээ суугаад үлдсэн, Тэгсэн гаднаас Галмандах ороод ирсэн. Тэнүүн гадагшаа хамт гараад ойролцоогоор нэг минут өнгөрөхөөр нь араас нь би ганцаараа гарсан...Галмандах хэн нэгнийг цохиж зодсон асуудал байхгүй...гэх  /х1, хх-134/...Удалгүй Галаа нэг залуутай буцаад орж ирснээ Тэнүүн рүү томроод Галаа, Тэнүүн хоёр хоорондоо зууралдаад шат нь дээр очоод зууралдаад байхаар нь би очиж салгасан. Галаатай хамт яваа залуу шатны доор унасан байсан, шат цус болсон байсан, USA гэсэн бичигтэй цамцтай залууг мэдэхгүй, танихгүй, бид 3-ыг караоке орох гээд явж байхад тааралдсан. Хадбаатар таньдаг байж магадгүй, өөрийгөө барилгын компанид ажиллдаг сантехникч хийдэг гэж байсан санагдаж байна. Тэнүүн, Галаа, Хадбаатар, Галаатай хамт ирсэн залуу, USA гэсэн бичигтэй цамцтай залуу бид нар байсан. Хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /1х, хх-129/,

- шүүгдэгч Өлзийхутаг мөрдөн байцаалтад өгсөн:...би тухайн өдөр хар хөх өнгийн даавуун бэлтгэлийн өмд, хар өнгийн гуталтай байсан. Мөн хар өнгийн USA гэх энгэр дээрээ цагаанаар бичсэн бичээстэй ханцуйтай цамц болон толгойд NY гэх бичигтэй хар өнгийн саравчтай малгайтай байсан. Галмандах гэх залуу над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд Галмандахыг өшиглөх гэж байгаад хажууд зогсож байсан Одхүүг андуураад тийрсэн. Одхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан баб ухаан санаагаа хянах чадвартай байсан. Одхүү шат руу унасан. Базарваань бид 2 түргэн дуудсан...гэх мэдүүлэг /1х, хх-124, 144-145/...Тухайн өдөр Тэнүүн, Базарваань болон Хадбаатар бид нар хүний тус бүр 4, 4 пиво уусан байсан. Тэр үед бага зэргийн согтолттой байсан. Галмандах өөрөө эхлүүлсэн. Галмандах шатан дээр хэл амаар доромжлоод байсан. Тэнүүн, Галмандахыг аваад гарсан. Маргаан коридорт болсон. Галмандах, Тэнүүн нарыг салгах гээд очиход Галмандах над руу дайраад байсан. Би өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Тэгээд зодоон эхэлсэн. Тэгэж маргалдаж байхдаа би Галмандахын найз Одхүү гэх залууг хөлөөрөө жийгээд унагаасан...гэх мэдүүлэг /2х, хх-72-73/

- хохирогч С.Лхагважаргалын мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө “Х” пабыг ажиллуулж байсан. Тэгсэн 23 цаг 40 минутын орчим Галмандах гэх залуу 3-н найзын хамт орж ирсэн. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн байгаа...гэх мэдүүлэг /2х, хх-62-63/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7677 дугаартай шинжээчийн:...Б.Галмандахын биед цээж, нуруу, шилбэнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл болно...гэх дүгнэлт /1х, хх-63/,

- Б.Галмандахийн хохирогчоор өгсөн:....2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх эмнэлгийн №7677 дугаартай дүгнэлтээр учирсан гэмтлүүдийг ноцолдож зууралдаж байхад үүссэн гэмтэл. Яг хэн учруулсныг санахгүй байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2х, хх-64-67/

- ял шалгах хуудас /1х, хх-162, 164, 173/ зэрэг болно.

 

   Шүүгдэгч Г.Ө, М.Тэнүүн, Ч.Бнар  2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” /Икс/ нэртэй караокед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...  

- гэрч С.Лхагважаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Намайг 2017 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө караоке ажиллуулж байхад шөнийн 23 цаг 40 минутын орчимд урьд манайхаар үйлчлүүлж байсан Галаа, найз гэх 3 залуугийн хамтаар орж ирсэн. Нэг нь машин барьж яваа гээд уухгүй байсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед Тэнүүн гэх залуу 4-лээ караокед орж ирсэн...залуучууд дуулаад ууж байсан...Галаа Тэнүүнтэй юм ярина гээд хамт гараад урд урдаасаа тулж зогсоод хэрүүлийн маягтай яриад, би хажууд нь хараад зогсож байхад Тэнүүнтэй хамт явж байсан нөгөө 3 найз нь караокеноос гарч ирсэн...Тэнүүнтэй хамт явж байсан USA гэсэн бичиглэлтэй хар цамц өмссөн саравчтай малгайтай залуу Галааг гараараа хальт цохисон ба зодоон эхэлсэн. Нийлээд Галаа руу 4-үүлээ дайрсан. Галаагийн найз бид 2 тэднийг салгасан...гэх мэдүүлэг, /1х, хх-44/,  

- С.Лхагважаргалын хохирогчоор өгсөн:... Би 2017 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө “Х” пабыг ажиллуулж байсан...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн байгаа...гэх мэдүүлэг /2х, хх-62-63/, 

- Б.Галмандахын гэрчээр өгсөн:...Тэнүүнтэй маргалдаж байтал хажуунаас нэг залуу нь гараараа намайг цохих үйлдэл хийсэн. Нэг залуутай нь барилцаад автал тал талаас намайг цохиж эхэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-50/,   

- Б.Галмандахийн хохирогчоор өгсөн... цээж, нуруу, шилбэний цус хуралт гэмтэл ноцолдож, зууралдаж байхад үүссэн гэмтэл, хэн яаж учруулсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /2х, х-64-65/,    

-  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл; -03:35:37-03:38:19 секундэд караокений өрөөнөөс Тэнүүн Галмандахыг хүзүү хэсгээр нь гараараа тэврэн гарч ирээд шалан дээр унав. Тэнүүнийг Одхүү болон ногоон өнгийн S гэх бичиг бүхий хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн цамцтай залуу /цаашид Базарваань гэж тэмдэглэлд тусгахаар тогтов/ нар араас нь татаж Галмандахаас салгав. Тэнүүн босч ирсэний дараа дахин Галмандахыг шалан дээр хэвтэж байхад нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдэл хийж байв. Базарваань Галмандахыг шалан дээр хэвтэж байхад дээрээс нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөв. Галмандах босч ирж цээжин биеэрээ өмсөж явсан хар бараан өнгийн судалтай цамцаа тайлан бусад руу дайрч давшлах үйлдэл хийж байв. Галмандахыг босч ирсний дараа Өлзийхутаг гурван удаа хөлөөрөө өшиглөх үйлдэл хийв...гэх /2х, хх-58-59/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

   Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” /Икс/ нэртэй караокед иргэн Б.Одхүүг шатны уруу тийрэн унагаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...     

-  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: 03:38:20 секундэд Өлзийхутаг нь Одхүүг баруун хөлөөрөө нэг удаа тийрч байв. Одхүү нь шатны уруу унав...гэх /1х, хх-248-250, 2х, хх-58-59/,

-  шүүгдэгч Өлзийхутаг мөрдөн байцаалтад өгсөн:...миний уур хүрээд тэр залууг жийх гэж байсан чинь андуураад найзыг нь жийгээд шатнаас унагачихсан. Уг нь тэр унадаг залуу бол ямар нэгэн зодоон цохион хэрүүл маргаан хийгээгүй...гэх мэдүүлэг /1х, хх-124, 2х, хх-72-73/,

- шүүгдэгч М.Тэнүүн мөрдөн байцаалтад өгсөн:...нэг хартал Галмандахтай явж байсан Одхүү /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу шатны дор унасан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-135-137, 2х, хх-68-69/,

- гэрч Б.Галмандахын мөрдөн байцаалтад өгсөн:...миний хажууд байсан найз Одхүүг нэг хөл орж ирээд өшиглөөд унагаасан...гэх мэдүүлэг /1х, хх-50-52/, 

- гэрч Б.Хадбаатарын:... Энэ үед нөгөө өшиглүүлсэн залуу нь шат руу унасан. Би ардаас нь бууж очиход өшиглүүлсэн залуу ухаангүй хэвтэж байсан, толгойноос нь цус гарсан байсан санагдаж байна..Уг нь тэр өшиглүүлдэг залуу хэрүүл зодоонд оролцоогүй...гэх мэдүүлэг /1х, хх-42/,

- гэрч С.Лхагважаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...тэд нилээн ноцолдож байгаад намжихаар нь би “та нар ингээд салахгүй бол би цагдаа дуудлаа” гэж хэлээд тэк рүү очоод гар утсаа аваад гарч ирэхэд...Галаагийн найз нь цус их гарсан шалан дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-45-46/ ,

- хохирогчийн төлөөлөгчийн:...Намайг очиход Одхүүг сэхээнд орсон байгаа гэж хэлсэн. Толгойны ар хэсгийн суурь яс хугарсан, тэр хэсэгтээ цус харвалттай, цус алдсан гэсэн, эрчимт эмчилгээний тасагт одоо ухаангүй эмчлэгдэж байгаа....гэх мэдүүлэг /1х, хх-34-36/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7529 дугаартай:...Б.Одхүүгийн биед суурь яс хамарсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины хатуу доорх цусан хураа, тархи, доргилт, уруулд шарх, уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /1х, хх-55/,

- шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1х, хх-56-57/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотдлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Өийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, 

шүүгдэгч Г.Ө, М.Тэнүүн, Ч.Бнарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Г.Ө, М.Тэнүүн, Ч.Бнар бүлэглэн үйлдсэн танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн тухайд тэд гэмт санааны хувьд нэгдмэл байдлаар хохирогч Б.Галмандахад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ингэхдээ олон нийтийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй, догшин авирласан гэмт санааны агуулга, чиглэл, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө “нийгмийн хэв журмыг зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул тухайн гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.     

Шүүгдэгч нар бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн явцад шүүгдэгч Г.Ө нь Б.Одхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зөрчиж гүйцэтгэж үйлдсэн болох нь тогтоогджээ.   

С.Лхагважаргал нь “Х” нэртэй караоке ажиллуулахдаа хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн  нь шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал болохгүй, мөн шүүгдэгч Г.Ө нь хохирогч Б.Одхүүг зодоход Б.Галмандахтай андуурсан эсэх нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүйг тус тус дурдах нь зүйтэй.   

Дээр дурдсан үндэслэл, нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай шүүгдэгч Г.Ө  нарын өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй.      

 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх талаар:    

2015 оны Эрүүгийн хуулиар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ багассан байх тул шүүгдэгч Г.Өт холбогдох тухайн бүх гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх үндэслэлтэй.   

 Шүүгдэгч М.Тэнүүн, Ч.Бнарт холбогдох танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулж болох хорих ялын доод хэмжээ багассан, хорих ял оногдуулахгүй байх боломжтой ба тухайн шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй талаар санал хүсэлт гаргаагүй болно.

Хохирол төлбөрийн тухайд:   

Хохирогч Б.Одхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 4.294.761 төгрөг  /1х, хх-186-189, 2х, хх-11-23/ нэхэмжилсэн, шүүгдэгч Г.Ө 1.750.430 төгрөгийн эм тариа авч өгсөн /1х, хх-229-247/, 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/, М.Тэнүүн, Ч.Бнар 800.000 төгрөг /2х, хх-23/ тус тус төлж барагдуулсан гэх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.         

Шүүгдэгч нарын хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал  

Шүүгдэгч нар ял шийтгэлгүй /1х, хх-162, 164, 173/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                  

Бусад асуудал  

Шүүх шүүгдэгч Г.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, харин тухайн шүүгдэгчид торгох ял оногдуулахад харгалзах шаардлага хангагдахгүй, хохирогчид учирсан гэм хор бүрэн арилаагүй зэрэг байдлууд байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хүнд гэмт хэрэгт нь торгох ял”-ын тухай саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.    

Харин шүүгдэгч Ч.Базарваань, М.Тэнүүн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. 

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ө нь 2017.06.08-с /1х, хх-80, 84/ эхлэн 2017.06.22-ны өдрийн байдлаар 14 хоног, шүүгдэгч М.Тэнүүн нь 2017.06.08-с /1х, хх-100, 104/ эхлэн 2017.06.14-ний /1х, хх-105/ өдрийн байдлаар 6 хоног, шүүгдэгч Ч.Бнь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Г.Ө, М.Тэнүүн, Ч.Бнарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Г.Өийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Шүүгдэгч Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  шүүгдэгч Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д  зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Өийн эдлэх 3 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Өийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Тэнүүн, Ч.Бнарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Тэнүүн, Ч.Бнарт оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.    

8. Шүүгдэгч М.Тэнүүн 14 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ч.Бцагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.   

9. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Г.Өийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.      

11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Өт авсан цагдан хорих, шүүгдэгч М.Тэнүүн, Ч.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР