| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2023/0956/3 |
| Дугаар | 128/ШШ2024/0769 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* ХХК,
Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо,
Маргааны төрөл: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны хэрэглэгчийг шилжүүлж, холбогдох зохицуулалт хийсэн тогтоолыг хууль бус хэмээн хүчингүй болгуулахаар маргасан хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тоот Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх, холбогдох зохицуулалт хийх тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаар тогтоолоор нэхэмжлэгч Т******* ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заасан Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон.
2.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо /цаашид Зохицуулах хороо гэх/ нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот албан бичгээр Т******* ХХК-д тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбогдох материалыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн. Т******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, холбогдох материалыг ирүүлсэн, Зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж,
2.3. Улмаар Зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тогтоолоор Т******* ХХК-ийн хэрэглэгчийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлж шийдвэрлэсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: “Манай компани нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д тус тус заасан үйл ажиллагааг явуулдаг бөгөөд бид энэ хугацаанд холбогдох хууль, журам, тусгай зөвшөөрөлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг зохих ёсоор хангаж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд бидний зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ хугацаандаа хариуцагч байгууллагад гаргасан байсан бөгөөд хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хүсэлтийг үндэслэлгүйгээр буцаасан байдаг. Уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах асуудалтай холбоотой бид тусдаа шүүхээр маргаж байгаа болно.
Гэтэл хариуцагч нь манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа шууд манай харьяалах байр, орон сууц, хэрэглэгчдийг "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-т шилжүүлсэн нь үндэслэлгүй юм. Хууль бусаар манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй байна.
Хариуцагч байгууллага нь маргаан бүхий тогтоолын гол үндэслэлдээ манай компанийг Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбоотойгоор зохицуулалт хийх зорилгоор гэж ".... Т******* ХХК тусгай зөвшөөрөлгүй болсонтой холбоотойгоор тус компанийн үйлчлэх хүрэ******* бүртгэлтэй хэрэглэгчдийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрэ******* шилжүүлж, тооцоо нийлсэн акт үйлдэж, инженерийн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хүлээлцэх, Хэрэглэгчдийн мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосугай. Т******* ХХК-ийн үйлчлэх хүрэ******* бүртгэлтэй хэрэглэгчдийг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрэ******* нэмж, усны үйлчилгээний өр төлбөрийг барагдуулах " гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.2-д "Энэ хуулийн 24.1- д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.", 25.1.1-д "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-т "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах" гэж заасан. Хариуцагчийн хувьд энэ хуульд заасан үүргээ анхнаасаа биелүүлээгүй, хууль зөрчсөн. Хэрэв хариуцагч байгууллага манай компанийн тайлбар, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаарх хүсэлт зэргийг судлан, бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож, шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулж шийдвэр гаргасан бол манай компанийн үйлчлэх хүрэ******* бүртгэлтэй хэрэглэгчдийг өөр байгууллагад шилжүүлж, манай компанийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байхгүй байсан болно.
Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь манай тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй байсан атлаа, мөн шүүхийн маргаантай байхад манай үйл ажиллагааг зогсоож, манайд харьяалагддаг байр, орон сууц, оршин суугчид, хэрэглэгчдийг өөр байгууллагад шилжүүлэн өгч байгаа нь манай компанийг хэрэглэгч, үйлчлүүлэгчгүй болгож, компани тусгай зөвшөөрлийн хүрэ******* үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож, манай компанийн эрх ашиг, сонирхол ноцтой зөрчигдөж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, харьяалах хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдалд байна. Хэрвээ тусгай зөвшөөрөлгүй гэж харьяалах хэрэглэгчдийг шилжүүлэх юм бол дахин тусгай зөвшөөрөл авах боломж байхгүй болно. Тусгай зөвшөөрөл авахын тулд заавал байр, хэрэглэгчтэй байж тусгай зөвшөөрлөө хүсэх үндэслэл бүрдэх болно.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тоот маргаан бүхий Тогтоол нь манай компанийг хэрэглэгч, үйлчлүүлэгчгүй болгож, тусгай зөвшөөрлийн хүрэ******* үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болгож, манай эрх ашиг, сонирхлыг зөрчсөн захиргааны акт мөн юм.
Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тоот Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх, холбогдох зохицуулалт хийх тухай Тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
3.2. Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах хорооны дүрмийг баталж, мөн оны 05 дугаap сарын 30-ны өдрийн 183 тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар тус зохицуулах хороо үйл ажиллагаагаа явуулж эхлэх нөхцөл бүрдсэн.
Тус Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан, хараат бус байгууллага юм.
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т "зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд" гэж хуулиар зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрэ******* заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг ойлгоно.", 1.5 дугаар зүйлийн 8-д “Хуульд заасан тохиолдолд тухайн зөвшөөрлийг хуулийн этгээдэд, эсхүл тодорхой төрөл, хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд, эсхүл Монгол Улсын ирг******* олгоно”, 3.2 дугаар зүйлийн 1.1-д “Эрх бүхий этгээд энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1.2-т “Эрх бүхий этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 18.1 дүгээр зүйлийн 3-т "Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно /3.9-3.22 дэх заалт/" гэж заасан.
Үүссэн нөхцөл байдлын тухайд: Т******* ХХК нь анх тус Зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.27, 12.2.8-д заасан нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан Тус компанид олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусах гэж байсантай холбогдуулан Зохицуулах хороо нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр Т******* ХХК-д "Тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусах тул Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 30-ны дотор холбогдох материалыг бүрдүүлж ирүүлэх"-ийг мэдэгдсэн болно.
Гэтэл тус компани нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана" гэж заасныг зөрчин хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг ирүүлээгүй болно.
Т******* ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл, нөхцөл шаардлага хангасан бичиг баримт, материалыг хуулийн хугацаанд ирүүлээгүй байсаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах өдрийн урд өдөр нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн оройн 16 цаг 09 минутад тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг ирүүлсэн ба маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан тул Зохицуулах хорооны хуралд оруулж, шийдвэрлүүлэх хугацаа Зохицуулах хорооны ажлын албанд байгаагүй болно.
Иймд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т "Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна." мөн Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.4-т "Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн материалаа бүрдүүлж ирээгүй бол гэрчилгэ******* заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар тус компани нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болсон байна.
Хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн Т******* ХХК-ийн 0 тоот албан бичиг болон тусгай зөвшөөрөл сунгуулах материал нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.1-д "зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг"; 3.3-т "хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг" гэж тус тус заасныг хангаагүй болно. Зохицуулах хороо уг баримт бичгийг хүлээн авч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан эсэхийг магадлан шалгахад уг материал нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй, мэргэжилтэй ажилчдын мэдээлэл зөрүүтэй, санхүүгийн тооцоолол буруу хийгдсэн байсан. Энэ тухай Зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00 тоот албан бичгээр буцааж тус компанид мэдэгдсэн. Тус компани мэдэгдэл хүлээн авснаас хойш 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, холбогдох материалыг засаад дахин ирүүлсэн. Зохицуулах хорооны ажлын алба уг хүсэлт, бичиг баримт материалуудыг хүлээн авч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаж буй эсэхийг газар дээр нь хяналтын хуудсаар шалгахад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй болно. Энэ тухай тэмдэглэл үйлдэж, тус компанийн захирал Ж.Д*******м*******, ерөнхий нягтлан бодогч Д.Ц*******-******* нарт танилцуулан гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Тус Зохицуулах хороо 2023 оны 10 дугаар сарын 30-ны 02/140 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн ямар нөхцөл шаардлагуудыг хангаагүй талаар тодорхой тусгасан, хариуг дахин хүргүүлсэн болно.
Шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;" гэж заасан байдаг. Иргэний энэ эрхийг хангах үндсэн нөхцөлийн нэг нь баталгаат ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ эрхийг хангуулах үүргийг хариуцан хөрөнгө оруулалтыг хийдэг бөгөөд төрийн өмнөөс энэ үүргийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцан гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зүй ёсны монополд хамаардаг.
Монгол Улс бусад улс орны жишгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын зүй ёсны монополь үйл ажиллагааг хязгаарлах, зохицуулах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хуулийн дагуу салбарын зохицуулалтыг хариуцуулахаар тус Зохицуулах хороог байгуулаад 10 жил гаруй хугацаа өнгөрч байна.
Т******* ХХК нь тусгай зөвшөөрөлтэй байх хугацаандаа хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон тухай гомдол хэрэглэгчдээс нь удаа дараа ирж байсан билээ. Тус Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 болон 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрэ******* шийдвэрлэх чиг үүрэгтэй тул хэрэглэгчийн гомдлыг судалж тухай бүр шийдвэрлэсэн. Жишээлбэл:
Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны сууц өмчлөгчдийн холбооноос 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгээр тус компани нь утсаа авдаггүй, ус алдаад байхад ирдэггүй, диспетчер байхгүй, 2 засварчин нь утсаа авдаггүй оршин суугчид ус алдсанаас шалтгаалан бүтэн 19 цаг усаа хаалгасан, үйлчилгээ нь хангалтгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. Уг гомдлыг шийдвэрлэхээр Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад хэрэглэгчийн гомдол үнэн бодитой байсан. Т******* ХХК нь хотхонд ажлын байр байхгүй, 2 засварчин нь 24 цаг тасралтгүй ажилладаг, зарим үед амраад явах үед нь орлож ажиллах засварчин байхгүй байсан. Ийм учраас хэрэглэгчдийн гомдлыг барагдуулж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаж ажиллах талаар тус компанид 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч үүрэг даалгаврын биелэлтийг тус Зохицуулах хороонд ирүүлээгүй байна.
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СӨХ-оос 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6 тоот албан бичгээр Т******* ХХК нь дуудлага хүлээн авах диспетчер байхгүй, байцаагч нар нь хувийн утсаар дуудлага авч цааш нь дамжуулах замаар ажлаа гүйцэтгэдэг, айл өрхүүдийн тоолуурын заалтыг таамгаар бичдэг, шугам хоолойн засварын ажлаа хийдэггүй хаалтууд барихаа больсон, шугам солиулах материалаа авч өгөөд байхад завгүй гээд сольж өгөөгүй, бохир их үнэртдэг гэх мэт гомдлыг ирүүлсэн. Тус Зохицуулах хороо уг гомдлын дагуу СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Т, Т******* ХХК-ийн захирал Ж.Д*******м*******, нягтлан бодогч Д.Ц*******-******* нарыг байлцуулан газар дээр нь шалгахад тухайн хэрэглэгчийн гомдол үнэн байсан тул тус компанид зөрчил дутагдлаа арилгах тухай 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00 тоот албан бичгээр үүрэг даалгавар өгсөн боловч үүрэг даалгаврын биелэлтийг заасан хугацаанд ирүүлээгүй.
Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны СӨХ, хотхоны СӨХ- оос 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5 тоот албан бичгээр, Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах СӨХ-оос 2023 оны 09 дүгээр сарын 14-ний 23/16 тоот албан бичгээр Т******* ХХК-ийн үйлчилгээ нь шаардлага хангахгүй байгаа тухай, оршин суугчдаас авсан цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг хангагч байгууллага болох "Ус сувгийн удирдах газар" ΟΗӨΑΑΤΥΓ-т төлдөггүйгээс өр төлбөр үүсгэж, усаа хаалган хэрэглэгчдийг хохироодог тухай гомдлыг ирүүлж байсан болно. Гомдлын дагуу газар дээр нь шалгахад тус компани нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй, хангагч байгууллага болох "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-т усны өр төлбөр үүсгэж, усаа хаалган хэрэглэгчдийг хохироосон байсан. Энэ талаар хангагч байгууллага болох "Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас тодруулахад тус байгууллагаас 2023 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр ирүүлсэн 13/2532 тоот албан бичгийн хавсралтад Т******* ХХК нь Сүхбаатар дүүрэгт байрлах хэсэгт 18,967,497.31 төгрөгийн, Баянзүрх дүүргийн хэсэгт 50,720,889.44 төгрөгийн нийт 69,688,386.7 төгрөгийн өртэй байсан
Ийм шалтгааны улмаас "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-аас тодорхой хугацаанд ус хязгаарлаж оршин суугчдыг хохироосон нь тогтоогдсон.
Тус Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2-д "зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрэ******* Зохицуулах хорооны даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар удирдамжийн дагуу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын хяналтын улсын байцаагч Ш.Э, Санхүүгийн хяналтын улсын байцаагч Г.Э, Үнэ тариф, судалгааны газрын мэргэжилтэн Д.М нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компанид шалгалт хийхэд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 6 үзүүлэлтийг хангаагүй байсан тул Санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 54-01-03/06 тоот "Улсын байцаагчийн албан шаардлага"-ыг хугацаатай өгсөн. Гэтэл тус компани Зөрчлийн тухай хуулийн 15.2 зүйлийн 11 дэх заалтыг зөрчиж, улсын байцаагчийн албан шаардлагыг үл тоомсорлон зөрчил дутагдлаа арилгахгүй, үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь ирүүлээгүй болно.
Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж тусгай зөвшөөрөлгүй болсны дараа Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах СӨХ-оос 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23/25 тоот албан бичгээр, Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны СӨХ, хотхоны СӨХ-оос 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6 тоот албан бичгээр тус компанийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийг хохироож байсан тул бидний гомдлыг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэж, дулааны тусгай зөвшөөрлийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 555 тоот тогтоолоор цуцалж, "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын ХҮТ-8 салбарт хэрэглэгчдийг шилжүүлсэн. Гэтэл усны тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй тул иргэд төлбөрөө хаана яаж төлөхөө мэдэхгүй 2 байгууллагад салгаж төлбөр төлөх нөхцөл үүсэж хохирч байгаа тухай гомдол гаргасан. Иймд хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад хэрэглэгчдийг шилжүүлэх эсэх асуудлыг Зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. Иймд Зохицуулах хорооны ажлын алба 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа СӨХ-ны гүйцэтгэх захирал Б. Б*******, СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Б*******, Т******* ХХК-ийн захирал Ж.Д*******м*******, нягтлан бодогч Д.Ц*******- ******* нарыг байлцуулан "Сонсох ажиллагаа" зохион байгуулсан. Дээрх сонсох ажиллагааг зохион байгуулсны дараа нь Т******* ХХК-ийн хэрэглэгчид болох Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах СӨХ-оос 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 тоот албан бичгээр, тус хорооны СӨХ-оос 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот албан бичгээр, 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах СӨХ-оос 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот албан бичгээр тус тус Т******* ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь шаардлага хангахгүй, үйл ажиллагаа доголдсон, Эрчим хүчний зохицуулах хороо дулааны тусгай зөвшөөрлийг цуцалж, ХҮТ-8 үйлчилгээг шилжүүлсэн байгаа тухай болон усны тусгай зөвшөөрлийг ХҮТ-8 салбарт яаралтай шилжүүлэх агуулга бүхий гомдлыг тус Зохицуулах хороонд ирүүлсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайд:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь өндөр өртөг бүхий дэд бүтцийн шугам, сүлжээгээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах амаргүй үйл ажиллагаа байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм.
Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж тусгай зөвшөөрөлгүй болсонтой холбоотойгоор тус компанийн хариуцаж байсан орон сууцны оршин суугчдын төлөөлөл болох дээр дурдсан Сууц өмчлөлийн холбоодын хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор ямар байгууллагад хариуцуулах талаар Зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хүрэ******* ус хангамж, ариутгах татуургын болон хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээг цогцоор нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцаж, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цэвэр, бохир ус, хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээний төлбөр төлөхөд ойлгомжтой хялбар байх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нийтийн эрх ашиг буюу Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 29 байрны 1927 айл өрх, 130 аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тогтоолыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан чиг үүрэг, 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5-т заасан бүрэн эрхийн хүрэ******* батлан гаргасан болно.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр “хэрэглэгчийг шилжүүлэх, холбогдох зохицуулалт хийх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар "Зохицуулах хороо нь уг хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтийн аж ахуй эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Нэхэмжлэгч Т******* ХХК нь Зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заасан нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх, тодруулбал “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгааг, сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2023 оны 8 дугаар сарын 30-аас өмнө гаргах шаардлага тавигддагийг Зохицуулах хороо 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр Т******* ХХК-д мэдэгдсэн байна.
Гэтэл Т******* ХХК хуулиар ийнхүү тогтоосон хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй, уг хугацаа дууссанаас хойш 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 09 минутад буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрийн өмнөх ажлын өдрийн ажлын цаг дуусахтай зэрэгцэн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг ирүүлсэн нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана" гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон сунгуулах хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн байна.
Улмаар энэ нь Зохицуулах хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгах, хорооны гишүүдэд танилцуулах зэрэг хуралд оруулж, шийдвэрлүүлэх процессын боломжит хугацаа Зохицуулах хорооны ажлын албанд байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Учир нь Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т зааснаар хуралдаанаар шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд хэлэлцэх асуудлыг урьдчилан тогтоох, хорооны гишүүдэд материалыг танилцуулах зэрэг тодорхой дэгийн шаардлагыг хангуулах боломжгүйд хүргэсэн байна.
Иймд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т "Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.", мөн Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.4-т "Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн материалаа бүрдүүлж ирээгүй бол гэрчилгэ******* заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар тус компани нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болсон байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг ирүүлэх хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлснээс гадна ирүүлсэн материал нь нөхцөл, шаардлагыг хангасныг нотолсон баримт бичиг бүрдүүлээгүй талаарх, тухайлбал “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй, мэргэжилтэй ажилчдын мэдээлэл зөрүүтэй, санхүүгийн тооцоолол буруу хийгдсэн” зэрэг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл тогтоогдсоныг хариуцагч тайлбарладаг бөгөөд Зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/100, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/140 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж буцаасан мэдэгдэлд холбогдуулан, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар тус компани шүүхэд нэхэмжлэл гарган маргасан ч эцэст нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 367 дугаар захирамжаар ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, үүсгэн шалгасан тухайн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэртэй цаашид маргаагүй, маргах эрхээсээ татгалзжээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4. цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.5. орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.6. ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.7. бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.8. бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “хэрэглэгчдийг шилжүүлэхгүй” хэмээн маргасан шаардлагын үндэслэл нь тэрээр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага байна.
Гэтэл ийнхүү нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал үгүй болсон тул тус компанийн хариуцаж байсан орон сууцны оршин суугчдын эрх ашгийг төлөөлж Сууц өмчлөгчдийн холбоод хүсэлт гаргаснаар Зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж дүгээр тогтоолоор нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 29 байрны 1927 айл өрх, 130 аж ахуйн нэгж, байгууллагын “ус хангамж, ариутгах татуургын болон хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээ”-г цогцоор тусгай зөвшөөрөлтэй өөр этгээдэд шилжүүлэн холболт хийсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан тухайн нутаг дэвсгэрт хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэг, 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан ... тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргах, 10.1.4-т заасан ... тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, 10.1.5-д заасан ... тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрэ******* шийдвэрлэх, 10.1.6-д заасан ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах нөхцөл шаардлага тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх, 10.1.12-т заасан ... хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох бүрэн эрхийн хүрэ*******, 12 дугаар зүйлийн 12.1-д ... Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ хэмээн заасанд бүрэн нийцжээ.
Өөрөөр хэлбэл “ус хангамж, ариутгах татуургын болон хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээ”-г тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломжгүй, нөгөө талаас хэрэглэгчдийг хангагч байгууллагатай холбож зохицуулалт хийх замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчид хууль бусаар зөрчигдсөн гэх субьектив эрх тогтоогдсонгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4, 10.1.5, 10.1.6, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр “хэрэглэгчийг шилжүүлэх, холбогдох зохицуулалт хийх тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай Т************* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА