Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, хохирогч Б.Э, шүүгдэгч Х.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х.О-д холбогдох эрүүгийн 1721000630070 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд хотод ..... оны .... сарын ....-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ............түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2014 оны 6 сарын 16-ны өдрийн 7А  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2016 оны 4 сарын 06-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 сарын 03-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 41 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн хасч 1 жил 4 сар 26 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлж 2017 оны 7 сарын 03-ны өдөр суллагдсан, ............... регистрийн дугаартай, Х  овогт Х.О.  

 Шүүгдэгч Х.О нь 2017 оны 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 13-10 тоотод оршин суух хохирогч Б.Э-ийг хуурч 600000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй,үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

  Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 сарын 6-ны шөнө таксинд явж байгаад 2 цаг өнгөрч байхад 2 дугаар байрны зогсоолоос Одхүү миний машинд сууж явсан. Тухайн өдөр Одхүү Бунхан ороод дараа нь залуус хороолол дээр буусан. Тэгэхэд анх Одхүүтэй танилцаж байсан. Тэр үед Одхүү өөрийгөө танилцуулахдаа аавыгаа 320-р ангийн захирагч, ээжийгээ зүрхний эмч, өөрийгөө банкны теллер хийдэг. Манай гэр энд байдаг гээд залуус хороололд хүргүүлж буусан. Тэгээд 7 сарын 11-ний өдөр Одхүү нь надаас мөнгө байвал 300000 төгрөг өгөөч гэж гуйхаар нь би банкинд ажилладаг гэхээр нь итгээд өгсөн. Тэгээд 7 сарын 12-ны өдөр дахиад 300000 төгрөгийг нэмж авсан. Тухайн үедээ надаас мөнгө зээлж авахдаа “баяр болж байгаа тул банк хаасан, виза карт байхгүй тул данснаасаа мөнгөө авч чадахгүй байна” гэж тайлбарласан. Тэгээд сүүлдээ худлаа хэлээд байх шиг байхаар нь хүнээс сурагласан чинь залилан мэхлэгч Одхүү гэж энэ хүн нь саяхан шоронгоос гарсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд би О-ээс мөнгөө нэхэхэд “юун сүртэй юм, жаахан мөнгө байхад сүржигнээд байх юм, хүүхнүүд ингээд залилуулжил байдаг ш дээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзахаа больчихсон. Одоо О-ээс 600000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

   Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрдэнэцэцэг надад найз нь саяхан нэг залуутай танилцсан юм. Гэтэл энэ хүн маань 2017 оны 7 сард шоронгоос гарч ирсэн хүн байсан юм билээ. Одоо тэр хүн намайг айлгаж дарамтлаад гадуур таксинд явах гэхээр энд тэнд араас машинаар дагаж ирээд дарамтлаад байна. Найзаас нь 600000 төгрөг залилж аваад одоо өгөхгүй, дээр нь намайг айлгаж дарамтлаад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/

-Шүүгдэгч Х.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 118-119/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 13-10 тоотод оршин суух хохирогч Б.Э-ийг хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 600000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.О-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2017 оны 7 сарын 11-ний өдөр түүнээс 30000 төгрөг, 2017 оны 7 сарын 12-ны өдөр дахин 300000 төгрөг аваад наадам дууссаны дараа банк онгойхоор ажил дээрээ очоод мөнгийг чинь өгнө гэж худал хэлээд авсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг нэн даруй барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 28, 118-119/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд 7 сарын 11-ний өдөр О нь надаас мөнгө байвал 300000 төгрөг өгөөч гэж гуйхаар нь би банкинд ажилладаг гэхээр нь итгээд өгсөн. Тэгээд 7 сарын 12-ны өдөр дахиад 300000 төгрөгийг нэмж авсан. Тухайн үед надаас мөнгө зээлж авахдаа “баяр болж байгаа тул банк хаасан, виза карт байхгүй тул данснаасаа мөнгөө авч чадахгүй байна” гэж тайлбарласан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Б, О.Э, Ө.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь өөрийгөө банкны теллер хийдэг, дансанд 14 сая төгрөг бэлэн байгаа банк хаасан тул данснаасаа мөнгө авч чадахгүй байна” гэж хуурч төөрөгдүүлэх замаар хохирогчид итгэл үнэмшил төрүүлж 600000 төгрөгийг 2 удаагийн хууль бус үйлдлээр олж авсан болох нь нотлогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүгдэгч Х.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө бичгээр  илэрхийлж байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж ял оногдуулж өгнө үү гэсан саналыг гаргаж байна.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж, шүүхээр шийтгүүлж байсан болох нотлогдож /шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэх нь түүний хувийн байдалд тохирохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.О-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Х.О-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.О нь хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /шүүгдэгч урд нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.О-ийн .................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч Х.О нь хохирогч Б.Э-т учруулсан гэмт хэргийн шууд хохирол 600000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Э-т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.О-ийн 2018 оны 1 сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон 34 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х,О-г хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Х.О-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Одхүүгийн нь цагдан хоригдсон 34 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-ээс 600000 /Зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ЭНХБААТАР