| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2023/0021/Э/203/2023/0024 |
| Дугаар | 2023/ДШМ/28 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/28
А.Самбууд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнхдөл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/....... дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.Самбууд холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
.......овгийн ......., 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт амьдардаг, ....... аймаг, .........д сум, 7 дугаар баг, ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, регистрийн дугаар ..........,
Шүүгдэгч А.Самбуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын ....... тоотод байрлах иргэн Н.Батмагнайн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл шүүгдэгч А.Самбуугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Түлээч овгийн Алтанзулын Самбуугийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Самбууг цагаатгаж, шүүгдэгч А.Самбууд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Шүүгдэгч А.Самбууд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч А.Самбуу нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Н.Батмагнай 1.000.000 төгрөг нэхэмжилсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Цагаатгах тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Батмагнай нь /хх-ийн 19-р хуудсанд/ “...2022 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Оюутын 7-14 тоотод байрлах манай үйлчилгээний төвийн барилгын том цонхыг хагалсан байсан. ...180:200 см харьцаатай цонх байсан. ...1400000 төгрөгийн үнээр авч байсан. 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос авч байсан...” гэж, /хх-ийн 33-р хуудсанд/ “Уг цонхыг тухайн үед нь шинээр сольсон.
Уг цонх нь голдоо ямар нэгэн тасалгаа байхгүй нэг ширхэг үргэлж том цонх байсан. Уг цонх бүхэлдээ хагараад авах юмгүй болчихсон байсан учраас би өөрөө дахиж мөнгө гаргаад уг цонхны шилийг Улаанбаатар хотоос захиалж аваад сольсон. Надад одоо 1.000.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэж мэдүүлсэн ба гэрч Ж.Баяржаргал нь /хх-ийн 106-108-р хуудсанд/ “...Манай барилгын зүүн талаасаа хоёр дахь цонхны голын том шилний гадна талын шил нь баруун хэсэгтээ төө хэрээний газарт хагараад бүх тийшээ цацраад уг шил дахин ашиглах боломжгүй болсон байсан. ...Тухайн үед шилний хагархай хэсэг дунд буюу цонхны гадна доод хэсэгт 3 см орчим өргөн 6-7 см урт хар саарал өнгийн хавтгай чулуу хэвтэж байсан. ...уг газарт тийм чулуу бол байх үндэслэл байхгүй учраас бид нар уг чулуугаар хагалсан байна гэж бодож байгаа юм. ...уг цонхыг суурилуулаад 3-4 хоног болж байсан. Уг цонхыг хийлгэхийн тулд бараг 2 сарын өмнөөс захиалж хүлээж байж хийлгэсэн. Уг цонхыг Тодой гэх .........дугаарын утастай хүнд захиалсан. Уг хүн Даланзадгад суманд вакум цонхны үйлдвэртэй, манайх уг хүнд захиалахдаа энгийн цагаан өнгийн цонх хийлгэхгүй бор хүрээтэй цантахгүй, дуу тусгаарлагчтай тоос шороо орохгүй стандарт цонх хийлгэнэ гэж захиалахад уг хүн Улаанбаатар хотод хийнэ. Манай аймагт уг цонхыг хийх боломжгүй, хийдэг газар байхгүй гэж хэлсэн. Тэгээд Тодой Улаанбаатар хотод хийлгээд зуучлаад өгнө болно гэхээр нь Тодой гэх хүнээр зуучлуулаад хийлгэсэн. Тухайн үед хоёр ширхэг цонх захиалахад 2.300.000 төгрөг болсон. ...Тэгээд 2 ширхэг цонхыг 1800000 төгрөгөөр хийлгэхээр болж Тодой гэх хүний дансанд 1800000 төгрөг шилжүүлээд цонхоо авсан. ...Уг хагарсан цонхыг ашиглах боломжгүй учраас авч хаясан. Тэгээд оронд яг ижил шил захиалах гэсэн чинь аймагт байхгүй байсан. Тэгээд хэрхэн яаж хийх талаар Тодойгоос асуухад цонхоо дахиж салгаад Улаанбаатар хотод уг цонхыг хийсэн газарт очиж хийлгээд вакумжуулна өөр боломж байхгүй гэсэн. Тэгээд тухайн үед манайх ашиглалтанд ороод үйл ажиллагаа явуулж эхэлсэн болохоор Тодойгоос энгийн нимгэн шилийг 230.000 төгрөгөөр худалдаж авч хийсэн. Уг шил нь өмнөх хагарсан шилнээс нимгэн чанаргүй шил байгаа. Мөн вакумжуулаагүй зүгээр л шил аваад хийсэн гэсэн үг...” гэж мэдүүлсэн байна.
Гэрч Д.Баттогтох нь /хх-ийн 110-111-р хуудсанд/ “...Ж.Баяржаргалд бор өнгийн рояал материалаар хоёр ширхэг вакум цонхыг 1.900.000 төгрөгөөр хийж өгсөн. Нэг цонхыг нь 950.000 төгрөгөөр хийж өгсөн. Уг цонхны хүрээ нь бор өнгийн рояал гэх энгийн цагаан хүрээнээс арай үнэтэй материалаар хийгдсэн.
..Шилнүүдийн зузаан нимгэнээс хамаарч үнэ нь янз бүр байдаг. ...Ж.Баяржаргалын манай үйлдвэрт хийгдсэн цонхны хагарсан шилний үнэ бол 1м2 нь 200000 төгрөгийн үнэтэй байсан. ...Тухайн үед надтай яриад би хямдралтай хийгээд өгчихий гээд 260000 төгрөгөөр дан шилний мөнгийг нь аваад ажлын хөлс авалгүй шилийг нь хийж өгч байсан.
Уг цонхыг вакумжуулаагүй зүгээр шилийг нь хийж өгч байсан. Тухайн үед 4 мм зузаантай шил хийж өгч байсан. ...Ж.Баяржаргалын хийлгэсэн цонхны шилээр бодож үзвэл дан шил нь 350.000 төгрөгийн үнэтэй болно. Уг цонхны шилийг дахиж анхны байдалд нь оруулж вакумжуулахын тулд цонхыг дахиж салгаж үйлдвэрт аваачаад засварлаж анхны байдалд нь оруулж вакумжуулах ажлын хөлс нь 50-60 мянган төгрөг болно.
Уг цонхны шилийг бол дангаар нь солих боломжгүй, дангаар нь солихоор анхных шиг бүрэн вакумжихгүй амархан хагардаг учраас хоёр шилийг нь давхраар нь сольдог...” гэж мэдүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Н.Батмагнай, гэрч Ж.Баяржаргал нар нь Даланзадгад сумын Оюутын ........ тоотод байрлах манай үйлчилгээний төвийн барилгын том цонхыг Улаанбаатар хотоос иргэн Д.Баттогтохоор дамжуулан бор хүрээтэй цантахгүй, дуу тусгаарлагчтай тоос шороо орохгүй, вакумжуулсан стандарт цонхыг 1900000 төгрөгөөр анх захиалж хийлгэсэн байх ба тухайн гэмт хэргийн улмаас хагарсан цонхыг Улаанбаатар хотод хийлгэх боломжгүй учраас Д.Баттогтохоор хагарсан шилнээс үнэ хямд, вакумжуулаагүй шилийг 260000 төгрөгөөр ажлын хөлс оруулалгүйгээр хийж өгсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шалгах тогтоохоор хуульчилсан байх ба мөрдөн байцаалтын шатанд “Хас үнэлгээ” ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй үндэслэлээр “Дамно” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...4 мм зузаантай 1x1,4 мм вакум цонхны хатаасан шил 350.150 төгрөг...”-өөр үнэлэгдсэн ба гэрч Д.Баттогтохын: “...Ж.Баяржаргалын хийлгэсэн цонхны шилээр бодож үзвэл дан шил нь 350.000 төгрөгийн үнэтэй болно. Уг цонхны шилийг дахиж анхны байдалд нь оруулж вакумжуулахын тулд цонхыг дахиж салгаж үйлдвэрт аваачаад засварлаж анхны байдалд нь оруулж вакумжуулах ажлын хөлс нь 50-60 мянган төгрөг болно...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Гэтэл шүүхээс гэмт хэргийн улмаас хагарсан анхны цонхны үнийг харгалзан үзэлгүйгээр гэрч Д.Баттогтохын сүүлд нь дахин сольсон чанар муутай, нимгэн, вакумжуулаагүй цонхны үнэ болох 260.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс томилсон “Хас үнэлгээ” ХХК- ний 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Вакум цонх 1.000.000 төгрөг...”-өөр үнэлэгдсэн.
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/........ дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаанд хойшлуулсан ба мөрдөгчөөс дахин шинжээч томилж “Хас үнэлгээ” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Вакум цонхны шил 330.000 төгрөг...”-ийн үнэлгээ тогтоогдсон.
Хэрэгт хяналт тавьж байгаа прокуророос “Хас үнэлгээ” ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй үндэслэлээр “Дамно” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...4 мм зузаантай 1x1,4 мм вакум цонхны хатаасан шил 350.150 төгрөг...”-өөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байх ба шүүхээс “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .......... дугаартай шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа болон нотлох баримтаар тооцохгүй талаараа цагаатгах тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь нотлох баримтаар тооцох, тооцохгүй болох нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж хуульчилсан ба Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай цагаатгах тогтоол нь хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолд Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 сарын 27-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Тухайлбал цагаатгах тогтоолын 9 дүгээр хуудсанд “...1000000 төгрөгийн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт гарсан ба эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг гарсан газарт хэргийн үзлэг хийгээгүй орхигдуулсан, зөрчлийн хэрэг үүсгэн шалгах явцдаа хохирогчийн аман мэдүүлгээр гар зураг зурсан нь хагарсан цонхны бодит байдлаас зөрүүтэй, тасалгаагүй нэг том цонх мэтээр гар зураг зурсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байх бөгөөд хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж, таамаглалд үндэслэн нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шинж тогтоогдож байна..." гэж дүгнэсээр байхад прокуророос тус шинжээчийн дүгнэлтийн талаар дүгнэлт хийгээгүй гэж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна.
А.Самбууд холбогдох шүүх хурал нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон бөгөөд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хангалтгүй /хагарсан цонхны фото зураг байхгүй, хэмжээс зөрүүтэй, гар зураг нь хангалтгүй/, хэргийн газрын үзлэгт тулгуурлаж гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан тул тус шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчийн зүгээс хэргийн газарт үзлэг хийлгэх санал гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулж хэргийн газарт үзлэг хийсэн.
Тус шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй бөгөөд хэргийн газар буюу хохирогчийн гэрт үзлэг хийх талаар мэдэгдэж очиход хохирогч энэ талаар мэдсэн атлаа утсаа унтраан ирээгүй. Хохирогч Н.Батмагнай нь мэдүүлэгтээ 180:200 см харьцаатай цонх байсан, 1400000 төгрөгийн үнээр авч байсан. 8 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос авч байсан. Уг цонх нь голдоо ямар нэгэн тасалгаа байхгүй, нэг ширхэг үргэлж том цонх байсан.
Уг цонх бүхэлдээ хагараад авах юмгүй болчихсон байсан учраас би өөрөө дахиж мөнгө гаргаад уг цонхны шилийг Улаанбаатар хотоос захиалж аваад сольсон. Надад одоо нэг сая төгрөгний хохирол учраад байна... ” гэж мэдүүлсэн байдаг.
Мөн хавтаст хэргийн 17 дахь талд Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “...200:180 см хэмжээтэй цонхны дунд хэсэгт гаднаас дотогш ..." гэж тусгагджээ. Гэтэл хэргийн газрын үзлэгээр цонх нь 5 тасалгаа бүхий, хагарсан гэх голын тасалгааны хэмжээ 100:150см хэмжээтэй, цонхны дан шил хагарсан болох нь тогтоогдсон бөгөөд цонхны бүтэн хэмжээ нь ч 180:200 см хэмжээнээс зөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Ингээд шүүхээс шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж тус хугацаанд эвдэрсэн гэмтсэн гэх 100:150 см цонхны шилний зах зээлийн бодит үнэлгээ тогтоох, тусгай мэдлэгийн шинжээч эсхүл мөрдөгчийн магадлагаа зэргээр цонхны шилний онцлог шинж чанарыг тодорхойлуулах зэрэг ажиллагааг хийж хэргийн бодит байдлыг тогтоон хэргийн зүйлчлэлийг зөв хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн.
Тухайн бүх шатуудад прокурор өөрөө оролцож байр сууриа илэрхийлж явсан мөн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаас нотлох баримт шинжлэн судлуулахдаа мэдүүлгийн нотлох баримтуудаас гадна зөвхөн “...Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ..."- ийг /xx-137-р хуудас/ шинжлэн судлуулсан ба улсын яллагчийн дүгнэлтдээ ч 1000000 төгрөгийн үнэлгээний талаар яриагүй, Дамно ХХК-ийн үнэлсэн 350 150 төгрөгийн үнэлгээний дагуу хохирол учирсан гэж дүгнэсэн.
Харин өмгөөлөгч миний бие энэ хэрэгт гарсан шинжээчийн 3 дүгнэлтийг тус бүрээр нь няцааж оролцсон болохыг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно. Өөрөөр хэлбэл улсын яллагч нь хэргийн газар дээр хийсэн үзлэгээс Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 сарын 27-ны өдрийн ......дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй зөрүүтэй мэдээлэлд тулгуурлаж гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан учраас нотлох баримтаар шинжлэн судлаагүй, дүгнэлтийнхээ үндэслэл ч болгоогүй байна.
Мөн прокурорын эсэргүүцэлд “...шүүхээс гэмт хэргийн улмаас хагарсан анхны цонхны үнийг харгалзан үзэлгүйгээр гэрч Д.Баттогтохын сүүлд нь дахин сольсон чанар муутай нимгэн вакумжуулаагүй цонхны үнэ болох 260000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна...” гэжээ.
Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар сольсон шил нь чанар муутай нимгэн вакумжуулаагүй цонх гэж тодорхойлоогүй, тогтоогоогүй. Иймд зөвхөн хохирогчийн мэдүүлгээр дүгнэх боломжгүй.
Хохирогчийн мэдүүлэг нь шүүх хуралдааны үеэр хийсэн хэргийн газрын үзлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдсан. Тухайлбал хохирогчийн гол хэлдэг зүйл нь дуу чимээ тусгаарладаг, цантдаггүй, вакумжуулсан цонх хийлгэсэн гээд цонхоо хотод хийлгэсэн гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх хуралдаан хойшилсон дараа хохирогчийн эхнэр гэрч Баяржаргал, цонх хийсэн гэх гэрч Баттогтох нар нь цонхыг Өмнөговь аймагт хийсэн болж таарсан.
Мөн үнэлгээний хувьд хохирогч анх цонхоо 1500000 төгрөгөөр хийсэн гэж мэдүүлээд, шинжээчийн дүгнэлт гарсны дараа 1000000 төгрөгөөр хийсэн болоод, хохирогчийн эхнэр гэрч Баяржаргалын мэдүүлгээр 1800000 төгрөгөөр хийлгээд 230000 төгрөгөөр шилүүлсэн болоод цонх хийсэн гэх гэрч Баттогтохын мэдүүлэгт 2 цонхыг 1900000 төгрөгөөр, нэг цонхыг 950000 төгрөгөөр, дан шилийг 260000 төгрөгөөр хийж өгсөн гэж мэдүүлжээ.
Тэгэхээр хохирогчийн мэдүүлснээр дуу тусгаарлагчтай, цантдаггүй тусгай шил байсан гэхэд эргэлзээ төрж байна. Хохирогч ашиг хонжоо хайлгүйгээр бодит хохирлоо үнэн зөвөөр мэдүүлж, хохирлын баримтаа гаргаж өгсөн бол ийм маргаан гарахгүй байсан.
Хэргийн газрын үзлэгээр хагарсан болоод хагараагүй шил нь ялгаагүй ижилхэн байсан. Бид бодит байдалд тулгуурлаж бодитой учирсан хохиролд үндэслэх учиртай. Хохирогчийн эхнэр Баяржаргал нь цонхоо 230000 төгрөгөөр шиллүүлсэн.
Харин цонх хийсэн гэх гэрч Баттогтох нь цонхыг 260000 төгрөгөөр шиллэсэн гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан байна.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол хэргийн үйл баримтад бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Сүүлд гарсан нотлох баримтуудад тулгуурлаж цагаатгах тогтоол гарсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хяналтын прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Самбуугийн үйлдэлд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын ...... тоотод байрлах иргэн Батмагнайн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1000000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А.Самбууг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэж цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Хяналтын прокурор Б.Мөнхдөл нь “цагаатгах тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Анхан шатны шүүхийн “шүүх шүүгдэгч А.Самбууг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын ......тоотод байрлах иргэн Н.Батмагнайн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилгын цонхыг хагалсны улмаас бусдад 260000 төгрөгийн хохирол учруулсан.”, “шүүгдэгч А.Самбуугийн үйлдлийн улмаас хохирогч Н.Батмагнайд гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс доош хэмжээний хохирол учирсан болох нь гэрч Д.Баттогтохын мэдүүлэг /хх-ийн 111 дэх тал/-ээр тогтоогдож байна.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилсан тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг гэрч Д.Баттогтохын мэдүүлгийг үндэслэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч А.Самбуугийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, А.Самбууг цагаатгаж шийдвэрлэв.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.
Иймд хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Мөнхдөлийн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Ц.ОТГОНЦЭЦЭГ