Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00063

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00063

 

 

 

 

О.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2020/00121/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч О.******* / онлайн/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* / онлайн/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор О.*******ийн нэхэмжлэлтэй Баруунбүрэн сумын Засаг дарга Г.*******д холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.790.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Очирбатын ******* миний бие 2013.05.06-ны өдөр Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын харьяа зочид буудлын ажилтнаар орсноос хойш 7 дах жилдээ ажиллаж байна. Тус сумын засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.******* гэнэт 2020.03.09-ний өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа хариуцсан эд хогшилдоо хайнга хандсан, зочид буудлын жилийн орлого 1,200,000 төгрөгийг оруулаагүй, цалин хүрэхгүй гэсэн 3 үндэслэлээр ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж аймгийн Засаг даргад өргөдөл хүргүүлсэн юм. ...дээр дурдсан 3 үндэслэлийг үндэслэл болгон О.******* намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг сумын засаг дарга Г.******* 2020.04.15-нд ирүүллээ. ...Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 709060 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, гэнэтийн шийдвэрээс болж сэтгэл санааны цочролд орсон хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...сумын Засаг даргын Тамгын газар тосгоны захирагчийн албаны бүтэц, орон тоо, цалингийн санг баталсан тухай аймгийн Засаг даргын 2015 оны А475 тоот захирамж байгаа. Энэ захирамжийн хавсралтад сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн, орон тоог баталсан байдаг. Энэ орон тоон дотор ахуй үйлчилгээний ажилтан гэсэн орон тоо байхгүй. Цалингийн сан байхгүй. Энэ анх 2013 онд тухайн сумын Засаг даргын захирамж гарахдаа Баруунбүрэн сумын ахуй үйлчилгээний төвийг хариуцсан ажилтан гэсэн нэр томьёолол дээр анх ажилд томилогдож байсан байдаг. Баруунбүрэн суманд ахуй үйлчилгээний төв гэж байхгүй. Энэ нь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх зочид буудал. Анхнаасаа тухайн үеийн Засаг даргын гаргасан шийдвэр цалингийн сан, орон тоотойгоо уялдаагүй буруу шийдвэр байсан гэж би үзэж байгаа. ...аймгийн Засаг дарга дурдахдаа тухайн үедээ сумын Засаг даргын захирамжаар томилогдсон энэ ажилтныг Засаг даргын Тамгын газрын үүрэг гүйцэтгэгч ажлаас чөлөөлсөн тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Ийм учраас эрх бүхий шийдвэр гаргах албан тушаалтны хувьд сумын Засаг даргын захирамж гаргаж энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн байгаа гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Засаг даргын 2020 оны 04-р сарын 15-ны өдөр Б/05 тоот Очирбатын *******ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, О.*******ийг тус сумын ахуй үйлчилгээний төвийг хариуцсан ажилтны /буудлын ажилтны/ ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргаас 1.584,530 төгрөгийг гаргуулж О.*******т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар О.*******т олгох 1.584,530 төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн энэ тухай нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар О.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурсугай,

5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40278 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хангах боломжгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Учир нь: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Ахуй үйлчилгээний төв гэх ямар нэгэн объект байхгүйн зэрэгцээ сумын Засаг даргын Тамгын газар, тосгоны захирагчийн албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/475 дугаар захирамжийн хавсралтад зааснаар манай суманд Ахуй үйлчилгээний төв-ийн ажилтан гэсэн орон тоо, цалингийн сан байдаггүй болохоор энэхүү ажилд эргэж томилох боломжгүй юм.

О.******* нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сумын Засаг даргын захирамжаар Ахуй үйлчилгээний төв-ийг хариуцсан ажилтанаар томилогдон Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахаар шийдвэрлэгдсэн байдаг боловч тухайн үедээ ямар нэгэн гэрээгүйгээр ажиллаж байсан. Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын даргатай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан ажиллаж байсан. О.******* нь ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан буудлын жилийн орлого болох 1.200.000 төгрөгийг сүүлийн жилүүдэд тасалдуулсан, ажпын байран дээр удаа дараа зөрчил гаргаж байсан зэрэг гэрээнд заасан нөхцлийг хангаж ажиллаагүй. Энэхүү нөхцөл байдлыг өөрт нь танилцуулсаны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт анх ажилд орж, зочид буудлыг баригдсан үеэс нь тохижуулж үнэнчээр ажиллаж ирсэн. Манай сумын зочид буудал орлого олох боломжтой боловч дарга нар гаднаас ирсэн хүмүүсийг өөрсдийн зөвшөөрлөөр үнэгүй байлгадаг. Үүнээс болж сард олох орлого багассан. Энэ талаар хэрэгт тайлбараа өгсөн байгаа. Би ямар нэгэн алдаа гаргаагүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм. Хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тухай үндэслэл тодорхой заагаагүй тул ажил олгогчийн тушаал хууль зөрчин гарсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулж ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлыг шүүхэд гаргасан ба хариуцагч нь гомдлын шаардлагыг хуулийн үндэслэлгүй гэж үзэн хариу тайлбар гаргасан тул анхан шатны шүүх дээрхи хэргийг хянан хэлэлцэж О.*******ийн гомдлыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ суманд Ахуй үйлчилгээний төв-ийн ажилтан гэсэн орон тоо, цалингийн сан байдаггүй, О.******* нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сумын Засаг даргын захирамжаар Ахуй үйлчилгээний төв-ийг хариуцсан ажилтанаар томилогдон Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахаар шийдвэрлэгдсэн байдаг боловч тухайн үедээ ямар нэгэн гэрээгүйгээр ажиллаж байсан, Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын даргатай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан ажиллаж байсан, гэтэл шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй гэж тайлбарласан байна.

Хэргийг судлан үзвэл: Хариуцагч О.******* нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар О.*******ийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2013 оны 05-р сарын 06-ны өдөр Ажилд томилох тухай Б/17 тоот захирамжаар тус сумын ахуй үйлчилгээний төвийг хариуцсан ажилтнаар томилж, Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заажээ.

Гэтэл ажил олгогч нь О.*******тэй хөдөлмөрийн гэрээг байгуулахгүйгээр 2013 оноос ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлсээр иржээ.

Хариуцагч нь О.*******ийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтантай гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд тухайн үүргээ ажил олгогч биелүүлээгүй атал ажилтнаар үүргийг гүйцэтгүүлсээр байсан тул тухайн ажилтныг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил үзнэ.

Хариуцагч нь О.*******ийг ажилд томилохдоо түүнтэй байгуулах гэрээний хугацааны талаар ямар нэг байдлаар тохиролцоогүй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд томилсон гэж үзэхээр байна.

Гэтэл ажил олгогч нь О.*******тэй байгуулсан гэрээ нь дуусгавар болоогүй байхад 2018 оны 01-р сарын 02-ны өдөр дахин Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин улмаар хууль зөрчин байгуулсан гэрээнийхээ үүргийг ажилтан зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн дээрхи хууль зөрчиж гэрээ байгуулсан талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдах гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгоно.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгөх ба ийнхүү мэдэгдэхгүйгээр шууд тушаал гаргасан нь хуулийн үндэслэлгүй болно.

Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Засаг даргын 2020 оны 04-р сарын 15-ны өдөр Б/05 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамж нь хууль зөрчиж, ажилтны хуулиар олгосон эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүх ажилтанг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 110.502 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН