Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/549

 

                                                               М.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч М.З,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/467 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.З-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2206 03807 0434 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-н З, ..................., ял шийтгэлгүй, /РД: .............../;

Шүүгдэгч М.З нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цахим орчинд “Метал хайгч зарна” гэх хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Л.Г нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа М.З-н оруулсан зарын дагуу фэйсбүүк чатаар М.З-тай харилцахад урьдчилгаа 6.000.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэж хохирогчид итгүүлэн хуурч 6.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

    Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.З-с 6.000.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Г-т олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

    Шүүгдэгч М.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба нийгмээс тусгаарлагдаж хоригдож байх хугацаандаа их зүйлийг ухаарч, амар аргаар мөнгө олж болохгүйг ухамсарлаж, гэр бүлтэйгээ хамт байх, мөн эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтэй зүйл болохыг маш сайн ойлголоо. Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байгаа бөгөөд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү. ... гэв.

    Хохирогч Л.Г давж заалдах гомдолд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие М.З-д 6.000.000 төгрөгөө өгч залилуулсан. М.З нь миний  хохирлыг барагдуулахаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл огт барагдуулаагүй байгаа билээ. Хариу тайлбар гаргах болсон шалтгаан нь М.З нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан хэмээн хүсэлт гаргасан байна. ...” гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч М.З-с хохирол төлсөн тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хохирогчид хохирлоо төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзаж түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Хэдийгээр шүүгдэгч нь хохирогчид хохирлоо төлж барагдуулсан гэж байгаа боловч энэ талаарх баримт байхгүй байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.З нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цахим орчинд “Метал хайгч зарна” гэх хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Л.Г нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа түүний оруулсан зарын дагуу фэйсбүүк чатаар харилцахад урьдчилгаа 6.000.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэж хохирогчид итгүүлэн хуурч, 6.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Г-н “... Би өөрийн фэйсбүүк цахим хуудсаар “метал хайгчид сонирхогчид” нэртэй бүлэгт М.З гэх нэртэй фэйсбүүк хаягаас метал хайгч 10.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6.000.000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан. Надад багаж явуулаагүй. ...” /хх 12/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.З-н гэрчээр өгсөн “... Г гэх нэртэй хаягаас “метал хайгчийг чинь авъя” гэхээр нь урьдчилгаа 6.000.000 төгрөг шилжүүлээд ав гэхэд зөвшөөрөөд миний данс руу шилжүүлсэн. Найз Б-той холбоо барихад “найз нь ахдаа өгчихсөн, ...ах уурлаад авчихлаа” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед “Мэргэн финанс” ББСБ-аас миний машины зээл нэхэгдээд байхаар нь урьдчилгаанд авсан 6.000.000 төгрөгөө хийсэн. Би Г-тэй холбогдож “удахгүй мөнгийг чинь явуулна” гэж хэлээд хойшлуулсан боловч 7 сараас мөнгөө буцааж өгч чадахгүй болохоор нь холбоогоо тасалсан. ...” /хх 14/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Л.Г-н 5025390267 дугаартай Хаан банкны данснаас М.З-н 5598084686 дугаарын дансанд 6.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх 17/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.З-г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан хуурч, хохирогч Л.Г-н 6.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс М.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Шүүгдэгч М.З-с “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорих ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч М.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэх боловч хохирол төлөгдсөн талаар баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ хохирогч Л.Г-с хохирол төлөгдөөгүй талаарх тайлбар хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/467 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.З-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 51 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/467 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.З-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25ы өдрийг хүртэл хугацаанд 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР