| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2023/0039/З |
| Дугаар | 120/ШШ2024/0018 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 120/ШШ2024/0018
2024 оны 09 сарын 19 өдөр 120/ШШ2024/0018 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүгч М.Цэцэгмаа, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 “******* ******* ******* *******” ХХК-иас “ сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/533 дугаартай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг сумын Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ сумын Засаг дарга Г.гийн газар ашиглуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах шийдвэр гаргахын сумын Засаг дарга Г.д даалгах гэж тодорхойлсон.
1.2 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “ сумын Засаг даргын тусгай зөвшөөрөл олгогдсон газрыг зориулалтынх нь дагуу ашиглуулах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг Засаг даргад даалгуулах” гэж тодорхойлж, тодруулсан.
2. Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Тус компани нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 30 жилийн хугацаатай олгогдсон буюу 2045 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл. Энэ тусгай зөвшөөрлийг авснаас хойш манай компани хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн.
Улмаар ашигт малтмалын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр сумын Засаг дарга болон холбогдох хүмүүст хүсэлтүүдээ тавьсан. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулахаар хуульчилсан байдаг. Мөн хуулийн 27.1.8-д ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах эрхтэй. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж хил тогтоосон тухай актыг тус тус албанд ирүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтууд байдаг.
Үүний дагуу манай компани үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбай дотроо уул уурхай, ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн барилга байгууламж явуулах зорилгоор “*******” нэртэй 94 га газрыг ашиглахаар сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар ашиглах хүсэлтээ гаргаж, тэр төлөвлөгөөгөөр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тусгуулж батлуулсан.
Улмаар манай компанийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр газар ашиглах шийдвэр гаргаж, газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг сумын Засаг даргад гаргасан. Гэтэл сумын Засаг даргын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/ 533 дугаартай албан бичгээр шинээр газар олгох ажиллагааг Засгийн газраас хориглосон тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Энэ хариуг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад манайх ашигт малтмалаар олгогдсон газраа ашиглах гэхэд ашиглуулах зөвшөөрөл, шийдвэр гаргаж өгөхгүй байна, ашиглуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч аймгийн Засаг дарга манай хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
Сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хийх ёстой үүргээ хийхгүй газар шинээр олгохыг Засгийн газраас хориглосон байгаа тул танайд шинээр газар олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл бид шинээр тухайн тэр газрыг авах гээд байгаа юм биш. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл манай компанид нэгэнт олгогдчихсон. Тэр газар дотроо эхний ээлжид 94 га газрыг нь ашиглах шаардлагатай байгаа юм. Энэ ашиглах шийдвэрийг гаргаж өгөөч, энэ шийдвэрийг гаргаснаар бид хуульд заасан газар ашиглах гэрээ хийх, улмаар газрын төлбөрөө төлөх үүргүүд үүсэх учраас энэ шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Тийм учраас шинээр газар олгох асуудлыг Засгийн газар хориглосон гэж биелүүлэхээс татгалзаж байгаа нь хууль бус.
Засаг даргын зүгээс газар олгох асуудал Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлж байж та нар энэ хүсэлтээ гаргах ёстой байсан. Материал бүрдүүлсэн зүйл байхгүй, газар олгох шаардлагыг хангахгүй байна гэдэг зүйлийг хэлдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Мөн Газрын тухай хуулийн 2 дахь хэсгийн 2.2-т газрын хэвлий, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна гэж хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт энэ хуулиар болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрх хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж тус тус хуульчилсан. Үүнээс харахад манай газар ашиглах гээд байгаа асуудал Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх, заавал Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах эрх, зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ газар ашиглах асуудал Ашигт малтмалын тухай хуульд заасан харилцаа байгаа учраас бид нар Ашигт малтмалын тухай хуулийг баримталж үйл ажиллагаагаа явуулна гэж үзэж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар дотроо хэсэг газрыг ашиглах гээд байгаа. Тэрнээс биш ашигт малтмалын газраасаа гадна өөр шинээр газар ашиглах гээд байгаа асуудал биш. Тиймээс сумын Засаг даргын тусгай зөвшөөрөл олгогдсон газрыг зориулалтынх нь дагуу ашиглуулах үүргээ биелүүлэхгүй байгаа, эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг Засаг даргад даалгаж өгнө үү...” гэв.
4. Хариуцагч Өмнөговь аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/533 дугаартай “******* ******* ******* *******” ХХК-д хаягласан албан тоот нь захиргааны акт, мөн эсэх нь эргэлзээтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. 37.2 болон 37.3-д захирамжилсан үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйг хэрхэн ойлгох талаар мөн тодорхой хуульчилсан. Тэгэхээр энэхүү 1/533 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн өргөдлийг тухайн үед шийдвэрлэх боломжгүй байна гэсэн албан тоот байгаа болохоос биш нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн эсвэл үүнтэй холбоотой ямар нэгэн захирамжилсан, журамласан шийдвэр гаргасан үйл ажиллагаа шийдвэрт хамаарахгүй.
Хоёрдугаарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 нэхэмжлэгчийн зүгээс сүүлд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа судлуулаад, Засаг даргын шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгах гэх нэхэмжлэл гаргасан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 14.1 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хугацааны талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтууд дотор сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/127 дугаартай албан тоот байгаа. Үүнд гэрээ байгуулах боломжгүй талаараа “******* ******* ******* *******” ХХК мэдэгдсэн албан тоот байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн гэрээ байгуулахгүй гэсэн агуулга бүхий захиргааны актыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдэж авсан байгаа. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байсан боловч хуульд заасан хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй. Иймээс сүүлд гаргасан нэхэмжлэл буюу 1/533 дугаартай албан тоотоор гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байна гэдэг байдлаар үндэслэлээ гаргаж нэхэмжлэл гаргаж өгнө гэдэг хуульд нийцэхгүй байгаа.
Гуравдугаарт, гаргаж буй нэхэмжлэлийн агуулга нь даалгах нэхэмжлэл гаргадаг. Даалгах шийдвэр нь ирээдүйд хандаж гарсан шийдвэр байхаар байна. Гэтэл Засаг даргын зүгээс энэ шийдвэрийг гаргах боломжгүй. Яагаад гэвэл 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээг авах тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байгаа. Энэ нь хавтаст хэргийн 97, 167 дугаар хуудсанд байгаа. Өөрөөр хэлбэл “*******” нэртэй нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Магадгүй шүүх даалгаж шийдвэрлэсэн ч энэ шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа учраас дээрх агуулгаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байгааг давхар дурдмаар байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон гэж тайлбарлаж байна. Гэтэл орон нутаг, аймаг, аливаа засаг захиргааны нэгжүүд тухайн жилдээ жилийн төлөвлөгөөгөө батлаад дараа жил нь шинэ төлөвлөгөө батлагдаад явдаг. Тэгэхээр 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь 2024 онд хүчингүй болчихсон. Мөн хуучин төлөвлөгөөний дагуу шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс даалгах агуулгаар гаргасан нэхэмжлэл нь цаашид биелэгдэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь МV- дугаар бүхий Өмнөговь аймгийн сумын нутаг дахь “******* *******” нэртэй 1110.49 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2045 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар эзэмшдэг бөгөөд “... сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах газар олгох шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус..” гэж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байсан тул тухайн үед шийдвэрлэх боломжгүй байсан, сумын Засаг даргын “татгалзсан” хариу нь захиргааны акт биш, орон нутгийн тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хориглодог...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргадаг.
3. сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/533 дугаар “...газар ашиглах шийдвэр гаргахаас татгалзаж шийдвэрлэсэн...” албан бичиг нь эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт байх ба нэхэмжлэгч дээд шатны Засаг даргад гомдол гарган, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж зохицуулсан.
4.1 Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11-д “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах” эрхээ хэрэгжүүлэхээр газар ашиглах хүсэлтээ сумын Засаг даргад хүргүүлсэн боловч “...Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн хуралдаанаар шинээр газар олгохгүй байх... газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд шинээр газар олгох үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон тул шийдвэрлэх боломжгүй...” тухай хариу хүргүүлж, “...тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газар тул байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байсан...” гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй.
4.2 Учир нь 2023 оны тавдугаар сард ******* Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухаан, Технологийн Улаанбаатар паркийн судалгааны багийн археологийн бүртгэл судалгааны ажил хийгдэж, уг ажилд тулгуурлан “Өмнөговь аймгийн сумын ******* багийн нутаг дахь “******* ******* ******* *******” ХХК-ийн *******- тоот ашигт малтмалын талбайд өртсөн археологийн дурсгалын мэдээлэл”-ийг тусгайлан гаргасан баримтаар тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бэлтгэл ажил хийгдэж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч сумын Засаг дарга хуулиар өөрт олгогдсон, хүлээн зөвшөөрсөн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал /эс үйлдэхүй/ нь үндэслэлтэй гэж үзлээ.
5. Улмаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн “*******” нэртэй талбайг бүхэлд нь хамруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэжээ.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” гээд 106.3.4-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь нэг талаас хууль бус байхын зэрэгцээ нөгөө талаас маргаж буй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тохиолдолд шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.
7. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “"тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;” гэж хуульчилсан тул нэгэнт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй, нэхэмжлэгчээс орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэртэй одоогоор маргаагүй байгаа тохиолдолд Засаг дарга газар ашиглуулах захирамж гаргаснаар нэхэмжлэгчийн сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна
8. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, …” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас сонгох боломжийн дагуу шийдвэрлэж татгалзсан хариу өгсөн, нэгэнт тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь эрх бүхий байгууллагаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах эрх зүйн үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр “ сумын Засаг даргын тусгай зөвшөөрөл олгогдсон газрыг зориулалтынх нь дагуу ашиглуулах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг Засаг даргад даалгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсгийг тус тус баримтлан “******* ******* ******* *******” ХХК-ийн Өмнөговь аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ сумын Засаг даргын тусгай зөвшөөрөл олгогдсон газрыг зориулалтынх нь дагуу ашиглуулах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.