Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2020/00064

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2020/00064

 

 

Ш.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00012/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Ш.*******ын нэхэмжлэлтэй Баяндулаан-Уул ХХК-д холбогдох Дутуу олгосон цалингийн зөрүү 11.929.000 төгрөг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ш.******* миний бие Баяндулаан-Уул ХХК-нд малчнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилласан юм. Анх ажилд ороход малчны үндсэн цалин 400,000 төгрөг, малын тоо толгой нас хүйсээс шалтгаалан нэмэгдэл цалин олгоно гэж тохирч гэрээ байгуулсан. 2019 онд 246 толгой том мал, 182 толгой тугал хариуцуулан ажиллуулсан боловч цалингаа бүрэн өгдөггүй дутуу өгдөг байдлаас болж ажил олгогч бидний хооронд маргаан үүсч улмаар цаашид хөдөлмөрөө мөлжүүлэн ажиллах хүсэлгүй байна гэдгээ илэрхийлж 2 сарын өмнө ажлаас халагдах хүсэлт өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний хариуцсан малыг комисс гарган хүлээн авсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй намайг хохироож байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Баяндулаан-Уул ХХК-иас малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11,929,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас Ш.*******ын 2019 оны цалингийн тооцооллыг санхүүгийн баримтнаас нэг бүрчлэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Эндээс харахад Ш.*******д үндсэн болон нэмэгдэл цалинг сар бүр олгож байсан бөгөөд хуулинд зааснаар хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас хасаж тооцон олгож байсан байна. Өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн компаниас авсан эд зүйл болон өвлийн идэш гэх мэт зүйлүүдийн төлбөрийг цалингаас тооцож суутгадаг. Нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд сар болгон үндсэн болон урамшууллын цалин орсон байдаг. 2019 онд 12 сараас бусад өгөх ёстой бүх цалингаа тооцож олгосон гэж үзэж байна. ...Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-иас Ш.*******д дутуу олгогдсон үндсэн болон урамшуулалт цалин нийт 5,454,623 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,474,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,824 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-иас 102,224 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 513 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгч шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр ИХШХШТХ-ийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ .... Хөдөлмөрийн гэрээний 1.6-д туршилтын хугацаанд суурь хариуцаагүй үед үндсэн цалин олгох ба ажил мэргэжлийн туршлага, ур чадварыг харгалзан олгогдох нэмэгдэл цалин ороод үндсэн цалинг 400.000 төгрөгөөр тооцохоор, 1.7-д ....зөрүү цалин нь тухайн малчны маллаж буй малын төрөл, тоот толгой, үүлдэр, нас хүйс зэргээс хамаарч малчдын зөрүү цалин тооцох журмын дагуу тооцогдоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Ш.*******ын малчнаар ажиллах хугацаандаа авч байсан үндсэн цалин болон зөрүү цалинг сар болгоноор тооцсон Баяндулаан Уул ХХК-ий /үхэр/ суурийн малчдын сар бүрийн зөрүү сарын бодолт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Хаан банкны дансны хуулгыг үндэслэн дутуу олгогдсон үндсэн цалин урамшууллыг тооцон зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ. Шүүхээс 2019 оны 01-р сараас 2020 оны 11-р сарын үндсэн цалин болон урамшуулалт цалинг тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй, үндсэн цалинг 400.000 төгрөгөөр тогтоосон боловч үндсэн цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль, хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу холбогдох суутгалууд хийгдсэн байтал суутгалгүйгээр олгох ёстой байсан мэт тооцон санхүүгийн баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргасан.

Үүнээс үзэхэд хариуцагч талаас гаргасан санхүүгийн баримтыг шүүх үнэлээгүй гэж харагдаж байна. Гэтэл хариуцагчийн гаргасан санхүүгийн баримтнаас зөвхөн нэхэмжлэгч талд шаардлагатай хэдэн толгой суурь хэдэн хээлтүүлэгч үнээ хэдэн төл мал хариуцаж байсныг хариуцагч талын гаргаж өгсөн санхүүгийн баримтад тулгуурлан гаргасан байдаг. /2020 оны 01-р сараас эхлэн 2020 оны 11-р сарыг дуустал /Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн .......Ш.*******ын малын А данс нь тамга тэмдэг дарагдаагүйн улмаас нотариат гэрчлээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй учир нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй тул татгалзсан болохыг дурьдсугай гэснээс харж болно. Мөн нэхэмжлэгчийн хэдэн толгой мал маллаж байсан тухай хар дэвтэр байгаа, түүнээс өмнөх шүүх хуралдаанд хэлэлцэж тодруулсан гэж шүүхээс хэлсэн боловч тийм хар дэвтэр хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй болно./

Энэ байдлаараа шүүх илт нэг талыг барьж нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэн зөв үнэлээгүй байна. Мөн Хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн нотлох баримтад зөрүү цалингаас ямар суутгалууд хийгдэж байсан нь маш тодорхой байтал шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд 2020 оны 08-р сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 513 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Баяндулаан -уул ХХК-ны тус шүүхэд гаргасан гомдолтой танилцаж үзлээ. Гомдлын он сар өдөр нь 2018 оны 05 сарын 29-ны өдрийн огноотой бичигдсэн байдаг бөгөөд шүүх түүнийг хүлээн авсан байгааг анхаарч үзнэ үү. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Гомдолд: хөдөлмөрийн гэрээний 1.6-д үндсэн цалинг 400.000 төгрөгөөр тооцохоор заасан гэжээ. Үндсэн цалинтай миний бие маргаагүй.

Хөдөлмөрийн гэрээний 1.8-р заалтаар: Ажилтанд үндсэн цалин дээр бусад нэмэгдэл цалинг нэмж олгоно. Энэ цалинг бүгд цалин гэнэ гэсэн тодотгол хийсэн байдаг. Тиймээс миний бие 2019 оны 01 сарын 01-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 12-ны өдөр хүртэлх авах ёстой нэмэгдэл болон үндсэн цалин нийт аваагүй цалинг нэхэмжилсэн билээ. Тэрнээс би худал зүйл бичиж авсан цалингаа аваагүй гэж бичээгүй. Энэ компанитай цалингийн зарга хийж байгаа хүн ганц би бусад нь дарамтлуулж, цалин яаж бодож олгохыг ч сайн мэдэхгүй, хэн дуртай нь толгойтой бүхэн дарга болчихдог дээрэнгүй байдалтай ажилтантайгаа харьцдаг шүү дээ.

Малын тоо толгойг 140, тугалыг 40 төгрөгөөр тооцдог гэдэг дээр хэн ч маргаагүй кампанийн төлөөлөгч нар зөвшөөрдөг. Иргэний хэргийн 31 талд байгаа цалингийн тооцолборыг Баяндулаан -уул ХХК-наас дахин гаргаж өгсөн. Тэр нотлох баримтыг шүүх үнэлсэн нь буруу биш юм.

2020 оны 08 сарын 04-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 513 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбарыг гаргасан. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.******* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Баяндулаан-Уул ХХК-нд холбогдуулан малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11.929.605 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Зохигчдын хооронд зөрүү цалин тооцох журмын дагуу цалин хөлс олгосон эсэх талаар маргаан үүссэн ба анхан шатны шүүх талуудаас ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлж 5.454.623 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 6.474.982 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн ба энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэх шинжтэй, гэрээний зүйл нь мал маллах ажиллагаа бөгөөд хөлсийг сар тутамд тооцож өгч авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлсний талаар заасан байх ба ...Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу зохигчид үндсэн цалин сарын 400.000 төгрөг, гүйцэтгэж буй ажлын онцлогт тохируулан малын тоо толгойг 140 төгрөг, тугалыг 40 төгрөгөөр тооцож нэмэгдэл хөлс олгохоор тохиролцсон энэ талаар талууд маргаангүй, хариуцагч талаас ирүүлсэн баримтаар энэ байдал давхар нотлогджээ.

Гэрээний харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Анх ажилд ороход малчны үндсэн цалин 400.000 төгрөг, малын тоо толгой нас хүйсээс шалтгаалан нэмэгдэл цалин олгоно гэж тохирч гэрээ байгуулсан. 2019 онд 246 толгой том мал, 182 толгой тугал хариуцуулан ажиллуулсан боловч цалингаа бүрэн өгдөггүй дутуу өгдөг байдлаас болж ажил олгогч бидний хооронд маргаан үүсч улмаар цаашид хөдөлмөрөө мөлжүүлэн ажиллах хүсэлгүй байна гэдгээ илэрхийлж 2 сарын өмнө ажлаас халагдах хүсэлт өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний хариуцсан малыг комисс гарган хүлээн авсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй намайг хохироож байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Баяндулаан-Уул ХХК-иас малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11,929,605 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн үндсэн цалин хөлснөөс хийсэн суутгалын дүн дээр маргаагүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ хариуцагч талаас нотлох баримт болгон ирүүлсэн санхүүгийн баримтууд дээр түшиглэн дутуу олгосон цалингийн тооцооллыг хийсэн болохыг дурдав.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...үндсэн цалин 400.000 төгрөгөөр тохиролцсон боловч түүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, хуримтлал зэргийг шүүх тооцоолохгүйгээр бохир дүнгээр тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлтэй.

Хавтаст хэргийн 183 дугаар талд байгаа 2019 онд малчин Ш.*******д цалин хөлс олгосон санхүүгийн баримт, хавтаст хэргийн 74-85 дугаар талуудад авагдсан нэхэмжлэгчийн 5890320257 дугаар бүхий Хаан банкны дансны хуулга, хавтаст хэргийн 149-175 дугаар талуудад авагдсан Баяндулаан-Уул ХХК-ний санхүүгийн баримт зэрэг баримтуудыг үнэлж үзэхэд 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал үндсэн цалин болон түүнээс хийсэн шимтгэлүүдийг тооцож 2.663.695 төгрөг олгогдсон, 12 дугаар сарын үндсэн цалин 80.000 төгрөг олгогдоогүй, нэмэгдэл цалин 9.041.310 төгрөг бодогдсоноос 5.510.182 төгрөг олгогдсон, 3.531.128 төгрөг олгогдоогүй байна.

Иймд үндсэн цалингаас дутуу олгогдсон 80.000 төгрөг, нэмэгдэл цалингаас дутуу олгогдсон 3.531.128 төгрөг бүгд 3.611.128 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх 8.318.477 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 513 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

Нийт 5.454.623 төгрөг гэснийг 3.611.128 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.318.477 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг :

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205.824 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72.728 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 103.860 төгрөгөөс гомдол хангагдсан үнийн дүнгээс тооцож 72.728 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГE#