Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/563

 

 

 

 

   2023            5             25                                         2023/ДШМ/563

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд  холбогдох 2108020381451 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ....-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, .. боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... дүүргийн .. дугаар хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;

            Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18 дугаар гудамжны 02 тоот гэртээ хамтран амьдрагч С.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн булчингийн цус хуралт, өвчүү, баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, элэгний 3, 4 дүгээр сегментийн язрал, хэвлийн хөндийн цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Тухайн өдөр согтуу байсан учир юу ч мэдэхгүй байсан, талийгаачийн 4 хавирга хугарсаныг би мэдээгүй. Талийгаач 5 хоног гадуур явахдаа хаана, хэнтэй зодоон хийснийг би мэдэхгүй байна. Б-оо намайг бидний хажууд харж байсан юм шиг мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Бид хоёр архи ууж, хэрүүл зодоон хийгээгүй. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Мөн энэ хэрэг урьд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, прокурорт буцаасан. Шүүгдэгч Ц.Б-гийн хувьд гэм буруудаа маргадаггүй, “...гэрч Б-оо нь хажууд байсан юм шиг мэдүүлэг өгсөн. Тухайн үед би байгаагүй гомдолтой байна...” гэсэн агуулгатай зүйл ярьсан байдаг. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ялаас нь бага ч болтугай хасаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Шүүгдэгч Ц.Б-гийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 58 настай хүн байгаа гэв.

           

            Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Амь хохирогчийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Тийм учраас хүн амины хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчилж шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Уг мөрдөн шалгах ажиллагаанд миний бие биечлэн оролцсон. Гэрч Б-ын хувьд Хэнтий аймагт малчин хийдэг. Тухайн үед цагаан сарын баяр болох гэж байсан учраас Улаанбаатар хотод эхийнхээ идшийг бэлдэж өгөх гээд ирсэн байсан. Ингээд гэрч Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч оролцсон. Гэрч Б нь оройн 23 цагийн үед талийгаачтай тааралдаж, гэртээ дагуулж ирээд хамт байсан. Талийгаач 9 цагийн үед нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтлүүд нь бүрэн тогтоогдсон учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ял сонсгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны  шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18 дугаар гудамжны 02 тоот гэртээ хамтран амьдрагч С.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн булчингийн цус хуралт, өвчүү, баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, элэгний 3, 4 дүгээр сегментийн язрал, хэвлийн хөндийн цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“2021 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 00:22:45 секундэд 9862.. дугаарын утаснаас” дуудлага өгсөн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх 5/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-10/,

2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 11-14/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-гийн “...Миний охин Г Хэнтий аймгийн Биндэр суманд 1978 онд төрсөн... 2021 оны 05 дугаар сараас хойш над руу утсаар байнга ярьдаг болсон байсан. Тэгэхэд нь би хаана, хэнтэй амьдарч байна вэ гэж асуухад би нэг Б гэдэг ахынд Ханын материалд амьдарч байгаа гэж ярьсан. Тэгсэн 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр цагдаагаас над руу яриад нас барсан талаар нь хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /1хх 61/,

гэрч С.Бын “...2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед хуучин амьдарч байсан байрныхаа таньдаг 4 залуутай уулзаад архи ууж байгаад би гэр рүүгээ харихаар явсан. Тэгээд явж байх зуураа Хангай захын хажууд үл таних 3 залуутай тааралдаж архи уугаад сууж байхад өндөр туранхай үл таних эмэгтэй ирээд ганцхан намайг дуудаад “та босоод ир ээ, тантай уулзах хэрэг байна” гэхээр нь би очиж уулзахад "би дөнгөж сая хамтран амьдрагчдаа зодуулчихаад гэрээсээ гараад явж байна, та манай хамтран амьдрагчийн хашаанаас 2 цүнхтэй хувцас байгаа ороод аваад өгөөч” гэхээр нь би “ах нь бас өөрөө архи уучихсан байгаа болохоор согтуу хүн дээр орохоор хэл амаа ойлголцохгүй зодоон хийнэ, тийм болохоор ах нь орж чадахгүй” гээд “чамд очих газар байгаа юу, манай гэрт надтай хамт очих уу, би гэртээ ганцаараа амьдардаг” гэхэд тэр эмэгтэй зөвшөөрөөд хамт манай гэр рүү явсан. Тэр эмэгтэй явахдаа 2 буудал орчим ойрхон газар их удаан алхаад замдаа байн, байн сууж амраад очсон юм. Тэгээд гэрт орсны дараа талийгаач архинаас 250 граммтай стаканы талаар архи хийлгэж уугаад манай гэрт газар байсан подушкин орон дээр шууд хэвтээд “миний цээжээр их өвдөөд байна, хөдлөхөөр хүчтэй өвдөөд байна” гээд байсан. Тэгээд би авсан архиа уух үедээ талийгаачтай гэр бүл амьдралынх нь талаар ярилцахад надад “би ганц хүүтэй, манай хүү 2 дугаар курсийн оюутан бөгөөд би хамтран амьдрагч Б-тай анх танилцсанаас хойш 3-аас илүү жил хамтран амьдарсан. Манай хамтран амьдрагч намайг байнга хоол ундны юм болон архи, мөнгө олж ир гэж дарамтлаад зодоод байдаг, би сая гэртээ харихаас өмнө гадуур 5-6 хоног “Хүннү молл” хавиар хог түүж амьдарч байгаад өнөөдөр өглөө гэртээ индукцийн пилетик, хүүхдийн ролик дугуй, хоолны үлдэгдэл шарсан тахиа аваад гэртээ орсон чинь манай хамтран амьдрагч Б намайг “шууд гэртээ ирсэнгүй хаагуур явсан бэ архичин, банзал” гэж хараагаад шууд миний шанаа руу цохиж унагаасан. Тэгээд би газар юм мөргөөд унасан байхад миний цээж, элэг, гэдэс толгой руу хөлөөрөө баахан өшиглөөд бас дээрээс дэвсээд зодоод байхаар нь би гараад зугтаагаад манай нэг нутгийн Хэнтий аймаг Батширээтэд шоронгийн дарга байсан хурандаа М ахын гэрт очоод Б намайг зодоод байна гэж тусламж гуйсан чинь М ах би хөгшин хүн гээд очоогүй, тэгэхээр нь би Бгаас зугтаагаад явж байгаад надтай таарсан талаар ярьсан юм. ...Түүнээс хойш талийгаач унтаж чадахгүй цээжээр өвдөөд байна гээд хэвтэж байснаа “ахаа би өмдөндөө хүндээр бие засчихлаа, та сэжиглэхгүй бол цэвэрлээд өгөөч” гэхээр нь би “ах нь сэжиглэхгүй” гээд өмд дотуур хувцсыг нь цэвэрлэж өгөөд баастай өмдийг нь гэрээсээ гаргаад гадаа тавьсан байсан. Түүнээс хойш талийгаач ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хоолой нь сонин хэржигнэж дуугараад ухаангүй болчихоор нь би сандарч гараад хамт нэг хашаанд амьдардаг Энхцэцэг гэдэг дүүгээ дуудаад, манай дүү орж ирж харчихаад түргэн цагдаа хоёрыг дуудсан. ...” /1 хх 17-19, 172-173/,

гэрч С.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 174-179/,

гэрч Ц.М-ын: “... Би анх 2019 оны 4 дүгээр сарын 20-ны орчим Бгийн хашаанд тавьсан гэр болон доторх тавилгаа авахаар очиход Бгийн гэрт нэг 40 орчим насны эмэгтэй байсан. Б надад энэ хүн манай эхнэр байгаа юм, хааяа нэг уухаараа алга болчихдог хүнд гар байгаа юм гэж танилцуулж байсан. Түүнээс хойш миний мэдэхийн Б, Г нар байнга олон хоногоор хамтдаа эсвэл ганц нэгээрээ хангай захын архичидтай нийлж архи уугаад байдаг бөгөөд уухаараа Б бид хоёр муудалцлаа гээд Г байнга ярьдаг байсан. Би Бг яг зодож цохиж байхыг бол хараагүй, харин талийгаач манайд ирэхээрээ Б намайг зодоод байна, ингэж зодсон цохисон гэж 2021 оны 6 дугаар сарын дундуур нэг удаа, мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн үеэр ярьж байсан. ...Би хөгшин хүн одоо он, сарыг бол сайн санахгүй байна. Тэр өдөр 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байсан эсэх талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр өдөр Г манайд өглөөгүүр орж ирэхдээ “Б намайг цээж гэдэс рүү өшиглөж зодоод байхаар нь би гэрээс нь гараад ирлээ, би Бгийн гэрт дахиж очихгүй” гээд орж ирсэн бөгөөд орж ирэхдээ Г-ын эрүүний баруун доод талд хөхөрсөн, зүүн хөл нь доголчихсон, мөн алхаж чадахгүй, цээжээ болон гэдсээ дарчихсан орж ирээд “би өөрийн 2 тортой хувцсаа жалганд шидчихсэн, очиж хувцсаа авчихаад ирье” гээд гараад явсан. Түүнээс хойш дахин ирээгүй. Ер нь энэ хоёр ухаараа байнга хэрэлдээд байдаг бөгөөд Г ч уухаараа хэл ам нь дийлдэхгүй айхтар хүүхэн байсан. ...” /1 хх 55, 95-96, 207/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1651 дугаар дүгнэлт /1 хх 1135-140/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Шүүгдэгч Ц.Б-г амь хохирогч С.Г-ын эрүүл мэндэд “зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн булчингийн цус хуралт, өвчүү, баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, элэгний 3, 4 дүгээр сегментийн язрал, хэвлийн хөндийн цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Ц.Б-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Ц.Б-с “...Оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, уг гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан бөгөөд анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Б-гийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/415 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гийн цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                 ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР