Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Хохирогч: Т.Х,

            Шүүгдэгч А.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705012680318 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А.Б, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Бнь 2017 оны 8 дугаар сарын 15-нд ....дотор өглөө 08 цагийн үед иргэн Т.Хг “гэртээ ирж хонсонгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Т.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би ээлжтэй байсан. Бхаалга цохихоор нь би онгойлгоогүй. Завсар хийж байсан ах ирээд хаалга онгойлгож Бг оруулсан. Бнамайг хаалгаа тайлж өгсөнгүй гээд намайг цохиж зодсон. Тухайн үед засвар хийж байсан ах болиулсан. Дараа нь дарга орж ирсэн. Дарга чи эмэгтэй хүн зодлоо гэхэд даргын өөдөөс хэрэлдсэн. Би учирсан гэмтэлтэй холбогдож эмчилгээ хийлгээгүй. Өмнө нь миний Голомт банкны зэс картнаас 500.000 төгрөг авсан, цалингийн картнаас 240.000 төгрөг авсан тул 740.000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой байна” гэв.

Хохирогч Т.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сараас Бгэх хүнтэй танилцаж хамтран амьдарсан. Б2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний ажил болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 180-р цэцэрлэг дээр өглөө 08 цагийн орчим ирээд намайг яагаад гэртээ ирж хонодоггүй юм бэ гээд над руу сандал аваад шидсэн, шидсэн сандал нь миний хүзүүг онож гэмтээсэн мөн гараараа толгой, нүүр хэсэг рүү цохисон. Тэр үед манаач ах салгасан. Тэгээд ажлаасаа гараад гэр рүү явах замдаа гараараа зодож байсан. ...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байхад Бгаднаас бага зэрэг халамцуу орж ирсэн. Тэр үед би Бд өгч явуулсан цалингийн болон голомт банкны зэс карт, гар утсаа нэхтэл тэрийг чинь үрчихсэн гээд гараараа толгой руу 2-3 удаа гэдэс рүү 2 удаа элгэдсэн. Тэгээд гараад яваад өгсөн. Би гомдолтой байна миний зэс картнаас 500.000 төгрөг, цалингийн картнаас 240.000 төгрөг үрсэн байсан. Нийт 740.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11, 26-27, 48/,

Гэрч Ш.Эы мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 8 дугаар сарын дундуур 180-р цэцэрлэг дээр өглөө 8 цагийн үед ажлаа хийх гээд ортол Бгадаа сууж байгаад намайг хараад гаднаас надтай цуг дотогш орсон. Дотогш ороод Хгийн байгаа жижүүрийн рүү орсон. Удалгүй тэд хоорондоо хэрэлдээд зодолдоод байгаа дуу гараад байхлаар нь яваад очтод БХг сандлаар цохиод байхаар нь сандалыг булааж аваад цэцэрлэгээс хөөгөөд гаргасан. Хгийн мөр хэсэг нь улайсан, бага зэргийн цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шинжээчийн 12356 тоот дүгнэлтэд: “...Т.Хгийн биед хүзүүний зүүн хэсэг, зүүн эгэмд сорви, зулгарлатын нөсөө зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Яллагдагчаар А.Бгийн өгсөн: “...Х бид хоёр 2016 оны 12 дугаар сараас хойш хамт амьдарч эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө 08 цагийн үед би хамтран амьдрагч Хгийн ажилладаг 180-р цэцэрлэгийн жижүүрийн өрөөнд очсон. Урьд шөнө нь Х согтуу над руу утсаар залгаад байсан болохоор нь Хг өглөө ажил дээрээ очсон эсэхийг нь мэдэх гээд ажил дээр нь очсон. Намайг цэцэрлэгийн гадаа нь очиход Х хаалга онгойлгож өгөхгүй байсан. Утас руу нь залгахаар холбогдохгүй байсан. Тэгээд хамт ажилладаг Энхсайхан хаалга онгойлгож өгсөн. Би жижүүрийнх нь өрөөнд ортол Х согтуу байсан. Тэгэхээр нь би чи яагаад архи ууж байгаа юм бэ гээд Хд хэлтэл Х миний өмнөөс маргалдсан. Маргалдаж байх үедээ гараараа Хгийн толгой руу нь хэд хэдэн удаа цохьсон. Харин тэр өрөөнд нь байсан жижиг содон сандлаар хүзүү рүү нь нэг удаа цохьсон. Би Хг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 9 дүгээр сарын эхээр Х бид хоёр Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах 64-р байранд гэртээ маргалдсан. Тэр үед би халамцуу байсан ба Хг ганц хоёр удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 30-35, 56-59/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 42/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Бнь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн орчимд ....дотор иргэн Т.Хг “гэртээ ирж хоносонгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Хгийн: “… Б2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний ажил болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо 180-р цэцэрлэг дээр өглөө 08 цагийн орчим ирээд намайг яагаад гэртээ ирж хонодоггүй юм бэ гээд над руу сандал аваад шидсэн, шидсэн сандал нь миний хүзүүг онож гэмтээсэн мөн гараараа толгой нүүр хэсэг рүү цохисон. Тэр үед манаач ах салгасан. Тэгээд ажлаасаа гараад гэр рүү явах замдаа гараараа зодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11, 26-27, 48/, гэрч Ш.Эы: “...Удалгүй тэд хоорондоо хэрэлдээд зодолдоод байгаа дуу гараад байхаар нь яваад очтол БХг сандлаар цохиод байхаар нь сандалыг булааж аваад цэцэрлэгээс хөөгөөд гаргасан. Хгийн мөр хэсэг нь улайсан, бага зэргийн цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шинжээчийн 12356 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бнь хохирогчийг гэртээ ирж хонсонгүй гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Хгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд эмчилгээ хийлгээгүй, эдгэрсэн. Зэс картнаас 500.000 төгрөг, цалингийн картнаас 240.000 төгрөг үрсэн байсан, нийт 740.000 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогчийн нэхэмжилсэн хохирол нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг биш байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь дээрх хохирлоо өөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эсхүл иргэний журмаар шийдвэрлүүлэхэд уг шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч А.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч А.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Бнь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР