Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/05319

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05319                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, ..байрны ...тоот хаягт оршин суух, ....

            Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн гудамж, .... тоот хаягт оршин суух, .....

            Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,848,106 /дөрвөн сая найман зуун дөчин найман мянга нэг зуун зургаан/ төгрөг  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., хариуцагч ....нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Э.А шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: Иргэн Б.Г нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, ...байрны ....тоот 2 өрөө орон сууцыг бүрэн тавилгын хамтаар 1 жилийн хугацаагаар, сарын 1,400,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр хөлслүүлэхээр Э.А надтай 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээг тавилга хүлээлцэх актын хамтаар нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг 3 сараар төлөх бөгөөд ашиглалтын зардлыг хөлслөгч тал төлөхөөр тохиролцсон. Гэвч хөлслөгч Б.Ганбат нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр миний орон сууцыг суллаж өгсөн бөгөөд 2024 оны 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөр 4,200,000 төгрөг, СӨХ, контор, цахилгаан, юнивишн зэрэг ашиглалтын зардал 548,106 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. Дээр нь миний байрны эд хогшил болох 2,800,000 төгрөгийн үнэлгээтэй улаан шкафыг маань эвдсэн байсан. Иймд хөлслөх гэрээний үүрэгт Б.Г 7,548,106 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс тавилга эвдсэн хохирол 2,800,000 төгрөгийн  шаардлагыг 2,700,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нийт 4,848,106 төгрөг шаардаж байна. Нэхэмжлэлийн задаргаа: 2024 оны 5, 6, 7 дугаар сарын хөлс 4,200,000 төгрөг, ашиглалтын зардал 548,106 төгрөг, шкаф эвдэж учруулсан хохирлыг засварлахад гарсан зардал 100,000 төгрөг шаардаж байгаа. Нэхэмжлэл байгуулах үед хариуцагч нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний дэнчинг урьдчилж өгсөн. Энэ нь хуульд зааснаар эд хөрөнгийг хөлсөлсөн хүн тухайн үед ашиглалтын зардлаа төлөөгүй байвал, тухайн орон сууцанд байгаа эд хөрөнгийг муутгасан тохиоллдолд дэнчинд авсан мөнгөнөөс суутгана. 3 сарын ашиглалтын зардал, шкаф эвдсэн зэргийг суутгаад ийм шаардлага гаргаж байгаа. Жижиг шкафыг эвдсэн байсан боловч үүний мөнгийг шаардаагүй. Дараагийн хүнд байрыг хөлслүүлэхийн тулд хөлслөгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гарах бол энэ талаараа 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан. Гэвч ингэж мэдэгдээгүй, өөрөө актаар хүлээлгэж өгөөгүй учир дэнчингийн мөнгө 1,400,000 төгрөгийг төлбөрт тооцохгүй...гэв.

            2. Хариуцагч Б.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Б.А байранд түрээсийн гэрээгээр амьдарч байсан нь үнэн. 2 сарын төлбөр болон хэрэглээний төлбөр болох тодорхой мөнгөн дүнтэй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Гэвч Б.А нь огт үндэслэлгүй төлбөр нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчид барьцаа болгож 1,400,000 төгрөгийг өгсөн учраас төлбөртөө тооцож 2 сарын түрээсийг төлөхөө зөвшөөрч байна. Би ямар нэг зүйл эвдлээгүй. Эвдэрхий байсан байгаагүйг хэн нь ч нотолж чадахгүй. Тиймээс энэ 100,000 төгрөгийг би зөвшөөрөхгүй. Ашиглалтын зардал 548,106 төгрөгийг зөвшөөрнө. 2 сарын хугацааны түрээс 2,800,000 төгрөгийг зөвшөөрнө. Орон сууцыг 2024 оны 10 дугаар сард манай эгч хүлээлгэж өгөөд гарсан. Манай ээж, хүү хоёр амьдарч байсан. Алимаа гэж бичсэн байгаа нь манай эгч мөн. Алимаа эгч байрыг хүлээлцсэн гэдэгт маргах зүйл байхгүй. 2024 оны 5, 6, 7 дугаар сарын төлбөр төлөөгүй гэдгийг сайн мэдэхгүй байна, тийм байх. Нэг сарын урьдчилгаа өгсөн...гэв.

            3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Орон сууц хөлслөх гэрээ, хавсралтын хамт /хх-4-8/, Зарлагын баримт /хх-21/, тавилгын фото зураг /хх-22/, ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримтуудын хуулбар /хх-23-26/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

3.1. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан ашиглалтын зардал төлсөн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

            4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Б.А, Б.Гхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагчаас дутуу төлсөн 3 сарын хугацааны хөлс 4,200,000 төгрөг, ашигласан хугацааны ашиглалтын зардал 548,106 төгрөг, тавилга эвдсэний улмаас засварласан зардал 100,000 төгрөг, нийт 4,848,106 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “ашиглалтын зардал 548,106 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин 3 сарын хугацааны хөлс 4,200,000 төгрөгөөс 2 сарын төлбөр төлөхийг зөвшөөрч, нэг сарын төлбөр 1,400,000 төгрөгийг гэрээний дагуу урьдчилж төлсөн дэнчингээс хасагдах учир зөвшөөрөхгүй, тавилга засварлахад зарцуулсан 100,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Талууд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, Б.А нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, .. байрны .. тоот дахь 55,62 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тавилгын хамт Б.Г 1 жилийн хугацаатайгаар, сарын 1,400,000 төгрөгөөр хөлслүүлэх, төлбөрийг 3 сараар төлөх, гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуусах, хөлслөгч Б.Г үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,400,000 төгрөгийг хөлслүүлэгчид өгөхөөр тус тус тохиролцсон байна.

            4.2. Гэрээний зүйл болох орон сууцыг хөлслүүлэгчээс хөлслөгчид “Тавилга, эд хогшил” гэх гэрээний хавсралтаар хүлээлцэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

            4.3. Хариуцагч гэрээний дагуу хөлс төлөх үүргээ 2024 оны 5, 6, 7 дугаар саруудад биелүүлээгүй ба 2024 оны 8 дугаар сард гэрээний зүйлийг түүний эгч нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байна.

            4.4. Гэрээний зүйл болох орон сууцны 2,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгөтэй шкафны нэг шургуулганы дотор тавцан байхгүй болсон нь нэхэмжлэгч талаас гаргасан фото зургаар тогтоогдсон ба үүнийг 100,000 төгрөгөөр засварлуулсан болох нь мөн нэхэмжлэгчээс гаргасан зарлагын баримтаар тогтоогдож байна.

            4.5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ашиглалтын зардал 548,106 төгрөг гаргуулахаар шаардаж, төлбөрийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар гаргаснаар энэ нэхэмжлэл нотлогдоогүй боловч хариуцагч тухайн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.

            5. Талууд орон сууц хөлслөх гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөрийн хэмжээ, ашиглалтын зардал төлөгдөөгүй тухай болон дэнчинд хариуцагчаас нэхэмжлэгчид 1,400,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй. Харин гэрээний хугацаа дуусахаас өмнө орон сууцнаас гарч байгаа талаар мэдэгдээгүй, зарим тавилгыг эвдсэн нь дэнчин өгсөн 1,400,000 төгрөгийг буцаан олгохгүй байх үндэслэл болох эсэх, хариуцагч тавилга эвдсэний улмаас засвар хийсэн зардлыг хариуцах эсэх талаар зохигчид маргав.

            6. Маргаан бүхий орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлд “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

            7. Хариуцагч Б.Г 2024 оны 5, 6, 7 дугаар сарын хөлс төлөгдөөгүй талаар маргаагүй. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар эдгээр саруудын хөлс 4,200,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

8. Гэрээний 5.3 дахь хэсэгт хөлслөгч ашиглалтын зардал хариуцах талаар тохиролцсон ба нэхэмжлэгч нь 548,106 төгрөгийн ашиглалтын зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй боловч хариуцагч энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй.

9. Иргэний хуулийн 231, 232 дугаар зүйлд зааснаар дэнчин нь анзын нэг хэлбэр буюу хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт “Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ” гэж, 233.3 дахь хэсэгт “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно” гэж тус тус хуульчилсан.

9.1. Талууд гэрээний 3.4-т “...Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна. Үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол хөлслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон буюу орон сууцыг хүлээн авсан өдөр хөлслөгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг дэнчингийн мөнгийг 100 хувь хөлслөгч талд буцаан олгоно” гэж тусгасан байна.

9.2. Нэхэмжлэлд дурдсанаар болон талуудын тайлбараар орон сууцны тавилгын нэг болох улаан шкафыг хариуцагч ердийн элэгдлээс дордуулсан буюу шкафны шургуулгын доторх тавцанг эвдсэний улмаас хөлслүүлэгч үүнийг засварлахад 100,000 төгрөгийн зардал гаргасан байгааг дэнчинд урьдчилж төлсөн 1,400,000 төгрөгөөс суутгах эрх үүснэ.

9.3. Нэхэмжлэгч уг зардлыг дэнчингээс суутгаагүй ба хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байх тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар шкафыг засварлуулахад гарсан зардал 100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

10. Харин хууль болон гэрээнд заасны дагуу дэнчинг хөлслөгчөөс буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байх тул төлөгдөөгүй 3 сарын хөлс болох 4,200,000 төгрөгөөс 1 сарын хөлсөнд тооцох тухай хариуцагч талын гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

11. Дээрх үндэслэлээр хариуцагчаас ашиглалтын зардал 548,106 төгрөг, 2 сарын хугацааны хөлс 2,800,000 төгрөг, тавилга засварлахад гарсан зардал 100,000 төгрөг, нийт 3,448,106 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 135,719 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,119 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г 3,448,106 /гурван сая дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А олгож, нэхэмжлэлээс 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 135,719 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,119 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА