Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/562

 

 

 

 

  2023             5             25                                         2023/ДШМ/562          

 

 М.Ц-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Г.Тамир, Г.Ичинхорол,

хохирогч Г.Ж,

иргэний хариуцагч А.Л,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Г.Тамир, Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Ц-д холбогдох эрүүгийн 2210011120059 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........ овгийн ........-ийн Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, боловсрол.., мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ....-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, ....... тоотод оршин суух, /РД: ............./,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 509 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 213 дугаар тогтоолоор дуусгавар болсон;  

Шүүгдэгч М.Ц нь 2021 оны 8 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Ж-т алтны зөвшөөрөлтэй газар худалдана гэж хуурч, О.Т-ийн эзэмшлийн “Э э м” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газрын Ашигт малтмал ашиглалтын МV-021246 дугаартай тусгай зөвшөөрөл, Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1, 2 дугаар хавсралтыг үзүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Ж-ын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 53 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвд байрлах Хаан банкны салбараас шилжүүлсэн 100.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5619193288 дугаарын дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Ц-ийг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ээс 37.770.000 төгрөг, иргэний хариуцагч А.Л-аас 17.130.000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 54.900.000 төгрөгийг хохирогч Г.Ж-т олгож, шүүгдэгч М.Ц-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч М.Ц шүүх хуралдаанд оролцохдоо үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу дээрээ маргахгүй, эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэсэн байр суурьнаас шүүх хуралдаанд оролцсон. Мөн мөрдөн шалгах ажилагаанд шүүгдэгч М.Ц нь гэм буруу дээр маргахгүй, хийсэн гэмт хэрэгтэй маш ихээр гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлж хохирогч Г.Ж-д 100.000.000 төгрөгийн хохирлыг учруулснаас шүүгдэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд сайн дураараа 45.100.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.

Үлдэгдэл 54.900.000 төгрөгийн хохирлоос 30.000.000 төгрөгт машин, газар бодож хохирогчид өгөх, үлдэгдэл 24.900.000 төгрөгийг богино хугацаанд төлж хохирогч Г.Ж-ыг хохиролгүй болгоно гэсэн байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч М.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, мөн 0-12 насны 4 хүүхэд, эхнэртэйгээ амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэн хорих ялыг оногуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн өгч хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ялыг оногдуулж өгөөч гэсэн санал, дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд эрх олгосон, хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэдэгтээ огт маргаагүй болно.

Харин шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч М.Ц нь 3 дахь удаагаа ял шийтгэгдэж байна. Хэдийгээр өмнөх 2 удаагийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл нь дууссан боловч хувийн байдлын хувьд боломжгүй гэж үзлээ, мөн хохирол төлбөр төлсөн боловч өөрөө төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй, ар гэрийнхэн нь төлсөн гэж үзэхээр байна, хохирогч Г.Ж-д 30.000.000 төгрөгт бодож машин, газар өгөхөөр тохиролцсон, хохирогч Г.Ж хохиролд бодож авна гэсэн боловч шүүгдэгчийн нэр дээр бодитоор газар, машин бүртгэгдээгүй, нөгөө талаас түүний садан төрлийн хүмүүсийн хөрөнгийг шилжүүлэх талаар яригдсан нь бодитой бус зүйлд шүүх дүгнэлт өгч хохирлын дүгнээс хасах боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхээс шүүгдэгч М.Ц-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэж байгаа тул шүүгдэгч М.Ц-д оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Г.Ичинхорол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шатанд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хуульд зааснаар доогуур хорих ял оногдуулах санал гаргасан”, мөн шүүх өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх нь “М.Ц нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа гэж тайлбарлах боловч шүүгдэгч өөрийн санаачилгаар бодитой арга хэмжээ авсан зүйлгүй, шүүх хуралдаанд оролцогчдын мэдүүлснээс үзэхэд ар гэр нь хохирогчид хохирол барагдуулах арга хэмжээг авч байгаа зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгчид дээрх зохицуулалтыг хэрэглэх шаардлага, үндэслэлгүй” гэх үндэслэл шалтгаанаар түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

М.Ц нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч Г.Ж-т хохирлыг хэсэгчлэн төлж барагдуулж байгаа ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлөхөө бүрэн илэрхийлж байсан боловч эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж хохирол төлбөрийг төлж чадаагүй байсан болно.

Дээрх хохирол төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулж байгаа байдал мөн тэрээр эхнэр, 0-12 насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг, бага хүүхэд нь 7 сартай, эхнэр А.Л нь хүүхдээ харж асрахын зэрэгцээгээр 3 хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах, ар гэрийн ачааг нуруун дээрээ үүрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулсан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д-ийн Б гэх хүний газрыг 15.000.000 төгрөгөөр, Тоёота Марк Икс загварын автомашиныг 10.000.000 төгрөгөөр тус тус тооцож, охин Д.Билгүүнзаяагийн нэр дээр шилжүүлж авсан. Нийт хохирол төлбөр болох 37.770.000 төгрөгөөс 25.000.000 төгрөгийг барагдуулсан. ...” гэв.

Иргэний хариуцагч А.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол, төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн, хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Шүүгдэгч М.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний бие 0-10 насны 4 хүүхэдтэй, эхнэр маань хүүхдүүдээ харж байгаа учраас ажил хийх боломжгүй байгаа. Энэ нөхцөл байдлууд нь надад үнэхээр хүнд тусаж байна. Хохирогч Г.Ж-аас би уучлалт гуйж байна. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ц-д 3 жилийн хорих ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч М.Ц нь 2021 оны 8 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Ж-т алтны зөвшөөрөлтэй газар худалдана гэж хуурч, О.Т-ийн эзэмшлийн “Э э м” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газрын Ашигт малтмал ашиглалтын МХ/-021246 дугаартай тусгай зөвшөөрөл, Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1, 2 дугаар хавсралтыг үзүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Ж-ын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 53 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвд байрлах Хаан банкны салбараас шилжүүлсэн 100.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5619193288 дугаарын дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэст иргэн Г.Ж-ын бичгээр гаргасан гомдол /1 хх 10/,

хохирогч Г.Ж-ын “...Би 2020 оноос хойш уул уурхайн лиценз хайгаад явж байсан юм. Тэгсэн 2021 оны 6 дугаар сард Ц гэх үнтэй танилцсан. Өөрийгөө цагдаагийн эргүүл хамгаалалтад ажилладаг гэж хэлж байсан. Би газар хайж байгаа талаараа хэлсэн чинь 2021 оны 8 дугаар сард хөдөө ажилтай байхад чатаар холбогдоод Булган аймгийн Бүрэгхангай сум Дэрст хонхор гэдэг газар алтны зөвшөөрөлтэй газар байна гээд бүх бичиг баримтыг нь чатаар явуулсан. ...Газрыг авахаар Цтэй 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод уулзахад утсаараа Б гэж хүнтэй яриулахад би газрын эзэн байгаа юм, би газраа 550.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа 100.000.000 төгрөгийг Ц-ийн данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Газрыг авахаар тохироод гэртээ ирээд бичиг баримтаа аваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төв дотор байх Хаан банк орж теллерээр өөрийнхөө Хаан банкны 5554102982 дугаар данснаас Ц-ийн Хаан банкны 5619193288 дугаар дансанд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 53 минутад шилжүүлсэн. Утган дээр нь газрын төлбөр Дэрст хонхор гэж бичсэн. ...Үүнээс хойш удахгүй гаргаж өгнө гэж мессеж бичээд би өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг худал хэлэхгүй гэж явсаар 2022 оны 3 дугаар сарын дундаас 90114429 дугаар нь холбогдохгүй болсон. ...” /1 хх 17/,

хохирогч Г.Ж-ын дахин өгсөн “...Би Ц гэх хүнд залилуулсан 100.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг цувуулан 2022 оны 8 дугаар сарас 2022 оны 12 дугаар сарын хооронд авсан. Одоо үлдэгдэл 70.000.000 төгрөгөө авах дутуу байгаа. ...Ц гэх хүнээс болж их хохирч байна, хохирол мөнгөө бүрэн барагдуулж авмаар байна. ...” /1 хх 120/,

гэрч О.Т-ийн “...Ц, Ж гэх хүмүүсийг танихгүй, өмнө нь харж байгаагүй. Би компаниа 2019 онд бүх бичиг баримттай нь 300.000.000 орчим төгрөгөөр худалдан авсан, бүх бичиг баримт нь миний нэр дээр байгаа. Би хэн нэгэн хүнд өөрийн компанийн бичиг баримтаа хуулбарлан өгсөн зүйл байхгүй. 2020 оны эхээр компаниа худалдан аваад удаагүй байхдаа геологич хүнтэй уулзаж өөрийн биеэр бичиг баримтыг үзүүлээд буцаагаад авсан. Тэр хүн ямар нэгэн байдлаар хуулбарлан аваагүй, учир нь би машин дотор тэр хүнд бичиг баримтаа үзүүлсэн юм. Би газраа Б гэдэг хүнээс худалдан авсан. 50 орчим насны эрэгтэй хүн байсан, одоо сайн санахгүй байна. Би харлаа манай компанийн бичиг баримтууд байна, ямар учраас энд ирсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би уг алтны ордыг компанийн хамт худалдан авсан. Хэн баримтуудыг өгсөн талаар мэдэхгүй. Би энэ компани, алтны ордоо зарах гэж оролдоогүй, зарах бодол байхгүй. ...” /1 хх 27/,

гэрч О.Т-ийн дахин өгсөн “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ зарим зүйлийг мартсан андуурч өгсөн байна. Т гэх хүн бол “Голдмен прожект” ХХК-ийн захирал байгаа юм. Энэ хүн нь тайлан тооцоо, уул уурхайн техник эдийн засгийн үндэслэл гаргадаг юм. Энэ хүнийг би 2018 оноос хойш таньдаг болсон. Компанийн тайлан тооцоо, техник эдийн засгийн үндэслэлийг гаргуулдаг. Би “Э э м” ХХК-ийг 2020 онд 350.000.000 төгрөгөөр худалдан аваад тухайн үед Түмэн-Одод бичиг баримтаа өгч тайлан тооцоог нь гаргуулж байсан. Би Түмэн-Одод энэ компанийн талаар яриад үйл ажиллагаа явуулах гэхээр тоног төхөөрөмж мөнгө боломжгүй байна, хамтран ажиллах болон гайгүй өндөр үнээр авчих хүн байвал зарчихсан ч яах вэ гэж ярьж байсан. Өмнө мэдүүлэг өгөхдөө энэ болсон зүйлийг мартсан байсан байна. Би 2020 оны сүүлээр билүү 2021 оны эхээр Баянхонгор аймгийн нэг хүн миний газрыг сонирхоод байхаар нь Т-д энэ талаар хэлээд чам дээр хүн очно, чи газрыг үзүүлчихээрэй гэж хэлсэн. Тухайн үед энэ хүн миний газрыг авах гэж байгаад больсон. Дараа нь Т над руу яриад Баянхонгор аймгийн хүнтэй хамт ирсэн хүн нь газрыг сонирхоод байна гэж ярьж байсан. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Т саяхан надтай холбогдоод болсон зүйлийг хэлсэн. Надад хэлэхдээ Баянхонгор аймгийн хүнтэй хамт ирсэн Ц гэдэг хүнд газрын зөвшөөрлийн бичиг, зургийг өгсөн гэж байсан. Баянхонгор аймгийн гэх хүний нэрийг нь санахгүй байна. Би урьд мэдүүлэг өгөхдөө энэ зүйлийг мартсан байна. ...” /1 хх 125/,

гэрч А.Л-ын “... Ц миний нөхөр юм. Бид хоёр 2017 оноос хойш хамт амьдарч байгаа. Ц одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. Би “Номонгоо” ХХК-д нягтлан бодогчоор 2017 оноос ажиллаж байгаа, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй. Бид 2021 онд гэрлэлтээ батлуулсан. 2021 оны 10 дугаар сард Ц хүний газар зарж өгвөл мөнгө өгнө гэсэн, газрыг нь зарсан гээд 20.000.000 төгрөг өглөө гээд Хаан банкны миний 5006614486 дугаар данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөөр нь машины төлбөрөө төлж дуусгасан, үлдсэн мөнгөөр нь гэр орондоо хоол унд авсан. Тухайн үед нөхөр миний Хаан банкны 5006614486 дугаар дансны картыг ашиглаж байсан. Өөрөө миний картыг ашиглаж байя гээд авч байсан. Юу ч мэдээгүй явж байсан чинь 2022 оны 8 дугаар сард санаж байна, хөдөө явж байсан цагдаагаас залгаад Ц-ийг асуугаад байсан. Энэ талаар Ц-д хэлээд чамайг цагдаагаас асуугаад байна, юу болсон талаар тодруулахад би өөрөө цагдаатай холбогдъё, чамд хамаагүй асуудал байгаа юм гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сард Ц-ийн гар утас руу нэг хүн байн, байн залгаад байхаар нь дугаарыг нь хараад өөрийнхөө гар утаснаас залгаад хэн бэ гэхэд нь би Ц-ийн эхнэр байна, өөрөө хэн бэ гэхэд өөртэй чинь уулзах хэрэгтэй байна гэхээр нь гайхаад бид хоёр Улсын их дэлгүүрийн ойролцоо кафед уулзахад 40 гаран насны Ж гэх эмэгтэй танай нөхөртэй газрын наймаа хийсэн, чи энэ талаар мэдсэн үү гэхээр нь би сайн мэдэхгүй байна, хүний газар зарж өгнө гээд яваад байсан. Тэгээд зарсан гээд надад 20.000.000 төгрөг өгсөн өөр зүйл мэдэхгүй байна гэж хэлсэн. Ж гэх эмэгтэй танай нөхөр надад газар зарна гээд урьдчилгаа 100.000.000 төгрөг өгсөн чинь алга болсон. Би одоо хүүтэй мөнгө төлөөд яваад байна хурдан мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би таныг үнэхээр хохироосон бол хохирлыг нь барагдуулах тал дээр Ц-д хэлье гэж хэлсэн. Тэгээд би Ц-д болсон зүйлийг хэлсэн чинь санаа зовох зүйл байхгүй, би өөрөө учрыг нь олчихно, чамд 20.000.000 төгрөг өгсөн газрын асуудал байгаа юм, чи санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. Чи надаас юу нуугаад байгаа юм бэ хэлээч гэхэд юу ч хэлэхгүй байсан. Тухайн үед би жирэмсэн байсан болохоор би өөрийгөө өөр зүйлд санаа зовоогоод хэрэггүй байх гэж бодож байсан. Ж гэх эмэгтэй над руу байнга утсаар холбогдоод байхаар нь Ц-д чи мөнгийг нь өгөөч ээ гэхэд, харин тийм ээ нэг ийм зүйл болсон. 100.000.000 төгрөгийг нь би авсан үнэн, мөнгийг нь хэрэглэчихсэн гэж хэлэхээр нь гайхаад чи тэр их мөнгийг юунд үрсэн юм бэ гэхэд үрээд л дууссан гэж хэлсэн. Ж гэх хүнд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд цувуулаад нийт 26.900.000 төгрөгийг өгсөн. Ц хэний ямар газрыг хэнд зарсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед л газар зарчихвал мөнгөтэй болчих гээд байна гэж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Бид хоёрт өөрийн гэсэн гэр орон байхгүй, түрээсийн мөнгийг би төлдөг, Ц зуны улиралд барилга дээр ажилладаг. Тогтсон ажил хийж байгаагүй, намайг ажилтай байхад хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан. 2021 онд залилангийн хэргээр шийтгүүлж байсан. Хүний хөөргө зарж өгнө гээд хүнд өгөөд алдчихсан байсан. Тэгээд би төлбөрийг нь барагдуулаад, 1 сар баривчлагдаад гарч ирж байсан. Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгаж байхад өмнө нь тэнсэн ял эдэлж байсан талаар мэдсэн. Надад 20.000.000 төгрөг л өгсөн, өөр мөнгө бол өгөөгүй. Би ийм зүйл хийсэн гэдгийг нь мэдээгүй, цагдаагаас хайгаад байхаар нь гайхаад байсан. Тэгээд ийм зүйл хийсэн гэдгийг нь сүүлд нь мэдсэн. Хэрвээ мэдсэн байсан бол хүнд буцаагаад өгөх байсан. Мэдэж байсан бол ийм зүйл хийлгэхгүй байсан. Надад бол 20.000.000 төгрөг 2022 оны 10 дугаар сард машины төлбөр гэж шилжүүлсэн. Надад хэлэхдээ газар зарсны ашиг гэж өгсөн гэж хэлсэн. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. 1.000.000 төгрөгөөр би өөртөө шуб авсан, энэ мөнгө нь надад өгсөн 20.000.000 төгрөгөөс авсан. Надад 20.000.000 төгрөгөөс машины зээлд 11.000.000 гаруй төгрөг төлсөн, тэгээд өөртөө хувцас мөн гэртээ хоол ундны зүйл авсан, мөнгийг би гэр орондоо зарцуулсан. ...” /1 хх 30-31/,

гэрч Э.Т-ын “...Би уул уурхайн зураг төслийн “Голдмен прожект” ХХК-ийг 2014 онд үүсгэн байгуулан захирлаар нь одоог хүртэл ажилладаг. Манай компани нь уул уурхай нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулдаг. Т ахыг 2018 оноос хойш таньдаг болсон. Манай найзын танилын шугамаар таньдаг болсон. Бид хоёр харилцаа их сайтай хүмүүс байдаг. 2019 онд Т ах Булган аймгийн Бүрэгхангай суманд байх алтны ордыг худалдаж авсан гээд бүх бичиг баримтаа эх хувиар болон файлаар манай оффис дээр авчраад надад үзүүлээд, би яваандаа техник эдийн засгийн үндэслэлийг нь мөнгөний асуудал шийдсэний дараа чамаар хийлгэнэ бичиг баримтууд чам дээр байж байг гээд надад үлдээсэн. Надад үлдээсэн шалтгаан нь энэ лицензийн уулын ажлын “X тайлан төлөвлөгөө лицензийн төлбөр зэргийн төлбөр төлөх хугацааг сануулах зэрэг ажлыг хийгээд өгөөрэй” гэж хэлсэн. Би “X тайлан” төлөвлөгөөг нь тухайн үед гаргаад өгч байсан. Т ах над руу 2020 оны намар утсаар яриад чам дээр хэдэн хүмүүс очно, чи миний алтны лицензийн мэдээллийг танилцуулчих гэж хэлсэн. Өөрийгөө цагдаад ажилладаг Ц гэдэг гэж танилцуулсан эрэгтэй хүн, мөн Баянхонгор аймгийнх гээд нэг эрэгтэй хүн ирсэн. Ц гэх хүн зуучилж дагуулж ирсэн. Баянхонгорын хүн гэх эрэгтэй хүн эх хувиар нь авч явж үзээд буцаагаад надад авчирч өгөөд газар авахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би Т-т бичиг баримт авч явсан хүн авч ирсэн гэж хэлсэн. 2-3 сарын дараа санаж байна, 90114429 дугаарын утаснаас залгаад нөгөө газрыг чинь өөр хүмүүс сонирхоод байна ах нь зараад өгвөл та нар намайг шагнах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т ах руу утсаар яриад дээр ирж уулзсан хоёр хүний нэг нь утсаар яриад өөр авах хүн байна, зараад өгвөл шагнах юм уу гэнэ, би юу гэж хэлэх вэ гэж байсан. Т ах ч би ч энэ ордыг зарна гэж зар тавиагүй олон хүнд хэлээгүй цөөхөн танилын хүрээнд санал болгож байсан. Тийм учраас Т ахын үзүүлсэн гэсэн хүмүүст үзүүлж байсан. Тэгсэн Т ах 600.000.000 төгрөгөөр авна гэж байгаа бол хамаагүй, бэлнээр нь өгөөд авбал авна биз гэж хэлсэн, Хэд хоногийн дараа Ц утсаар яриад би өөрийн “Tumen Od Erdenebat” гэх фэйсбүүк хаягаас чатаар бүх мэдээллийг файлаар 2021 оны 6 дугаар явуулсан. Дараа нь Ц 2 удаа манай ажлын гадаа ирээд уулзсан. Уулзахдаа байр оролцуулъя, мөнгийг нь цувуулж өгч болох уу гээд байсан. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй, газар авах гээд сонирхоод байгаа хүнээ надтай уулзуул гэхэд тэгье гэж хэлсэн. Газар авах гээд байгаа хүнээ уулзуулаагүй. Ц-тэй холбогдоогүй. Т ах 2022 оны сүүлээр бүх бичиг баримтаа аваад явсан. Т ах бол бичиг баримтаа надад өгсөн. Танилын хүрээнд л зарах гэж байсан болохоор тэгж хэлсэн байж магадгүй, Т ах Ц гэх хүнийг танихгүй, хараагүй. Баянхонгороос хүмүүс ирж уулзахад Ц хамт ирсэн. Би Б гэх хүнийг бол танихгүй, харж байгаагүй, Т ахад газрыг зарсан хүн гэж бодож байна. Учир нь улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Б гэж хүн байж байгаад солигдсон байсан. Баянхонгорын хүн материал үзэх гэж ирэхэд хамт ирсэн. Өөрийгөө цагдаад ажилладаг гэж байсан. Би Ц гэх хүнд нэг эх хувь материал өгөөгүй, хуулбар файл өгсөн. Газар авах гэж сонирхож байгаа хүн энэ мэдээллийг авдаг, худал хэлсэн байна. Ц надад хэлэхдээ би өөрөө танай 500.000.000 төгрөг дээр нэмээд 50.000.000 төгрөг нэмээд заръя болох уу гэхээр нь тэгээ л гэж хэлсэн. Ямар нэгэн байдлаар би газар зарах талаар санал болгоогүй. Г, Ж гэх хүмүүсийг би танихгүй. Би ийм зүйл болж, Ц хүнээс 100.000.000 төгрөг авсан талаар одоо л сонсож, мэдэж байна. ...” /1 хх 123-124/,

гэрч И.Г-ийн “...Би хувиараа уул уурхайн компаниудад түлш нийлүүлдэг ажил хийдэг. Ц гэх хүнтэй цусан төрлийн хамаатан бол биш Ц-ийн хойд аав нь манай эмээгийн төрсөн дүү нь юм. Ц-тэй ямар нэгэн холбоотой зүйл бол байгаагүй. 2021 оны хавар миний утасны дугаарыг хаанаас хэнээс авсан юм бүү мэд, над руу утсаар яриад Булган аймгийн Бүрэгхангай Дэрст хонхор гэх газар байх алтны уурхайн газрыг зарах гэж байгаа юм. Худалдаж авах хүн байна уу гэхээр нь би хүнээс асууж өгье одоогоор хэлж мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа танил дүү Жт энэ талаар хэлсэн чинь сонирхохоор нь утасны дугаарыг нь өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй. Сүүлд нь Ж 2022 оны намар Ц-д газар худалдаж авахаар мөнгө залилуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц надтай ерөөсөө холбогдоогүй гэр орон нь хаана байдаг талаар мэдэхгүй байна, би ямар нэгэн холбоо байхгүй гэдгээ хэлсэн. Миний мэдэх зүйл ингээд боллоо, Ц-ийг бол би сайн танихгүй, нэг суманд хамт бага байхдаа байдаг байсан, тэрнээс өөр юу ч мэдэхгүй байна. Би Б гэх хүнийг танихгүй. ...” /1 хх 127/ гэсэн мэдүүлгүүд,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 138-141/,

“Э э м” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МV- 021246 дугаар тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл /1 хх 144-145/,

Г.Жаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн М.Ц-ийн чатаар явуулсан газрын гэрчилгээ болон зурвас бичсэн гэсэн баримтууд /1 хх 96-105/, шүүгдэгч М.Ц-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Ц-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Ц-д тухайн зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

            Шүүгдэгч М.Ц нь “Г.Ж-т алтны зөвшөөрөлтэй газар худалдана” гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эд хөрөнгө болох 100.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилдээ авч хохирогчоос авсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Г.Тамираас “...М.Ц нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд сайн дураараа 45.100.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдэгдэл 54.900.000 төгрөгийн хохирлоос 30.000.000 төгрөгт машин, газар бодож хохирогчид өгөхөөр тохиролцсон. 24.900.000 төгрөгийг богино хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь хүндэдсэн гэж үзэж байгаа тул оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэх, өмгөөлөгч Г.Ичинхоролоос “...М.Ц нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч Г.Ж-т хохирлыг хэсэгчлэн төлж барагдуулж байгаа байдал, мөн эхнэр, бага насны 4 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл буюу торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.  

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

          Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол  эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ц-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялаас хорих ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Ц нь шийтгэх тогтоолоор хохирогчид гаргуулан олгохоор заасан нийт 37.770.000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол гарсаны дараа хохирогч Г.Ж-т 15.000.000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 15 дугаар гудамжны 21 тоот хаягт байрлах 700 м.кв газар, 10.000.000 төгрөгт Тоёота Марк Икс загварын автомашиныг тус тус бодож шилжүүлсэн бөгөөд нийт 25.000.000 төгрөг төлснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ц-ийн өмгөөлөгч Г.Тамир, Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР