Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0771

 

 

 

 

 

     2024         10           01                                   128/ШШ2024/0771   

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Гомдол гаргагч: “Д*******” ХХК  

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б******* 

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Н    

Гомдлын шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Нын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Гомдол гаргагч “Д*******” ХХК-аас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Нын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.         

2.Маргааны үйл баримтыг дурдвал            

2.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Н нь “Д*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд L******* компанид холбогдуулан 24 дугаартай зөрчлийн хэрэг нээж хяналт, шалгалтыг хийжээ.     

2.2.Улсын байцаагчаас дээрх хяналт, шалгалттай холбоотойгоор маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан байна.

2.3.Дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Д*******” ХХК-ийг гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлж бүртгүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.  

2.4.Тус шүүх гомдол гаргагчаас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Нын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Нд холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.         

3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Н нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар "Д*******" ХХК /ГХО/ хуулийн этгээдийг Улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй гэх үндэслэлээр 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“Д*******” ХХК-ийн зүгээс үнэн зөв мэдүүлгийг өгч байсан ба худал мэдээлэл мэдүүлээгүй гэх үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэвч тухайн шийтгэл нь ямар нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн тодорхойгүй байх ба шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэггүй байна. Энэ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэг “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй буюу захиргааны илт хууль бус захиргааны акт болно.  

Иймд 00******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.       

4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч Н.Н нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зөрчил илрүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж үүний 04 дүгээр сарын 26-ны зөрчлийн хэрэг нээсэн. Үүний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж байгаа боловч гомдол гаргагч компанид компанийг торгосон шийтгэлийн хуудас ногдуулсан. Гомдол гаргагч компанийг хэн төлөөлж зөрчлийн ажиллагаанд оролцсон нь тодорхойгүй, Зөрлийн тухай хуулийн 3.1-д зааснаар зөрчилд буруутгагдаж байгаа холбогдогч этгээдэд тодорхой бус байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж гомдол гаргагч компанид шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 15.23-д улсын бүртгэлд нотлох баримт хуурамчаар гаргаж өгсөн, журам зөрчсөн, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй гэсэн шинжүүд байгаа. Эдгээр зөрчлүүдийн алийг нь үндэслэж улсын байцаагч шийтгэл ногдуулаад байгаа юм бэ? энэ нь тодорхойгүй байна. Тухайн хуулийн этгээдийг нэг хүн төлөөлөх ёстой. Тэр хүн нь хэн юм бэ? 04 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгч миний бие очиж уулзсан тэмдэглэлийг сонсох ажиллагааны тэмдэглэл болгож, гарын үсэг зурсан, хүлээж авсан тэмдэглэл үйлдсэн гэж зөрчлийн хэрэгт авагдсан байсан. Итгэмжлэгдсэн өмгөөлөгч гэсэн байсан. Ийм ямар ойлголт байдаг юм бэ? Үүгээр намайг сонсох ажиллагаанд оролцсон гэж байгаа нь маш тодорхойгүй, эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгуулах шаардлага гаргасан.  

Улсын бүртгэгч хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Улсын бүртгэлд ямар баримт хүлээж авах, хүлээн авахдаа хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгах, иргэн, хуулийн этгээд нь хууль, дүрэм мэдэхгүй ямар ч хүмүүс байж болно. Үүнд улсын бүртгэгч хяналт тавих ёстой. Улсын бүртгэгчийн бүртгэсэн бүртгэлийг хяналтын байцаагч дахин хянан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад байгаа нь хэнийг буруутгаад, ямар ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал юм уу гэхээр дандаа дүгнэлттэй холбоотой ажиллагаанууд хийгдчихсэн, маш ойлгомжгүй байгаад байна. Хууль ёсны төлөөлөгч, холбогдогчийг нь тогтоогоогүй гэж өөрөө хэлсэн. Удаа дараа мэдэгддэг гэж хэлээд байгаа ч надтай 04 дүгээр сарын 11-ний өдөр уулзсан, би өөрийгөө өмгөөлөгч нь байна гэж танилцуулаад гэрээ өгөөд явсан. Гэтэл миний гэрээг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзсэн юм уу, надтай дахин холбогдоогүй. Тэгсэн хэр нь сонсох ажиллагаанд итгэмжлэгдсэн өмгөөлөгчөөр оролцсон гэж тэмдэглээд байгаа юм. Эрхийг нь хангах гээд байгаа бол бүхий л арга хэлбэрээр хандаад явах ёстой. Гадаад улсад үйлдэгдсэн бол заавал апостиль гэрчилгээ, нотариатч эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна гээд байгаа. Энийг шууд үнэлэх, дүгнэх боломжгүй. Үнэн зөв мэдүүлэг өгөх гэдгийг зөвхөн өөрийнхөө үзэмжээр шийдээд байна уу гэж хараад байна. Гарын үсгийг ямар нэгэн байдлаар дүгнэлт  гаргуулдаг ч юм уу тэгж байж нэг талдаа шийдэгдэнэ. Шууд бид нар өөрөө зураагүй байна гээд хараад шийдэх боломжгүй. Улсын бүртгэгчтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэсэн. Манайх бас хяналтын байцаагчтай холбоотойгоор мэдээлэл өгсөн Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа. Тусдаа асуудлууд явагдаж байгаа. Тиймээс гомдлын шаардлагаа дэмжиж байна.” гэв.         

            5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу миний бие Дун Юань ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хяналт шалгалтын ажиллагааг хийхэд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Д” ХХК /ГХО/-ийн гүйцэтгэх захирлыг өөрчилж мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд УБ-03 маягт буюу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл хүсэлтийг Д ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Л компанийн захирал БНХАУ-ын иргэн Н верее эсхүл итгэмжлэгдсэн төлөвлөгчөөр дамжуулан гаргаагүй нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно", 15.1.5 дахь заалтад итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд" гэж заасныг, мин бүртгүүлэх өргөдөлд хавсаргасан Д ХХК-ийн хурлын тэмдэглэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэрэг гадаад улсад үйлдэгдсэн нь Хууль зүйн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.4-т "Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад улсад үйлдэгдсэн бол апостиль гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна" гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл "Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд дээрх үйлдлүүд нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2-48/2219 дүгээр лавлагаа. Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэлд "Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Н-д огт мэдэгдээгүй, оролцох боломжоор хангаагүй" гэсэн тухайд  

Өмгөөлөгч С.Б******* нь анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 20 минь-нд ирж өөрийгөө Д ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Л******* компанийн захирал БНХАУ-ын иргэн Н-гийн хууль ёсны төлөвлөгч хэмээн танилцуулан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод үйлдсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх 2024/009 дугаартай гэрээг өгч тус газарт Д ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Z -ээс ирүүлсэн гомдолтой танилцаж хариу тайлбар, нэмэлтээр нотлох баримтыг бичгээр өгөх зэргээр Н-г төлөөлж хяналт шалгалтын ажиллагаанд оролцохоо илэрхийлсэн. Мөн хувьцаа эзэмшигч Н хэзээ Монгол улсад ирж сонсох ажиллагаанд оролцох боломжтой тухай асууж эргээд хяналтын улсын байцаагчид мэдэгдье гэж хэлсэн. Энэ тухай тэмдэглэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 201 тоот уулзалтын өрөөний тэмдэглэл хөтлөх дэвтэрт болон дуу бичлэгээр бичигдсэн баримт байна.

Дээрх нөхцөл байдлаар Д ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлдээ оруулсан өөрчлөлт буюу гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж, үнэн, зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй нь нотлох баримтаар тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 24 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд Нийслэлийн Прокурорын газрын прокурорт танилцуулж хянуулж байсан болно. Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйл "Хууль ёсны зарчим", 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан. Иймд хууль тогтоомжид нийцүүлж эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэлд С.Б******* нь өөрийгөө Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод үйлдэгдсэн 24/37 дугаар итгэмжлэлд гүйцэтгэх захирал Н нь С.Б******* нь Д ХХК-г төлөөлөх эрх олгосон байна.

Гэтэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд Д ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Z, 51 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын хуулийн этгээд l******* компани гэж бүртгэгдсэн байдаг бөгөөд Д ХХК- ийн хувьцаа эзэмшигчийг БНХАУ-ын иргэн Н дангаараа төлөөлөх эрхгүй бөгөөд Д ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж хувьцаа эзэмшигч Н-г гүйцэтгэх захирлаар томилж бүртгүүлсэн бүртгэл нь хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны 2******* дугаар дүгнэлтээр хүчингүй болсон болно.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу.” гэжээ.

6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тухайн шийтгэлийн хуудсыг хувь хүнд биш хуулийн этгээдэд ногдуулсан учир гомдол гаргагч компанийн хаягаар шийтгэлийн хуудас явуулсан. 50 хувийн хувьцаа эзэмшигч Х******* /H*******/ болон нэг компани нь БНХАУ-ыг компани. БНХАУ-даа байдаг. Тэгэхээр гомдол гаргагч компанийн хуулийн этгээдийн хаягаар нь шийтгэлийн хуудас ногдуулж хүргүүлсэн. Өмгөөлөгч С.Б******* ирж уулзсан. Төлөөлөх бичиг баримт нь тухайн үед нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учир өөрт нь мэдэгдсэн. Зөрчлийн хэрэг нээсэн байгаа. Бичиг баримтаа хуулийн шаардлага хангуулаад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоорой гэж мэдэгдсэн. 2 удаа туслахаа явуулсан байсан.

Улсын бүртгэгчийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчсөн учир бүртгэл хүчингүй болсон. Үүний дагуу Авлигатай тэмцэх газар шалгагдаад ашиг, сонирхлын зөрчилтэй гэж үзэж яллагдагчаар татагдаад явж байгаа. Хариуцагчийн хариу тайлбараа дэмжиж байна. Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.         

2.Гомдол гаргагч “... “Д*******” ХХК-ийн зүгээс хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж маргаан бүхий захиргааны актыг гаргасан.” гэж, хариуцагчаас “... Хариуцагч нь маргаан захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зүйл байхгүй гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.     

3.Гомдол гаргагч “Д*******” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Нд холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Нын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.        

4.Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай 24 дугаартай тогтоолоор “Д*******” ХХК /2*******/-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлж бүртгүүлээгүй гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.  

5.Хариуцагч нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг бичжээ

6.Дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хариуцагч нь гомдол гаргагч “Д*******” ХХК-ийг “улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй” гэх зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.  

7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйл. “Эрх бүхий албан тушаалтан”, 1.Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; гэж тус тус зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй байна.

8.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл.Холбогдогч”, 1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 2.Холбогдогч дараахь эрхтэй:”, 2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;”, 2.4.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;”, 2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;”, 2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах;”, 2.10.хуульд заасан бусад. гэж тус тус заажээ. 

9.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, зөрчилд холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, өөрөө болон хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхтэй байна.

10.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдэж, гомдол гаргагч “Д*******” ХХК-д шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлэлгүйгээр шийтгэл оногдуулсан нь маргаан бүхий захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэхээр байна.  

11.Тодруулбал, зөрчлийн хэргийн холбогдогч болох “Д*******” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон компанийн хууль ёсны төлөөлөгчийг томилуулан оролцуулалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд журмын зөрчсөн гэж үзэхээр байна.

12.Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйл.“Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих”,1.2.хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

13.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүн, этгээдийг торгох шийтгэл оногдуулахаар байна.

14.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь “... 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөл, хүсэлтийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргаагүй, өргөдлийн маягтад Х******* /H*******/ гарын үсэг зурсан байсан боловч тухайн үед Х******* /H*******/ өөрийн биеэр Монгол улсад байгаагүй.” гэх тайлбарыг гаргадаг бөгөөд дээрх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

15.Тодруулбал, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “... Улсын бүртгэлийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийн маягтад төлөөлөх эрх бүхий этгээд болох Х******* /H*******/ өөрөө гарын үсгээ зурсан, бид өргөдлийн маягтыг БНХАУ ру онгоцоор явуулж гарын үсэг зуруулаад бүртгэлийн байгууллагад өгсөн байсан.” гэх тайлбараас үзвэл, хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн өргөдлийн маягт дээрх гарын үсэг нь БНХАУ-ын иргэн Х******* /H*******/-ийн гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилж, дүгнэлт гаргуулж зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байжээ.

16.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, хариуцагч дээрх маргаатай үйл баримтыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь маргаан бүхий захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

17.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “Д*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.2 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Д*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.     

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ