Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогч: З.Н,

Гэрч: Ч.А,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Нд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021141 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Н, .....

Шүүгдэгч Б.Ннь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...-д билет борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, билет захиалагч нарын билетийн мөнгийг бэлнээр, өөрийн хувийн дансаар авч хувьдаа зарцуулах, мөн байгууллагынхаа дансаар авч тухайн захиалагчийн бус өөр захиалагчийн төлбөрийг шилжүүлэн төлөх зэргээр нийт 44.996.800  төгрөгийг завшиж, улмаар “...-д 65.801.800 хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би уг компанид ажилд орсоноос хойш 3 сарын дараа энэ хэрэг үйлдэгдсэн. Тухайн үед манай нөхөр Дарханы замд явж байгаад осолд орж нас барсан, хүүхэдтэйгээ хоёулахнаа үлдсэн. Дээр нь хуучин ажилдаа өртэй байсан учир өрөө төлөхийн тулд энэ хэргийг үйлдсэн. Би хүмүүсээс билет захиалгын мөнгийг бэлнээр болон өөрийн дансаар авч байсан. Урдах өрөө нөхөж хийж явсаар байгаад ийм асуудал болсон. Би ийм их мөнгө болсон гэдгийг мэдэхгүй явж байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч З.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны зунаас эхлэн залилангийн шинжтэй үйлдлүүд хийж эхэлсэн. 2016 оны шинэ жилийг манай байгууллага Монгол улсад тэмдэглээгүй. Бүх ажилчидаа Пусан, Сөүл, Чэжү хотуудад амраасан. Манай ерөнхий захирал болон санхүүгээс гадаад явах билет захиалгын ажилчид явахаасаа өмнө өр авлагаа хаая гэж хэлсэн байдаг. Тухайн үед Нгийн авлага 13.810.000 төгрөг байснаас 8.000.000 төгрөгийн билет нь манай ээжийн дүү сангийн яаманд ажилладаг, Америкийн чиглэлд явсан гэр бүлийн билетийн мөнгө байгаа. Манай ээжийн дүүгээс энэ мөнгө орж ирэх ёстой, төрийн сангаас орно гэж хэлээд 4 сар болоод төлөгдөөгүй, 7 ширхэг Пусаны билет төлөгдөөгүй байсан. Тухайн үед манай ерөнхий захирал ирээд төлнө гэдэг Нгийн аман тангарагийг авсан байсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ний өдөр яваад 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн. Нг гадаадаас ирсний дараа яагаад төлөхгүй байсан талаар асуухад урьд ярьж байсан тайлбаруудаа хэлж байсан. 2017 оны цагаан сарын шинийн 3-нд ажил эхлээд байж байхад танихгүй хоёр хүн билет борлуулагч Нгийн өмнө нилээн удаан суусан. Тэр хоёр хүн уурлаад над дээр ирээд чи захирал нь юм уу гэхэд би үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал нь байна гэж хэлэхэд танай энэ ажилтан чинь захирал байхгүй, гадаад явсан гэж худлаа яриад байна гэж надад хэлсэн. Би тэр хүмүүстэй уулзаад юу болсон талаар асуухад надад данс үзүүлээд манай 5 найз Инчоны нисэх онгоцны буудал  дээр нь байна. Өнөөдөр бид хоёр араас нь яваад бид 7 Сингапурт цагаан сарыг тэмдэглэж амраад казино тоглох гэж байна гэж хэлсэн. Инчоны нисэх онгоцны буудал дээр байгаа 5 найз онгоцны буудал дээр ирсэн чинь бид нарын билет хоосон байна гэж хэлсэн байна. Энэ бүх хүний мөнгийг Н өөрийн хувийн данс руу 2,3 удаагийн үйлдлээр авсан байсан. Нгоос асуухад тэр 5 хүний дунд байсан Тэмүүжин гэх хүнээр анх холбогдож мөнгийг авсан. Надад мөнгө нь байгаа гэж хэлээд тэр асуудлыг тухайн үед нь шийдсэн. Орой нь би ахындаа золгох гээд явж байхад өдрийн ярьсан 5 хүн над руу дахиад ярьсан. Бид нар Сингапурт ирээд зочид буудалдаа орох гэсэн чинь захиалгын хуудас хуурамч байна гэж хэлсэн. Тэр хүмүүсийн Сингапурт байрлах зочид буудлын мөнгийг Н хувийн дансандаа шилжүүлж авсан байсан. Тэгээд би маргааш өглөө нь Нг ээжийгээ авчирч надтай уулзуул гэж хэлэхэд энэ манай ээж гэж өөр хүн надтай уулзуулсан байсан. Ээж нь гэх хүн ирээд энэ өр авлагыг бид нар төлнө, санаа зоволтгүй гэж хэлээд явсан. Тэрнээс хойш 2017 оны 03 дугаар сард Нг ажлаас түр түдгэлзүүлэх чөлөө олгоод өрөө төлөх төлбөрийн график гаргуулаад компаниас авсан авлагаа төл гэж даалгасан. Энэ үед Нгийн авлага 13.000.000 гаран байж байгаад нэг алдаа гараад 17.000.000 болж өссөн. Энэ үед манай компани руу нэг ижил шалтгаанаар 10 гаран хүн залгаж гомдлууд ирсэн. 2017 оны 4 сард Нгийн халагдах тушаал гарах үед өөрийн төрсөн ээж Туяа гэх хүнийг бид нартай уулзуулсан. Ээж нь бид нарт хэлэхдээ 2017 оны 5 дугаар сарын 01-н гэхэд танай байгууллагыг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Тухайн үед би Нгоос одоо өөр асуудал байхгүй юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Нгийн халагдах тушаал гарсанаас хойш Нгоор дамжсан зөндөө асуудлууд гарч ирсэн. Ихэнх хүмүүс нь Нгийн хувийн данс болон бэлнээр мөнгөө өгсөн байсан. Нтой аман тохиролцоогоор явах боломжгүй болоод Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст анх гомдол гаргасан. 2017 оны намар Японд байсан Аминзул, Ариунзул гэх хоёр хүүхэд ээжтэйгээ 2 талдаа нисэх ёстой байсан билетийн мөнгийг авч нэг талд нь бичээд явуулсан байдаг. Хамгийн сүүлийн үйлдэл нь Берлинээс Монголд ирэх хүний билет байсан. Энэ асуудлыг манай комлани зохицуулсан. Ингээд манай компанид нийт 65.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Нгийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа торгуулийн мөнгөтэй холбогдуулан тайлбар хийхэд Эрдэнэдалайгийн Халиун, Хулан, Ганбатын Батцэцэг гэх хүмүүсийн мөнгийг 2017 оны  12 дугаар сарын 13-ны өдөр Максмоллын доор байрлах голомт банкны хажууд 7.910.000 төгрөгийг бэлнээр авч баримт хэвлэж өгсөн нь хэрэгт баримтаар авагдсан байгаа. Энэ хүмүүсийг манай компани 2017 оны 5 дугаар сарын 15 хүртэл мэдээгүй. Батцэцэг гэдэг хүний аав ээж хоёр нь Н гэх хүнд мөнгө өгсөн талаар манай гурван хүүхдийн билет байгаа , Нг гэх ажилтан байгаа юу гэж анх асууж орж ирсэн. Тухайн үед нь билетийг нь 5.900.001, 5.964.000, 5.964.000 гэдэг үнийн дүнгээр билетийг бичсэн. Энэ үед компаниа бага хохиролд оруулахын тулд бага үнэлгээгээр нь бичсэн. 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1 рүү шилжихэд авиа компаниуд улиралын шинж чанартай билетний үнэ өсгөдөг. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард манай байгууллагад Батцэцэг, Халиун, Хулан гэх гурван хүн билетэн дээр асуудал үүсгэсэн байна гэж манай байгууллага дээр торгууль ирсэн” гэв. 

Хохирогч З.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “......-нь 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс онлайнаар онгоцны билет зарах үйлчилгээ явуулж эхэлсэн ба... 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 16-15 тоот захирлын тушаалаар Б.Нг үндсэн билет борлуулагчаар томилсон. 2016 оны 10 дугаар сард тооцоогоо шахаад авлага төлөхийг шаардтал борлуулагч нараас ганцхан Н авлагаа төлөөгүй яваад байсан...Солонгосын Инчоны буудал дээр байна гэх таван Монгол залуу манай компани руу яриад бид танай тийз борлуулагч Б.Нгоос Солонгосоос Сингапур руу явах 5 билет 2 талдаа авсан боловч биднийг онгоцонд суулгахгүй байна гэж уурласан. ...би тэр 2 залуугаас та нар ямар дансанд мөнгө тушаасан бэ гэхэд танай ажилтан Н өөрийнхөө Хаан банкны дансыг надад мессежээр өгөөд тэр дансанд нь шилжүүлсэн гэж хэлсэн... тэгээд бид үүнийг мэдээд Нгийн ашигладаг Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансуудыг Нгийн хамт шүүж үзэхэд тийзний мөнгө нэг биш удаа маш олон удаа хүний нэргүй, утасны дугааргүй, төлбөрийг 2 хувааж авсан байдалтай өөрийнхөө дансанд хийлгүүлсэн байсан. Тэгээд үүнийг мэдээд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Нг ажлаас нь түр түдгэлзүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Би ерөнхий нягтлан бодогч Ариунсайханы хамт Нгийн хийсэн залилангийн хэргийг нэг бүрчлэн он, сар өдөр, хаанаас хэзээ, хэрхэн мөнгө авсан, дансанд хэрхэн орсон, бид Нгийн өмнөөс хэрхэн хэдэн төгрөг болгож төлсөн төлөөр нарийвчлан судалж жагсаалт гаргасан. ...2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд борлуулагчаар ажиллаж байхдаа зорчигчдын билетийн мөнгөнөөс 44.996.800 төгрөгийг хувьдаа завшиж манай компанид 65.801.800 төгрөгийн хохирол учруулсан.  Яагаад ингэж өссөн бэ гэвэл онгоцны билетийн үнэ нь цаг хугацаа, долларын ханш, улирлаас шалтгаалсан үнийн дүн харилцан адилгүй байдаг. Ерөнхийдөө онгоцны тийзийг нисэх өдрөөсөө нэг сарын өмнө буюу түүнээс эрт захиалбал хамгийн хямд үнээр авах боломжтой байдаг. Дээрх зорчигчдын хувьд бидэнд мэдэгдэлгүйгээр Нтой холбогдон тухайн үеийн үнэлгээгээр төлбөрийг төлсөн боловч билет нь албан ёсоор бичигдээгүйгээс иргэд онгоцны буудал дээр очоод билет нь баталгаажаагүйг мэдээд бидэнтэй холбогддог, ингээд хугацаа тулсан учир билетийн үнэлгээ өмнө Нд төлсөн дүнгээсээ 2 дахин хүртэл өссөн үнээр бичигдэж байсан. Ийм учраас манай компаниас төлсөн үнийн дүн 65.801.800 төгрөг болж хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа юм....Б.Ннь ажиллах хугацаандаа нийт 41 зорчигчоос билетийн мөнгө гэж авсан байгаа. Эдгээр зорчигчийн заримынх нь билетийн мөнгийг нөгөөгийнх нь мөнгөөр төлөөд явсан байна. Б.Нажлаасаа гарсанаасаа хойш 9.213.100 төгрөгийн хохирлыг манай компани дансанд төлсөн байгаа. Энэ үнийн дүнг хасахаар манай компаний хохирол 56.588.700 төгрөг болж байгаа юм” гэсэн мэдүүлэг.\хх-н 92-99-р хуудас\,

Гэрч Ч.Аы шүү хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Ннь 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа нийт 26 үйлдлээр 44.996.800 төгрөгийг ашигласан үйлдэл гаргасан. Ингээд манай компани 26 үйлдлийн 42 иргэний хохирлыг бүрэн төлж барагдуулан хохиролгүй болгосон. Б.Ннь 44.996.800 төгрөгийн билетийн мөнгийг урьдчилан авч ашигласан ба уг билетийн мөнгийг манай компаниас хохирогч нарт олгохдоо цаг хугацаа тулсан, тухайн үеийн валютын ханшаар тооцож билетийг захиалж нөхөн олгоход компаниас 65.801.800 төгрөг зарцуулсан байгаа. Нислэгийн цаг хугацаа тулсан үед билет захиалахад хамгийн үнэтэй суудлууд үлдсэн байдаг. ...Ингээд  манай компаниас тухайн үеийн хамгийн үнэтэй суудлаас бичиж баталгаажуулж зорчигчдыг хохиролгүй болгох үйлчилгээ үзүүлж байсан” гэсэн мэдүүлэг.\хх 1-н 100-102 хуудас\,

Жералд аудит ХХК-ны дүгнэлт: “...Тохиролцсон горимуудаар гүйцэтгэсэн ажлын үр дүнд 2016 оны 5 дугаар сарын 30-аас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан “...-ны билет захиалгын ажилтан Б.Нгоос 54.375.440 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх зөрчил дутагдлыг билет захиалагч нарын билет захиалсан мөнгийг өөрийн хувийн харилцах дансанд хуримтлуулж компанийн данс руу буцаан шилжүүлдэг, мөн хувьдаа ашиглдагаас компанид их хэмжээний хохирол учруулах үндэслэл болсон байна. Энэхүү тохиролцсон горимуудаар гүйцэтгэсэн ажил нь зөвхөн “...-ний ажилтантай холбоотой дутагдлыг тусгаж байгаа бөгөөд удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон авлага, өглөг, орлого, зарлага, үр дүн зэрэг эдийн засгийн бусад үзүүлэлт, санхүүгийн тайланг бүхэлд нь хамрахгүй юм. Түүнчлэн энэхүү бичиг баримт нь Аудитын Олон Улсын Стандарт, Нягтлах Ажлын Олон Улсын Стандартын дагуу хийгдсэн аудит, нягтлах ажлын баталгаа бөгөөд “Жералд Аудит” ХХК-с “...-ний удирдлагад үнэн бодит мэдээлэл өгөхөд чиглэгдсэн баримт бичиг болно” гэсэн дүгнэлт /хх 1-н 68/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/, ...-ны өргөдөл /хх 1-н 6-7/, ...-ны дотоод билет бүртгэлийн программ дахь борлуулагч Б.Нгийн хийсэн нийт борлуулалтын бүртгэл жагсаалт /хх 1-н 23-26/, Билет захиалгын баталгаажаагүй хуудаснууд /хх 1-н 41-42, 51-52, 56-57, 60-62/, Кассын орлогын ордерууд /хх 1-н 37-40/, Билет захиалагчдын ...-д хандсан өргөдлүүд /хх 1-н 43-50, 58-59/, “Зэт хорин дөрөв ХХК-ны билет захиалга, борлуулалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх 1-н 69-71/, ...-ний 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 16/15 тоот тушаал, Хөдөлмөрийн гэрээ /хх 1-н 73-76/, ...-ний захирлын 2017 оны 4 дүгээр сайрын 10-ны өдрийн 17/07 тушаал /хх 1-н 78/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 215-225/, 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нг нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Ннь “...-нд билет борлуулагчийн ажил эрхэлж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус компаний захирлын тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба тэрээр бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд ямар нэгэн байдлаар албан тушаалын байдлаа ашиглах шаардлагагүй бөгөөд түүний эрхэлдэг өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой учир албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ

Албан тушаалын байдал гэдэг нь албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ойлгох ойлголт бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт дээрх нөхцөл байдлыг ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.    

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туха хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Ннь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...-д билет борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд билет захиалагч нарын билетийн мөнгийг бэлнээр, өөрийн хувийн дансаар авч хувьдаа зарцуулах, мөн байгууллагынхаа дансаар авч тухайн захиалагчийн бус өөр захиалагчийн төлбөрийг шилжүүлэн төлөх зэргээр нийт 44.996.800  төгрөгийг завсан, уг завшсан үйлдлийн улмаас “...-д нийт 65.801.800 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч З.Нын: “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 16-15 тоот захирлын тушаалаар Б.Нг үндсэн билет борлуулагчаар томилсон. 2016 оны 10 дугаар сард тооцоогоо шахаад авлага төлөхийг шаардтал борлуулагч нараас ганцхан Н авлагаа төлөөгүй яваад байсан...Солонгосын Инчоны буудал дээр байна гэх таван Монгол залуу манай компани руу яриад бид танай тийз борлуулагч Б.Нгоос Солонгосоос Сингапур руу явах 5 билет 2 талдаа авсан боловч биднийг онгоцонд суулгахгүй байна гэж уурласан. ...би тэр 2 залуугаас та нар ямар дансанд мөнгө тушаасан бэ гэхэд танай ажилтан Н өөрийнхөө Хаан банкны дансыг надад мессежээр өгөөд тэр дансанд нь шилжүүлсэн гэж хэлсэн... тэгээд бид үүнийг мэдээд Нгийн ашигладаг Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансуудыг Нгийн хамт шүүж үзэхэд тийзний мөнгө нэг биш удаа маш олон удаа хүний нэргүй, утасны дугааргүй, төлбөрийг 2 хувааж авсан байдалтай өөрийнхөө дансанд хийлгүүлсэн байсан. Тэгээд үүнийг мэдээд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Нг ажлаас нь түр түдгэлзүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Би ерөнхий нягтлан бодогч Ариунсайханы хамт Нгийн хийсэн залилангийн хэргийг нэг бүрчлэн он, сар өдөр, хаанаас хэзээ, хэрхэн мөнгө авсан, дансанд хэрхэн орсон, бид Нгийн өмнөөс хэрхэн хэдэн төгрөг болгож төлсөн төлөөр нарийвчлан судалж жагсаалт гаргасан. ...2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд борлуулагчаар ажиллаж байхдаа зорчигчдын билетийн мөнгөнөөс 44.996.800 төгрөгийг хувьдаа завшиж манай компанид 65.801.800 төгрөгийн хохирол учруулсан... Б.Ннь ажиллах хугацаандаа нийт 41 зорчигчоос билетийн мөнгө гэж авсан байгаа” гэсэн мэдүүлэг \хх-н 92-99-р хуудас\, гэрч Ч.Аы  өгсөн: “...Б.Ннь 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа нийт 26 үйлдлээр 44.996.800 төгрөгийг ашигласан үйлдэл гаргасан. Ингээд манай компани 26 үйлдлийн 42 иргэний хохирлыг бүрэн төлж барагдуулан хохиролгүй болгосон. Б.Ннь 44.996.800 төгрөгийн билетийн мөнгийг урьдчилан авч ашигласан ба уг билетийн мөнгийг манай компаниас хохирогч нарт олгохдоо цаг хугацаа тулсан, тухайн үеийн валютын ханшаар тооцож билетийг захиалж нөхөн олгоход компаниас 65.801.800 төгрөг зарцуулсан байгаа. Нислэгийн цаг хугацаа тулсан үед билет захиалахад хамгийн үнэтэй суудлууд үлдсэн байдаг. ..Ингээд  манай компаниас тухайн үеийн хамгийн үнэтэй суудлаас бичиж баталгаажуулж зорчигчдыг хохиролгүй болгох үйлчилгээ үзүүлж байсан” гэсэн мэдүүлэг \хх 1-н 100-102 хуудас\, Жералд аудит ХХК-ны дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Б.Нгийн хохирогч байгууллагад учруулсан 44.996.800  төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэн их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнээгүй нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ннь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...-д билет борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд билет захиалагч нарын билетийн мөнгийг бэлнээр, өөрийн хувийн дансаар авч хувьдаа зарцуулах, мөн байгууллагынхаа дансаар авч тухайн захиалагчийн бус өөр захиалагчийн төлбөрийг шилжүүлэн төлөх зэргээр нийт 44.996.800  төгрөгийг завшиж улмаар “...-д 65.801.800 хохирол, хор уршиг учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хамгийн сүүлд билет бичсэн 3 хүнд оногдуулсан торгуулийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна гэсэн санал үндэслэлгүй бөгөөд дээрх торгуулийг байгууллагын зүгээс төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь “...-ниас 44.996.800  төгрөгийг завшсан болох нь нотлох баримтууд болон хохирлын тооцоогоор тогтоогдсон байна.

Дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “...-нд 20.805.000 төгрөгийн хор уршиг учирч тус компанид нийт 65.801.800 хохирол, хор уршиг учруулсан гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ннь 9.213.100 төгрөгийн хохирол төлсөн болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар оролцогч нар ямар нэгэн маргаангүй байна. Иймд шүүгдэгчийн төлсөн дээрх хохирлыг нийт хохирол, хор уршигаас хасаж үлдэх 56.588.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч “Айрбүүк”ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Нг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгч Б.Нг 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Б.Нг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 500 цаг нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ннь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгоос 56.588.700 төгрөг гаргуулж хохирогч “...-д олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР