Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2020/00067

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2020/00067

 

 

 

Хас банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2020/00030/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Хас банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Далхбүрэн уул ХХК, Х.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 57.998.881,98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Далхбүрэн Уул ХХК, Х.******* нар нь тус банктай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1100018698 дугаартай зээлийн гэрээ, 1100018698-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 11000196982-01, 11000186982-02 дугаартай батлан даалтын гэрээг тус тус байгуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийн зээлийг 19 сарын хугацаатай, 365 хоногт 32.4 хувийн хүүтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгийн буюу холимог зориулалтаар авсан. ...Хариуцагч нар нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байгаа бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан 1100018698 дугаартай зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ...үндсэн зээл 26,943,180.67 төгрөг, хүү 26,664,023.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,391,678 төгрөг нийт 57,998,881.98 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 2.Хариуцагч нар нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Далхбүрэн Уул ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх зуны 3 сардаа жуулчид хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулдаг. 2019 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хуулсан. Тэгэхээр жуулчид баруун тал руугаа явчихдаг. Үүнээс болж манай орлого 60-70 хувь багассан. Энэ жил өвчин гарсан. Манай орлого нам зогссон. Тэрнээс бол тодорхой хэмжээгээр төлөлт хийгээд явж байгаа. Зээлийн 80,000,000 төгрөгөөс 53,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Хүү 24,652,939 төгрөгийг төлсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ч зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү. ...Миний үл хөдлөх эд хөрөнгө зах зээлийн ханшаар 1 тэрбум 500 сая төгрөгийн үнэтэй. Тиймээс би 57,998,881.98 төгрөгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй.. гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Далхбүрэн уул ХХК, Х.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,998,881.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын, 1-р баг, Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах 000054751 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1302000003 бүртгэлтэй, буудал ресторан, сауны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 170201099 дугаартай нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 000308786 дугаар гэрчилгээтэй, 2 га хэмжээтэй, аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрыг албадан дуудлага худалдаанд оруулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үлдэх 447,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 447,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбарт олгосугай.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Далхбүрэн -Уул ХХК-ны захирал Б.Мөнхзул миний бие 2015 онд Хас банкнаас 80.000.000 /наян сая/ төгрөгийн зээл авсан. Би зээл авснаас хойш үндсэн зээл 53.056.430,33 төгрөг хүүнд 24.652.939 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 172.717,17 төгрөг төлсөн. Хас банк миний энэ зээлийн асуудлаар 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн дагуу хуралдан 45 тоот шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатандаа явж байхад тус банк уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Банкны нэхэмжлэлийг анхан шатны шүүх дахин хэлэлцэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талд илтэд үйлчлэн иргэн намайг асар хохироосон шудрага бус шийдвэр гаргасан. /2020.08.11№207/ Учир нь:

1.Хас банк анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн миний авсан зээлд хүү тооцохгүй ёстой байхад зээлийн үндсэн үлдэгдлээс илүү хүү тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

2.Энэ хугацаанд миний буруугаас болж төлбөр төлөх хугацаа хойшлоогүй. Процессын үйл ажиллагаанаас болсон.

3.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнээгүй бол уг шийдвэр хэвээр байх ёстой.

Миний бие улирлын чанартай бизнес хийдэг учраас сүүлийн жилүүдэд манай нутагт үргэлжилсэн цаг уурын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан зээлээ төлж чадахгүй байгаа учир шалтгаанаа Хас банк болон шүүхэд албан бичгээр мэдэгдэж байсан болно. Ялангуяа 2020 онд үүсээд байгаа корона вирусээс шалтгаалан эдийн засгийн хүндрэл аялал жуулчлалын салбарт асар их хүндээр тусаж байна. Манай компани зөвхөн аялал жуулчлалын салбараас мөнгө олдог. Иймд би Хас банкнаас авсан 80 сая төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 39.998.000 төгрөгийг Хас банк нийтэд нь нэхэмжилсэн бөгөөд үүнээс би 2 удаагийн төлөлтөөр 8.200.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл болох 31.798.000 төгрөгийг төлж барагдуулах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Би ирэх 2021 онд уг үлдэгдлийг бүрэн барагдуулж дуусна гэж тооцоолж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна.

1.Давж заалдах гомдол хуульд заасан агуулгын шаардлага хангаагүй тухайд:

Давж заалдах гомдолд шүүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх үед хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсан үйл баримтыг дурдсан байх боловч шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байх тул давж заалдах гомдол Иргэний, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тухайд

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигч нарын хооронд байгуулагдсан зээлийн, батлан даалтын, барьцааны гэрээний харилцаа, хариуцагч нар үүргээ зөрчсөн байдал, нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,998,881.98 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хас банк-ны Сэлэнгэ салбар нь хариуцагч Далхбүрэн Уул ХХК, Х.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57.998.881,98 төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Далхбүрэн-Уул ХХК-ий захирал, хариуцагч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч давж заалдах гомдлоо тухайн асуудлаар урьд нь шүүхийн шийдвэр гарсан ба тэр үед нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, мөн Дархан-уул аймаг Улаанбаатар хотын зам засварын ажилтай холбоотойгоор орлого буурсан тул хүүгээс чөлөөлж өгнө үү, барьцаа хөрөнгийн зах зээлийн ханш өндөр байхад 57.998.881,98 төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулж төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбар хариуцагч Далхбүрэн-Уул ХХК, Х.******* 2015 оны 04 сарын 13-ны өдөр 1100018698 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 80.000.000 төгрөгийг 19 сарын хугацаатай жилийн 32.4 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр иргэн Х.******* оролцжээ.

2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор Баталгаат ипотекийн гэрээ байгуулж Далх бүрэн уул ХХК-ний хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р баг, Амарбаясгалан хийдийн баруун талд байрлах 000054751 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1302000003 бүртгэлтэй, буудал, ресторан, сауны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 170201099 дугаартай нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 000308786 дугаар гэрчилгээтэй, 2 га хэмжээтэй, аялал жуулчлалын зориулалтай барилга, газар зэрэг хөрөнгийг барьцаалсан байна. Мөн 2015 оны 04 сарын 14-ний өдөр Хас банк нь иргэн Б.Мөнхзул, Б.Мөнхтөр нартай батлан даалтын гэрээг тус тус байгуулсан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1, 167 дугаар зүйлийн 167.1-д тус тус заасан баталгаат ипотекийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тэдгээрийн хооронд зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байсныг зохигчид 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгажээ.

Нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь зээлийг зээлийн гэрээний хугацаанд заасан эргэн төлөлтийн графикийн дагуу төлж дуусгаагүй, хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 26,943,180.67 төгрөг, хүү 26,664,023.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,391,678 төгрөг нийт 57,998,881.98 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлээ төлж барагдуулаагүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Хариуцагч нарын зүгээс ...өмнө нь шүүхийн шийдвэр гарсан дахин өндөр үнийн дүнтэй нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, түүнчлэн Дархан-Уул аймгийн зам засварын ажилтай холбоотойгоор аялал жуулчлалын орлого багассан, барьцаа хөрөнгийн зах зээлийн ханш өндөр байхад бага үнийн дүнтэй зээлийн үүргийн гүйцэтгэлд хөрөнгийг худалдан борлуулах үндэслэлгүй.. гэж маргаж байгаа татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд хариуцагч нарт шаардах хуудас хүргүүлж байсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгаж тогтоох зэрэг ажиллагааг хийж үүрэг гүйцэтгэгчдэд гэрээний үүргээ биелүүлэх боломжийг тус тус олгож байжээ.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний үүргээ биелүүлэх талаар гаргаж буй нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй юм.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа дэлхий нийтийг хамарсан өвчин гарч хөл хорио тогтоосон, мөн Дархан-Уул аймаг Улаанбаатарын чиглэлийн зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой жуулчдын тоо багасаж орлого эрс буурсан зэрэг байдлаас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны хавраас хариуцагчийн тайлбарлаад байгаа нөхцөл байдал үүссэн байх тул зээлдүүлэгчийн үйл ажиллагаа болон үүргээ биелүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн тус маргааныг урьд шүүх шийдвэрлэсэн гэсэн гомдлын хувьд: Хас банкны Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний батлан даагч Б.Мөнхзул, Б.Мөнхтөрт холбогдуулан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг Үндсэн зээлийн үлдэгдэл 35.143.18067 төгрөг, хүү 9.155.718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890.017 төгрөг нийт 45.188.91567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба иргэний хэргийг тус давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай магадлалаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар төлж чадахгүйд хүрвэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байхад шууд батлан даагч нараас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, Хас банкны батлан даагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь зээлдүүлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу үүнийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлага үндэслэлтэй ба анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзлээ.

 

Мөн хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад банк үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн гомдлын хувьд:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбараас гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өндөр байхад зээлийн гэрээний үүргийг барьцаа бүх хөрөнгөөр хангуулахаар шүүх шийдвэрлэсэн гэсэн гомдлын хувьд:

Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах бөгөөд энэхүү дуудлага худалдааны журмыг хуулиар зохицуулсан ба дуудлага худалдаанаас олсон орлогыг Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь улсын бүртгэлд ипотекийн эрх бүхий цорын ганц этгээдээр бүртгэгдсэн, эсхүл дуудлага худалдаанаас орсон орлогоос түүнийг зохион байгуулсантай холбогдсон зардлыг төлөөд үлдсэн хэсэг нь бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байвал уг худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд зардлыг тооцсоны дараа үлдсэн орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч нарт зохих дараалал, журмын дагуу хуваарилж, үлдэгдлийг эд хөрөнгө нь дуудлага худалдаанд орсон өмчлөгчид шилжүүлнэ.-д заасны дагуу хуваарилах ба өөрөөр хэлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хариуцагч нарын гүйцэтгэх ёстой үүргийг гүйцэтгээд үлдсэн хэсэг нь өмчлөгч нарын өмчлөлд шилждэг тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирсон хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 288.954 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ