Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1738000000026 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э. 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух иргэн Ч.Э-ийн монгол гэрийн хаалганы баруун талын ханыг эвдэн орж, эд зүйл хулгайлж 430.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Мөрөн сумын 9 дүгээр багт иргэн З.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух иргэн Ч.Э-ийн монгол гэрийн хаалганы баруун талын ханыг эвдэн орж, эд зүйл хулгайлж 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө 9 цагийн үед гэрээсээ гарсан. Хаалгаа хятад цоожоор цоожлоод явсан. Ингээд 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг хөшсөн байсан. Цоож эвдрээгүй байсан. Хаалганы баруун талаар гэрийн ханыг гаднаас нь эвдэж хулгай орсон байсан. Note 1 маркийн гар утас, нэг бүтэн дүнсэн тамхи, нарны толь суурийн хамт, 10 литрийн бидон, 4 литрийн бидон, богино хар өнгийн савхин куртик, 1 ширхэг ширэн бүс, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн футболк зэрэг зүйлүүдийг хулгайлж авсан байсан. ...Б.Э надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод байх гэртэй айл руу 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ханын эрсийг нь эвдэлж орсон. Ганцаараа орсон. Куртик, малгай хоёрыг дараа нь эзэн нь намайг барьж авахдаа авсан. Нарны толийг 14 дүгээр багийн хамгийн хойд талын гудамжны араасаа ордог хаалгатай айлд нэг эмэгтэйд 50 мянган төгрөгөөр зарсан. Тэр айлаа одоо олохгүй байх. Би тэр үед согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчим 10 дугаар багийн Боса дэлгүүрийн гудамжинд нэг залуу Э ахын гэрээс алдагдсан миний хар куртик, малгай хоёрыг өмссөн явж байхаар нь би барьж авсан. Нөгөө залуу малгай, куртик хоёрыг захаас авсан гэхээр нь авсан хүнээ заагаад өг гээд мотоцикльд суулгах гэтэл суухгүй үсэрч буучихаад байсан. Цагдаа дээр хамт очъё гэхээр очихгүй зугтаагаад байсан. ...тэгээд Э ахынд дагуулж очоод цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар Э-г аваад явсан. Дараа нь куртик малгай хоёроо авсан. Тэр залууг цагдаа нар Б.Э гэдэг юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Үнэлгээний мэргэжилтэн Ш.Даваасүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хулгайд алдагдсан Солонгос Ноте-1 маркийн гар утас, Орос дүнсэн тамхи, Хятад нарны толь, 10 литрийн бидон, 4 литрийн бидон, хар өнгийн богино савхин куртик, ширэн бүс, хар өнгийн зуны саравчтай малгай, улаан өнгийн футболк, гэрийн хана зэрэг эд зүйлийн үнэлгээ гаргасан дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/ зэргээр,

Мөн 2017 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Мөрөн сумын 9 дүгээр багт иргэн З.Л-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч З.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад гэрийн ойролцоох автобусны буудал дээр найз Ц, О, А нарын хамт ундаа уугаад сууж байсан юм. Тэгтэл Дурсамж бүжгийн газраас гарч ирсэн нэг намхан ах хүрч ирээд манай найз А-тай маргаад “бос, цаашаа бол” гэх зэрэг зүйл ярьсан. Би салгах гэж очтол нөгөө намхан ах намайг бариад авсан. Тэр залуу Э мөн байсан. Намайг тухайн үед 2-3 удаа алгадсан бас нэг удаа мөргөсөн. Тэгтэл цуг явж байгаа бололтой нэг өндөр ах ирээд Э-г салгаж бид нар тэндээс зүүн тийш зам гараад зугтсан. Энэ хооронд О цагдаад мэдэгдэж Э-г цагдаад барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз А, Ц, Л нарын хамт юм яриад сууж байтал үл таних, намхан нуруутай 30 орчим насны ах бүжгийн газраас бид нарын дэргэд ирээд манай найз А-н нүүр рүү гэрэл тусгаад хэрүүл маргаан хийсэн. Л та яаж байна аа гэхэд нөгөө залуу Л-г барьж аваад цамцаар нь боож зодож цохиод байсан. ...тэр үед нэг өндөр залуу ирсэн. Араас нь ирсэн өндөр залуу нөгөө найзыгаа манай найз Л-с салгаад бид нар руу ойртвол ална шүү гээд дөхүүлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 108-110 дугаар хуудас/,

Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг очиход Э нэг хүнийг зодож байхаар нь би очиж салгасан. Зодоонд оролцсон өөр хүн байгаагүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 11-113 дугаар хуудас/,

Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л-г Э зодсон. Шанаа руу нь 2-3 удаа цохиж нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/,

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э гэдэг хүнийг 00:00 цаг өнгөрч байхад 102-оос “14 дүгээр багт согтуу хүн зодоон хийгээд байна” гэх дуудлагын дагуу эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна. ...Одоо санахад 14 дүгээр багийн Тосонсүмбэр дэлгүүрээс урагш 3 гудамжны урд Б.Э-г дуудлага өгсөн гэх хүмүүс барьсан байхаар нь очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/,

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр “тэнд манай найз Э хүнд зодуулаад байх шиг байна, хоёулаа тийшээ очъё” гэхээр нь тийшээ цуг очсон. ...Манай нөхрийн найз Э гэдэг залуу нэг хүнтэй барьцалдсан байсан. Манай нөхөр тэнд очоод юу болсон талаар асууж тэр хүмүүсийг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 492 дугаартай

  1. З.Л-ийн биед баруун хөмсөг, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.
  2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 128 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 40-64 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 1738000000026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн 1738000000026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН