Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/561

 

 

 

 

  2023             5              25                                        2023/ДШМ/561

  

 Э.А-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Э.А-ын  өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-ын  өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А-т холбогдох эрүүгийн 2211017832024 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

...... овгийн ........-ын А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт .... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ......./.

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2-р хороо, ТХ-30 дугаар байрны 5 давхарт иргэн О.О-тэй дээрээс шүлсээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдаж зодолдон улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.А-ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 3 ширхэг сидийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А-оос 240.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-т олгож, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А-ын  өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/245 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Э.А нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон мөртлөө хууль эрх зүйн мэдлэг байхгүй, өмгөөлөгч авч эрх зүйн байдал, ял шийтгэлийн талаар ойлголт аваагүйгээсээ болж ял шийтгэл гарцаагүй байх, хохирол төлбөр, ямар ч тохиолдолд төлөх ёстой гэдгийг ойлгоогүйгээр шүүх хуралдаанд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонгох санкцтай хэрэг дээр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлээд байна.

Дээрх байдал нь насанд хүрээгүй хохирогч анх нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж шүлсээ толгой дээр нь хаяснаас болж хэрэг үүссэн тул хохирогч гэсэн буруутай гэж хууль зүйн буруу ойлголттой байснаас болсон.

Одоо хуульчаас зөвлөгөө авсан, ямар нэгэн ёс зүйгүй эсхүл хууль бус үйлдлийг ямарч тохиолдолд хуульд хориглосон аргаар зогсоож болохгүй гэдгийг хатуу ойлгосон болно.

Үүнээс гадна эрх зүйн боловсролгүйгээсээ болж анхан шатны шүүх хурал дээр “хүнд муугаа үзүүлэхгүй” гэдэг муруй ойлголтоосоо болж ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэж худал мэдүүлсэн байна.

Үнэн хэрэгтээ 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Тэмүүлэн, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Т нарын эх Б.Б-тай албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, хүүхдүүдийн эх нь 4 жилийн өмнө хаяад явсан өрх толгойлсон эцэг юм.

Э.А-ын  хувийн байдлын талаарх материалыг гомдолд хавсаргах бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Э.А нь бага насны хүүхдүүдийг сургуульд хүргэх, авах мөн эрхэлсэн ажлаа хийж чадахгүй, ажлаасаа халагдах зэрэг нөхцөлд хүрээд байна.

Э.А нь гэм буруугаа хуулийн хүрээнд бүрэн хүлээж, хохирлыг төлж барагдуулсан, бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг зэргийг харгалзан үзэж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.А нь гэм буруу дээрээ маргаж оролцсон. Мөн хохирогчийн зүгээс хохирлын баримтаа шинээр гаргаж өгсөн. Ийнхүү 30 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ хугацаанд хохирол төлөгдөөгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж прокурор дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.А нь гэм буруудаа маргаж оролцдог бөгөөд хохирол, төлбөрийг төлөөгүй. Завсарлага авсан ч мөн төлөөгүй учраас түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, төлбөрөө төлөөгүй байдал зэргийг харгалзан дээрх ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ТХ-30 дугаар байрны 5 давхарт иргэн О.О-тэй дээрээс шүлсээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдаж зодолдон улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн нэгдүгээр хэлтсийн, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 3/,

насанд хүрээгүй хохирогч О.О-ийн “...би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ТХ-30 айлын 5 давхарт найз Нандиагийн хамт байж байгаад орцны цонхоор гадагш шүлсээ хаясан. Тэгтэл доороос нэг ах гарч ирээд дээрээс шүлсээ хаялаа гээд орилж орж ирээд намайг заамдаж аваад элэг рүү гараараа нэг удаа цохисон. Би хойшоо ухраад юм ойлгоогүй зогсож байтал цамцны малгайнаас татаад хоолой боосон. Хоолой боохоор нь нөгөө ахыг хацар руу нь нэг удаа зөөлөн алгадсан. Тэр ах намайг үсдэж дараад гуя руу 1 удаа өвдөглөсөн. Тэр үед ахын аав, ээж гэх хүмүүс болон орцны хүмүүс нь гарч ирээд над руу чиний буруу гээд байсан. Тэр орцны 5 давхарт 29 тоотод манай найз Энх-Амар байдаг. Нандиа бид хоёр хүлээгээд байж байсан. Би тэр хүмүүсээс салаад орцноос гараад ээж, аавтайгаа утсаар яриад зодуулсан гэж хэлээд аав ирээд цагдаа дуудсан. ...” /хх 14-15/,

насанд хүрээгүй гэрч Д.Н-гийн “...О.О нь 24 дүгээр сургуульд манай нөгөө ангид суралцдаг, найз нөхдийн харилцаатай. О.О нь эелдэг зан араншинтай, сайн хүүхэд, эмэгтэй хүнийг их хүндэлдэг. Тухайн өдөр би найз О.О-ийн хамт найз Э-ыг хүлээж байсан. Үл таних эрэгтэй хүн 5 давхарын нэг айлаас гарч явчихаад хэсэг хугацааны дараа буцаад 5 давхарт ороод ирсэн. Орж ирэхдээ О рүү пизда минь чи яаж байна гээд дээшээ шат руу гараад О.О-ийн биед хүрэх шиг болсон. Би айгаад доод давхар руу буусан. Доошоо бууж байхад тэр хоёр маргалдаад шуугиан үүсгээд байхаар нь буцаж дээшээ гараад харахад тэр хоёр ноцолдож байсан. Би очоод салгах гэхэд зууралдаад салахгүй байсан. Хэсэг ноцолдож байгаад тухайн үл таних эрэгтэй хүн О.О-ийг дарж байгаад толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Үүнээс өмнө зуураад ийш тийш татаад байсан. Ингээд тухайн давхарт амьдардаг хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгасан. ...” /хх 23/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14051 дугаар шинжээчийн “...О.О-ийн биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 33-34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.А-ын  хохирогч О.О-ийг “дээрээс шүлсээ хаялаа” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.А-ын  өмгөөлөгч Г.Баяржаргалаас “...Э.А нь гэм буруугаа бүрэн хүлээж, хохирлыг төлж барагдуулсан, бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг зэргийг харгалзан үзэж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

 Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцитай зүйл ангиас нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар тогтоосныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэдийгээр шүүгдэгч Э.А нь хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэдий ч түүний үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч хохирсон байна.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “өрх толгойлсон эх /эцэг/” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг;” гэж,

Гэр бүлийн тухайн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 10.3 дугаар зүйлд “Гэрлэгчид нь ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ...үүргийг адил хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2 дугаар зүйлд “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ; 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж тус тус хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Г.Баяржаргалаас “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны засаг дарга Ч.Буянтогтох “Э.А нь өрх толгойлсон эцэг” гэсэн тодорхойлолт, А овогтой Т, Т гэх 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг гаргасан боловч дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл, Э.А-ыг өрх толгойлсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрлэлт цуцлуулсан гэх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Э.А, Д.Б нар нь тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч Э.А-ыг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд түүний эхнэр хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааныг хаалттай, шүүх хуралдааны тэмдэглэл хэсэгт нээлттэй гэж зөрүүтэй бичснийг цаашид анхаарвал зохино.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын  өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын  өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                      ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

                      ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР