Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05092

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр                    Дугаар 102/ШШ2024/05092                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, 7/....дүгээр байрны ...тоот хаягт оршин суух, ....регистртэй, Х.......,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ......., гэрч ...........т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Т.......шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Инженер эдийн засгийн дээд сургуулийг 1990 онд төгсөж, Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төвд хуваарилагдсан. Тус төв нь Худалдаа бэлтгэлийн яамны бүх харьяа байгууллагуудтай гэрээ хийж, санхүү бүртгэлийн програмыг хийдэг байсан. Би “Хүнсний барааны бөөний худалдааны газар”-т 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс санхүү бүртгэлийн програмын зохиогчоор 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээгээр ажилласан. Анх ажилд ороход Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төв Хөдөлмөрийн дэвтэр нээж, байгууллагын боловсон хүчинд хадгалагддаг байсан. Ажилчин өөр байгууллагад шилжихэд боловсон хүчнээс материал баримтуудыг шилжүүлдэг байсан. Тухайн үед залуу байсан болохоор энэ талаар асуудаггүй, мэддэггүй байсан. Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төвийн ямар ч баримт бичиг архивын газар шилжиж очоогүй тул лавлагаа өгөх боломжгүй гэсэн хариуг Нийслэлийн архивын газар, Үндэсний төв архивын газраас тодорхойлолт хийж өгсөн. Миний гэрээгээр ажиллаж байсан “Хүнсний барааны бөөний худалдааны газар”-ын нягтлан бодогч нарын гэрчийн тодорхойлолт, зургаас өөр баримтгүй болоод байна. Миний улсад ажилласан жил тасрах болоод байгаа тул 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төвд санхүү бүртгэлийн програм зохиогчоор ажиллаж байсныг холбогдох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү. Миний гэрээгээр ажиллаж байсан Хүнсний бөөний худалдааны төв нь “Хүнс трейд” ХХК болж өөрчлөгдсөн ба би уг компанид 1994 оноос ажиллаж эхэлсэн. Надтай хамт ажиллаж байсан, манай төвийн даргаар ажиллаж байсан Ц....өнөөдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн байгаа...гэв.

2. Т.Тимур шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцүүлэн дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-3/, Нийслэлийн архивын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 802 тоот тодорхойлолт /хх-4/, Үндэсний төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1496 дугаар тодорхойлолт /хх-5/, иргэн Ч.Сувдгэрэл, Б.Энх-Отгон нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-9, 11-13/, “....-ийн танилцуулга бүхий брошур /хх-10/, их сургуулийн дипломын хуулбар /хх-26/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-27-29/ зэрэг болно.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр тодорхойлолт гаргасан Ч....., Б.Э... нарыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдэн, шүүх хуралдаанд Ц....гэрчээр асуусан. Гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэх үүрэг, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тайлбарласан.

- Гэрч Ч.С: “Би Хүнсний барааны бөөний худалдааны газарт 1987-1995 оныг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1990-ээд оны үед манайх санхүүгийнхээ үйл ажиллагааг програмд оруулах гээд манай дээр програмистууд ирж ажилласан. Миний хариуцаж байсан агуулахуудын тооцоог програмд оруулж байсан. Тэр үед Т.Тимур програмистаар ажиллаж байсан. 1990-1995 он хүртэл тасралтгүй ажиллаж, сайжруулалт хийж явж байсан. Би 1995 онд хүүхэд асрах чөлөө авсан. Тэр үед Т.Т ажиллаад үлдсэн. Байгууллагын 10 жилийн ой болж хамтдаа зургаа авхуулж байсан. Т.Т ажиллаж байсан програмын багт н.Намуунаа, н.З гээд хүмүүс ажиллаж байсан. Тухайн багийн даргыг н.Ц гэдэг байсан. Бид Хүнсний барааны бөөний худалдааны газрын байранд, тус тусдаа давхар хамтдаа ажилладаг байсан. Сүүлд байгууллагын нэр өөрчлөгдөж Хүнс трейд ХХК болж байсан” гэж,

- Гэрч Б.Э: “Би 1990-2001 оныг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Хүнсний бараа бөөний худалдааны газарт нягтлан бодогчоор ажилласан. Тэгэхэд манайхтай хамтран ажилладаг, санхүүгийн баримтаа өгөхөд програмд шивж өгдөг тооцоолон бодох төв байдаг байсан. Монгол улсад одоо хэрэглэдэг нягтлан бодох бүртгэлийн програмын суурийг бий болгох үед Т.Т ажиллаж байсан. Бидний гараар бичдэг санхүүгийн анхан шатны тайланг програмд оруулах ажлыг Т.Т хийдэг байсан. Энэ ажил 1997 он хүртэл үргэлжилсэн. Т.Т ямар ч л байсан 1995 он хүртэл ажилласан санагдаж байна. Тухайн үед Т.Тимуртай хамт ажиллаж байсан нэг залуу нас барсныг сайн санаж байна. Т.Т яг хэзээ ажлаасаа гарсныг санахгүй байна. Тэр яг л манай ажилтан шиг байсан. Тухайн үед улсын байгууллагууд яамаараа харьяалагдаад нэг л газар шиг ажилладаг байсан. Т.Т  програм зохиогчор ажиллаж байсан. Бид яг нэг хамт олон шиг л ажилладаг байсан. Хамт ажиллаж байсныг батлах зураг байдаг. Т.Тимур өөрөө шүүхэд гаргаж өгнө гэж байсан. 1994 онд шинэ хууль гарч манай байгууллага Хүнс трейд компани улсын үйлдвэрийн газар болж өөрчлөгдөж байсан. Тэр үед төрийн өмчит биш улсын үйлдвэрийн газар гэж явдаг байсан” гэж,

- Гэрч Ц.Ц шүүх хуралдаанд: “Т.Т Худалдаа бэлтгэлийн яамны нэр дээр сургууль төгсөж ирээд, томилолтоор манай Өргөн хэрэглээний лавлах төвд програмистаар ажиллахаар ирсэн. Энэ үед би төвийн даргаар ажиллаж байсан. Би энэ төвд 1988-1998 оны хооронд төвийн даргаар ажилласан. Т.Т 1990-1994 оны хооронд ажилласан нь үнэн. Манай байгууллага 8 ажилтантай байсан. Т.Т програмистаар ажиллаж байсан. Зах зээл гараад програм бичих шаардлагагүй болоод, Т.Т өөрийн хүсэлтээр ажлаас гарч, Хүнс трейд гэж газарт орсон. Манай төв нь худалдааны барааг компьютерт оруулж боловсруулах, тооцоолон бодох төв байсан. Гадаад худалдааны яам, Худалдаа бэлтгэлийн яамдууд 1990 онд нийлэхдээ ажилчдын бүх бичиг баримтыг архивт өгөөгүй байсан. Үүнээс болж миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон. Тэр үед 740 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Хүнсний барааны бөөний худалдааны газартай хоёр байгууллагын хооронд хийгдсэн гэрээгээр ажиллаж байсан. Гэрээний хөлс төвийн данс руу ороод, манай нягтлан цалин тавьдаг байсан. Бид 1990 онд хоёр яам нийлэхэд хувьчлагдаад гарсан байсан. Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төв ХХК гэсэн нэртэй байсан. Хөдөөний буюу Ховд, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудын бөөний барааны баазын санхүүгийн нягтлангуудад компьютерын програм дээр ажиллах сургалт явуулдаг байсан” гэж тус тус мэдүүлжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т.Т нь 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төвд санхүү бүртгэлийн програм зохиогчоор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан Т.Т хүсэлт онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах ба хүсэлт гаргагч Баянгол дүүрэгт оршин суудаг байх тул шүүхийн харьяалал зөрчигдөөгүй байна.

3. Хэрэгт нотлох баримтаар цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

3.1. Хүсэлт гаргагч Т.Т нь Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Инженер эдийн засгийн дээд сургуулийг 1990 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “инженер-эдийн засагч” мэргэжлээр суралцан төгсөж 010775 дугаар диплом олгогдсон байна.

3.2. Тэрээр 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төвд санхүүгийн бүртгэлийн програм зохиогчоор ажиллахаар томилогдож, ажилд томилогдсон үеэсээ тус төвтэй гэрээ байгуулсан Хүнсний барааны бөөний худалдааны газрын нягтлан бодогчдын гараар бичдэг санхүүгийн анхан шатны тайланг програмд оруулах, худалдааны барааг компьютерт оруулж боловсруулах, тооцоолон бодох чиг үүрэг бүхий програмистаар төвийн бусад ажилчдын хамт ажиллаж байсан болох нь гэрч Ч.С , Б.Э, Ц.Ц нарын мэдүүлэг, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзэхээр байна.

3.3. Улмаар 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хүнсний барааны бөөний худалдааны компаниас Т.Т хөдөлмөрийн дэвтэр олгож, тус компанийн захирлын 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 039 дугаар тушаалаар мөн оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс инженер-програмистаар ажилласан тухай бичилт хийгджээ.

3.4. Хүнсний барааны бөөний худалдааны компани нь “Хүнс трейд” компани болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд компанийн ойн баярт зориулж гаргасан өнгөт хэвлэл бүхий брошурт Т.Т хамт олны хамт авхуулсан зураг орсон байна.

4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хүсэлт гаргагч Т.Т нь 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төв, Хүнсний барааны бөөний худалдааны компани, Хүнс трейд компани зэрэг байгууллагуудад санхүү бүртгэлийн програм зохиогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан .. регистртэй, ....ыг 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өргөн хэрэглээний барааны мэдээлэл лавлах төв, Хүнсний барааны бөөний худалдааны компани, Хүнс трейд компани зэрэг байгууллагуудад санхүү бүртгэлийн програм зохиогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА