Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05090

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр                    Дугаар 102/ШШ2024/05090                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, ..дугаар хороолол, ..дугаар байрны ..тоот хаягт оршин суух, ... регистртэй, ...овогт .....,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.А би 1969 онд төрсөн, одоо 55 настай. Миний бие 1987 онд 10-н жилийн сургуулиа төгсөөд хуучнаар Аж үйлдвэрийн материал хангамжийн нэгдэлд үйлчлэгчээр БНМАУ-ын Материал техникийн хангамжийн улсын хорооны харъяа, Аж үйлдвэрийн материалын хангамжийн ерөнхий газрын даргын Б214 дугаартай тушаалаар анх ажилд орж, хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан ба дарга нь Ч.Ж гэж хүн байсан. Манай байгууллагын нэр 1996 онд өөрчлөгдөж Монгол Разноимпекс нэгтгэл нэртэй болсон. Одоо энэ байгууллага байхгүй, татан буугдсан байгаа. Улсаас 2013 онд иргэн даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох үед миний 1995 он бүтэн, 1996 оны 1, 4, 5, 8, 9, 11, 12 дугаар саруудыг нөхөн тооцсон байдаг. Одоо би тэтгэврээ тогтоолгох хугацаа болсон ч тогтоолгох гэхэд надад 1990-1996 оныг дуусах хүртэл хугацаанд Монгол разноимпекс нэгтгэлд ажиллаж байсан хугацааг тогтоолгох хэрэгтэй болоод байна. Би энэ байгууллагадаа 1996 оныг дуустал ажилласан ба энэ хугацаанд иж бүрдүүлэгч, нярав, агуулахын эрхлэгч, оёдолчин гэх мэт ажлуудыг хийж байсан. Миний анх ажилд орсон тушаал байгаа ч ажлаас чөлөөлсөн талаар нотлох баримт буюу тушаал шийдвэр байхгүй, архиваас ч гарч ирэхгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Би өөрийгөө ажиллж байсанг нотлох баримтыг олох гэж тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсээс сураглан байж хэд хэдэн баримт олсон. Иймд миний 1990-1996 оныг дуусах хүртэл хугацаанд Монгол Разноимпэкс нэгтгэлд ажиллаж байсныг минь тогтоож шийдвэрлэнэ үү.

С.А нэхэмжлэл нь түүний Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтэр, ажил олгогчоос гаргасан тушаал шийдвэрүүд цалин олголтын болон үр дүнгийн шагнал олголтын хуудсууд, мөн түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Э тайлбар мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна...гэв.

2. С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцүүлэн дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 000286951 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-7/, Аж үйлдвэрийн материалын хангамжийн ерөнхий газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б214 тоот “Зарим хүмүүсийг ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх-8/, Монголын төрөл бүрийн барааны импэкс, хангамжийн нэгдлийн ерөнхий захирлын 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б-292 дугаар “Тушаалын хавсралтыг өөрчлөх тухай” тушаалын эх хувь /хх-9-10/, Б-254 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-11/, Б-225 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-12/, Б-124 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-13-14/, Б-345 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-15-16/, Төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгдлийн ерөнхий захирлын 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б-211 дугаар “Ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх-17/, Б-208 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-18-19/, Б-263 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-20-21/, Б-358 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-22/, Б-345 тоот тушаалын хавсралтын эх хувь /хх-23-24/, Үндэсний төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1507 тоот тодорхойлолт /хх-25/ зэрэг болно.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүнтэй хамт ажиллаж байсан Д.Э гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн.

- Гэрч Д.Э шүүхэд “Би 1979 онд Аж үйлдвэрийн материал хангамжийн ерөнхий газарт няраваар ажилд орсон. 1986 оноос эхлээд иж бүрдүүлэх цехэд нярав лаборантаар ажилд орсон. С.А 1987 онд иж бүрдүүлэх цехийн харъяа дэлгүүрт цэвэрлэгчээр орж, 1990 оноос эхлээд тус цехэд савлан боогчоор ажиллаж байгаад 1996 онд байгууллага дотроо няраваар ажиллахаар шилжсэн. Манай иж бүрдүүлэх цех 2 дугаар хэсэг гэж явдаг байсан. С.А төв хэсэг буюу 1 дүгээр хэсэг дээр няраваар орж байсан. С.А  ажиллаж байхдаа баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан. Дээр үед халуун саваар л их шагнуулдаг байсан. С.А ажил төрлөө сайн хийдэг байсан. 1987 онд сургуулиа төгсөөд л шууд манайд ирж цэвэрлэгчээр ажилд орж байсан” гэж мэдүүлжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. С.А нь 1990 оноос 1996 оныг дуусах хүртэл хугацаанд Монголын төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгтгэл, Монгол Разноимпэкс нэгтгэлд ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан С.А хүсэлт онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах ба хүсэлт гаргагч Баянгол дүүрэгт оршин суудаг байх тул шүүхийн харьяалал зөрчигдөөгүй байна.

3. Хэрэгт нотлох баримтаар цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

3.1. Хүсэлт гаргагч С.А нь Аж үйлдвэрийн материалын хангамжийн ерөнхий газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 214 тоот тушаалаар мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс Оёдлын үйлдвэрийн нэгдлийн агуулахад үйлчлэгчээр ажиллахаар томилогдож, БНМАУ-ын СнЗ-ийн 1987 оны 348 дугаар тогтоолоор зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгдлийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн агуулахад үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар ажил олгогчийн 1989 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б-37 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, Зохион бүтээх төв товчооны гангийн үйлдвэрийн даргын 1989 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот тушаалаар мөн оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс гангийн үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн байна.

3.2. Ажил олгогчийн 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 100 тоот тушаалаар “өөр газар шилжих болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, Төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгдлийн ерөнхий захирлын 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б-211 тоот тушаалаар мөн оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс Материал иж бүрдүүлэх цехэд иж бүрдүүлэгчээр томилогдон ажиллаж, ажил олгогчийн 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б-292 тоот, 1994 оны Б-225 тоот тушаалуудаар С.А болон бусад ажилчдын цалинг хийснээр олгох шийдвэр гаргаж, 1992 оны Б-124 тоот тушаалаар жилийн эцсийн ажлын үр дүнгийн шагналд 35 хувь буюу 520 төгрөг олгогдож байжээ.

3.3. Мөн С.А нь ажил олгогчийн 1996 оны Б-263 дугаар тушаалаар 2 дугаар улирлын үр дүнгийн шагналд 46 хувь буюу 20,637 төгрөгөөр шагнуулж, Б-345 дугаар тушаалаар 1993 оны 12 дугаар сарын байдлаар өссөн цалинг хийснээр олгогдохоор шийдвэрлүүлж байсан ба түүнийг 1987 оноос 1996 оныг дуусах хүртэл хугацаанд үйлчлэгч, савлан боогч, нярав зэрэг ажил эрхэлж байсан, ажиллах хугацаандаа баярын бичиг, үнэ бүхий зүйл буюу халуун саваар шагнуулж байсан, ажлаа сайн хийдэг байсан талаар түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Э тодорхойлсон байна.

4.  Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хүсэлт гаргагч С.А нь 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс Аж үйлдвэрийн материалын хангамжийн ерөнхий газрын Оёдлын үйлдвэрийн нэгдлийн агуулахад үйлчлэгчээр анх ажилд орж, ажил олгогч байгууллагад зохион байгуулалтын өөрчлөлт орсноор 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгдлийн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн агуулахад үйлчлэгчээр, 1989 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс Зохион бүтээх төв товчооны гангийн үйлдвэрт үйлчлэгчээр тус тус шилжин томилогдож ажиллаж байгаад 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс Төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгдлийн Материал иж бүрдүүлэх цехэд иж бүрдүүлэгчээр, 1992 онд шалгах цехэд иж бүрдүүлэгч болон савлан оёдолчноор, 1993 онд иж бүрдүүлэгчээр, 1996 онд нэгтгэлийн нярав, “Марал” пүүсийн агуулахын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан талаар цалингийн жагсаалт, үр дүнгийн шагнал олголтын жагсаалтуудад тус тус бичигдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хүсэлт гаргагчийг 1990-1996 оныг дуусах хүртэл хугацаанд Монголын төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгтгэл, Монгол Разноимпэкс нэгтгэлд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ... регистртэй ...овогт .......1990-1996 оныг дуусах хүртэл хугацаанд Монголын төрөл бүрийн барааны импэкс хангамжийн нэгтгэл, Монгол Разноимпэкс нэгтгэлд үйлчлэгч, иж бүрдүүлэгч, нярав, пүүсийн агуулахын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.САРАНТУЯА