Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05089

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр                    Дугаар 102/ШШ2024/05089                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн ..дүгээр хороо, ..дүгээр хороолол, ..дугаар байрны ..тоот хаягт оршин суух, ... регистртэй, Жамъян овогт ......,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

ЦБ би 1965 онд төрсөн. Нийслэлийн 51 дүгээр дунд сургуульд элсэн орж 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот дахь Барилгын техникийн мэргэжлийн 1 дүгээр сургуулийн мужааны ангид элсэн орж 3 жил суралцаад 1984 оны 6 дугаар сард сургуулиа төгссөн. Ингээд 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Батлан хамгаалах яамны орлогч сайдын 325 тоот тушаалаар Барилгын цэргийн 022 дугаар ангид мужаанаар томилогдон ажилласан. 1985 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан тул ангийн захирагчийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 150 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тухай миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаа гаргуулахад ажилд томилсон тушаал олдохгүй байгаа. Иймд намайг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилгын цэргийн 022 дугаар ангид мужаанаар ажиллаж байсныг Д.Д, С.Г нарын тодорхойлолт, 0870 дугаар Хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү. Би найз С.Г хамтдаа Барилгын техникийн мэргэжлийн 1 дүгээр сургуульд сурж төгссөн. Төгсөөд хоёулаа өөр байгууллагуудад томилогдсон. Намайг энэ хугацаанд ажилласан болохыг маш сайн мэдэх хүн юм. Миний ээжийн эгч бас намайг сургууль төгсөөд ажилд орсныг маш сайн мэднэ...гэв.

2. Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцүүлэн дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-5/, Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07/282 тоот архивын лавлагаа /хх-6/, Ц.Б Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7/, С.Г бичгээр гаргасан тодорхойлолт /хх-8/, С.Г Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-11/, Д.Д бичгээр гаргасан тодорхойлолт /хх-12/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-13/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-14/ зэрэг болно.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр тодорхойлолт гаргасан Д.Д, С.Г нарыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн.

- Гэрч С.Г шүүхэд “Бид 1 дүгээр ангиасаа нэг ангид сурч, 8 дугаар ангиа төгсөөд хамтдаа Барилгын нэг дүгээр техник мэргэжлийн сургуулийн мужааны ангид элсэн суралцаж байсан. Сургуулийн зуны амралтаар цэргийн ангийн мужааны цехэд дадлага хийдэг байсан. Бид 1984 онд сургуулиа төгсөж, бид хоёулаа Барилгын цэргийн 022 дугаар ангид хуваарилагдсан. Тухайн үед сургуулиа төгсөх үед сургуулиас хуваарилалт хийдэг байсан. Ц.Б 022 дугаар ангид мужаанаар ажиллахаар явж, би Өмнөговь аймгийн 0167 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан. Манай найз 1985 он хүртэл нэг жил 022 дугаар ангид ажиллаад Дорноговь аймгийн Улаан-Уул сумын хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хаахаар явсан байсан. Бид тухайн үедээ 022 дугаар анги, 0167 дугаар ангийн хооронд захиагаар харилцдаг байсан. Тухайн үедээ захиагаа хадгалаагүй. Ц.Б 1985 онд цэрэгт явж, 1988 онд халагдаж ирж байсан. 1988 онд цэргээс халагдаж ирээд цахилгааны мэргэжилтэй болж цахилгааны тоолуурын байцаагчаар ажиллаж байсан. Одоо хүртэл бид 48 жил найзалж байна” гэж,

- Гэрч Д.Д шүүхэд “Ц.Б 1981 онд 8 дугаар ангиа төгсөж Барилгын техник мэргэжлийн сургуулийн мужааны ангид элсэн орж суралцаж 1984 онд сургуулиа төгссөн. Тэр ондоо Барилгын 022 дугаар ангид мужаанаар ажилд орж байсан. Тухайн үед надад ажилд орсон гэж хэлэхэд нь 10 төгрөг өгч сайн ажиллах талаар захиж хэлж байсан. Ц.Б хувьд 022 дугаар ангид 1-2 жил ажилласан гэж санаад байна. Олон жил өнгөрсөн учраас сайн санахгүй байна” гэж тус тус мэдүүлжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц.Б нь 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 022 дугаар ангид мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр Ц.Б гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан Ц.Б хүсэлтийг хүлээн авч, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Хэрэгт нотлох баримтаар цугларсан Ц.Б болон гэрч С.Г нарын Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрч С.Г хамтаар Барилгын техник мэргэжлийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн мужааны ангид элсэн суралцаж төгсөөд, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.Б Батлан хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн 022 дугаар ангид мужаанаар ажиллахаар, гэрч С.Г Барилга угсралтын трестэд мужаанаар ажиллахаар тус тус томилогдсон байна. Ц.Баттогтох томилогдсон ажлаа хийж, улмаар “цэрэгт явах болсон” үндэслэлээр Барилгын цэргийн 00 дугаар ангийн захирагчийн тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мужааны ажлаас чөлөөлөгджээ.

5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хүсэлт гаргагч Ц.Б нь Барилгын техник мэргэжлийн сургуульд мужаан мэргэжлээр суралцаж төгсөөд уг мэргэжлээрээ 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Барилгын цэргийн 022 дугаар ангид ажиллахаар хуваарилагдан томилогдож, улмаар 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 регистртэй ....ыг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Барилгын цэргийн 022 дугаар ангид мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА