Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05088

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр                    Дугаар 102/ШШ2024/05088                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт оршин суух, 0000 регистртэй, .. овогт БЛ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 оны 4 дүгээр сар хүртэл хувцас захиалга, засварын үйлдвэрийн тусгай үйлчилгээний тасаг /сүүлд Урт цагаан ХХК болсон/-т оёдолчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995, 1996 онуудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 373790 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт хариуцсан нягтлан бодогч, байцаагчийн гарын үсэг, тамга дарагдсан, тэмдэглэл байгаа боловч архивт мэдээлэл, баримт байхгүй гэдэг шалтгаанаар тэтгэвэр тогтоолгох хугацаа 3 сараар хүрэхгүй гэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд би холбогдох бүх нотлох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний 1995, 1996 онуудад “Урт цагаан” ХХК-д оёдолчноор ажиллаж байсан 2 жилийн хугацааг тогтоож өгнө үү. Би 1994 оны 12 дугаар сард төрөөд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орсон. Бусад хүний хариуцлага алдсанаас болж ийм байдалд хүрээд байна...гэв.

2. Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцүүлэн дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/, Архивын ерөнхий газрын тодорхойлолт /хх-5/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, архивын газрын тодорхойлолт /хх-6/, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /хх-7/, Б.Л 022946 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8/, Б.Л 373790 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-9/, хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Ц.Э бичгээр гаргасан тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10-11/, хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан С.Ц бичгээр гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд /хх-12-17/, хүсэлт гаргагчийн ажлын хамт олонтойгоо авхуулсан фото зургууд /хх-18-19/, Б.Л Монголын үйлдвэрлэлийн хоршооллын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан 1757 дугаартай шагналын үнэмлэхийн хуулбар /хх-20/, Б.Л Үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээ-80 хүндэт тэмдгээр шагнасан 1350 дугаартай шагналын үнэмлэхийн хуулбар /хх-21/ зэрэг болно.

3. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 16287 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-23/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Урт цагаан” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлж /хх-27-30/, Үндэсний төв архиваас “Урт цагаан” ББХК-ийн баримт тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тухай хариу албан бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр /хх-31/, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу албан бичиг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн байна. /хх-32/

3.2. Шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17879 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-33/, захирамжийн дагуу Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас тус архивт “Урт цагаан” ББХК-ийн баримт хадгалагдаагүй тухай албан бичгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр /хх-36/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас Б.Л  1997-2000 онд “Урт цагаан” ХХК-д ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг албан бичгээр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /хх-37-38/, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Б.Л 2000 оны шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг /хх-39/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас Б.Лхагважаргалын 1995-1996 оны “Урт цагаан” ББХК-д ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тухай тодорхойлолтыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр /хх-41/ тус тус шүүхэд ирүүлжээ.

3.3. Хүсэлт гаргагч Б.Л хамт ажиллаж байсан талаар тодорхойлолт гаргасан С.Ц, Ц.Э нарыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /хх-42-44/

- Гэрч С.Ц шүүхэд “Би 1965 онд 10 дугаар анги төгсөж, Нийтийн аж ахуй үйлчилгээ гэдэг газарт оёдолчны дагалдан ажилтнаар ажиллаж эхэлсэн. Б.Л 1985 онд ОХУ-д техник мэргэжлийн сургуульд оёдолчноор сурч төгсөж ирээд л манайд ажилд орсон. Би 2020 он хүртэл ажилласан. Б.Л бол 2010 оны хавьцаа бизнес хийнэ гээд ажлаасаа гарсан. Бид 1985-2010 он хүртэл хамт ажилласан гэсэн үг. Би Нийтийн ахуй үйлчилгээний газар байхад нь дагалдангаар орж байсан. Сүүлдээ Урт цагаан компани болж өөрчлөгдсөн. Энэ хооронд өөр нэрээр бас өөрчлөгдөж байсан ч өөрчлөгдсөн нэрийг нь сайн санахгүй байна. Бид хамт олноороо зураг авхуулж байсан. Тухайн үед Б.Л бригадын дарга, эвлэлийн хорооны дарга зэргээр ажиллаж байсан. Манайх олон тасагтай байсан. Б.Л мастер оёдолчин байсан учраас олон шагнал авсан байх ёстой. Манай байгууллагад тусгай үйлчилгээний тасаг гэж 30 гаруй оёдолчин байдаг байснаас би эсгүүрийг нь хийж өгдөг байсан. Тэр үедээ бол Б.Л хамгийн сайн оёдог охин байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэж,

- Гэрч Ц.Э шүүхэд “Миний хувьд 1977 онд Киргизийн нийслэл Фрүнзе хотод оёдлын техник мэргэжлийн сургуульд оёдолчноор сургууль төгсөж ирээд, хуучнаар Нийтийн ахуй үйлчилгээний яамны харьяа Тусгай үйлчилгээний цехэд ажилд орж байсан. Тусгай үйлчилгээний цех гэдэг нь тухайн үедээ зөвхөн дарга нарын хувцсыг оёдог нийтэд үйлчилдэггүй цех байсан. 1987 онд Б.Лхагважаргал сургууль төгсөж ирээд мөн цехэд ажилд орсон. Лхагваа бол эмэгтэй оёдол дээр бригадын дарга, мастер оёдолчин хийж байсан. Бид 2000 он хүртэл нэг хамт олон болж ажилласан. Б.Л 2000 онд хуулийн сургууль төгсөөд өөр ажилд орохоор цехээс гарсан. ...Б.Л ажлаасаа гарсан ч бид байнга холбоотой байдаг байсан. Энэ хүмүүс нийгмийн даатгал төлөөд байдаг ч архивын газраас баримт нь гарч ирэхгүй байгаа нь буруу байна л гэж бодож байна” гэж тус тус мэдүүлжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б.Л нь 1995, 1996 онуудад “Урт цагаан” ХХК-д оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр Б.Л гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан Б.Лхагважаргалын хүсэлтийг хүлээн авч, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Хэрэгт нотлох баримтаар цугларсан Б.Лхагважаргалын болон түүнтэй хамт ажиллаж байсан Ц.Энхцэцэг, С.Ц нарын Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, фото зургууд, Б.Л  олгогдсон шагналын үнэмлэхүүдийн хуулбар, “Урт цагаан” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, архивын тодорхойлолтууд болон гэрч Ц.Э, С.Ц нарын шүүхэд гаргасан мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

4.1. Б.Л нь Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны сайдын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-69 дүгээр тушаалаар Зөвлөлт холбоот улсын Краснодар хотын үйлдвэрлэлийн сургалтын комбинатад эрэгтэй хүний хувцасны оёдолчин мэргэжлээр суралцахаар 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс элсэхээр болж, тийнхүү суралцаад 1987 онд сургуулиа төгсөж, мөн сайдын 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б-36 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт хуваарилагдаж, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Тусгай үйлчилгээний тасагт оёдолчноор томилогдож ажилласан байна.

4.2. Улмаар түүнийг 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс даргын хувцасны оёдолчны ажлаас чөлөөлөгдөж, Сүхбаатарын районы АҮК-ын мэдэлд шилжүүлэн, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Сүхбаатарын районы АҮК-ын оёдолчноор томилогдож, 1992 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний хэлтсийн 1992 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 30 тоот тушаалаар АҮК татан буугдаж, шинээр байгуулагдсан “Урт цагаан” ББХК-ийн мэдэлд шилжүүлснээр тус компанийн оёдолчноор ажиллаж эхэлжээ.

4.3. Б.Л ийнхүү ажиллах хугацаандаа 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Б төрүүлж, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан байх бөгөөд энэ хугацаанд түүний Нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлөлтийн бичилт хийгдэж, байгууллагын нягтлан бодогч болон шалгасан Нийгмийн даатгалын улсын байцаагч гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулсан байх боловч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас 1995, 1996 онуудад “Урт цагаан” ХХК-иас Б.Лхагважаргалын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй талаар тодорхойлсон байна.

4.4. Ийнхүү Б.Л нь “Урт цагаан” ХХК-д 2000 оны 3 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад 2000 оны 4 дүгээр сард ажлаас чөлөөлөгджээ.

5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хүсэлт гаргагч Б.Л ажиллаж байсан Ахуйн үйлчилгээний комбинат нь 1992 оны 8 дугаар сард татан буугдаж “Урт цагаан” ББХК болж өөрчлөгдсөн ба 1996 оны 2 дугаар сараас “Урт цагаан” ХХК болсон байна.

6. Энэ хугацаанд  1995, 1996 онуудад ажил олгогч “Урт цагаан” ХХК-иас ажилтан Б.Л Нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлөлтийн бичилт хийж, түүнийг улсын байцаагчид шалгуулан тэмдэг дарагдсан байх боловч шимтгэл төлөгдөөгүй гэж тодорхойлсон, “Урт цагаан” ХХК-иас бүх оны баримт бичгүүдийг Үндэсний төв архив болон Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын сан хөмрөгт шилжүүлээгүйгээс Б.Лхагважаргалд холбогдох лавлагаа гаргах боломжгүй талаар тодорхойлжээ.

7. Иймд дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг тайлбараар тус тус Б.Л 1995, 1996 онуудад “Урт цагаан” ХХК-д ажиллаж байсан болох нь тогтоогдсон гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ЧС68021462 регистртэй Дархан овогт Бат-Очирын Лхагважаргалыг 1995, 1996 онуудад “Урт цагаан” ХХК-д оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА