| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0057/э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 60
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч С.А
Шүүгдэгч Ц.Н
Хохирогч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Н-д холбогдох эрүүгийн 1721003680027 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц.Н.
Шүүгдэгч Ц.Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Авто тээврийн төв”-ийн гадаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд хохирогч Ж.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байгаа. Хэрэг хийсэндээ гэмшиж байна ... гэв.
Хохирогч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хадборгил Улаанбаатар хот руу явах гэж байна. Танд таних хүн байна уу гэхээр нь би олдох байх гэж хэлээд зогсоол дээр явж хүн асууж байгаад зүс харж байсан эмэгтэй хүн явж байхаар нь очоод хот руу явах гэж байгаа юм уу, манай дүүгийн автомашинд суучих гэж хэлэхэд хажуунаас Н гэх залуу ирээд над руу уурлаад намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан. Тэгэхэд намайг нэг удаа нүүр рүү маань гараараа цохиод түлхэхэд би газарт унасан. Намайг нэг удаа нүүр лүү маань цохиж миний үүдэн шүдийг унагаасан. Би газарт унахдаа хөлөө дарж унаад гэмтсэн. Шүдээ эмчлүүлэхэд 150.000 төгрөг зарцуулсан. Энэ зардлын мөнгөө гаргуулж авмаар байна...” гэв.
Гэрч Э.Хадборгил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Карина маркийн автомашинтай зогсож байхад манай ээжийн дүү Рэнцэнхандын нөхөр М ирээд надтай мэндлэхээр нь би дүү нь хот явах гэж байна, хот явах хүн байна уу гэж асуусан. Тэгэхэд олдох байхаа гэж хэлсэн. М ах зогсоол руу яваад нилээн удсан. Тэгээд нэг харахад М ах нэг залуутай автобусны урд талд зогсоод байсан. Маргалдаж байсан залуу нь Мыг нэг удаа цохиход М хойшоо унахаар нь би очоод болиулахад Мын амнаас нь цус гарчихсан байсан ...” гэжээ. /хх-ийн 17 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот актын дүгнэлтэд
1. Ж.М-ын биед зүүн дээд 2-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, баруун гуяны цус хуралт, баруун шилбэний зулгаралт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдийн зүүн дээд 2-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал нь бүрдэл байдлаараа, баруун гуяны цус хуралт, баруун шилбэний зулгаралт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5 % алдагдана гэжээ. /хх-ийн 23 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ц.Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Авто тээврийн төв”-ийн гадаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд хохирогч Ж.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Хохирогч Ж.М нь шүүгдэгч Ц.Н-аас эмчилгээний зардалд 150.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Н-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, хохирогч Ж.М нь эмчилгээний зардал 150.000 төгрөгийн баримтыг бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Н-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ