Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/584

 

 

 

 

 

 

     2023           5             31                                        2023/ДШМ/584          

 

 

 

М.Д, Ц.У,М.Р, О.А, Б.Д, Л.Знарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан, С.Солонго,

           хохирогч Б Ч Х, түүний өмгөөлөгч Ц.Батболд,

           орчуулагч Б.Аззаяа,

           шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо, Г.Тунгалаг, Д.Гансүх,

           шүүгдэгч Ц.Уөмгөөлөгч С.Тэгшжаргал,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батжаргал, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо, Г.Тунгалаг, Д.Гансүх, хохирогч Б Ч Х, түүний өмгөөлөгч Ц.Батболд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Уөмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Д, Ц.У,М.Р, О.А, Б.Д, Л.Знарт холбогдох эрүүгийн 1709011110443 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Надмид овгийн М.Д, 1975 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /....................../;

2. Тугчин овгийн Б.Д, 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................./;

3. Бичээч овгийн Ц.У, 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Калькюлүс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /........................./;

4. Бодонгууд овгийн М.Р, 1956 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал, ам бүл 2, нөхрийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................../;

5. Баарай овгийн О.А, 1976 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд санхүүгийн менежерээр ажиллаж байсан, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХБ76100916/;

6. Хабчин овгийн Л.З, 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд санхүүгийн менежерээр ажилладаг, ам бүл 7, эцэг, эх, дүү, ах, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................../;

Шүүгдэгч М.Д нь 2012 оноос 2016 оны 7 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс 152.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017-2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох, малчдад хөнгөлттэй үнээр борлуулах зээлээс 900.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Д, Б.Д, О.А, Л.Золзаяа,М.Р нар нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байхдаа тухайн хоршооны гишүүд болох Б.М, С.О, Ё.Б, Н.Б нарын нэр дээр 2017 оны 4 дүгээр сард зээлийн гэрээ буюу санхүүгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан,

Шүүгдэгч Ц.У нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Калкюлүс” ХХК-тай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан “Калкюлүс” ХХК нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлээгүй байхад “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гэж хохирогч Б Ч Х-г хуурч 18.735.000 төгрөгийг залилж, үлэмж хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Д,М.Р, О.А, Л.Знарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Уүйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “албан тушаалын байдлаа ашиглаж” завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж, санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Д, М.Р, О.А, Л.Знарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж, санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Уянгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Ц.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгчМ.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Д, О.А, Л.Знарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөг торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн биелүүлэх торгох ялыг 20.400 /хорин мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.400.000 /хорин сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчМ.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж, шүүгдэгч Б.Д, О.А, З.Золзаяа нар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Уас 18.735.000 /арван найман сая долоон зуун гучин таван мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Солонгос улсын иргэн Б Ч Х-д олгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар захирамжаар “Биохэлф Монголиа” ХХК-аас “Мал хамгаалах сан” УТҮГ-д 1.064.250.000 /нэг тэрбум жаран дөрвөн сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дүгээр прокурорын зөвшөөрөл, 39 үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тохирох зүйл ангиар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү.

1. Шүүх хуралдааны даргалагч шүүгчийг томилсныг албажуулсан Ерөнхий шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн захирамж гарснаас хойш 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр шүүхийн харьяаллыг тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд хэргийг хүргүүлсэн боловч Улсын дээд шүүхээс 4 дүгээр сарын 12-ны өдөр харьяалал тогтоохоос татгалзсан шийдвэр гарсан. Ингээд дахин шүүхийн харьяалал тогтоолгохоор 12 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийн харьяаллыг тогтоож 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчигдсөн тул Ерөнхий шүүгчийн шүүх хуралдааны даргалагчийг албажуулсан захирамж хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр харьяалал тогтоогдож ирсэн хэргийг шүүгч П.Ариунболд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчиж хувиарлалт, томилгоогүйгээр, дур мэдэн өөрөө дээрээ авсан нь хууль бус гэж үзэж байна. Хууль бус даргалагч шүүгчийн саналаар хүчингүй томилгоог үндэслэн бүрэлдэхүүн томилсон Ерөнхий шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн захирамж хүчингүй, хүчин төгөлдөр бус томилгоог үндэслэсэн шүүх бүрэлдэхүүн хууль бус юм.

2. Уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрхтэй хэрэг юм. Би даргалагч шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдааны эхэнд гаргасан боловч бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтийг хангаагүй. Шүүгч хууль бус томилгоогоор хэргийг шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.23 дахь заалтуудыг зөрчсөн тул шүүгч өөрөө эсвэл шууд бусаар хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй. Мөн даргалагч шүүгчийн хууль зөрчсөн үйлдлүүдтэй холбогдуулан 2022 оны 11 дүгээр сард Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж сахилгын хэрэг үүссэн ба сахилгын хорооны хуралдаан 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон байсан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон. Шүүгч 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хохирол төлбөр төлөхөөр 50 хоног завсарлага авсан шүүх хуралдааныг хүчингүй болгож, хэргийг дахин шинээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийг өөр шүүгч шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн холбогдох заалт, хуульчийн ёс зүйн дүрэм, нийт шүүгчдийн чуулганаар батлагдсан хэрэг хуваарилах нийтлэг журам зэргийг үндэслэн шүүгч өөрөө хэргээс татгалзан гарснаар нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.

2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч хэргийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой болсон ба шүүгчийн дотоод итгэл үнэмшил өөрчлөгдөж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрсөн тул шүүгчээс татгалзсан. Иймд даргалагч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт үндэслэлтэй байсан эсэхийг тогтоож өгнө үү.

3. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн эхэнд “нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б Ч Х-ийн орчуулагч Э.Мартаг татгалзан гаргах өмгөөлөгч Д.Ганбатын хүсэлтийг ханган шийдвэрлэсэн юм. Э.Марта нь 2017 оноос хойш компанийн менежерээр ажиллаж, гэрчийн мэдүүлэг өгсөн төдийгүй зээлдэгч нараас хувийн дансаараа төлбөр хүлээн авч байсан нь хэрэгт шууд хувийн сонирхолтой байх үндэслэлтэй. Анх цагдаад гаргасан Б Ч Х-ийн гомдлоос эхлээд хэрэгт авагдсан бүх мэдүүлэг, баримтуудыг орчуулсан. Тэдгээр орчуулгууд дээр ор үндэсгүй худал, эргэлзээтэй үг, өгүүлбэрүүд байгаа тул орчуулгыг нотлох баримтаар ашиглах боломжгүй юм. Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд гэрч С.Огийн мэдүүлэгт Э.Мартагийн талаар дурдсан байгаа. Шүүх хуралдааны эхэнд орчуулагч Э.Мартагийн орчуулсан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх, хохирогч Б Ч Х-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг хэлэлцэлгүй орхисон төдийгүй шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар ашигласан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хэрэгт нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлсэн бүх нотлох баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж байна. Учир нь, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 30.3 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1, 28.3 дугаар зүйлүүдийг тус тус зөрчин, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл өгсөн этгээд байхгүй байхад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч хуульд заасан үндэслэл журмыг зөрчин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хохирогч С.Бат-Өлзий шүүх хуралдаанд анхнаасаа мал хамгаалах сангийн зүгээс цагдаад гомдол гаргаагүй, тухайн үед иргэний журмаар явж байсан. Цагдаагаас дуудаж хохирогчоор тогтоох шаардлагатай гэсний дагуу ирж мэдүүлэг өгсөн тухайгаа хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт байгаа дугаар нь манай хэргийн дугаар биш бөгөөд өөр хэргийн дугаар байдаг. Иймд хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтуудыг ашигласан эсэхийг тогтоож өгнө үү.

4. Шүүх шийдвэр гаргахдаа гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Миний бие 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн бол 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр компанийн дүрмийн санг 900.000.000 төгрөг болгож нэмэгдүүлэх зөвшөөрөл шийдвэрлэгдсэн байдаг. Энэ цаг хугацаа тодорхой байх нь хэрэгт маш их ач холбогдолтой. Хэрэв гэмт хэрэг төгссөн хугацааг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гэж үзвэл гэмт хэргийн хохирогч нь Б Ч Х байх боломжтой. Учир нь тэрээр тухайн үед компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Гэвч дүрмийн сан 400.000.000 төгрөг байсан. Харин 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дүрмийн сан 900.000.000 төгрөг болж, компани 2 хувьцаа эзэмшигчтэй болсон тул хохирогч нь Б Ч Х байх боломжгүй, харин хохирогч нь “Монгол Пасифик” ХХК юм. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Б Ч Х байх ёстой. Дүрмийн санг 900.000.000 төгрөг болох үед миний бие гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан тул албан тушаалаа урвуулан ашигласан гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй.

Улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Прокурорууд яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан тогтоол үйлдэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад зээлдэгч нарыг шалгаж олгосон зээлийн хэмжээг 748.000.000 төгрөг гэж тогтоосныг компанийн дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс хасч гарсан ялгавар болох 152.000.000 төгрөгийг М.Д завшсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, дүрмийн сангийн эх үүсвэр 100 хувь зөвхөн зээл олголтод зарцуулагдах ёстой гэж дүгнэсэн нь буруу юм. Дүрмийн сангийн эх үүсвэр гэдэг нь компанийн бизнесийн үйл ажиллагаанд шаардагдах бүхий л худалдан авалт, үйл ажиллагааны зардал зарцуулагдахаас гадна дийлэнх хэсэг нь зээл олголтод зарцуулагдана. Үүгээр зогсохгүй компанид хуваарилах ашиг байхгүй үед хувьцаа эзэмшигчийн авч хэрэглэсэн мөнгө хүртэл энэхүү дүрмийн сангийн эх үүсвэрээс гардаг гэдгийг ойлгож, зөв дүгнэхэд зайлшгүй тусгай мэдлэг шаардагдана. Тиймдээ ч шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлтийг 5 удаа гаргасан боловч шүүх 2 удаа хангахаас татгалзаж, 3 удаа хэлэлцэхгүй орхисон юм. Прокурор ийнхүү буруу дүгнэсэн учраас яллах дүгнэлтийн хавсралтаар шинжлэн судлуулах нотлох баримтаар 11 зээлдэгчийн мэдүүлгийг авсан байсныг шүүх шийдвэрлэсэн. 11 зээлдэгчийн мэдүүлэг, зээлийн гэрээнүүд нь 748.000.000 төгрөгийн зээл олгогдсоныг нотолж байгаа болохоос М.Дгийн дутаасан гэх 152.000.000 төгрөгийг завшсан гэдгийг нотлохгүй байна гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд байх ёстой. Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан 084 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн хавсралт болох Б Ч Х-д олгосон мөнгөний тооцоог миний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан юм. Б Ч Х-гийн 2016, 2017 онуудад авч явсан 95.000.000 төгрөгийг 152.000.000 төгрөгийн хохирлоос хасч тооцуулахаар шинжлэн судлуулсан юм. Учир нь, компанийн дүрмийн санг 900.000.000 төгрөг болгож нэмэгдүүлэхийн тулд компанийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан ашиг болох 300.000.000 төгрөгийг бүгдийг нь дүрмийн сангийн дансанд нэмэгдүүлсэн. Ингэснээр хувьцаа эзэмшигч нарт хуваарилах ашиг үлдээгүй. Б Ч Х компаниас 2016 онд 94.000.000 төгрөг, 2017 онд 1.000.000 төгрөг нийт 95.000.000 төгрөг авч явсан нь дүрмийн сангийн мөнгөнөөс л гарна. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа дээрх нотлох баримтуудыг дурдсан атлаа няцаасан дүгнэлт хийлгүйгээр Б Ч Х-гийн авч явсан мөнгийг ямар үндэслэлээр дүрмийн сангийн мөнгөнөөс авч яваагүй гэж орхигдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хохирогч хууль ёсны орлого олж байсан болохыг түүний мэдүүлгээс гадна хууль ёсны эх сурвалжаар батлах ёстой бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх тодорхой хууль зүйн үндэслэл заалгүй, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг буруу гэж үзнэ гэснийг Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тогтоолоор албан ёсны тайлбарт тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, Б Ч Х-гийн ашгаа авч явсан мэдүүлгээс гадна ашиг гэдгийг нотлох татварын тодорхойлолт, тайлан, лавлагаа байхгүй байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн захирамжаар татвар төлсөн байдлыг зайлшгүй тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад 95.000.000 төгрөгийг 152.000.000 төгрөгийн хохирлоос хасч тооцоогүй шийдвэрлэсэн нь буруу. Шүүхийн шийдвэрт “Монгол пасифик” банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой 2 шүүгдэгчийн хэрэг байгаа. Миний бие 2012 оноос 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүртэл гүйцэтгэх захирлаар ажилласан ба Ц.У 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Ц.Уас гаргуулахаар шийдвэрлэсэн 18.000.000 төгрөгийг 152.000.000 төгрөгөөс хассангүй. Энэ талаар шүүх хуралдаан дээр шүүгдэгч миний бие хэлсэн боловч яагаад хасч тооцоогүй талаар үндэслэл, дүгнэлтийг хийсэнгүй. Зөвхөн Ц.У холбогдох хэрэгт 18.735.000 төгрөгийг зарлага болгож бэлэн мөнгөний тайлан үйлдсэн байна гэж тусгажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн бодит хохирлыг төлүүлэх тухай заасан байх тул компанийн дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс 18.735.000 төгрөг гарсан гэж үзэж хасч тооцох ёстой. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд 900.000.000 төгрөгөөс яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор 748.000.000 төгрөг зээлэнд олгогдсон нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр 2016, 2017 онуудад Б Ч Х 95.000.000 төгрөг авч явсан нь тогтоогдсон, Ц.У“Калькюлүс” ХХК-д 18.735.000 төгрөг зарлагдсан нь тогтоогдсон, зарлагуудыг хасч 38.265.000 төгрөгийг намайг завшсан гэж үзэх нь зүйтэй. 38.265.000 төгрөгийг би хувьцаа авч ашиглаагүй боловч шинжилгээний явцад Б Ч Х-г авч явсан гэдгийг нотолж чадаагүй. Ийм учраас шүүх хуралдаан дээр мөрдөн байцаалтаар тогтоох ёстой байсан боловч 26.000 ам.долларын 2 гадаад гүйлгээний баримтыг Худалдаа хөгжлийн банкны хуулбар үнэн тамгатайгаар гаргаж өгсөн байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан ч надад тооцогдох хохирол төлбөрийг Б Ч Х өөрөө авч явсан гэдэг баримтыг шүүх бүрэлдэхүүнд үзүүлэхийг хүссэн юм. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг тогтоож өгнө үү.

5. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаар тогтоолоор албан ёсны тайлбарыг үндэслэжээ. Гэвч уг тайлбарыг үндэслэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь, дүгнэлтийн эхний хэсэг нь “Биохэлф Монголиа” ХХК нь Мал хамгаалах сангаас зээл аваад төлж чадаагүй байгааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Мал хамгаалах сан цагдаад гомдол гаргасан байсан ч гэмт хэрэг гэж үзэхгүй гэж дүгнэжээ. Харин сүүлийн хэсэг нь “Биохэлф Монголиа” ХХК нь Мал хамгаалах сангаас авсан зээлээ төлж чадахгүй болмогц зээлээ бүгдийг эсхүл заримыг нь төлөхгүй байх гэмт санаа М.Дд төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Мал хамгаалах санг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гэжээ.

Дээрхээс үзвэл хоёулаа зээлээ төлж чадахгүй болсонтой холбоотой нөхцөл байдлыг тайлбарлан дүгнэжээ. Тэгвэл прокуроруудын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн гэмт хэргийн товч агуулга нь “Дэлгэрмаа Мал хамгаалах сангаас 900.000.000 төгрөгийн зээлийг залилан авсан” гэдэг бөгөөд гэмт хэрэг төгссөн хугацааг “Биохэлф Монголиа” ХХК-ийн дансанд зээлийн сүүлийн мөнгө орсон 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тооцно” гэж үзсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн, төгссөн хугацааг тодорхой тусгаагүй байна. Дээрх байдлаар 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тооцно гэсэн бол өмгөөлөгч нар зээлийн гэрээ үйлдэгдсэн өдрөөр буюу 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөр тооцно гэж дүгнэсэн. Гэтэл шүүх дээрх хугацааны алийг нь үндэслэлтэй гэж үзсэн, эсвэл аль нь ч биш бол ямар хугацаагаар тодорхойлсон дүгнэлт гаргаагүй. Шүүх “...улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж, яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр прокурорууд “Иргэний шүүхийн шийдвэр гарсныг мэдээгүй, Дэлгэрмаа бид нарт хэлээгүй” гэж хэлсэн нь урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгасан байгаа. Энэ шалтгаанаар анх уг хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүгч гаргасан юм. Харамсалтай нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээ буруу тодорхойлсны улмаас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан юм. Миний бие Иргэний шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай мөрдөгчид мэдэгдэж, хэрэгт шинээр нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлтэд хавсаргаж шүүхийн шийдвэрийн хуулбарыг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүнийг анхаараагүй гэдэг нь прокурорууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлыг бүрэн хяналгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хохирогч М.Бат-Өлзий болон О.А,М.Р, Л.Гантогтох, М.Тогоо нарын мэдүүлгүүд авагдсан байна. Мэдүүлгүүдийн агуулгын хувьд С.Бат-Өлзийгийн мэдүүлэг нь “Биохэлф Монголиа” ХХК Мал хамгаалах сангаас 900.000.000 төгрөгийн зээл авсан, төлөөгүй байгаа тухай, гэрч О.А,М.Р, Л.Гантогтох нар М.Д “Монкорд” ХЗХ-руу мөнгө оруулсан тухай, М.Тогоогийн мэдүүлэгт зээл авахын өмнө зээлийн барьцаанд түүний хөрөнгийг хэрхэн тохиролцсон талаар мэдүүлсэн байна. Гэмт хэргийн нотлох баримт гэж үзсэн дээрх 5 мэдүүлэг нь нэг нь цагдаад дуудагдаж ирж, нөгөө 4 нь барьцаа хөрөнгийн эздүүдийн мэдүүлэг байгаа бөгөөд “Билхэлф Монголиа” ХХК нь зээлээ төлж чадахгүй болмогц Мал хамгаалах санг залилсан гэх үйлдлийг хөтөлбөргүй нотолсон нэг ч өгүүлбэр байхгүй. “Монкорд” ХЗХ-руу оруулсан мөнгө бүгд 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө зээлийн гэрээ дуусаагүй байхад би өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа оруулсан байдаг. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаар тогтоолоор “...Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцааж төлөх хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. ...” гэж тодорхойлсон. Тэгвэл Иргэний хэргийн шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь хуурч, мэхлэх аргаар аваагүйг нотлох бөгөөд зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь хуурч мэхлэх аргаар аваагүйг нотлох бөгөөд зээлийг буцааж төлөх баталгаа болгож хийсэн барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн эрхийн доголдолгүй байдал нь зээлийг буцааж төлөхгүй, өөрийн болгох зорилго байхгүйг нотолно. Барьцаа хөрөнгийн эздүүдийн гаргасан гомдлоор үүссэн эрүүгийн хэрэг байхгүй, энэ хэрэгт мөн оролцогч биш байгаа нь барьцаа хөрөнгийн эрхийн доголдол байхгүйг нотолно. Иймд залилах гэмт хэргийн үндсэн шинж хангагдахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн байхад шүүх шийдвэр гаргахдаа тус заалтыг зөрчиж прокурорын яллах дүгнэлтээр тодорхойлж ирсэн гэмт хэргээс өөр, зээл авсантай холбоогүй, өөр үйлдэл, гэмт хэргийн талаар “тодорхой үйлдэл” хийсэн гэж тодорхойгүйгээр дүгнэсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “хохирогч Мал хамгаалах сангийн хууль ёсны төлөөлөгч С.Бат-Өлзий” гэж бичсэн нь үндэслэлгүй. Учир нь, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар яллах дүгнэлтэд залилах гэмт хэргийн хохирогч нь С.Бат-Өлзий бөгөөд хохирогчоор тогтоосон тогтоол нь байгаа гэжээ. Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш хохирогчийг зөв тогтоолгох тухай хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан боловч шүүх энэ талаар шийдвэр гаргаагүй. “Мал хамгаалах сан” 2019 оны 5 дугаар сард Засгийн газрын шийдвэрээр татан буугдаж, хөрөнгийг нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд шилжүүлсэн бөгөөд 2020 онд Хөдөө аж ахуйг дэмжих сан байгуулагдсанаар Мал маллах сангийн хөрөнгө Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас тус сан руу шилжсэн байдаг. Иймд анхан шатны шүүх залилах гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг тогтоож өгнө үү.

6. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2017 оны 4 дүгээр сар гэж тодорхойлсон атлаа 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш мөрдөгдөж эхэлсэн хуулийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь эргэлзээтэй байна. Ц.Уд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дурдсан атлаа энэ хэргийг яагаад 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн тухай үндэслэлээ тусгаагүй. Ингэснээр Эрүүгийн хуулийн цаг хугацааны зарчим алдагдсан байна. Шүүх шийдвэр гаргахдаа “Зээлийн гэрээ буюу санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн” гэж үзэхдээ зээлийн гэрээг санхүүгийн баримт гэж үзсэн үү эсхүл зээлийн гэрээ болон санхүүгийн тайланг хуурамчаар үйлдсэн гэж үзсэн үү гэдэг нь ойлгомжгүй байна. Зээлийн гэрээг санхүүгийн баримт мөн гэж прокурорууд үздэг бөгөөд яллах дүгнэлт ч энэ хүрээнд үйлдэгдсэн. Зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэдгээ би хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмшиж байгаа боловч зээлийн гэрээг санхүүгийн баримт гэж үзэхгүй байна. Прокурорууд гэмт хэрэг үйлдсэн хугацааг авч үзэхдээ зээлийн гэрээг үйлдсэн хугацаагаар биш санхүүгийн баримтын оноогоор тооцно гэж шүүх хуралдаанд хэлж байсныг бодохоор зээлийн гэрээ, санхүүгийн баримт 2 тусдаа зүйл гэдгийг мэдсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зээлийн гэрээ өөрөө санхүүгийн баримт гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулгаас харахад зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтуудаас гадна санхүүгийн тайланг худлаа гаргаж байсан тухай мэдүүлгүүд авагдсан байгаа. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн эсэхийг тогтоож өгнө үү.

7. Надад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хувьд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дүгнэсэн боловч нөгөө 2 зүйл ангийн хувьд эрүүгийн хариуцлага оногдуулсан байдал болон чухам ямар үндэслэлээр хорих ял, торгох ялыг тус тусад нь зэрэгцүүлж эдлүүлэхээр болсон тухай шүүхийн шийдвэрт тусгасангүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад нийт торгох ялыг 20.400 нэгж буюу 20.400.000 төгрөгөөр тогтоож, тогтоох хэсгийн 5 дахь заалтад хорих ялыг нээлттэй хорих байгууллагад 2 жилийн хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ямар хугацаанд төлөхийг тогтоож өгөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг зөрчин шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны төгсгөлд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад “М.Д,М.Р нар нь ...торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож” гэж уншсан боловч гардуулсан тогтоолд миний нэр байхгүй байна. Миний бие хоригдож байх хугацаандаа торгох ялыг биечлэн эдэлж чадахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хорих ялаар сольж 4 жилийн хорих ял дээр нэмж нийт 6 жилийн хугацаагаар эдлэхээр болоод байна. Энэхүү шийдвэр нь хүнлэг бус, миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг зөрчсөн шийдвэр болжээ. 2 жилийн хугацаагаар хорих ял эдэлсэн маань дахин 4 жилийн хорих ял эдлэх үндэслэл болохоор байна. Миний бие шүүхээс торгох ял гуйж, ажил эрхэлж авсан цалингийн орлогоороо торгор ялыг биечлэн эдлэх боломжтойгоо нотлох ажлын газрын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн юм. Хохирогч Б Ч Х-гийн хохирлын 152.000.000 төгрөгийг төлөх гэж хүүхдүүд маань өр, зээл тавьж өөрсдөдөө ахадсан ачаа үүрч дахин торгох ялыг төлөх ялд унах вий гэхээс эх хүний хувьд шаналж сууна. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусдад халдааж болохгүй” гэж заасан байх бөгөөд шүүх энэ зарчмыг зөрчин “4 жил нэмж хоригдмооргүй байвал бусдаар төлүүл” гэсэнтэй утга ижил шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан нөхцөл байдлыг тус тус тогтоож өгнө үү.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар энэхүү гомдолд дурдсан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийн бодит байдалд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож өгнө үү. Шүүгдэгч Ц.Уас гаргуулахаар шийдвэрлэсэн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон 18.735.000 төгрөгийг, Компанийн дүрмийн санг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хуримтлагдсан ашгаар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан, хохирогч Б Ч Х-гийн Банк бус санхүүгийн байгууллагаас 2016, 2017 онуудад 95.000.000 төгрөг авч явсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон тул тус мөнгийг 152.000.000 төгрөгийн хохирлоос хасч, хохирлын хэмжээг 38.265.000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Миний бие албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй тул хүндрүүлэн зүйлчлэхгүй байж хэргийн шийдвэрлэхэд ямар нэгэн эргэлзээ гарвал эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү. Залилах гэмт хэрэг бусдын хөрөнгийг анх авахдаа буцааж төлөхгүй санаа зорилготойгоор тодорхой үйлдэл хийх, мөн анх авахдаа журмын дагуу, санаа зорилгогүй, буцааж төлөх зорилготойгоор авсны дараа төлж чадахгүй болмогцоо буцаан өгөхгүйн тулд тодорхой үйлдэл хийх гэсэн хоёр үндсэн шинжтэй. Прокурорууд анхнаасаа буцааж төлөхгүй санаа зорилготойгоор зээл авсан, одоог хүртэл төлөөгүй байгаа нь үүнийг нотолгоо гэсэн байдлаар хэргийг зүйлчилсэн бол анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зээлээ төлж чадаагүй нь гэмт хэрэг биш гэж дүгнэхдээ зээл авсан нь мөн гэмт хэрэг биш гэж яллах дүгнэлтийг няцааж дүгнэсэн. Тэгсэн атлаа тодорхой үйлдэл хийсэн гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Энэ хэргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим алдагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн, үндсэндээ хууль бусаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь доорх байдлаар харагдана. Мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчин хийсэн хэрэг бүртгэлтийн хэргийг цуглуулж бэхжүүлсэн хүчингүй нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд гэмт хэргийг нотолбол зохих нэг ч ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй. Прокурорууд яллах дүгнэлт үйлдэхдээ хянавал зохих асуудлуудыг хянаж үзэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох үүргээ биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явагдаж байгаа эсэхийг дүгнэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарын давж үндэслэлгүй дүгнэлтээр гэм буруутайд тооцсон. Прокурорууд гэмт хэрэг төгссөн хугацааг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буюу зээл авч дууссанаар тодорхойлж байгаа ба анхан шатны шүүх зээл авсныг гэмт хэрэг гэж дүгнээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд энэхүү гомдлын 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж тохирох зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү.

            9. Шүүх надад ажил хийж олсон цалингийн орлогоороо торгох ялаа биечлэн эдлэх боломж олговол, шүүхээс тогтоосон ямар ч хэмжээний торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлж барагдуулж чадна гэдгээ илэрхийлж байна. Миний бие бага охины хамт амьдардаг бөгөөд охин маань 11 дүгээр ангийн сурагч юм. Охин маань сургуулиа амжилттай төгсөж, амьдралд хөл тавих чухал үе. Иймд намайг охиныхоо дэргэд байх боломж олгож өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хохирол төлөх завсарлагааны үеэр намайг цагдан хорьсон. Намайг хорих ял авхуулахгүйн төлөө 2 хүү маань өр, зээл тавьж Б Ч Х-д 152.000.000 төгрөгийг төлсөн. Өөрсдөдөө ахадсан ачаа үүрсэн хүүхдүүддээ торгуулийн ялаа давхар үүрүүлэхийг хүсэхгүй байна. Торгох ялаа биечлэн эдлэх боломжийг олгож хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү.

            Эцэст нь энэхүү гомдлын 1-7 дахь хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг тогтоолгосны үндсэн дээр гомдлын 8-9 дэх хэсэгт дурдсанаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, зарим хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудын аль нэг нь тогтоогдбол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчилнө гэж Улсын Дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар тогтоолд тодорхойлжээ. Иймд надад холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг тохирох зүйлчлэлээр зүйлчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Эрүүгийн хариуцлагын хувьд ял оногдуулахдаа торгох ялыг биечлэн эдлэх боломж олгож, хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг иргэн М.Д үйлдсэн гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа нөхцөл байдлууд байна. Үүнд, М.Д “Мал хамгаалах сангаас нэг ч төгрөгийн зээл аваагүй, тендерт оролцоогүй, тендерийн материал бүрдүүлээгүй тул түүнийг зээл авах зорилгоор зориуд зохиомол байдал үүсгэсэн гэж дүгнэх нотлох баримт байхгүй. Мал хамгаалах сангаас зээлийг “Биохэлф” ХХК авсан ба түүний гүйцэтгэх захирал Б.Ганбаяр тендерийн материал бүрдүүлж, зээл авах хүсэлт гаргаж, ХХААХҮЯ-ны сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/149 дугаар тушаалаар тендерт шалгарч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 171122/04-223 дугаар “Бодлогын гэрээ” байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2017/Ү/08 дугаар ОХУ-с малын өвс тэжээл импортлон оруулж ирэх зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ зэргийг байгуулж, Б.Ганбаяр гарын үсэг зурсан зээлийн хөрөнгө “Биохэлф” ХХК-ийн дансанд орж ирээд зориулалтаараа зарцуулагдаж, Мал хамгаалах сан зарцуулалт дээр нь хяналт тавьж малын тэжээл ОХУ-с оруулж ирж Дундговь аймгийн 15 сумдад тэжээл хадгалах байр түрээсэлж,, борлуулагч олж цалинжуулж, хүнд даацын автомашин, жолоочтой нь хөлсөлж, тэжээлээ зөөлгөж малчдад хүргэж байсныг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдсан байгаа.

Мал хамгаалах санд залилуулж мэхлүүлсэн гэдэг гомдол өргөдөл хэзээ ч гаргаагүй. Зээлдэгч зээлээ эргүүлэн төлж чадахгүй байдал үүссэн тул хуулийн дагуу алданги тооцуулах зээлийг албадан төлүүлэхээр иргэний шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаартай захирамж гарсан. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “Мал хамгаалах сан”-гийн тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7хх 118/ авагдсаныг иш татаж бичсэн байгаа. Энд тэрээр М.Дд залилуулж хохирсон гэх зүйл огт мэдүүлээгүй. Зээл төлөгдөөгүй, иргэний шүүхэд хандсан, компаниас зээлийг төлүүлж авна гэх мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх хуралдаан дээр С.Бат-Өлзий хэдийгээр “Мал хамгаалах сан”-гийн эрх залгамжлан авагч болох “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас итгэмжлэлээ шинэчилж авчраагүй хэдий ч хохирогчийн төлөөлөгчөөр оролцож өгсөн мэдүүлэг, оролцогчдын асуултад хариулсан хариулт зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Мөн М.Дгаас нэхэмжлэх зүйлгүй, зээлээ компаниас төлүүлж авах шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа, барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэхээр дахин шүүхэд хандсан байгаа гэх мэдүүлэг, тайлбар өгсөн болно. Энд нэг зүйлд онцгой анхаарал хандуулахыг шүүхээс хүсэхэд хэрэгт “Мал хамгаалах сан” болон “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г хохирогчоор тогтоосон тогтоол байдаггүй. С.Бат-Өлзийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой байтал хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол байдаг. Түүнээс мөрдөгч хохирогчоор мэдүүлэг авсан байдаг. Шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдож Э.Нарантуул оролцож эхлэхэд шүүх түүнийг ямар ч оролцогчоор татаж тогтоол гаргаагүй, шууд итгэмжлэлээр оролцуулж явж байгаад Э.Нарантуул ажлаасаа гарсан гэх шалтгаанаар С.Бат-Өлзий итгэмжлэл ч байхгүй шүүх хуралд ирж оролцсон байгааг дурьдах нь зүйтэйПрокуророос “Мал хамгаалах сан”-гаас зээл авахдаа эргүүлж төлөх зорилгогүйгээр залилан мэхэлж, зориуд зохиомол байдал бий болгох замаар авсан гэж үзсэн атлаа уг зээлийг авахад хамтран оролцож, барьцаанд хөрөнгөө тавьж, зээлийн хөрөнгийг бүгдийг шилжүүлэн авч хэрэглэсэн нь баримтаар нотлогдоод байгаа “Биохэлф” ХХК, “Монкорд” ХЗХ, М.Тогоо нарын үйлдэл оролцоог шалгуулах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс удаа дараа гаргахад прокурор, шүүх, хүсэлтийг үл хангаж хэрэгсэхгүй болгож ирсэн атлаа М.Дг ганцаараа санг залилсан гэж үзэх нь үндэслэл муутай. Иймд хохирогч этгээд байхгүй, хохирлын зүйл байхгүй, хохироосон этгээдүүд татагдаагүй тул энэ үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Энэ хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг мөн гэж үзсэн тохиолдолд төлөх төлбөргүй байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөрчилж, торгох ялаар солих боломжтойг анхааран үзнэ үү. М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000.000 төгрөгөөр торгох ял оноосныг хэзээнээс эхлэн эдлэх талаар тогтоолд заагаагүй ба 2 жил хорих ял эдлэх хугацаандаа давхцуулж энэ ялыг эдлэх боломжгүй атал хорих ял эдлэж дуусахад торгох ялыг эдэлж дуусгаагүй хэмээн хорих ялаар сольж болзошгүй байдал үүсч байна. Иймд энэ хоёр зүйл ангиар аль алинаар нь торгуулийн ял эдлэх боломжтойг анхааран үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Монкорд” ХЗХ-ны ажилтнууд болох М.Д нар нь хоршооны гишүүд болох Б.М, С.О, Ё.Б, Н.Бнарын нэр дээр зээлийн гэрээг 2017 оны 4 дүгээр сард хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Тэд гишүүдийн нэр дээр зээлийн гэрээг хуурамчаар үйлдэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох ашиг хонжоо олох зорилго агуулаагүй, өөрөөр хэлбэл, зээлдэгч гишүүдийн эрх ашгийн үүднээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хоршооны тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүйн тулд 2017 оны улирлын тайланг Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагад нийцүүлэх, үндсэндээ тус хорооны шалгалтыг аргалах зорилгоор гэрээг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Зээлийн дөрвөн гэрээг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон боловч гэрээний дагуу “Монкорд” ХЗХ-оос огт мөнгөн гүйлгээ хийгдээгүй, зээл олгогдоогүй, хоршоонд бодит хохирол учраагүй тул эдгээр гэрээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримт” гэх ойлголтод хамруулан авч үзсэн нь үндэслэлгүй. Хэрэв эдгээр гэрээг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл М.Д нарын үйлдсэн гэх тэдгээр гэрээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрхийг тодорхойлсон баримт бичиг” гэх хуулийн нэр томъёонд хамаарна. Өөрөөр хэлбэл, хуурамчаар үйлдсэн гэх дээрх зээлийн гэрээнүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримт” огтхон ч биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг” юм.

Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт санхүүгийн баримтыг бэлтгэх, ашиглах талаар хуулиар тогтоосон журам байна. Халдлагын зүйл нь үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, татварын баримт байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн объект нь баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний хувийн бичиг баримтыг үйлдэх, ашиглах, хадгалах, хамгаалах журам байна. Халдлагын зүйл нь ...эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, эдийн ба эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг байдгаар ялгаатай. Эрх олгосон ...баримт бичиг гэдэг нь хууль зүйн үр дагавар буй болгосон, тодорхой үйлдэл хийх боломж олгосон баримт бичиг юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж заасан. Зээлийн гэрээ хийгдсэний дараа зээл олгогдсон буюу мөнгөн зарлагын баримт үйлдэгдэж, зээлдэгч зээлийн мөнгийг хүлээн авснаар зээл олгосон ажил гүйлгээ гарсанд тооцогддог бөгөөд энэхүү зээл олгогдсон ажил гүйлгээний нотлох баримт болж байгаа зээлийн гэрээ нь анхан шатны баримт буюу санхүүгийн баримтын шаардлага хангана. Тэгвэл ямар ч зээл олгогдоогүй, тэрхүү зээлийн гэрээтэй холбоотой ажил гүйлгээ гараагүй нөхцөлд тухайн зээлийн гэрээг санхүүгийн баримт буюу анхан шатны баримтанд тооцох боломжгүй.

Нөгөөтэйгүүр, өөр нэг гол үндэслэл нь яллах дүгнэлтийн үндэслэх хэсэг, шийтгэх тогтоолын тодорхойлох болон үндэслэх хэсэгт М.Д нарын санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн гэх хугацааг шүүгдэгч М.Д, Б.М, С.О, Ё.Б, Н.Бнарын нэр дээр 2017 оны 4 дүгээр сард зээлийн гэрээ буюу санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэж тогтоон дүгнэсэн атлаа тэдний энэхүү үйлдэл холбогдлыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн тэднийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн өөрчлөгдсөн хувилбар бөгөөд тухайн гэрээ хуурамчаар үйлдэгдэх буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн диспозицид “санхүүгийн баримт” гэсэн нэр томъёо тусгагдаагүй байсан учраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон хуулийг буцаан хэрэглэхгүй ” гэж заасныг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэг /Албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх/-т зааснаар өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуучин, шинэ хуулийг хольж хутган хэрэглэх боломжгүй учраас мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь эдгээр гэрээг хуурамчаар үйлдсэн, харин түүнийг тус хоршооны санхүүгийн үйл ажиллагаанд огт ашиглагдаагүй болох нь тогтоогдсон. Хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэдэг нь хуурамчаар үйлдсэн субъектэд өөрт нь биш, түүнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан хөндлөнгийн өөр субъектэд хамаарах ойлголт байна. Гэтэл санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн этгээдийг уг баримтыг хадгалсан, ашигласан гэж өөрийг нь хамаатуулан авч үзэх нь хууль тогтоогчийн үзэл баримтлалаас гажих, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүрнэ. Түүнчлэн зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн нь 2017 оны 4 дүгээр сарын сүүлчээр тус хоршоонд хийгдсэн Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрсэн нь нэгэнт тогтоогдсон учраас тухайн гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2017 оны 4 сард гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. Мал хамгаалах сангаас 900.000.000 төгрөгийн зээлийг М.Д аваагүй, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн үед “Мал хамгаалах сан"-тай Г.Ганбаяр захиралтай “Биохэлф Монголиа” ХХК харилцан тохиролцож хийсэн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн “тус компани зээлийг авсан, тус компани анх тендерт шалгарахдаа холбогдох хууль, журам зөрчөөгүй, ХХААХҮЯ-наас зарласан тендерийн журамд заасан шаардлагыг бүрэн хангаж шалгарсан,Биохэлф” ХХК бизнесийн ашгийн төлөөх байгууллага учраас тухайн зээлийн хөрөнгөөр ОХУ-аас малын тэжээл, импортлох, малчдад хөнгөлттэй үнээр борлуулснаар малчдын гар дээрээс орох төлбөр мөнгөний зөрүүгээр тодорхой хэмжээнд ашиг олно гэж тооцоолон тендерт өрсөлдөн шалгарсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шийдвэрээр “Мал хамгаалах сан”-аас зээлсэн 900.000.000 төгрөгийн төлбөрийг хүү, алданги оролцуулан тооцож 1.064.250.000  төгрөгийг иргэн М.Дгаас биш, “Биохэлф” ХХК-аас “Мал хамгаалах сан” УТҮГ-т гаргуулахаар иргэний журмаар нэгэнт шийдвэрлэсэн, эрүүгийн журмаар гаргуулах бодит хохиролгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч тал “Мал хамгаапах сан” нь “ХАА-г дэмжих сан” болон өөрчлөгдөж, тус сангийн эрх үүргийг нь залгамжлан авсан байхад зээлдэгч байгууллага “ХАА-г дэмжих сан”-г хохирогчоор тогтоогоогүй атлаа тус сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцээгүй. Зээлийн V-8 тоот барьцааны гэрээний 2.5-д “барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлсээс хангуулахаар 2.1.2-т: “эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхийг барьцаалагч эдлэх ба энэ тухай үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ”, мөн гэрээний 2.8-д “зээлдүүлэгч нь зээлдэгч зээлийг хугацаандаа болон заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулна”, Зээлийн гэрээний 2.6-д “зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг нэг талаас цуцалж, зээлийн төлбөрийг нэхэмжлэх хуульд заасны дагуу төлүүлэх арга хэмжээ авна.” гэж тус тус зааснаар зээлдүүлэгч “Мал хамгаалах сан” тэдгээр гэрээнд заасан зээлдүүлэгчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь зээлийн төлбөрийг ашиг олох зорилгоор бусдад түр шилжүүлээгүй, тухайн хохирол төлбөрийн хэмжээ нэмэгдэх шалтгаан болсон байхад иргэний гэрээнээс үүссэн, шүүхээр шийдвэрлэгдсэн маргааныг зээлдэгч тал буюу “Биохэлф” ХХК-ийн зээл авах үйл ажиллагаанд дэмжин оролцсон гэх М.Дд зөвхөн холбогдуулан эрүүгийн журмаар шалгасан нь хууль, шударга ёсны зарчимд нийцээгүй. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд М.Д “Мал хамгаалах сан”-г залилсан гэх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, тус “Мал хамгаалах сан”-г М.Д залилсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв “Мал хамгаалах сан”-аас “Биохэлф” ХХК 900.000.000 төгрөг зээлсэн асуудлыг залилангийн гэмт хэрэг гэж үзвэл зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан “Биохэлф” ХХК-ийн захирал Г.Ганбаяр, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, барьцаагаар хангуулахад хуурамч тогтоол гарган идэвхтэй оролцсон “Монкорд” ХЗХ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Цолмонхүү нарыг холбогдуулан хамтад шалгаагүй хууль зөрчсөн. Түүнчлэн тухайн зээл авахад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан төдийгүй, зээлийн мөнгөнөөс 860.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан атлаа эргэн төлөлт хийлгүй “Мал хамгаалах сан”-д өглөг үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн этгээд “Монкорд” хадгаламж зээлийн хоршоог ч иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй орхисон. Гэтэл тухайн үйлдэл холбогдолд зөвхөн М.Дг буруутган мөрдөн байцаалтыг гүйцэд бус явуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудад огт нийцээгүй.

М.Д нар “Биохэлф Монголиа” ХХК болон “Мал хамгаалах сан”-гийн хооронд байгуулсан зээлийн гэрээний зээл төлөх үндсэн хугацаа дуусаагүй, гэрээний хугацаанд амжиж мөнгийг гүйлгээнд оруулж бизнесийн ашиг олох, “Монкорд”-д шилжүүлсэн мөнгөө зээл төлөх хугацаанд амжиж “Мал хамгаалах сан”-д эргэн төвлөрүүлэх боломжтой гэж тооцон ОХУ-аас хоорондын тооцоогоор буцаан авсан болон тэжээл борлуулалтын орлого 860.000.000 төгрөгийг тус хоршоонд шилжүүлсэн гэх шүүгдэгч М.Дгийн тайлбар үндэслэлтэй. Харин М.Д тус хоршооноос мөнгөө татаж авах, мөн бусад зохицуулалт хийж амжаагүй эгзэгтэй үед Бан Чол ху-ийн гомдлоор М.Дд эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр цагдан хорьж, тус хоршооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас гэнэт чөлөөлснөөр “Мал хамгаалах сан”-гийн мөнгийг гүйлгээнд оруулах, эргэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг шүүх харгалзан үзээгүй, харин ч үйл ажиллагааны явцад “Монкорд” ХЗХ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн дүр зураг харагдана. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэтэл тус хоршоо тухайн зээлийн төлбөрийг бүрэн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд одоо ч битүүмжлэгдсэн хэвээр байна. Эдгээр нөхцөл байдлууд нь М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл болохыг тунгаан үзнэ үү.

Хоёр. М.Дгийн санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн хууль болон хэргийн бодит байдалд нийцүүлэн зөвтгөн зүйлчлүүлэх, “Мал хамгаалах сан” УТҮГ -ыг залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч миний санал, дүгнэлтийг ямар үндэслэлээр хэрхэн няцаасныг тогтоолдоо нарийвчлан заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэх дүгнэлтэд хүргэсэн. Мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэл болно. Тогтоолын үндэслэх хэсгийн дүгнэлтээс үзвэл шүүх хуралдаанд оролцсон найман өмгөөлөгчийн зөвхөн хоёроос бусад нь шүүхийн хэлэлцүүлэгт огт санал дүгнэлт гаргаагүй, өмгөөлөл явуулаагүй мэт ойлгогдохоор болгож, өмгөөлөгч бидний эрхийг үл тоомсорлон хязгаарласан шийдвэр гаргасанд гомдолтой. М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял оногдуулсан атлаа тухайн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоогоогүй орхигдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчин хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлийг бүрдүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхүйц илэрхий алдаа болсныг залруулахыг санал болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хуульд нийцүүлэн зөвтгөн зүйлчлэх, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв. 

Шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцсон нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь дээрх зүйл ангид санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэсэн ойлголтод миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь тохирч байна гэж үзсэн болно. Зээлийн гэрээ нь дангаараа санхүүгийн баримтанд хамаарахгүй бөгөөд заавал мөнгөний орлого, зарлагын баримтын хамт байж санхүүгийн баримт болдог. Гэтэл анхан шатны шүүх нь дан ганц гэрээг санхүүгийн баримт гэж дүгнэлт хийн гэм буруутай тооцсоныг эс зөвшөөрч байна. Дээрх үйл баримт нь эрүүгийн хуульд заасан хуурамч бичиг баримт үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Мөн М.Дгийн завшсан гэх 152.000.000 төгрөгт ямарч хамааралгүй өөрөөр хэлбэл дээрх мөнгийг М.Д нь хувьдаа завшсан гэдгийг ямар ч нотлох баримтаар нотлоогүй болно. Шийтгэх тогтоолын 19 талд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Бан Чол Ху-ийн мэдүүлэг, иргэний хариуцагч Т.Оюунчимэг Ц.Отгонжаргал Д.Ариунаа, Э.Дөлгөөн Ч.Түмэнзаяа, Г.Булган С.Солонго, Д.Батмөнх, гэрч Э.Тогтуун С.О Д.Сүхбат нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй гэж үзжээ. Гэтэл дээрх мэдүүлгүүдийг шинжлэн судалж үзэхэд 152.000.000 төгрөгийн талаар нэг ч хүн дурьдаагүй бөгөөд хохирогчийн мэдүүлэгт ч байхгүй. Хохирогч Бан Чол Ху-ийн мэдүүлэг, иргэний хариуцагч Т.Оюунчимэг Ц.Отгонжаргал Л.Ариунаа, Э.Дөлгөөн Ч.Түмэнзаяа, Г.Булган,                  С.Солонго, Д.Батмөнх, гэрч Э.Тогтуун С.О Д.Сүхбат нар нь 19 гэрээгээр зээл олгосон талаар мэдүүлдэг бөгөөд дээрх гэрээнүүд нь бүгд гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогддог болно. Харин нийт дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс дээрх зээлийн гэрээнүүдийн мөнгөн дүнг хасч яасан нь тодорхойгүй дутсан 152.000.000 төгрөгийг хувьдаа завшсан л байж таараа гэх дүгнэлтэд хүрч шийтгэсэн болно. Мөн М.Д нь санхүүгийн менежментийн үйлчилгээ үзүүлсэн гэрээний төлбөр 112.000.000 төгрөгийг “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллага авсан бөгөөд дээрх үйл баримтыг хууль ёсны гэж үзсэн. Мөн Ц.Уүйлчилгээ үзүүлсний хөлс 18.000.000 төгрөгийг хасч тооцохгүйгээр шууд 152.000.000 төгрөгийг завшсан гэж үзэх үндэслэлгүй юм. Дээрх мөнгөн дүнгүүд нь зайлшгүй дүрмийн сангаас тооцогдох компанийн үндсэн зардлууд юм. Мөн компанийн ашиг гэж 600.000.000 гаруй төгрөгийг авч явсан байдаг юм. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд миний үйлчлүүлэгч дээрх мөнгийг завшсан гэх үйл баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхээс дээрх үйлдлийг гэмт хэрэг мөн байна гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүрмэгц гэрээний зүйлийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй гэж залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ. Мал хамгаалах сангаас анх М.Д зээл авч зээлийн гэрээний үүргээ биелүүлж малын тэжээлийг ОХУ-с оруулж ирж Дундговь аймгийн сумдаар борлуулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Гагцхүү борлуулсан барааны ашиг захиалсан барааны буцаалт мөнгө зэргийг “Монкорд” ХЗХ оруулсан нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч нь мал хамгаалах сантай зээлийн гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгө барьцаалан баталгаа гарган зээл авсан. Хэрэв зээлийг хугацаанд нь төлөхгүй бол хүү, алданги тооцон барьцаа хөрөнгөөр хангуулахаар үүрэг хүлээсэн. Улмаар иргэний шүүхийн шийдвэр гарч хүү, алданги тооцон барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх нь төлбөрийг иргэний шүүхээр шийдвэрлэсэн гэж дурьдан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Дээрхээс дүгнэхэд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэт тордуулсан шийдвэр гаргасан болно. М.Д нь мал хамгаалах сангаас зээл авсан зээлийг төлөөгүй гэх үйл баримт нь Эрүүгийн эрх зүйгээр гэмт хэргийн шинжтэй, иргэний эрх зүйгээр ч хариуцагч болж аль аль нь хариуцлага хүлээж байна. Хэрэв гэмт хэрэг юм бол барьцаа хөрөнгө чөлөөлөгдөж хүү алданги бодогдохгүй. Иргэний хэрэг маргаан юм бол барьцаа хөрөнгөөр хангуулж хүү алданги бодогдох нь зүйн хэрэг бөгөөд ял шийтгэл хүлээх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний үүрэг хэнээс болж зөрчигдөв, яагаад энэ мөнгө хавар өвс ургаж эхлэх үед сүүлд мөнгө орж ирэв. Хавар өвс ургасан хойно малын тэжээл оруулж ирэхэд хэн хохирох гэх үйл баримт дээр хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймээс дээрх үйлдлийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б Ч Х, түүний өмгөөлөгч Ц.Батболд нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт ‘"Шүүх, ирокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүх Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар” гэсэн заалттай холбогдож байгаа боловч дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Учир нь дээрх прокурорын яллах дүгнэлт нь туйлын хангалтгүй, учир дутагдалтай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан, гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тогтоогоогүй, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг тодорхойлж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үйлдсэн хэрэгт нь холбогдуулж яллагдагчаар татаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тооцоогүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн...”, мөн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй” гэж, 1.7 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх” гэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж заасны 3.2 дахь заалтад “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг  үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэсэн, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж заасны 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, цаашилбал энэ хэргийн хохирогч болох Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Б Ч Х-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрх тэгш байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэсэн эрхүүдийг тус тус зөрчсөн үйл баримт болсон гэж үзэж байна.

2. Шүүгдэгч М.Д нь 2012 оноос 2016 оны 7 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс 152.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.У хамтран оролцоотой болох, өөрөөр хэлбэл уг хоёр этгээд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцож, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байхад шүүгдэгч М.Д, Ц.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял оногдуулаагүйд гомдолтой байна. Учир нь М.Д Ц.У нар нь багын найзууд бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр М.Дг “Монкорд” ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдсонтой холбогдуулан чөлөөлж, Ц.Уянгыг тус компанийн нягтлан бодогчоор томилон компанийн тамга тэмдэг, үйл ажиллагааг хариуцуулахаар итгэмжлэн ажиллуулсан. Энэ хугацаанаас хойш Ц.У нь М.Дтай хуйвалдан үгсэн тохиролцож хөрөнгө оруулагч Б Ч Х-г хуурч мэхэлж, залилах үйл ажиллагаанд хамтран гүйцэтгэгчийн байр сууринаас оролцох болсон. Тэрээр тайлан мэдээг худлаа гаргаж өгөх, Санхүүгийн зохицуулах хороо болон Татварын газарт мэдээг М.Дгийн захиалгаар хуурамчаар худлаа гарган байнга хүргүүлдэг байсан. Хохирогчийн хэлж шаардсаны дагуу ажлаа хүлээлгэж өгөхдөө Ц.У нь урьд нь М.Дгийн хохирогчид үзүүлдэг байсан хуурамч, сүүлд хулгайлж авч явсан 19 гэрээний оронд 14 зээлдэгчийн нэр бүхий 850.000.000 төгрөгт үнийн дүнг тааруулан бичсэн үнийн дүнтэй А4 хэмжээтэй цаас, мөн 11 ширхэг хуурамч гэрээнүүдийг өөрийн нэр, гарын үсэггүйгээр ирүүлж байгууллага болон хөрөнгө оруулагчийг доромжилж тохуурхсан. Уг гэрээнүүдийг урьд нь зээл мөнгөтэй холбоотой өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг айлгах, сүрдүүлэх, дарамтлах, хуурах хэлбэрээр гэрээнд гарын үсэг зуруулсан байсан бөгөөд гэрээнүүд бүгд 2017 оны 5  дугаар сарын 30, 31-ний өдрийн огноотой буюу 2 хоногийн дотор бүх зээл гарсан байгаа нь хэн ч харсан хуурамч гэдэг нь ойлгомжтой бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Шүүх бүрэлдэхүүн анхаарууштай нь дээрх сүүлд нөхөн хийсэн гэх хуурамч 11 зээлийн гэрээн дотор Ц.У нь өөрийн “Калкюлүс” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 31-ний огноотой 100.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.0% хүүтэй олгосон зээлийн гэрээг “Калкюлүс” буюу өөрийн 100 хувь эзэмшдэг компанийн нягтлан бодогч Б.Анхцэцэг гэгчтэй байгуулсан байдаг. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэж баталсан боловч дээрх зээлийн гэрээнүүдийг нотариатаар батлуулаагүй, зээлийн барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өнөөдрийг хүртэл 100.000.000 төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй үйл баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар хангалттай авагдсан байхад шүүх анхаарч үзсэнгүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М. Дэлгэрмаа нь дээрх гэмт үйлдэлтэй адил буюу 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Фидус Аудит” ХХК нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлээгүй байхад “Монгол Пасифик банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гэж хохирогч Б Ч Х-г хуурч 112.041.639 төгрөгийг залилсан” гэх үйл баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. /1ххх 230-247/ Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт Ц.Уүйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн байна. Тэгэхээр М.Дгийн дээрх үйлдэл ч уг зүйл ангиар давхар зүйлчлэгдэх ёстой. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар яллах дүгнэлтэд “Шүүгдэгч М.Д нь... “Монгол Пасифик банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс 152.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хохирол, хор уршиг, хохирол төлсөн байдал хэсэгт “Шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр 5 хоног завсарлах тухай хүсэлт гаргаж тус хугацаанд хохирогч Б Ч Х-д 152.000.000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлэв” гэж тус тус бичигдсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд яагаад “...дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс 152.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж гэж тодорхойлж бичигдсэнийг ойлгохгүй байгаа. Зүй нь яллах дүгнэлтэд М.Д Ц.У нар нь 900.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэж, яллах дүгнэлтийн хавсралтад 900.000.000 төгрөг завшсанаас хэчнээн хэдэн  төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн” гэж бичигдэх байсан болов уу. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны байдлаар “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын ХХК-ийн дүрмийн сангийн 900.000.000 төгрөг огт байхгүй болсон. Компанийн бүх данс хаагдсан, татвар болон нийгмийн даатгалын байгууллагад өртэй болсон байсан ба хэрэгт авагдсан хохирлын талаарх мөрдөгчийн үйлдсэн хохирлын тооцоо буруу, хохиролтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдвол зохих ажиллагаанууд хийгдээгүй, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын талаар тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалт хэрэгжээгүй гэж үзэхээр байна. Хохирогчийн өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдлыг нотлох баримттайгаар тодорхойлон илэрхийлж, өөрийн тайлбар дүгнэлтдээ энэхүү Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, завших гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутай этгээд яллагдагчаар татагдаагүй, ял завшиж, хохирлын тооцоо буруу болохыг тайлбарласан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэл байгаа эсэхийг хянан үзэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1, 5 дахь хэсэг, 2 дахь заалт, 3 дахь заалтын 2 дахь хэсэг, 4, 5, 8 дахь заалт, 9 дэх заалтын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтогдож байгаа “М.Д, Ц.У нар нь бүлэглэн “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн 900.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан” болох, Ц.У нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Калькюлүс” ХХК нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлээгүй байхад “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гэж хохирогч Б Ч Х-г хуурч 18.735.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэх, М.Д нь 2013 оны 9 дүгээр сарын З0-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Фидус Аудит” ХХК нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлээгүй байхад “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гэж хохирогч Б Ч Х-г хуурч 112.041.639 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан” болох гэмт хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б Ч Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх дээр болсон зүйлсийн талаар болон мэдэрсэн зүйлсийнхээ талаар хэлмээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглурсан баримтууд болон надад ирүүлсэн баримтууд бүгд хоорондоо өөр, өөр байдаг. Иймд би аль нь үнэн, зөв болохыг тодруулж өгнө үү гэж хүсэж байна. Прокурорын шалгасан баримтууд болон шүүх шинжилгээний байгууллагаас шалгасан баримтууд бүгд тодорхой бус, үнэн, зөв, бодитой эсэхэд итгэхэд эргэлзээтэй байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудаас аль баримтад нь үндэслэж хэргийг шийдэх вэ. Энэ талаар тодруулж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

            Шүүгдэгч  Ц.Уөмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчмын хүрээнд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн үйл байдал, хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.У нь “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эзэмшлийн “Калкюлүс”ХХК-тай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлээгүй мөртлөө санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гэж хохирогч Б Ч Х-г хуурч 18.735.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Халиунаагийн мэдүүлэг, Б Ч Х-н Ц.Уд олгосон итгэмжлэл зэргээр Ц.У нь санхүүгийн зөрчил гаргасан бусдын хөрөнгийг хуурч, итгэл эвдэх аргаар авсан, хувьдаа завшсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад залилах гэмт хэрэг үлдсэн гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоолын хууль ёсны байх шинжийг үгүйсгэж байна. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, гэм буруутай байдлыг хөдөлбөргүй тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэргийн байдалд дүгнэлт хийсэн байгаа нь харагдаж байна. Хохирогч Б Ч Х-гийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөнгөн гүйлгээ хийгдсэн талаархи дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэм буруугүй гэх шинжийн талаар хэрхэн эрх зүйн дүгнэлт хийсэн талаар тодорхойгүй байна. Үүнээс үзэхэд прокурор болон шүүхийн хэргийн талаархи дүгнэлт хийсэн байдал процессын хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан заавал хянавал зохих үүргээ биелүүлээгүй улмаас хавтаст хэрэгт авагдсан баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг хангахгүй нөхцөл байдал, процесс ажиллагааны зөрчилтэй хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримт, нотолгооны эх үүсвэртэй нийцсэн эсэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг харьцуулах, эх сурвалжийг магадлах асуудлыг хуульд заасан бөгөөд энэхүү шаардлага хангаж шийдвэрлэх шаардлагууд зөрчигдсөн байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн холбогдох дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх тухайн баримтыг зөвтгөж үзэх өөр нотолгооны эх сурвалж байгаа эсэх талаар шийдвэрийнхээ үндэслэлд тусгаагүй байгаа нь анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болж чадаагүйг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл онолын болон хууль зүйн хувьд хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ. Энэхүү зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байгааг ноцтой зөрчсөн байгаа нь анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэлд шууд нөлөөлсөн гэдгийг онцгой анхаарах шаардлагатай. Анхан шатны шүүхээс Ц.Уянгыг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтыг шүүхийн тогтоолд зааж өгөөгүй байна. Мөн “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангаар тогтоосон 900.000.000 төгрөгөөс 748.000.000 төгрөг нь зээл хэлбэрээр зээлдэгч нарт шилжүүлсэн М.Д нь 152.000.000 төгрөг залилж авсан байх бөгөөд уг төлбөрийг М.Дгаас гаргуулж шийдвэрлэсэн мөртлөө Ц.Уас 18.735.000 төгрөгийг хохирогчид гаргуулахаар тогтоосон нь хаанаас хэрхэн хохирол тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн анхан шатны шүүхийн тогтоолд Ц.Уд авсан Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдсэн талаар тогтоолдоо тусгаж өгөөгүй орхигдуулсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолын Ц.Уд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч Д.Гансүхээс “мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчиж явагдсан. Яллах дүгнэлтэд 2014 онд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж бичсэн байна. Мөн хуурамч гэрээ үйлдсэн гэж дүгнэсэн. Энэ нь санхүүгийн баримт биш” гэж тайлбарлаж байна. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг 2014 онд үйлдэгдсэн гэж бичигдсэн. 8 дугаар хавтас хэргийн 29-35 дугаар хуудсанд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 9/3864 дугаар албан бичиг авагдсан. Шүүгдэгч М.Д нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч гэрээнүүдийг үйлдсэн байдаг. Тухайн хуурамч гэрээнүүдийг ямар зорилгоор үйлдсэн эсэх талаар яллагдагчаар татагдаж байх хугацаандаа болон анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар ““Монкорд” хадгаламж зээлийн хоршооны зохистой харьцаа алдагдсан байсан тул зохистой харьцааг алдагдуулахгүйн тулд хуурамч гэрээнүүдийг үйлдсэн” гэж мэдүүлдэг. Энэ хуурамч гэрээгээ үндэслэж Санхүүгийн зохицуулах хорооноос “Монкорд” хадгаламж зээлийн хоршооноос хуурамч тайлан хүргүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хуурамч гэрээ 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж, хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн. Энэ талаар баримт 8 дугаар хавтас хэргийн 29-35 дугаар хуудсанд авагдсан. Уг хуурамч гэрээнүүдийг үндэслэж Санхүүгийн зохицуулах хороонд хуурамч мэдээ, тайлан ирүүлсэн болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос илрүүлж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ талаар баримт нь Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4189, 3864 дугаар албан бичгүүдэд болон 8 дугаар хавтас хэргийн 232 дугаар хуудаснаас 9 дүгээр хавтас хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн хяналт, шинжилгээний тайлан зэргээр хангалттай нотлогдож, тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 2018 оны 6 дугаар сар хүртэл хуурамч тайлан хүргүүлсэн. Шүүгдэгч нь хуурамч гэрээг мэдсээр байж ашигласан, хадгалсан бөгөөд үргэлжилсэн үйлдлээрээ 2018 оны 6 дугаар сард гэмт хэрэг төгссөн байдаг. Давж заалдах шатны шүүхээс зөвхөн яллах дүгнэлт болон оролцогч нарын гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үздэг. Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн шатанд 2 хоног хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан. Иймд шүүх бүрэлдэхүүнд дээрх нотлох баримтуудыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Мөн хохирогч Б Ч Х, түүний өмгөөлөгчөөс “хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж гомдол гаргасан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, бусад баримтаар “Монгол Пасифик” ХХК нь 900.000.000 төгрөгийн дүрмийн сантай болох талаар оролцогч нарын хэн ч маргаагүй. Учир нь, энэ талаар хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотолж, тогтоогдсон. Эхлээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед 788.000.000 төгрөгөөр “Монгол Пасифик” ХХК-ийн Б Ч Х гэж хүн хохирсон тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 900.000.000 төгрөгөөс иргэн н.Оюунчимэг, н.Түвшинжаргал, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоо, “Калкюлүс” ХХК, иргэн н.Түмэнзаяа, н.Онон, н.Булган, н.Солонго, н.Батмөнх, н.Сүхбат зэрэг хүмүүст 748.000.000 төгрөгийн зээл олгосон болохыг нотолж, тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 19 хуурамч гэрээний асуудал яригддаг. Шинжээчийн дүгнэлтээр “уг 19 гэрээг хуурамч эсэхийг тогтоох боломжгүй байна” гэдэг. Иймд гэрээ байгуулсан хүн бүрээс мэдүүлэг авахад “Монгол Пасифик” ХХК-аас зээл авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд зээлийн гэрээнүүд нь байдаг. Өөрөөр хэлбэл, 900.000.000 төгрөгөөс 748.000.000 төгрөгийг зээлээр гаргасан болохыг нь тогтоосон. Санхүүгийн зохицуулах хорооны хуулийн хэлтсийн мэргэжилтэн “дүрмийн сангаас бусдад мөнгө өгч байгаа тохиолдолд дүрмийн санд өөрчлөлт оруулах ёстой. Дүрмийн сангийн мөнгийг зөвхөн зээл олгох хэлбэрээр зарцуулах ёстой. Харин “Монгол Пасифик” ХХК нь дүрмийн санд өөрчлөлт оруулсан тохиолдол байхгүй байна” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ талаар баримт 11 дүгээр хавтас хэргийн 11-13 дугаар хуудсанд авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр “зээлдэгч нарт олгосон зээлийн ашгаас 601.000.000 төгрөгийг өгсөн” гэж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нарт олгосон зээлийн ашгаас 800.000.000 гаруй төгрөгийг өгсөн гэдэг боловч баримтаар 601.000.000 төгрөг тогтоогдсон. Шүүгдэгч М.Д “900.000.000 төгрөгөөс Б Ч Хд өгсөн” гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт байхгүй. Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс “”Монгол Пасифик” ХХК-ийн мөнгө дүрмийн санд нэг ч төгрөг байхгүй” гэж тайлбарлаж байна. Дээрх баримтуудаар шүүгдэгч М.Дг 152.000.000 төгрөгийг завшсан гэж үзсэн. Уг хохирлыг шүүгдэгч М.Д нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан. Шүүгдэгч М.Д нь Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, хохирогч Б Ч Х-д 2 төрлийн санхүүгийн тайлан хүргүүлж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч уг санхүүгийн тайлангуудын аль нь үнэн, зөв эсэхийг тогтоох боломжгүй байдаг. Мөн хохирогчийн өмгөөлөгч Ц.Батболд “шүүгдэгч Ц.У, М.Д нарыг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч М.Д нь “Монгол Пасифик” ХХК-д 2012-2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин шүүгдэгч Ц.У нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож, тогтоогддог. Цаг хугацааны хувьд шүүгдэгч М.Д, Ц.У нар нь хоорондоо үсэглэн тохиролцож, үйлдлээрээ нэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож, тогтоогддоггүй. Мөн шүүгдэгч Ц.У“Калькюлүс” ХХК нь “Монгол Пасифик” ХХК-аас 100.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Энэ талаар баримтыг үндэслэж уг асуудлыг иргэний маргаан гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээр “М.Дгийн цалинд 58.000.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 6.000.000 төгрөг, оффиссын түрээсэнд 45.000.000 төгрөгийг зарцуулсан нь баримтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн. “Калькюлүс” ХХК нь 2016 оны 8 дугаар сараас, мөн оны 12 дугаар сар дуусах хүртэлх хугацаанд бэлнээр ерөнхий үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж 18.735.000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Шүүгдэгч Ц.Уөмгөөлөгч С.Тэгшжаргал “шүүгдэгч М.Д, Ц.У нарын үйлдэл адилхан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, нотлох баримтаар шүүгдэгч М.Д 112.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар тогтоогдсон. Харин шүүгдэгч Ц.Утай холбоотой 18.735.000 төгрөг нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гэж бэлнээр зарлагдаж гаргасан боловч “та ямар мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн бэ” гэхэд шүүгдэгч Ц.У “би 18.735.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн гэж бодож байна” гэж анхан шатны шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Гэтэл мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн болох нь нотлогдож, тогтоогддоггүй. Шүүгдэгч Ц.Уөмгөөлөгч С.Тэгшжаргал “18.735.000 төгрөгийг завшсан гэх үйл баримт, тогтоосон баримт хэрэгт авагдаагүй атал таамгаар дүгнэж байна” гэж тайлбарладаг. Хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 84 дугаар шинжээчийн дүгнэлтээр 18.735.000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан болох нь тогтоогдсон. Мөн яллагдагч өөрөө 18.735.000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. ...” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч нараас “Мал хамгаалах сангаас М.Д зээл аваагүй. Харин Г.Ганбаяр зээл авсан” гэж тайлбарласан нь үнэн юм. Хэрэгт авагдсан баримтаар Г.Ганбаяр нь “Мал хамгаалах сан”-тай зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Харин “Мал хамгаалах сан”-тай шүүгдэгч М.Дгийн компани зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Ганбаяр нь “Мал хамгаалах сан”-тай зээлийн гэрээ байгуулахаас 24 хоногийн өмнө өөрийн “Биохэлф Монголиа” ХХК-ийг Г.Ганбаярын нэр дээр шилжүүлсэн байдаг. Улмаар Г.Ганбаяр нь “Мал хамгаалах сан”-тай 900.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийг гаргуулсан. Шүүгдэгч М.Д нь Г.Ганбаярт “”Мал хамгаалах сан”-гаас бага хүүтэй 2.000.000.000 төгрөгийн зээл гаргуулаад чамд 500.000.000 төгрөгийг өгнө” гэж өөрийн нэр дээрх компаниа Г.Ганбаярын нэр дээр шилжүүлж, гэрээ байгуулсан. “Мал хамгаалах сан” -гаас 900.000.000 төгрөг “Биохэлф Монголиа” ХХК-ийн дансанд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд шилжиж орсон байдаг. Уг хугацаанд Г.Ганбаяр 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын хооронд “Биохэлф Монголиа” ХХК-ийн захирлаар ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, “Биохэлф Монголиа” ХХК-ийн захирлаар үндсэндээ 5 сар ажиллаж, мөнгө шилжиж орж ирсны дараа эргэн шүүгдэгч М.Дгийн нэр дээр компани шилжсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.Д нь бусдын эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал, “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, тус компанид ажиллаж байсан О.Аын үл хөдлөх эд хөрөнгийг “Биохэлф Монголиа” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг байгуулахдаа шүүгдэгч М.Д нь “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны гишүүдэд “”Мал хамгаалах сан”-гаас бага хүүтэй зээл гарах гэж байгаа. Би энэ зээлийг өөрийн “Биохэлф Монголиа” ХХК-ийн нэр дээр авъя. Орж ирсэн зээлийг “Монкорд” хадгалам зээлийн хоршооны томоохон худалдааны цэгүүдэд гишүүдэд богино хугацаатай зээл олгож, зээлийн хүүнээс ашиг, орлого олно” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Мал хамгаалах сан”-гаас орж ирсэн зээлийн мөнгийг “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны данс руу шилжүүлсэн болох нь гэрч О.А,М.Р, Г.Ганбаяр нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Гэрч О.А “900.000.000 төгрөгөөс “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд 815.000.000 төгрөг орж ирсэн” гэж мэдүүлсэн. Харин гэрчМ.Р “900.000.000 төгрөгөөс “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд 840.000.000 төгрөг орж ирсэн” гэж мэдүүлдэг. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар “Мал хамгаалах сан”-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ “Биохэлф Монголиа” ХХК-аас зээлийн гэрээнд заасан мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй” гэж шийдвэр гарсан. Иргэний хэргийн шүүх хуралдааны явцад М.Д нь “Мал хамгаалах сан”-гаас зээл авсан, эргэн төлсөн эсэх талаар маргадаггүй. Харин зээлийн хүү, алдангийн талаар маргадаг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт байдаг. Хэдийгээр, иргэний хэргийн шүүхээс “зээлийн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна” гэж шийдвэр гарсан боловч шүүгдэгч М.Д анхнаасаа “Мал хамгаалах сан”-гаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулахгүйгээр “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны дансанд оруулж, гишүүддээ зээл олгож, хүү, алдангийн мөнгийг авах санаа, зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул “Мал хамгаалах сан”-г залилсан гэж үзсэн. Мөн шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч Г.Тунгалагаас “уг хэрэг хохирогчгүй” гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Мал хамгаалах сан” -гийн мэргэжилтэн н.Бат-Өлзий хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгогдож байсан. Өөрөөр хэлбэл, н.Бат-Өлзий нь тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг эдэлж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор оролцож байсан. Сүүлд “Мал хамгаалах сан”-гийн нэршил өөрчлөгдөж, “Хүнс хөдөө аж ахуйг дэмжих сан” болсон. Уг сангаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох этгээдийг томилсон байсан. Иймд төрд 900.000.000 төгрөгийн хохирол учирсан юм. Мөн “иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Иймд барьцаа хөрөнгөөр хохирлыг төлнө биз дээ” гэж тайлбарладаг. Гэтэл тухайн барьцаа хөрөнгөд шүүгдэгч М.Дгийн нэг ч эд хөрөнгө байдаггүй. Шүүгдэгч М.Д нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 жилийн хугацаанд нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад оролцогч нараас “санхүүгийн баримт хуурамчаар үйлдээгүй. Харин зээлийн гэрээ хуурамчаар үйлдсэн. Энэ нь санхүүгийн баримт бичиг биш” гэж маргадаг. Санхүүгийн баримтад санхүүгийн төлбөр тооцоо, өр, авлага, нягтлан бодох бүртгэлтэй шууд хамааралтай, тодорхой эрх олгогдсон, үүрэг олгогдсон, хориглох шинжтэй баримт бичгийг хэлдэг. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.Д, Ц.У нараас “санхүүгийн баримт юунд үндэслэж гардаг вэ” гэхэд “зээлийн гэрээнд үндэслэж гардаг” гэж хариулж байсан. Зээл ямар зорилгоор гарсныг нотлохын тулд зээлийн гэрээ байгуулдаг. Иймд шүүгдэгч нар санхүүгийн баримтыг буюу зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Д, Ц.У,М.Р, О.А, Б.Д, Л.Знарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, мөн хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж,  1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах ёстой.

Шүүгдэгч М.Дг 2012-2016 оны 7 сарын хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн дүрмийн сангийн 900.000.000  /есөн зуун сая/ төгрөгөөс 152.000.000 /нэг зуун тавин хоёр сая/ төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 84 дүгээр шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б Ч Х-д олгосон мөнгөний тооцоонд  баримттайгаар 601.396.408, мөн баримтгүйгээр хэдэн төгрөг өгсөн болох нь тодорхойгүй байх бөгөөд Монгол Пасифик ХХК-нд хэдэн төгрөгнийн хохирол учирсаныг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй бөгөөд прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт нь ойлгомжгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй, мөн шинжээчийн дүгнэлтэд зааснаар асуулт болон хариултыг харьцуулан үзэхэд энэ асуудлыг тодорхой зааж, мөрдөн байцаалтаар асууж тодруулж эцэслэн шийдвэрлээгүй байх тул хохирол хор уршгийн асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Мөн М.Дг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017-2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох, малчдад хөнгөлттэй үнээр борлуулах зээлээс 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд уг хэргийн хохирлыг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 9 дэх заалтад: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00895 дугаар шүүхийн шийдвэрээр “Биохэлф Монголиа” ХХК-аас “Мал хамгаалах сан” УТҮГ-д 1.064.250.000 /нэг тэрбум жаран дөрвөн сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч М.Дг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн атлаа энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр “Биохэлф Монголиа” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол уруулсан гэж үзвэл эрүүгийн журмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэх атал Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг дурьдсан “Биохэлф Монголиа” ХХК нь шүүгдэгч М.Дтай гэмт хэрэг үйлдэх явцад санаатай ямар хэлбэрээр хамтран оролцсоныг дүгнээгүй нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч М.Дг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн 900.000.000  төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлож тогтоосон эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд М.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн биелүүлэх торгох ялыг 20.400 /хорин мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.400.000 /хорин сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр заасан хэдий боловч торгох ялыг хэдий хугацаанаас эхлэн эдлүүлэх, хэсэгчлэн төлөх хугацааг заалгүй  орхигдуулсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ДШМ/1297 дугаар магадлалд анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн холбогдсон үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлуудыг бүрэн шалгасан эсэх талаар нягталж, аль үйлдлийн ямар асуудлыг шалгах талаар тодорхой заах, уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар тодорхой дүгнүүлэхээр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаасан боловч анхан шатны шүүх магадлалын заалтыг биелүүлэлгүй  хэргийг шийдвэрлэлгүй удаа дараа хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ц.Уд урьд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ авсан атлаа энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул давж даалдах шатны шүүхийн магадлалд дурдаж байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байх боловч  Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг прокурорт болон анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх эрхгүй болсон тул  тус шийтгэх тогтоол хэвээр үлдэж байгаа болно.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б Ч Х, түүний өмгөөлөгч Ц.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо, Г.Тунгалаг, Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож байна.  

 

 

            Шүүгдэгч М.Д нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б Ч Х, түүний өмгөөлөгч Ц.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо, Г.Тунгалаг, Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Д нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                        Д.МӨНХӨӨ

           

                               ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ