| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 128/2024/0191/З |
| Дугаар | 128/ШШ2024/0558 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0558
2024 07 02 128/ШШ2024/0558
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Х*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т*******, В.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*******, В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгуулах тухай шаардлагаар маргаж байна.
2. Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, Б.С нар нь нэхэмжлэгч Х******* ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг хийж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
2.2.Дээрх нөхөн ногдуулалтын актыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Х******* ХХК-д татварын байгууллагад бүртгэлтэй хаягаар Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны баталгаат шуудангаар хүргүүлсэн гэжээ.
2.3.Монгол шуудан хувьцаат компанийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 18/ дугаар албан бичигт Баянзүрх дүүргийн татварын хэлтэс-ээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Х******* ХХК, Х оффис т, Хан-Уул дүүргийн 20-р хороо, Улаанбаатар хот, утас 9 хаягаар илгээсэн RD бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагт Б гардуулсан байна. гэжээ.
2.4.Нэхэмжлэгч Х******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23/ дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдлыг гаргасан байна.
2.5.Хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн дээрх гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол буцаах тухай 23/119 дүгээр албан бичгээр буцаажээ.
2.6.Тус шүүх Х******* ХХК-аас гаргасан Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ажилтан Л.Г******* өөрийн мэйл хаягаас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал албан тушаалтай Б.Х*******ын b******* хаягт Татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг ирүүлсэн юм. Бидний зүгээс тус нэхэмжлэхэд дурдсан татварын өрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно гэж заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан билээ.
Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/119 дугаартай Гомдол буцаах тухай албан бичгээр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, Б.С нар манай Х Монголиа ХХК-ийн 2018-2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, НА- 24******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 6,615,174,099.14 төгрөгийн зөрчилд 661,517,409.92 төгрөгийн нөхөн татвар, 180,165,905.04 төгрөгийн торгууль, 76,026,227.36 төгрөгийн алданги, нийт 917,709,542.32 төгрөгийн төлбөр ногдуулсан болох, мөн Татварын улсын байцаагчид дээрх нөхөн ногдуулалтын актыг Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй хаягаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлснийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилтан н.Батхишиг хүлээн авсан нь шууданчийн гардуулалтын тэмдэглэлээр нотлогдож байна. Татварын ерөнхий хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд гомдол гаргах эрхээ эдлэх боломжтой байсан учир бидний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн юм. Иймд бидний зүгээс НА-24******* дугаартай илт үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, хууль бус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн тухай мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учир дор дурдсан үндэслэлээр нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэх үндэслэлтэй гэж үзэж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах тухай хүсэлтээ Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн юм. Гэтэл Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24/01 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдлээ. Гэтэл Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс ирүүлсэн хариунд татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг хүлээн авахгүй байх үндэслэлээ тайлбарлаагүйгээс гадна бидний тус зөвлөлд хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах тухай хүсэлтэд хууль зүйн үндэслэл бүхий хариу өгч чадсангүй.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д тус тус заасны дагуу дор дурдсан хуулийн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
1.Тус НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, Б.С нар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх боловч манай Х Монголиа ХХК-д огт мэдэгдээгүй, гардуулан өгөөгүй болно. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ гэж, 42.7-д Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ. гэж тус тус зааснаас үзвэл Нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгөх ёстой байх бөгөөд Нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулах, түүнд мэгдэх арга хэмжээг зайлшгүй авах үүргийг Татварын алба хүлээж байна.
Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/119 дугаартай Гомдол буцаах тухай албан бичигт дурдсан ажилтан н.Батхишиг гэх этгээд нь манай Х Монголиа ХХК-ийн ажилтан биш бөгөөд, манайд н.Батхишиг гэх нэртэй ажилтан огт ажиллаж байгаагүй. Тодруулбал Нөхөн ногдуулалтын актыг Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй хаягаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн нь гэх боловч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан гэх н.Батхишиг нь манай Х Монголиа ХХК-д ажилддаггүй болох нь манай байгууллагын Нийгмийн даатгалын НД-7, 8 маягтуудаар тогтоогдож байгаа болно. Үүнээс гадна манай Х Монголиа ХХК нь харилцагч байгууллагуудаас хууль болон гэрээний дагуу авах ёстой авлагаа авч чадахгүй байгаатай холбогдуулан эргэлтийн хөрөнгөгүй болж, 2023 оны 05 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, зогсоогоод байгаа юм. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, Б.С нар нь НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон тухай бидэнд огт мэдэгдээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Үүгээр ч зогсохгүй НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг манай Х Монголиа ХХК-д хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд бид тус акттай танилцаагүй байгаа болно.
2.Манай Х Монголиа ХХК нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Татварын ерөнхий хуульд заасан Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Манай Х Монголиа ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх захирал албан тушаалтай Б.Х******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өөрийн ээж Б.О*******ыг асарч байсан бөгөөд энэ үйл баримт нь эмнэлгийн магадалгаагаар мөн нотлогдож байгаа болно.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаан гэх талаар.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; 6.1.41.б.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41.а-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан; шалтгааныг гэж хуульчилжээ. Ийм учир бидний зүгээс НА-24******* дугаартай илт үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, хууль бус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар НA-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн тухай мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул тус актад гомдол гаргах боломжгүй байсан болно. Нэгэнт бидний зүгээс Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 72 дугаар зүйлийн 72.4-т заасан хугацаанд гомдол гаргах эрхээ эдлэх боломжгүй байсан болохоо нотолж буй учир өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломж олгож, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасны дагуу НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээх хууль зүйн үндэслэл бүрэн бий болсон гэж үзэж байна. Иймд татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байхаар шийдвэрлэсэн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт буюу хууль бус захиргааны актад хамаарч байх тул мөн хуулийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 1457 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамжаар Нэхэмжлэл, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтаас үзвэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах тухай Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан хүсэлтээ хавсаргаж ирүүлээгүй байх тул тодруулах нь зүйтэй байна. Шүүхээс дээр дурдсан үндэслэлийг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг 14 хоногоор тогтоож шийдвэрлэв гэж шийдвэрлэсний дагуу Х Монголиа ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах тухай хүсэлтийг хавсарган энэхүү нэхэмжлэлийг дахин хүргүүлж байна гэжээ.
4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Х Монголиа ХХК-ийн 2018- 2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 6,615,174,099.14 төгрөгийн зөрчил илрүүлэн, нийт 917,709,542.32 төгрөгийн төлбөр ногдуулсан НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргаж шийдвэрлэсэн байна. Тус нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгч эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23/ тоот бичгээр гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл шийдвэрлэхдээ Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.3-т заасан хугацаа хэтэрсэн тул хүлээн авах боломжгүй талаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23/119 дүгээр албан бичгээр дараах байдлаар хариу хүргүүлжээ.
Үүнд:Татварын улсын байцаагч дээрх нөхөн ногдуулалтын актыг Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй хаягаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлснийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилтан н.Батхишиг хүлээн авсан нь шууданчийн гардуулалтын тэмдэглэлээр нотлогдож байна. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7. Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээх, 42.8. Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3. Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасан тул татварын улсын байцаагчийн 2023 оны НА-24******* дугаар нөхөн ногдуулалтын актыг гардуулсанд тооцохоор зохицуулсан байна.
Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. 47.3 Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. гэж заасан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. гэж заасны дагуу эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан.
Х Монголиа ХХК-ийн зүгээс дахин 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргах хугацааг сэргээхээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/121 дүгээр албан бичгээр Татварын Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Захиргааны Ерөнхий хуулийн 94.1.94.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх 3 сарын хугацаа хэтэрсэн тул хүлээн авах боломжгүй талаар Татварын Ерөнхий хууль болон Захиргааны Ерөнхий хуулийн дараах үндэслэлээр хариуг дахин хүргүүлсэн.
Үүнд: Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны Ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл ажиллана, Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасныг үндэслэсэн болно.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчийн НА-22210000128 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдол-ыг Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.3-т заасан Хугацаа хэсгээр 11 сарын 20, 28-ны өдрүүдэд 23/119, 23/121 дүгээр албан бичгүүдээр хариу хүргүүлжээ.
Мөн Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн Татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна зохицуулсныг дурдах нь зүйтэй.
Иймд Х******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөн ногдуулалтын актыг 2023 оны 11 дүгээр сард татварын байцаагчаас ирсэн мэйлээр анх мэдсэн. Энэ талаар миний бие 2023 оны 11 дүгээр сарын 10-ны үед албан бичиг бичээд Ж.Т******* дээр очиж хугацаа сэргээж өгөөч гэж хүсэлт гаргасан. Хуулийн заалтад байдаггүй гэдгийг надад тайлбарласан. Энэ үед манай ээж бие муу байсан. Актыг гардуулж өгөхдөө манай ажил дээр байсан хүн н.Батхишигт гардуулж өгсөн гэж яриад байгаа юм. Манайд тийм хүн ажилладаггүй. Нийгмийн даатгалын тайлан болон бусад бичиг баримтуудаараа баталсан. Мэйл хаягаар 11 дүгээр сард анх удаа тэр мэдээллийг авсан.
Нөхөн ногдуулалтын акт н.Л******* гэх хүний мэйлээр ирсэн байсан. 11 дүгээр сараас эхлээд гурван удаагийн албан бичгээр маргаан таслах зөвлөлд хандсан боловч хугацаа хэтэрчихсэн учир сэргээхгүй гэдэг хариу ирсэн. 15 жилийн хугацаанд манай байгууллага маш олон бүтээн байгуулалтад оролцсон.
Сэргээхгүй гэж байгаа учир нь хугацаа хэтэрсэн гэж хариуцагч үзээд байгаа юм. Би актыг өөрөө гардаж аваагүй. Өөрөө энэ актыг гардаж авах ёстой гэж ойлгож байгаа. Манай компани 900 сая төгрөгийн өрөнд орж байгаа. Тэрбум төгрөгийн асуудал шийдэж байгаа байж байцаагч нар тодорхой болгож, бичүүлж явах ёстой байсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын байгууллага нөхөн ногдуулалтын акт гаргах, торгууль төлбөр тавихаасаа илүү татвар төлөгч нартайгаа зөв харьцах ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хуулийнх нь зохицуулалт ч мөн ийм байдаг. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа нэг субъект. Гэтэл мэдээлэл хүргүүлсэн байдал, мэдээлэл авсан байдлыг нь харахлаар холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагаа явсан гэж үзэхэд эргэлзээтэй. н.Батхишиг гэдэг этгээдэд гардуулсан гэдэг зүйл яриад байгаа. Ганцхан энэ дээр үндэслээд та нар энэ асуудлыг гардаж авсан, танай ажилтан гэдэг зүйлээр тайлбар хэлээд байгаа. Татварын хуулийн 43 дугаар зүйлийг бариад хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж хариу тайлбар ирүүлээд байгаа. 900 гаруй сая төгрөг бага биш мөнгө.
Татварын шалгалтаа хийгээд акт тавьсан юм бол албан ёсоор дуудаад, өөрт нь гардуулаад актаа танилцуулдаг Захиргааны ерөнхий хуульд тавьсан журам байгаа. Энийгээ дагаж мөрдсөн асуудал байхгүй. Хуулийн дагуу энэ асуудлыг гардуулсан юм уу, үгүй юм уу гээд үзэхээр гардаж авсан субъект нь нэхэмжлэл гаргаж байгаа хуулийн этгээдэд хамааралгүй, компанийн ажилтан биш хүнд ямар арга замаар яаж гардуулсан нь тодорхойгүй, Монгол Улсын шууданд өгсөн гэдэг асуудал ярьж байгаа. Хуульд заасны дагуу 10 хоногийн дараа, 7 хоногийн дараа гардуулсанд тооцогдог гэж хуулийн заалт бариад яриад байгаа нь хууль бус юм. 900 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг төлөх болж байгаа аж ахуйн нэгжийн хувьд хүнд байдалтай, эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдөж байгаа. Эрх ашгаа зөрчүүлж байгаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад байгаа юм гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөн ногдуулалтын акттай холбоотой татвар төлөгчийн эрх ашгийг ярьж байна. Татвар төлөгчийн эрх ашгийг хүндлээгүй зүйлийг өнөөдөр бид нар аль талдаа харахгүй байгаа. Яагаад харахгүй байгаа вэ? Хяналт шалгалтын үед байцаагч руу материалаа явуулсан, татвар төлөгчид мөн хүлээсэн үүрэг байгаа. Огт мэдээгүй байхад нь акт тавьчихсан зүйл байхгүй. Татвар төлөгчийн 900 сая төгрөгтэй холбоотой асуудлыг Маргаан таслах зөвлөл өнөөдөр авч хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл маргаан таслах зөвлөл чиг үүргийнхээ хүрээнд хоёр асуудлыг шийдвэрлэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасан нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт, нөгөө талдаа нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах эрхийг захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа сэргээх асуудал дээр гол зүйл нь 3 сарын хугацаа байна. Нөхөн ногдуулалтын актыг гардаж авснаасаа хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын хугацаанд сэргээгээрэй гээд эрх үүргийг нь хуулиар зохицуулаад өгчихсөн байна.
Дээрх хугацаагаар хязгаарлагдаж байгаа. Үүнийг маргаан таслах зөвлөл албан бичгээрээ хариуг нь тодорхой хуулийн хүрээнд хүргүүлээд байна. Монгол шуудан өөрөө хүргүүлээд өгчихсөн гээд албан бичгээ ирүүлчихсэн байсан. Энэ дээр Монгол шуудан ямар хариуцлага хүлээх юм бэ? Иргэний журмаар хариуцлагыг хүлээлгэх эсэх асуудал манайд хамааралтай зүйл биш. Татварын албанд гардуулах, хүргүүлэх үүрэг нь байна. Тэр үүргийнхээ хүрээнд хүргүүлсэн байна. Компани албан ёсны хаяг, бүх зүйлээ татварын албанд бүртгүүлэх чиг үүрэг нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл дээр заасан байна. Татварын албанд татвар төлөгч нар хариуцлага хүлээж, эрх үүрэгтэй оролцох ёстой. Тэр үүргээ хэрэгжүүлээгүйгээс асуудал үүссэн байна гэж үзэж байна. н.Батхишиг гэдэг ажилтан танай ажилтан биш байсан бол тэр хүн яах вэ гэдэг асуудал байгаа. Маргаан таслах зөвлөлийн зүгээс дээрх асуудлыг хүлээн авах боломжгүй, хуулиар зохицуулсан чиг үүргээ хэрэгжүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар заалтад заасан нөхөн ногдуулалтын акттай холбоотой асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заачихсан байгаа. Захиргааны байгууллага тодорхой акт гаргасан, тодорхой нэг үйлдлийг зохицуулахаар чиглэсэн харилцааг шүүх авч хэлэлцэнэ. Маргаан таслах зөвлөлийн гомдол гаргах, хугацаа сэргэхийг хүлээж аваагүй албан бичгийг шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй байна. Тийм учраас Х******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд татварын хяналт шалгалтыг зохицуулж өгсөн байгаа. Татвар төлөгч өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой шалгалт явагдаж байгаа үед ажлаа танилцуулах, нотолгоо баримт үндэслэлүүдээ гаргах чиглэлээр харилцаатай байдаг. Акт шийдвэр гарсны дараагаар авах нь ойлгомжтой. Өгөөгүй, мэдээгүй, гардуулаагүй гэдэг нь хуульд нийцэхгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс Маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн татварын улсын байцаагч нар нь актыг мэдэгдэж, гардуулах ажиллагааг хуульд заасан журмын явуулалгүйгээр нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй., гэж, хариуцагчаас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нар нь маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмын дагуу үйлдэн гаргаж, хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, гардуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Х******* ХХК-аас Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, Б.С нар нь нэхэмжлэгч Х******* ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг хийж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
5.Дээрх нөхөн ногдуулалтын актыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Х******* ХХК-д татварын байгууллагад бүртгэлтэй хаягаар Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны баталгаат шуудангаар хүргүүлсэн гэжээ.
6.Монгол шуудан хувьцаат компанийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 18/ дугаар албан бичигт Баянзүрх дүүргийн татварын хэлтэс-ээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Х******* ХХК, Х оффис т, Хан-Уул дүүргийн 20-р хороо, Улаанбаатар хот, утас 9 хаягаар илгээсэн RD бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагт Баттүшиг-т гардуулсан байна. гэжээ.
7.Нэхэмжлэгч Х******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23/ дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдлыг гаргасан байна.
8.Хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн дээрх гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол буцаах тухай 23/119 дүгээр албан бичгээр буцаажээ.
9.Уг албан бичигт ... Татварын улсын байцаагчид дээрх нөхөн ногдуулалтын актыг Татварын удирдлагын нэгдсэн систем бүртгэлтэй хаягаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлснийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилтан н.Батхишиг хүлээн авсан нь шууданчийн гардуулалтын тэмдэглэлээр нотлогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй, 47.3 Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. гэж заасан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. гэж заасны дагуу эрхээ эдлэх бүрэн боломжтой байжээ.
Иймд Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.4.2, 4.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн танай гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. гэжээ.
10.Нэхэмжлэгч Х******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23/118 дугаар албан бичгээр мөн хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргасан байна.
11.Дээрх хүсэлтийг хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 23/121 дугаартай албан бичгээр шийдвэрлэж, хариуг өгсөн байна.
12.Уг албан бичигт:... Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид Маргаан таслах зөвлөл гэх/ ажиллана., Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана., 94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацаа хэтэрснээс хойш 3 сарын дотор эрхээ эдлэх бүрэн боломжтой байжээ.
Иймд Татварын ерөнхий хуулийн 46.1, Захиргааны ерөнхий хуулийн 94.2 дахь заалтыг тус тус үндэслэн танай гаргасан татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг үүгээр буцааж байна. гэжээ.
13.Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна. гэж зааснаас үзвэл, татвар төлөгчийн мэдээллийн нэгдсэн сан хөтлөгдөхөөр байх бөгөөд тухайн мэдээллийн сангийн мэдээлэл нь татвар төлөгчид нээлттэй байж мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцахаар байна.
14.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Х******* ХХК-ийн татвар төлөгчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хаяг нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Х оффис тоот байна.
15.Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6.Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ., 42.7.Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ., 42.8.Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно., Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. гэж тус тус заажээ.
16.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, татварын алба нөхөн ногдуулалтын актыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор гардуулж тэмдэглэл үйлдэхээр байх бөгөөд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй тохиолдолд уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгэлтэй хаягаар шуудангаар илгээж, нийслэлд ажлын 5 өдөр өнгөрсний дараа актыг гардуулагдсанд тооцохоор байна.
17.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Татварын улсын байцаагч нарын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №НА-24******* дугаар нөхөн ногдуулалтын актыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дээрх хуулийн заалтуудад заасан журмын дагуу нэхэмжлэгч Х******* ХХК-д гардуулсан байна гэж үзэхээр байна.
18.Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23/118 дугаар албан бичгээр гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №НА-24******* дугаар нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/121 дугаар албан бичгээр буцааж шийдвэрлэсэн хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
19.Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид Маргаан таслах зөвлөл гэх/ ажиллана., Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана., 94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч Х******* ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №НА-24******* дугаар нөхөн ногдуулалтын акттай холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гурван сарын дотор буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор гаргахаар байжээ.
20.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нь уг хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байх тул уг хүсэлтийг хангахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.
21.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х******* ХХК-аас Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-аас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ