Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/04523

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04523                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:.................................................................................................................................

..............................................................................

            Хариуцагч: ..................................................................................................................................

..........................................................

            Нэхэмжлэлийн шаардлага:......................................................................................................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч................ оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ......................хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын төлөөлөгч.........................шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч .................. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: .............................................................................. нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1, 32.2.2-т заасан ажил олгогчийн үүргийг зөрчин нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,336,000 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги 9,668,000 төгрөг, нийт 29,004,000 төгрөгийн өрийг үүсгээд байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1529 дугаартай “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” албан бичгээр Голомт банкинд хүргүүлж, дансны гүйлгээг зогсоосон. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 00000393 дугаар бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн боловч 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар шимтгэл болон алдангиас төлбөр тооцоог хийгээгүй байна. Иймд .....................................-иас 29,004,000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүрэлцэн ирээгүй байна. Тус компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь 2020 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааг хамарч байгаа...гэв.

            2. Хариуцагч .................................-ийн төлөөлөгч......................................нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-4/, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Голомт банкинд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар /хх-6/, ............................................-д хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00000393 тоот Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар /хх-7/, ............................................-иас Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нийгмийн даатгалаа зогсоох тухай” албан бичгийн хуулбар /хх-8/, ..........................................-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 9 дүгээр сарын тайлангийн хуулбар /хх-9-10/, алданги тооцсон хүснэгт /хх-11-12/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч талаас шүүхэд ........................................-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж /хх-6/, өөр аливаа баримт гаргаагүй болно.           

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын ....................................-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагч хуулиар хүлээсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ 2020 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд биелүүлээгүй уучир энэ хугацааны өр 19,336,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 9,668,000 төгрөг, нийт 29,004,000 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. Мөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ...................... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Хариуцагч нь .......................... нь гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, гүйцэтгэх захирлаар .....................................................2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн байна.

4.2. Тус компани 2023 оны 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан гаргахдаа ..................................................... гэх хоёр ажилтантай, нийт 19,336,000 төгрөгийн шимтгэлийн үлдэгдэлтэй талаар тайлагнаж, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23/85 дугаар албан бичгээр 2023 оны 10 дугаар сараас эхлэн Нийгмийн даатгалын тайлан гаргахаа зогсоож байгаагаа Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст мэдэгджээ.

            4.3. Хуулиар хүлээсэн үүргээ ........................................ биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00000393 дугаар албан шаардлагаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,336,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй байна.

            5. Нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагчаас шаардаж буй нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр болон алдангийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шаардаж байгаа талаар дурдаж, энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд заасны дагуу шаардаж байгаа талаар тайлбарласан.

            6. Гэвч хариуцагч байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь 2020 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамаарах бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул уг нэхэмжлэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Иймд Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулиар уг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

            7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар ажил олгогч нь шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, 4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээнэ.

8. Хариуцагч...................................... нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,336,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

9. Нэхэмжлэлд ........................................................-ийн төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцогдох алданги гаргуулахаар шаардсан нь Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчаас алданги 9,668,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

10. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 302,970 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ..........................................-иас 29,004,000 /хорин есөн сая дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..............................-иас 302,970 /гурван зуун хоёр мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА