| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/03818/И |
| Дугаар | 102/ШШ2024/04788 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/04788
2024 оны 10 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2024/04788 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, ...,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ...дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, ....дугаар байрны ....тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн .....регистртэй .....
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,008,500 /арван есөн сая найман мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
Хариуцагчийн төлөөлөгч ....д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ... дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус хэлтэстэй харилцагч “..... нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1, 32.2.2 зэрэг заалтуудыг зөрчиж, 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 12,952,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох ба алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн ....-иас нийгмийн даатгалын шимтгэл 12,952,000 төгрөг, түүнд оногдуулсан алданги 6,056,500 төгрөг, нийт 19,008,500 төгрөгийг гаргуулж, шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэж байсан ч шүүхэд ирээгүй, нэхэмжлэлд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч ....-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал .... 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны Б/05 тоот тушаалын хуулбар /хх-4-5/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-6/, ...-ийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-7/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл” /хх-8-11/, “Би мүгэн” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 7 дугаар сарын тайлан, тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан /хх-12-13/, Заавал даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-14-16/, Гүйлгээний жагсаалт /хх-17/, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн арилжааны банкуудад хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-18-19/, Алданги тооцсон хүснэгт /хх-20/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00339 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн эх хувь /хх-22-23/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх .... дүүргийн Нийгмийн даатгалын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: “хариуцагч байгууллага 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны шимтгэлийн өр 12,952,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй учир уг өрийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 6,056,500 төгрөгийн хамт шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ... нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч төлөөлөгч Г.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. ... нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шимтгэл төлөлтийн тайлангаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд 12,592,000 төгрөг төлөхөөр тайлагнасан байх ба энэ шимтгэлийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдож байна.
4.2. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө төлөхийг нэхэмжлэгчээс хариуцагчид албан шаардлага хүргүүлсэн боловч төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх бөгөөд 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд шимтгэлийн өр төлбөрт алданги тооцсон нь 6,056,500 төгрөг болсон байна.
5. Хариуцагч байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд хамаарах бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул уг нэхэмжлэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Харин өмнө үйлчилж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль үйлчилж байх хугацаанд хамаарч байх тул Нийгмийн даатгалын тухай хуулиар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар ажил олгогч нь шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, 4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээнэ.
7. Хариуцагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,592,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцогдох алданги гаргуулахаар шаардсан нь Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчаас алданги 6,056,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 252,992 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ...-иас 19,008,500 /арван есөн сая найман мянга таван зуун/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ...иас 252,992 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА