| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05947/И |
| Дугаар | 102/ШШ2024/04647 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04647
2024 оны 10 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2024/04647 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ..дүгээр хороо, Өнөр хотхон, ...байрны ...тоот хаягт оршин суух, эмэгтэй, ..овогт .. ..,
Хариуцагч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, Шүүт хотхон ..... дугаар байрны ..тоот хаягт оршин суух, эрэгтэй, Боржигон овогт .....,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.У цахимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А цахимаар /ШТЭД:3273/, хариуцагч Х.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Анх 2019 оны 5 дугаар сард миний бие Авто тээвэрт ажиллаж байхдаа хариуцагч Х.М танилцан үерхэж нөхөрлөсөн. 2020 оны 10 дугаар сараас манай гэрт амьдарч эхэлсэн. Үүнээс хойш 2021 оны 6 дугаар сард бидний хүү М.А мэндэлсэн. Хүүхдээ мэндэлснээс хойш 2023 оны 10 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсан. Энэ хугацаанд маш ихээр хардаж, хэрүүл маргаан үүсгэдэг байснаас гадна ажил дээр ямар ч хамааралгүй хүмүүстэй холбож хэрүүл үүсгэдэг байснаас болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Сүүлийн салсан хугацаанд нэг ч удаа хүүхдэдээ санаа зовж анхаарал хандуулахгүй байх бөгөөд миний хүүхэд биш, нэрийг нь шилжүүлж ав гэх зэргээр сүрдүүлж дарамталж байгаа тул өөрийн хүү М.А хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Бид 2 жил хамт амьдарсан, тусдаа амьдраад жил орчим болж байна. Х.М хүүхдээ миний хүүхэд биш гээд байдаг болохоор эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулна. Намайг байнга харддаг, 2-3 хүнтэй унтаж хэвтсэн гээд ямар ч баримт нотолгоогүй хүний үгээр ярьдаг. Одоо хүртэл ингэж хэлж байгаа нь муухай байна...гэв.
1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд хамтын амьдралын хугацаанд дундаасаа хүүхэдтэй болсон учир эцэг эх хүүхдийн харилцаа үүссэн. Хариуцагчийн хэлээд байгаа зүйл нь зөрүүтэй байна. Хүүхэд өсөж том болох хэрээр маш их зардал гарна. Хүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын дундаас төрсөн учир үүрэг хариуцлагаа тэнцүү хариуцах ёстой. Хамтын амьдралаас хүүхэд бий болсон бол эцэг, эх байх үүргээ биелүүлэх ёстой. Гол нь хүүхдийн ирээдүйн асуудал байгаа. Ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар шийдвэрт дурдаж өгөхийг хүсэж байна...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. Х.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2019 онд иргэн С.У танилцаж хальт хамт байсан нь үнэн. Х.М надад холбогдуулж иргэн С.У хүү М.А миний хүүхэд мөн эсэхэд эцэг тогтоолгох хүсэлт гаргажээ. Миний хүүхэд мөн гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байсныг зөвшөөрч байна. Миний тэгж хэлэх болсон гол шалтгаан нь нэхэмжлэгч тухайн үед 2-3 залуутай унтсан талаар өөрөө ярьдаг, нөгөө залуучууд нь ч хүртэл ярьсан. Өөрөө бас өмнө харьцаатай байсан залуутайгаа намайг болох бүтэхгүйгээр ярьж доромжилсон учраас биш гэж ярьсан. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Миний хүүхэд гэдгийг зөвшөөрч байна. Цаашдаа гарах зардлын тавин хувийг би төлөхгүй. Зөвхөн шүүхээр тогтоогдсон тэтгэлгийг төлнө...гэв.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/ зэргийг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч шүүхэд аливаа бичмэл баримт гаргаагүй байна.
4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хэн аль нь хөдөө орон нутагт байгаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болхооо илэрхийлж, шүүх хуралдаанд цахимаар оролцсоноор тэдний шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрх хангагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх С.У нэхэмжлэлээс хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд төрсөн хүү М.А хариуцагч өөрийн хүүхэд биш гэж хэлдэг учраас эцэг тогтоолгох, улмаар хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбарлахдаа: “хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. Миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө” гэж тайлбарласан.
4. Зохигчид 2019 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр 2020 оноос хамтран амьдарсан ба 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүү А төрүүлж, эцэг Х.М овоглон, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ... эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу зохигчид хүү М.А эцэг Х.М овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчаар хүү М.А тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
7. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тусгайлан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар... 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...” гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, М.А эцэг Х.М тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
8. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчид хүүхдэд цаашид гарах зардлын талаар тодруулан асууж байсан бөгөөд шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргаагүй учир тухайн асуудлаар шүүх дүгнэлт хийж шийдвэрлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.У , Х.М нарын дундаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.М тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүүхдийн эцэг тогтоолгох тухай С.Уранбаясгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар С.У , Х.М нар нь хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүү М.А өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА