Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/04327

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 13 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04327                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .......................................................................................................................................

            Хариуцагч: ..........................................................................................................................................

            Нэхэмжлэлийн шаардлага: ................................................................................................................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...............................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ............................. хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч .....................-ийн төлөөлөгч .................... шүүхэд гаргасан нэхэмжлэлд........................................................................-ийн Санхүү бүртгэлийн албанд 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн нярав албан тушаалд ажилд орсон. ....................... нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хариуцдаг бэлэн бүтээгдэхүүний агуулахаас 7,018,271.97 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн дутаасан нь 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тооллогоор тогтоогдож байх бөгөөд үүний үлдэгдэл 4,642,851.67 төгрөг байна. Мөн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дахин тооллогоор 18,872,965.44 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан нь агуулахад тооллого хийсэн баримт бичгүүдээр тогтоогдож байна. ............................... тооллогоор дутсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 23,515,817.11 төгрөгийн авлага үүссэн бөгөөд үүнээс ажилтанд өгөх компанийн өглөгийг суутган 22,687,120.22 төгрөгөөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн б/208 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулсан.

............................... нь тооллогоор дутсан бараа бүтээгдэхүүнийг хяналтын камер шүүж тодруулна гэдэг боловч шүүдэггүй. Компаниас хяналтын камер шүүх боломжоор хангаж өгсөн хэдий ч ирж шүүгээгүй. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулсан тушаалыг түүнд танилцуулахаар мэдэгдсэн боловч ирж танилцаагүй тул түүний анх ажилд орохдоо бүртгүүлсэн хаягаар шуудангаар илгээсэн. Тэрээр шуудангаар хүргүүлсэн тушаалыг авсан хэдий ч төлбөрийг сайн дураар төлөхгүй байх тул ...................-с бараа бүтээгдэхүүний дутагдал болох 22,687,120.22 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................................................... нар нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа гардаж авсан боловч одоогийн байдлаар хариу тайлбар ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 22,687,122 төгрөгийг ................................-с гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг дахин илэрхийлж байна. “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний 6.1-ийн 6.1.1 дахь заалт болох компанитай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”. Нотлох баримтаар шинжлэн судлуулсан заалтууд. Эдгээрийг үндэслэн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах гэрээ”-ний дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тушаал гаргасан байгаа. Компанид хохирол учруулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан...гэв.

 2. Хариуцагч ...................... нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулах тухай ...............................-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/208 тоот тушаалын хуулбар /хх-3/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай мөн өдрийн Б/209 тоот тушаалын хуулбар /хх-4/, төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-7-11/,...................-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-12/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-13-22/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-23-28/, ...............................-ийн Санхүү бүртгэлийн албаны тооллогын хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-29-31/, ........................... уулзсан уулзалтын тэмдэглэлийн хуулбар /хх-32-33/, Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх-34/, авлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар /хх-35/, Бараа материалын тооллогын хуудсын хуулбар /хх-36-38/, Зарлагын болон Орлогын баримтуудын хуулбар /хх-39-43, 47-50/, бараа бүтээгдэхүүний тооллогын баримтын хуулбар /хх-44-46/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх ............................-ийн ......................... холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагч ................... хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хариуцдаг бэлэн бүтээгдэхүүний агуулахаас 23,515,817.11 төгрөгийн бүтээгдэхүүн дутаасан болох нь хоёр удаагийн тооллогоор тогтоогдсон. Өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрдөг ба камер шүүж тодруулна гэдэг боловч шүүдэггүй. Иймд гүйцэтгэх захирлын тушаалаар түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж, компаниас түүнд олгох өглөгийг суутгаснаар 22,687,120.22 төгрөгийн хохирлыг ажил олгогчид учруулсан байна” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. Мөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ................... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. ...........................................нь хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, сүү сүүн бүтээгдэхүүн худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий хуулийн этгээд байна.

4.2. .....................................................-тай 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Санхүүгийн албанд 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс няравын албан тушаалд томилогдон ажиллаж, ажил олгогчтой Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ.

4.3. Ажил олгогчоос 2024 оны 2 дугаар сарын 23 болон 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тооллого хийж, эдгээр тооллогуудад хариуцагч бараа бүтээгдэхүүн дутаасан болох нь тогтоогдсон бөгөөд эхний тооллогоор 7,018,271.97 төгрөг, дараагийн тооллогоор 18,872,965.44 төгрөг тус тус дутсан байна.

4.4. ...............................-ийн Санхүү бүртгэлийн албаны тооллогын хурал 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж, уг хурлаас ....................................... тооллогоор дутсан барааг камер шүүж олох 3 хоногийн хугацаат үүрэг өгч, дахин 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тооллогын комиссын дарга .................................................. уулзалт хийн тэмдэглэл үйлдсэн байна. Уг тэмдэглэлд ...................... “..камерын бичлэгийг ерөнхийд нь шүүсэн, нэг бүрчлэн шүүгээгүй, өр төлбөрөө хайж олмоор байгаа, орон нутагт ажилсаар байгаа, ..камер шүүж олъё, өр төлбөрөө багасгая” гэж тайлбарласан талаар тэмдэглэлд тусгагджээ.

4.5. Ажил олгогчийн зүгээс бараа материалын тооллогын комиссоос 2024 оны 2 дугаар сарын 23 болон 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд “Бараа материалын тооллогын хуудас”............................. хариуцдаг агуулахад хадгалагдаж байсан бараа нэг бүрийг тоолж, бараа бүтээгдэхүүний зарлагын болон орлогын баримтуудыг тулгаж гаргасан болох нь тогтоогдож байна.

4.6. Улмаар ажилтнаас уг зөрчлөө арилгаагүй учир 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/208 дугаар захирлын тушаалаар ....................... 22,687,120.22 төгрөгөөр эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулж, түүнд гаргасан зөрчлөө давтахгүй байхыг үүрэг болгож, мөн өдрийн Б/209 дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.10, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.6, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн .............................гүйцэтгэвэл зохих ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, мэргэжлийн алдаа гаргаснаас компанийн өмч хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан нь баримтаар нотлогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан” зэрэг үндэслэлүүдээр шууд удирдлагын саналыг харгалзан 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, хариуцагч .................... нь нэхэмжлэгч ...............................-д няраваар томилогдон ажиллаж, Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус бичгээр байгуулсан байна.

6. ........................ нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад түүний хариуцдаг агуулахад хоёр удаа тооллого хийхэд нийт 23,515,817.11 төгрөгийн бүтээгдэхүүн дутсан болох нь баримтаар тогтоогдсон ба ажил олгогчоос ажилтанд хугацаатай үүрэг өгсөн боловч биелүүлээгүй байна.

7. Ажил олгогч ................................-иас ажилтан ................................. компаниас олгох өглөгийг суутгаснаар 22,687,120.22 төгрөгийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж заасанд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

8. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Ажилтан энэ хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирлоо төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас учруулсан хохирол 22,687,120.22 төгрөгийг шаардах эрхтэй байна.

            9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,386 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271,386 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар үзйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлааг болгон

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............................-аас 22,687,120.22 /хорин хоёр сая зургаан зуун наян долоон мянга нэг зуун хорин төгрөг хорин хоёр мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч .....................................-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,386 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........................-аас 271,386 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .................................-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА