Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05202

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05202                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, Зүүн наран ..дугаар гудамж ..тоот хаягт оршин суух, ..овогт .. ..,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, Нарны хороолол, ..дугаар байрны ..тоот хаягт оршин суух, ..овогт Даваадоржийн ..,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.П , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Д.Ө  2008 онд Англи улсын Лондон хотод танилцаж, 2009 оноос гэр бүл болон амьдарсан. Бидний хамтын амьдрах хугацаанд 2009 онд охин Ө.Ү, 2012 онд охин Ө.Ү, 2015 онд хүү Ө.Э нар төрсөн. Нөхрийн зан харилцааны доголдол болон архи ууж согтуурснаас болж маш их дарамт шахалтанд 16 жилийг өнгөрөөсөн. Архи уухаараа агсан тавьж удаа дараа зодох, нүдэх, боох, харааж зүхэх, нулимах, гартаа таарсан зүйлээ шидэх зэрэг зэрлэг балмад үйлдэл үзүүлж дарамтлахаас гадна эд хөрөнгөө эвдэж сүйтгэдэг. Түүнчлэн үр хүүхдэдээ гар хүрэх, харааж зүхэн айлгах тохиолдол удаа дараа гарч байсан. Согтуу үедээ гаргасан ааш авир, хийсэн үйлдлээ эрүүл болоод санадаггүй маш муу талтай. 2018-2020 онуудад гэртээ хонохгүй сарын ихэнх хоногт гадуур хоногоор явах болсон ба Б.У гэгч хүүхэнтэй холбоотой болсон. Иймд би салах оролдлого хийж тусдаа амьдарч байсан боловч “архи дарс уухгүй, засарна” гэсэн шалтаг шалтгаанаас үүдэн хүүхдүүдээ ч бодоод дахин хамт амьдрах боломж олгодог байсан. Гэвч хэсэг хугацааны дараа эргээд л дээрх дарамтууд эхэлдэг байсан. Сүүлийн үед салах юм бол ална, эсвэл амиа хорлоно гэж сүрдүүлэх болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Ө 2020 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа учир өргөдлөө татаж аваач, цаашид Б.У гэх эмэгтэйгээс салах бодолтой байгаа гэж гуйсан учир нэхэмжлэлээ татан авч хойшлуулсан. Гэвч энэ хугацаанд эвлэрэх битгий хэл Д.Ө , Б.У нарын зүгээс миний эрүүл мэнд, амь насанд аюул занал учирч болзошгүй байдал бодитойгоор гаргаж байсан. Салах талаар ярьж эхэлснээс хойш сүүлийн үед худалдаж авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ өөрийн ах эгч нарын нэр болон тэдний үр хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж авах болсон. Хамтран амьдрах хугацаанд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Сүүлийн үед миний хүсэл зоригийн эсрэг хийж байгаа үйлдлүүд гаргаж эхэлсэн учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийн талаар хариуцагчтай харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу хөрөнгөө хуваах хүсэлтэй байна. Хүүхдүүдтэйгээ тогтмол уулздаг, тусгайлсан уулзалтын журам тогтоох шаардлагагүй...гэв.

            2. Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Ө нь миний төрсөн дүү юм. Д.Ө хөдөө орон нутагт ажлаар явж байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд гэрлэлт цуцлууж, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээн, тэтгэлэг хуульд зааснаар төлнө. Эд хөрөнгийн хувьд гэрлэгчид харилцан тохиролцоод гэрээ байгуулсан учраас энэ гэрээний дагуу батлуулахыг хүсэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаар нэхэмжлэлд дурдсанаар л мэдлээ. Ийм авир гаргадаг гэдгийг нь бид мэдэхгүй. Гэр бүлийн ахуйн хүрээнд архидалт бол байдаггүй. Гэр бүлээс гадуурх явдал нь 2020 онд нэг асуудал гараад, бид гэр бүлээрээ болиулах гэж үзсэн. Нэг удаа амьдралаа авч үлдэх талаар нь тал талаас хамтарсан. Үнэхээр ийм асуудал гаргадаг бол хүний аминд хүрж, цагдаа сэргийлэх болох асуудал үүсэж болзошгүй болохоор өөртэй нь ч сайн ярилцаж, шийдвэрээ гаргасан. Хуулийн дагуу асуудлыг нь шийдэхийг хүсэж байна...гэв.

            3. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргасан. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-6, 34-35/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-9/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-10-12/, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-13-15/, Сургуулийн тодорхойлолтууд /хх-16-17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-18/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-19-25/, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-26-29/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн  .... дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах тухай” захирамжийн хуулбар /хх-30/, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбар /хх-31-33/ зэрэг болно.

            4. Хариуцагч талаас шүүхэд дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд: төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-37/

            5. Гэрлэгчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой харилцан тохиролцож байгуулсан гэрээндээ: Нэхэмжлэгч Ч.П, хариуцагч Д.Ө бид ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, охин Ө.Ү, Ө.Ү, хүү Ө.Э нарыг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоохыг зөвшөөрч байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухайд нэхэмжлэлд дурдагдсан Баянгол дүүргийн .. дугаар хороо, Нарны хороолол, ... тоот орон сууцыг нэхэмжлэгч Ч.П болон 3 хүүхдэд үлдээж, Баянгол дүүргийн ..дугаар хороо, Бичил хороолол, ..дугаар байрны ..тоот орон сууц, Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо, Бэлх ..дугаар хэсэг гудамж .. тоот 42 м.кв зуслангийн байшинг хариуцагч Д.Ө миний бие өмчлөлдөө авч үлдэхээр тохиролцсон болно. Нэхэмжлэлд дурдагдаагүй бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн талаар ч бүрэн ярилцаж тохиролцсон тул энэ асуудлаар одоо ч, хожим ч маргаан байхгүй болно...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай Д.Ө холбогдуулан гаргасан Ч.П нэхэмжлэлийг хангаж, гэрлэгчид дундын эд хөрөнгийн талаар хоорондоо тохиролцсоныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

            2. Ч.П нэхэмжлэлийн үндэслэлээ: “Д.Ө дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг зэрэг шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдээ тэжээн тэтгүүлж, харилцан тохиролцсоны дагуу Баянгол дүүргийн ..дугаар хороо, Нарны хороолол ..дугаар байрны .. тоот дахь орон сууцыг өөрт болон хүүхдүүдийн өмчлөлд авч, бусад хоёр үл хөдлөх хөрөнгийг нөхрийн өмчлөлд үлдээнэ” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч Д.Ө төлөөлөн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагчаас өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх, эд хөрөнгө болон үр хүүхдийн асуудлаар Ч.П тохиролцсоныг батлуулахыг хүссэн байна.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч Д.Ө шүүх хуралдаан товлогдсон энэ өдөр хөдөө орон нутагт ажлаар явж байгаа учир оролцох боломжгүй талаар тайлбарлан, хуралдаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахыг хүссэн ба энэ хүсэлтийг нэхэмжлэгч тал дэмжсэн. Иймд зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

            5. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            5.1. Гэрлэгчид 2008 онд танилцаж үерхэн, 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэр бүл болжээ.

5.2. Гэр бүл болсноос хойш 2009 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр охин Ө.Үжин, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр охин Ө.Үржин, 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүү Ө.Э нарыг төрүүлсэн байна.

5.3. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд:

- Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ..дугаар хороо, ..дугаар бичил хороолол, ..дугаар байрны ..тоот хаягт байрлах, 33 м.кв талбайтай 3 өрөө орон сууц;

- Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо, Бэлх /14050/ 6 дугаар хэсэг гудамж, ..тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай хувийн сууц;

- Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 26 /хуучнаар 3/ дугаар хороо, Нарны хороолол /16020/ Энгельс гудамж, ..дугаар байрны ..тоот хаягт байрлах 79,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэргийг хамтран өмчилдөг байна.

5.4. Гэрлэгчид дээрх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, Баянгол дүүргийн 26 /хуучнаар 3/ дугаар хороо, Нарны хороолол /16020/ Энгельс гудамж, 17 дугаар байрны 102 тоот хаягт байрлах 79,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.П, охин Ө.Ү, Ө.Ү, хүү Ө.Э нарын өмчлөлд үлдээн Д.Ө өмчлөгчөөс хасагдах, бусад хоёр үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Өлзийдэмбэрэл дангаар өмчлөхөөр харилцан тохиролцсон байна.

5.5. Нэхэмжлэгч 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас уг нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 04305 дугаар захирамжаар баталжээ.

5.6. Хүүхдүүд эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж, ерөнхий боловсролын сургуульд буюу Ө.Ү ..... Олон улсын дунд сургуулийн 10 дугаар ангид, ... хамтарсан дунд сургуульд Ө.Ү 6 дугаар ангид, мөн сургуульд Ө.Э 2 дугаар ангид тус тус суралцаж байна.

5.7. Нэхэмжлэгч болон хүүхдүүд тус тус 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргийг хийлгэж, Ч.П“гурван хүүхдийн хамт гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, байнгын дарамт, айдас хүйдэстэй байдаг. Одоо гэрээс гараад 26 хонож байгаа, хүүхдүүдийн эрүүл амьдрах орчин нөхцөл бүрдэхгүй эрсдэлтэй байдалд байна” гэж, Ө.Ү, Ө.Ү, Ө.Э нарыг “сэтгэл зүйн зөвлөгөө өгч, шаардлагатай бол сэтгэл зүйн эмчилгээнд явуулах” гэж тус тус дүгнэлт өгчээ.

6. Ч.П нэхэмжлэлийг шүүх гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж үзэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэн, хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

7. Гэрлэгчдийн хүүхдүүд эх Ч.П асрамжид байдаг ба энэ байдлыг үргэлжлүүлэхийг гэрлэгчид хэн аль нь хүсэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож, эцэг Д.Ө сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

8. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гэрлэгчид шүүх хуралдаанаас өмнө харилцан тохиролцож, нийт 3 үл хөдлөх хөрөнгөөс Баянгол дүүргийн 26 /хуучнаар 3/ дугаар хороо, Нарны хороолол /16020/ Энгельс гудамж, ..дугаар байрны ..тоот хаягт байрлах 79,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.П, охин Ө.Ү, Ө.Ү, хүү Ө.Э  нарын өмчлөлд үлдээн Д.Ө өмчлөгчөөс хасагдах, бусад хоёр үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Ө дангаар өмчлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

9. Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар тэдний тохиролцсоныг батлах нь зүйтэй.

10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Ч.П, Д.Ө нар бие биедээ насанд хүрээгүй охин Ө.Ү, Ө.Ү, хүү Ө.Э нартай уулзах, анхааран халамжлах, мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгана.

            11. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай энэхүү нэхэмжлэл нь зохигчдын гэр бүлийн амин хувийн харилцааг шийдвэрлэх маргаанд хамаарах тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардал 70,200 төгрөг төлвөл зохино.

            11.1. Гэтэл нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн боловч, дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлд тооцсон гэж тайлбарлан нэмэлт 1,657,950 төгрөгийг илүү төлсөн байна.

            11.2. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно” гэж заасны дагуу илүү төлсөн 1,657,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.П олгох нь зүйтэй.

            11.3. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаарз үйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн, ...... регистртэй....., Монгол улсын иргэн, .........регистртэй ........... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ө.Ү, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ө.Ү, 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ө.Э нарыг эх Ч.П асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 зааснаар 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ө.Э/9 настай/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 2009 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ө.Ү/16 настай/, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ө.Ү/12 настай/, хүү Ө.Э нарыг 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Д.Ө тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.П, Д.Ө нарын хамтран өмчлөх Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 26 /хуучнаар 3/ дугаар хороо, Нарны хороолол /16020/ Энгельс гудамж, ..дугаар байрны ...тоот хаягт байрлах 79,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч.П, охин Ө.Ү, Ө.Ү, хүү Ө.Э нарын өмчлөлд үлдээн Д.Ө өмчлөгчөөс хасагдах; бусад хөрөнгө болох Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ..дугаар хороо, ..дугаар бичил хороолол, ..дугаар байрны ..тоот хаягт байрлах, 33 м.кв талбайтай 3 өрөө орон сууц; Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ..дугаар хороо, Бэлх /14050/ 6 дугаар хэсэг гудамж, ...тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай хувийн сууц зэргийг хариуцагч Д.Ө өмчлөлд үлдээхээр гэрлэгчид тохиролцсоныг баталсугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Ч.П, Д.Ө нар бие биедээ хүүхдүүд болох Ө.Ү, Ө.Ү, Ө.Э нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

            6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.П олгосугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,657,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.П олгосугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА