Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05203

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05203                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Од плаза ..тоот хаягт байрлах, ..регистртэй “.. ..” ХХК,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..дүгээр хороо, ....ХХК-ийн байр, ..тоот хаягт байрлах, ..регистртэй “..” ХХК,

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,235,050 /гучин сая хоёр зуун гучин таван мянга тавин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

            2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “..” ХХК-тай Хөргөлтийн системийн тоног төхөөрөмж угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Төв аймаг, Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “..” ХХК-ийн өөхний үйлдвэрт батлагдсан зураг төслийн дагуу 18 градуст хадгалах 3 өрөөнд хөргөлтийн систем угсарч суурилуулсан. Гэрээний үнийн дүн нийт 167,199,000 төгрөг ба үүнээс ажлын хөлс 14,700,000 төгрөг, материалын зардал 152,498,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн 70 хувь болох 117,032,300 төгрөгийг шилжүүлсэн. Бид 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажлаа бүрэн дуусгаж, Хөргөлтийн тоног төхөөрөмж угсарч суурилуулсан ажлын акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Гэвч хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, “төлнө, удахгүй” гэсээр өнөөдрийг хүргэсэн ба бид төлбөрийг нэхэж албан бичиг өгч, аль болох боломжтой нөхцөлүүдийг санал болгож үзсэн боловч төлбөр төлөхгүй байна. Нийт үлдэгдэл 50,156,700 төгрөгөөс 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн. Бид гэрээний хугацаанд төлбөрөө авч чадаагүйгээр бусад гэрээгээр авсан ажлаа гүйцэтгэхэд санхүүгийн хүндрэл гарч, өр төлбөрт орсон. Иймд “..” ХХК-иас гэрээний үлдэгдэл 20,156,700 төгрөг, алданги нь үндсэн төлбөрийн үнээс хэтэрсэн тул хуулиар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул үнийн дүнгийн 50 хувиар тооцож 10,078,350 төгрөг, нийт 30,235,050 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Тухайн байгууламжийг барихад манайх цахилгааны асуудлыг хариуцаагүй ба өөр компаниар цахилгааны монтажийг хийлгэсэн байсан. Тэр нь хүчдэлээ дийлэхгүй буучихаад байдаг байсан. Энэ талаар нь бид анхнаасаа хэлж байсан. Бид тогны асуудлаас болоод ийм байдалд ороод байна гэж зөвлөмж байдлаар өгч байсан. Ковид эхлэх үед энэ гэрээг байгуулсан. Албан бусаар хүлээлгэж өгөх гээд акт үйлдэх гэж гуйгаагүй. 3 өдрийн өмнөөс бүх зүйлүүдээ хангаад хүлээлцсэн. “....” ХХК нь ганц “..” ХХК-ийн хөргүүрийг хариуцдаггүй. Хариуцагч талын нэг хүн ирээд нэг кноп дарчихдаг, тэрнээс болоод асуудал үүсгэдэг байсан. Ашиглалтын явцад том машин оруулж болохгүй гэдэг заавар зөвлөмжүүдийг зөрчиж байсан. Түүхий эдээ өрөхдөө бөөн бөөнөөр нь овоолгож өрчихдөг. -30 градуст хөлдөөсөн тэс хөлдүү өөх оруулах ёстой гэдгээ хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Бидэнд нэг ч удаа бичгээр гомдлын шаардлага тавьж байгаагүй. Үнэхээр их хэмжээний хохирол учраад байсан бол бидэнд энэ шаардлагыг хэлэх ёстой. Санхүүгийн хувьд мөнгө орж ирэхгүй байна л гэдэг байсан.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хөргөлтийн үндсэн тоног төхөөрөмжүүд болох моторуудыг хариуцагч тал өөрсдөө гаргасан. Тэр моторын хэмжээнд тааруулаад нэхэмжлэгч нь барилгын хавтан, бэхэлгээнүүд болон угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ирүүлсэн байгаа тоног төхөөрөмжийн хэмжээнд нэхэмжлэгч ажлыг гүйцэтгээд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд гэрээний үүргийг зөрчсөн буюу доголдол байгаа бол гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргана гэж заасан. Гэрээний 8 дугаар зүйлд мөн энэ талаар тодорхой заасан байгаа. Урьдчилгаа төлбөр төлөөд, ажлын гүйцэтгэлийг хүлээж авсны дараа үндсэн гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд 20,000,000 төгрөгийг сар гаруй хугацааны дараа төлсөн. Хариуцагч тал ажлын гүйцэтгэл доголдолтой байсан талаар аливаа гомдлын шаардлага гаргахгүй байгаа нь нэхэмжлэл гарсантай холбоотойгоор л төлбөр төлөхгүй гэсэн санаа зорилго бий болсон гэж үзэхээр байна. Зохигчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гарсан. Гэвч тус байгууллага нь дүгнэлт гаргах үедээ шинжээчээр ажиллах тусгай зөвшөөрөлгүй байсан. Энэ талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Тийм учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт тавьсан боловч хариуцагч тал хөргүүрээ засаад өөрчилчихсөн байсан учраас шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй болсон. Нэгэнт дүгнэлт гаргах эрхгүй этгээд учраас “......” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлийн хувьд ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлт 2023 оных, тухайн хөргүүр нь 2021 онд хийгдээд хүлээлцсэн байсан. 2 жилийн хугацааны ашиглалтын дараа хийгдсэн учраас шинжээчийн дүгнэлт ач холбогдолгүй гэж үзэж байна...гэв.

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “..” ХХК нь 2020 онд БНХАУ-аас хөргүүрийн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Тухайн үеэс үйлдвэрийн агуулахад хөргүүр барихаар төлөвлөж байсан. Иймд Монголдоо хамгийн туршлагатай, олонд танигдсан компани сонгож хөргүүрээ барина гэж төлөвлөж анх 2020 онд “....” ХХК-ийн инженер Түвшинг үйлдвэр дээрээ аваачиж тоног төхөөрөмжөө үзүүлж, хэрхэн барих зөвлөгөө авсан. Тухайн үед 6 энгийн хөргүүр -16 градус, 2 хүн хөргүүр буюу -30 градусын хөргүүр барихаар зураг төсөв гаргуулж авч байсан ч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хөргүүрийн барилгын ажлаа түр хойш тавьсан. Сүүлд нь 2021 оны 1 дүгээр сараас эхлэн дахин “....” ХХК-тай уулзаж, хөргүүр барих ажил яригдаж эхэлсэн. Санхүү мөнгөний байдлаас шалтгаалан 3 хөргүүр буюу 2 энгийн, нэг гүн хөргүүр бариулахаар тохиролцоод гэрээ байгуулахаар болсон. “...” ХХК-иар материалын зардлыг гаргуулж, шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр хийхээр тохиролцсон. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 15-нд 167,189,000 төгрөгийн гэрээ байгуулан гэрээний дагуу урьдчилгаа 70 хувь буюу 117,032,300 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 50,156,700 төгрөгийг хөргүүр угсарч дууссаны дараа төлөхөөр тохирсон. 2021 оны 9 дүгээр сарын 17-нд 20,000,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 147,032,300 төгрөг төлсөн. Гэтэл тухайн ажлыг 45 хоногийн дотор дуусгах нөхцөлтэй байсан боловч хугацаа алдаж ажлыг угсарсан.

2021 оны 5 дугаар сарын 01-нд дуусгах байсан боловч “....” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын сүүлээр хөргүүрийг угсарч эхэлсэн. Манай компани малын өөх цуглуулан авч өөхөө хайлуулан тос гаргаж экспортод гаргадаг юм. Иймд бид халуун дулаан орохоос өмнө хөргүүрээ угсарч дуусгах төлөвлөгөөтэй байсан. Үүний улмаас манай компани их хэмжээний 60 гаруй тонн өөх /өртөг дүн, үйл ажиллагааны зардал нийлээд 48,000,000 төгрөг/ муутгаж өмхийрүүлж хаясан. Тухайн үед ийм зүйл болоод байгааг “....” ХХК-д хэлж хөргүүрийг хурдан шуурхай барьж дуусгахыг хэлж байсан. Хөргүүрийн сэндвич хавтан үйлдвэр дээр ирж угсарч эхэлсэн. Тухайн үед угсарч байсан инженер нь “гүн хөргүүрийг 6м өндөртэй хийж болохгүй, шаардлага хангахгүй, гүн хөргүүр 3-4м байдаг” гэж хэлсэн. Тэр үед “...” ХХК руу ярьж захирал ....хэлсэн. Энэ гэрээний үнийн дүнгийн 91% буюу 152,000,000 төгрөг нь материалын зардал, үлдсэн 9% буюу 14,700,000 төгрөг нь ажлын хөлс юм. Иймд би хайран материалаа хөрөөдөж хасуулаад хог дээр хаях асуудал үүссэн. Үүнээс эхэлж бид маргаж эхэлсэн.

Иймд “...” ХХК-ийн зүгээс буруу захиалга өгч, илүү материал захиалсан, зөвлөгөө буруу өгсөн байсныг мэдсэн. Ингээд яах ч аргагүй гүн хөргүүргүй энгийн хөргүүр угсарч эхэлсэн. Угсарсан энгийн 3 хөргүүр нь дулааны улиралд -18 градуст хүрдэггүй, хийсэн өөхийг муутгадаг. 3 энгийн хөргүүр угсраад үйлдвэр дээр манай ажилчдаар 3 хөргүүр дууссан акт дээр хүлээж авсан гээд гарын үсэг зураад өг гэж гуйсаар байгаад зуруулсан байсан. Миний хувьд бол хүлээж аваагүй. Мөн хөргүүрийг угсрахдаа маш муу суурийн гадна байдаг угалник маш муу суурилуулсан, хөргүүрийн 4 талаар битүү угсрах байсан бол зөвхөн ил хэсэгт угалник хийж, арын агуулахын хана талд хийгээгүй байсан. Үүний улмаас хөргүүрийн хавтан бүлт цаашаа ханарсан. Тэгээд сэрүүнд хэлж янзлуулсан. Одоо хүртэл маш муу, доогуураа зайтай, нар сар гэрэлтдэг. Манай үйлдвэр дээр ирсэн хүмүүс маш муу барьсан гэж хэлдэг. 2021 оны 8 дугаар сард гүн хөргүүргүйгээс болж өөх хөлдөхгүй маш их хэмжээний өөх муутгасан. 100 тонн буюу 80,000,000 төгрөгийн өртөг бүхий өөх муутгасан ба энэ талаар нэхэмжлэгчид хэлж байсан. Өөхийг хөлдөхдөө эхлээд гүн -30 градуст хөлдөөгөөд, дараа нь энгийн -18 градуст хийж хадгалах ёстой байдаг. Гэтэл манайх гүн хөргүүргүйгээс болж технологийн алдаа гараад байгаа учир өөхийг муутгахгүй хадгалах ямар ч боломжгүй болсон. Энэ талаар захирал Мишээлд нь олон удаа ярьж хэлж, маргаж байсан. ИНгээд гүн -30 градустай хөргүүрийг үнэгүй угсарч өгье гэсэн. Гэвч бид дахиад материал авч хөргүүр барих боломж байхгүй. Учир нь өмнө барина гээд 3 хөргүүрийн төсөв шийдээд өгсөн байсан. Ийм байдлаас болж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж бид маргасан. Үүнтэй холбоотой олон удаагийн мессеж бичиж байсан. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэж заасныг үндэслэн манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Хөргөлтийн системийн тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээ /хх-6-13/, “.... ...” ХХК-иас “...” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх-14, 204/, Хөргөлтийн тоног төхөөрөмж угсарч суурилуулсан ажлын акт /хх-15-23/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-27, 37/, “...” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх-28-30/, фото зургууд /хх-39-45, 90-92, 106-107, 120/, Авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-46/, Монгол улсын Засгийн газрын Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолуудын хуулбар /хх-58-64/, Хот тохижилтын газрын төлбөрийн баримтууд /хх-93-105/, “Тасалгааны дулааны урсгалын тооцоо” гэх Орос хэлнээс орчуулсан хүснэгт бүхий баримт /хх-136-138/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд:

5.1. Хариуцагч талын хүсэлийг хангаж, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19594 дугаар захирамжаар шинжээч томилж /хх-56/, захирамжийн дагуу “.....” ХХК-иас дүгнэлт гарган, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн. /хх-66-80/

5.2. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18199 дугаар захирамжаар хариуцагчаас нотлох баримтаар гаргасан дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-111/, захирамжийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. /хх-112-116/

5.3. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05860 дугаар захирамжаар, нэхэмжлэгч талын хүсэлийг хангаж, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06690 дугаар захирамжаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулахаар шийдвэрлэж /хх-127, 132/, гэрчээр Б.Сандагдорж, Ц.Э, Э.О нарыг асууж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-147-155/

5.4. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ...дугаар захирамжаар шинжээчээс хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргуулахаар /хх-141/, мөн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16422 дугаар, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18085 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сангийн яамнаас шинжээчийн улсын бүртгэл болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-178, 192/, захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас “....” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг /хх-186-188/, Сангийн яамнаас хариу ирүүлсэн. /хх-189, 200-201/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “......" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ: “ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, үүнээс хойш гэрээний үлдэгдэл төлбөрөөс 2 удаа нийт 30,000,000 төгрөг төлснөөр 20,156,700 төгрөгийг төлөөгүй. Ажлын үр дүнг хүлээн авсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,156,700 төгрөг, алданги 10,078,350 төгрөг, нийт 30,235,050 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “ажлын үр дүн чанарын доголдолтой байсны улмаас их хэмжээний хохирол учирсан. Ажил хүлээлцсэн акт үйлдэхдээ бодитоор хүлээлцээгүй, албан бусаар гуйж байсан учир хүлээж авсан. Тиймээс үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй” гэж тайлбарласан байна.

            4. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

            4.1. Талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 21/001 тоот Хөргөлтийн системийн тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч “....” ХХК нь захиалагч “....” ХХК-д батлагдсан зураг, хууль тогтоомж болон бусад шаардлагад нийцүүлэн хөргүүр угсарч гүйцэтгэн, ажил эхэлснээс хойш 45 хоногийн хугацаанд хүлээлгэж өгөх, захиалагч тал нь ажлыг хүлээн авч, ажлын хөлс 14,700,000 төгрөг, материалын зардал 152,489,000 төгрөг, нийт 167,189,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

            4.2. Гэрээний дагуу хөргүүрийн ажил эхэлж, захиалагч тал урьдчилгаа 117,032,300 төгрөгийг төлсөн байна. Ажлын үр дүнг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээлцэж “ашиглалтад оруулахад хэвийн” гэж үзэн, талууд гарын үсэг зурж баталгаажуулан акт үйлджээ.

            4.3. Дээрх акт үйлдэгдсэнээс хойш хариуцагч гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн байна.

            4.4. Гүйцэтгэгч талаас захиалагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийн үлдэгдэл төлөхийг албан бичгээр шаардаж байсан бол захиалагч талаас гүйцэтгэгч талд бичгээр гомдлын шаардлага гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна.

            4.5. “...” ХХК нь Хот тохижилтын газраар 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд 39,796.53 кг хэмжээтэй “бусад төрлийн хог, хаягдлыг ариутгах, цэвэрлэх” 91,054.44 төгрөгөөр 13 удаа үйлчилгээ авсан байна.

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч “.....” ХХК-иас 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Төв аймгийн Аргалант сумын нутагт байрлах “....” ХХК-ийн өөхний үйлдвэр дэх 3 ширхэг хөргүүрийн хөргөлтийн систем, чанар байдлын талаар дүгнэлт гаргасан. Үүнд: “Хөргөлтийн төхөөрөмж нь зохих схемийн дагуу угсрагдсан. Хөргүүр нь технологийн хувьд алдаатай байна. Хөргөх камерын эзэлхүүн хөргөх агрегатын хүчин чадал хоорондоо тохирохгүй байна. Хөргөх агрегатын хүчин чадлаас хэтэрсэн их эзэлхүүнтэй хөргөх камер барьсан байна. Ууршуулагчийн ус гадагшлуулах хоолой чанарын шаардлага хангаж байна. Хөргөх систем зай завсар, битүүмж алдагдал байхгүй. Хөргөх камерын угсралт чанарын шаардлага хангахгүй байна. Хөргөх камер нь битүүмж зохих ёсоор хийгдээгүй, хучилт, ханын хавтан зай завсартай, хаалганы битүүмж алдагдсан, үүгээр агаар сэлгэж дотор хүйтэн агаар алдагддаг. Камерын шалтай харьцах хэсгийг битүүмжлэх ажил хийгдээгүй. Хана бэхлэх ажил зохих ёсоор хийгээгүйгээс хана хөдөлгөөнд орсон. Хөргөх камерын хэмжээ хөргөлтийн агрегатын хүчин чадлын харьцаа тохирохгүй, хөргөх камерыг чанаргүй барьсан, биүүмж алдагдсан зэргээс хөргөлтийн систем нь зохих ёсоор ажиллаж -18 хэм гаргах боломжгүй байна” гэж дүгнэжээ.

            4.7. Шинжээч “.....” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талаар нэхэмжлэгч талын хүсэлтээр тодруулахад улсын бүртгэлд “хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх, үнэлгээний сургалт, семинар зохион байгуулах” зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр бүртгэгдсэн, Монгол улсын Сангийн яаманд 2024 оны 9 дүгээр сарын 13-ны байдлаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгаа талаар тус яамнаас тодорхойлсон байна. Харин Зөвшөөрлийн тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгодог болж, Сангийн сайдын “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 163 дугаар тушаалаар “....." ХХК-д хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон байна.

            4.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийж бэхжүүлсэн ба үзлэгээр хөргүүрийг хүлээлгэн өгч байгаа байдал, хөргүүрийн зааварчилгаа өгч байгаа, мөн хөргүүрийн удирдлагын самбарыг харуулсан бичлэгүүд байв.

            4.9. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “....” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал ажилтай иргэн Б.С, “...” ХХК-ийн менежер Ц.Э, “....” ХХК-ийн инженер Э.О нарыг гэрчээр асууж тэмдэглэл хөтөлсөн. Гэрчүүд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ажил хүлээлцсэн актын талаар болон хөргүүрийн ашиглалтын талаар тайлбарлаж мэдүүлсэн.

            5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж хуульчилсан байна.

            6. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дээрх хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөнөөр анз тооцох талаар гэрээнд бичгээр тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцжээ.

            7. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан.

            7.1. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил чанарын хувьд доголдолтой байсан учир их хэмжээний өөх муудаж, хохирол учирсан гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлэн маргаж, дүрс бичлэг бүхий компакт диск, фото зургийг нотлох баримтаар гарган, өөрийн үйлдвэрийн дарга болон компанийн менежер зэргийг гэрчээр асуулгасан.

            7.2. Түүнчлэн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хөргүүрийг “технологийн хувьд алдаатай, хөргөх камерын угсралт чанарын шаардлага хангахгүй, битүүмж зохих ёсоор хийгдээгүй, хучилт, ханын хавтан зай завсартай, хаалганы битүүмж алдагдсан, үүгээр агаар сэлгэж дотор хүйтэн агаар алдагддаг” зэргээр дүгнэлт хийсэн байна.

            7.3. Гэвч “...” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гүйцэтгэгч “...” ХХК-д аливаа доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан гэх тайлбар, гэрч Б.С, Ц.Энарын мэдүүлэг нь хэргийг бусад баримтаар давхар нотлогдохгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт тухайн ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 2 жилийн дараа 2023 онд хийгдсэн, захиалагчаас гүйцэтгэгчид бичгээр шаардлага гаргаагүй байхын зэрэгцээ ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ.

            7.4. Иймд хариуцагч “...” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох тухай үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл төлбөр 20,156,700 төгрөгийг шаардах эрхтэй байна.

            8.  Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 20,156,700 төгрөг болсон талаар зохигчид маргаагүй, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт захиалагч тал гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр тусгасан бөгөөд “ЮЖД” ХХК нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг төлснөөс хойш төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 20,156,700 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 10,078,350 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

            9. Шүүх “....” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 309,126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХХК-иас 30,235,050 /гучин сая хоёр зуун гучин таван мянга тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “......” ХХК-д олгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...” ХХК-иас 309,126 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “....” ХХК-д олгосугай.

            3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА