Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/04326

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 13 өдөр                Дугаар 102/ШШ2024/04326                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..................................................................................................................................................

.....................................................................................................................................................................

Хариуцагч:...............................................................................................................................................................................................................................................................................................................

Нэхэмжлэлийн шаардлага: .................................................................................................................................................................................................................................................................................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................................., хариуцагч .........................................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ............................... хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд ........................... танилцаж гэр бүл болсон. Бидний том охин ....................... .......... оны ..дугаар сарын ...-ны өдөр, бага охин........................... оны .. дугаар сарын .....-ны өдөр төрсөн. Бид том охиноо төрсөн цагаас хойш гэр бүлийн маргаантай болж эхэлсэн. Энэ маргаан нь хоёр талын эцэг эхчүүдэд хэн хэн нь дургүй, хамт амьдарч чадахгүй гэх шалтгаантай байсан. Энэ нь даамжирч гэр бүлийн хүчирхийлэл болж хувирсан. Бага багаар хүчирхийлж байгаа нь мэдрэгдэж, дахиад хүүхэдтэй болчихвол ааш авир, зан байдал нь засагдах байх гэж итгэж байсан. Ингээд бага охин ....................... онд төрүүлсэн. Байр түрээслэж эхлэхэд .............. жирэмсэн болон хөхүүл үед 2-3 хоног бид гурвыг хаяж архидаж явдаг байсан. Гадуур ууж ирчихээд агсан тавьж, бид гурвыг айлгаж, гар хүрч эхэлсэн. Төдийгөөс өдий хүртэл 11 жилийн хугацаанд маш их айдастай, тэсэж тэвчиж, салж нийлж ирсэн. Би үр хүүхэд, гэр бүл элэг бүтэн байдлыг эрхэмлэж буцаад нийлдэг байсан. Ингээд цаашид хамт амьдарч чадахгүй, бас болохгүй гэдгийг ойлгосон. ..........................хоёр хүүхдийн тэтгэлэг өгч, тусдаа амьдаръя гэсэн үүднээс гэрлэлтээ цуцлуулж, хоёрд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Хамгийн сүүлд 2024 оны 7 дугаар сард архи уухаар нь айгаад маргааш өглөө нь шууд хөдөө явсан. 3 хоногийн дараа гэртээ ирэхэд ................................. “салах үгүйгээ хэлээрэй” гэсэн. Би “салъя” гэж хэлсэн. Хүүхдүүдээ би өөрийн асрамжид үлдээхийг хүсэж байгаа. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

2. Хариуцагч ............................ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд ................................танилцаад 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2014-2024 он хүртэл салалт, гэр бүлийн таагүй харилцаа их байсан нь үнэн. Гэхдээ энэ бүгд юунаас үүдэлтэй гэвэл анх том охин ................................. онд төрөөд 2 нас гарантай байхад нь хэрүүл гарч, .............................. надтай болон миний ээжийн гэрт хамт амьдарч чадахгүй гэж өөрийн гэрлүү явж, хэсэг тусдаа байсан. Энэ тусдаа байх хугацаанд том охин ......................... уулзаад тоглоомын төвд охиноо тоглуулж байх хугацаанд ................................... утсаар хамт юм үзээд сууж байхад найзаас нь зурвас ирсэн. Тэр нь өөр эрэгтэй хүнд тэврүүлээд авхуулсан зураг болон “та хоёр яаж байна, зургаа ав” гэсэн зурвас ирсэн. Энэ явдлаас болж.................................. надаас уучлалт гуйсан, би ч хүүхдээ бодоод уучилсан ч энэ явдал миний зан төлөвт их нөлөөлсөн гэж боддог. Надад үнэнээ хэлдэггүй, өөрөө өөрийнхөө бодлоор бүгдийг шийддэг хүнийг хүндэлж бодох сэтгэлгүй гэж боддог. Намайг хүн гэдэг утгаар нэг ч харж байгаагүй. Би ч энэ бүгдээс залхаад салах шийдвэр гаргасан. Салах өргөдлийг нь хүлээн авч байна. Мөн хоёр охиныхоо тэтгэмжийг цаг тухайд нь өгнө. Эцэг хүнийхээ үүргийг биелүүлж уулзах үедээ уулзаж байхыг хүсэж байна. Хэрвээ ямар нэгэн асуудал гарч ................... өөр хүнтэй амьдран суух асуудал гарвал хоёр охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Орчин үеийн цагийн байдал хэцүү болсон шүү дээ. Тэр эрсдлийг бодож энэхүү тайлбарыг минь хүлээн авна уу. Бидэнд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-5/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6-7/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, гар бичмэл бүхий баримт болон фото зургууд /хх-9-19/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмнэлгийн тодорхойлолт /хх-20-21/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч ........................ хариу тайлбараа бичгээр гаргаж, аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх .......................................-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, 2024 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 7 дугаар сараас тусдаа амьдарсан, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн, ийм байдалд хүрэхэд хэн хэн нь буруутай, эцэг хүний үүргээ биелүүлж хүүхдүүдээ цаг тухайд нь тэтгэлгийг төлнө. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгоход татгалзах зүйлгүй” гэж тайлбарлав.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.

4.1. Гэрлэгчид 2013 онд танилцан үрхэж, 2014 оноос хамтран амьдарсан ба 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон ба ...................................................................................................................... тус тус төрүүлсэн байна.

4.2. Тэд хоорондын таарамжгүй харилцаа болон хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид бие махбодийн хүчирхийлэл үйлддэгийн улмаас 2024 оны 7 дугаар сараас тусдаа амьдарсан бөгөөд энэ үеэс хүүхдүүд эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа талаар эрх бүхий байгууллагууд тодорхойлсон.

5. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биедээ үнэнч байх, ... бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.

6. Шүүх ..............................-ийн нэхэмжлэлд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй буюу гэр бүлийн хүчирхийллийн улмаас эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн.

7. Харин шүүх хуралдааны явцад зохигч талуудын гаргасан тайлбарыг үндэслэн тэдний гэрлэлтийг ердийн журмаар буюу Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэлтэй байна.

8. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн асрамжид байгаа бөгөөд хэн аль нь энэ байдлыг үргэлжлүүлэхийг хүссэн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу ....................................... нарыг эх ................................-ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ......................................... нарыг  11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг .........................-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх.................................... нарт даалгаж, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

11. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн .................................................................................................... нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас .............................................................................................................................нарыг эх ..................................................асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин ....................................................нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг .......................................... сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ................................................ нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА