Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/05228

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 14 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05228                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ..дүгээр хороо, Баянхошуу, ..дугаар гудамж ..тоот хаягт оршин суух, ...овогт ... .../РД:.../,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, ..дугаар хороолол, ..дугаар байр ..тоот хагят оршин суух, ..овогт Энэбишийн ../РД:.../,

            Нэхэмжлэлийн шаардлага: ... УАР улсын дугаартай Приус-30 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тус автомашиныг Д.Гөмчлөлд шилжүүлж өгөхийг Э.Э даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: Миний бие 2021 оны 12 дугаар сард зарын дагуу ..-..УАР улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг худалдаж авахад мөнгө дутсан тул “БИД ББСБ” ХХК-тай 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж 13,650,000 төгрөгийн зээл авч автомашин худалдан авсан. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “БИД ББСБ” ХХК над руу залгаж, зээлийн гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл 10,430,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж автомашинаа аваарай гээд миний ..-..УАР улсын дугаартай Приус-30 автомашиныг хурааж аваад явсан. Би машинаа 10,000,000 төгрөгт алдахгүйн тулд өөрийн танил Э.Э руу холбогдож 10,450,000 төгрөг түр зээлээч, би ББСБ-д өрөө төлж машинаа авчихаад өөр ББСБ-д барьцаанд тавиад мөнгийг нь гаргаж өгье гэж гуйхад зөвшөөрсөн. Ингээд Э.Э 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр надтай холбогдож бид уулзаад “БИД ББСБ” ХХК дээр очиж үлдэгдэл төлбөр 10,430,000 төгрөгийг төлж машинаа чөлөөлөн, нэр шилжүүлэх болоход Э.Э “миний нэр дээр шилжүүлчих” гэхээр нь хүнээс мөнгө зээлсэн болохоор түүний нэр дээр шилжүүлж, 10 дугаар хороололд машинаа үлдээсэн. Маргааш нь Э.Э руу ярихад “чи мөнгөө өгөөд машинаа аваарай” гэсэн. Би машиныг барьцаанд тавьж мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлэхэд утсаа салгаж зугтаад алга болсон. Би арга буюу 2024 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 547 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан. Би машинаа чөлөөлөхөд Э.Э зээлсэн 10,450,000 төгрөгийг түүнд өгч машинаа авах гэхэд мөнгийг авахгүй, машиныг надад өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд Д.Г намайг ..-..УАР улсын дугаартай Приус-30 маркийн автомашины өмчлөгч болохыг тогтоож, уг автомашиныг миний өмчлөлд шилжүүлж өгөхийг Э.Э даалгаж өгнө үү...гэжээ.

1.2. Шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай хүүхэд хагалгаанд орсон болохоор хөөцөлдөж чадахгүй байж байгаад дараа нь нэг өдөр уулзаж банк бус ороход над дээр зээл гарах боломжгүй гэсэн. Зарах гэхээр бичиг баримт байхгүй болчихоод зарж чадахгүй байгаад байна. Одоо машинаа өөрийнхөө нэр дээр гаргаж байж мөнгийг нь өгөх хэрэгтэй болоод байна. Одоо 12,000,000 төгрөгийг нь өгөөд машинаа авмаар байна...гэв.

            1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагчийн зүгээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж ярьж байна. Гэтэл ийм гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч 13,000,000 төгрөгийн зээл аваад зөвхөн хүү төлөөд яваад байсан. Машин нь хураагдах гээд байсан учраас Э.Э гуйсан. Энэ мөнгийг төлөөд, өмнөх өртэйгөө нийлүүлээд 12,000,000 төгрөгийг машинаа зарж байгаад өрөө төлье гэж хэлсэн ч Э.Э машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авчихаад өгөхгүй байгаа. Д.Г хувьд машинаа зарах ямар ч боломжгүй болгоод, өмнөх өр яриад 20,000,000 төгрөг нэхээд байсан учраас цагдаад хандсан байдаг. Д.Г 2020 оноос зээлийн гэрээ байгуулаад ББСБ-аас авсан зээлээ төлж байсан гэдэг нь харагдаж байгаа учраас түүний машиныг өмчлөлд нь шилжүүлэх нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна...гэв.

2. Хариуцагч Э.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт:

2.1. Бичгээр гаргасан хариу тайлбарт: Би 2022 оны 5 дугаар сард Д.Г хүсэлтийн дагуу данснаасаа 2022 оны 5-8 дугаар сарын хооронд 4 удаагийн гүйлгээгээр нийт 3,000,000 төгрөг зээлсэн ба эрүүл мэндийн 1,000,000 төгрөгийн бүтээгдэхүүний үнийг төлөлгүй авч, нийт 4,000,000 төгрөгийн өртэй болсон байсан. Д.Г нь 2023 оны 12 дугаар сараас удаа дараа гуйсан болохоор би ах дүү, найз нөхдөөсөө, хүүхдүүдийнхээ хадгаламжаас хадгаламж барьцаалсан зээл, өөрийн хадгаламжийг барьцаалсан зээл тус тус авч, ломбарданд өөрийн үнэт эдлэлийг тавьж, нийт 11,300,000 төгрөгийг бүрдүүлж машины мөнгийг бэлэн болгосон. Д.Г хамт 2023 оны 12 дугаар сарын 11-нд “БИД ББСБ” ХХК дээр очиж, Э.Э машинаа зарж байгаа гэж Д.Г өөрөө хэлж ББСБ-ын ажилтантай ярилцаад машины мөнгийг би шилжүүлсэн. Ингээд миний нэр дээр шилжүүлэх тухай Автотээврийн үндэсний төвд ББСБ-аас албан тоот өгсний дагуу уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ машиныг шилжүүлж авах үед урд талын салхины шил хагархай, жолоочийн эсрэг талын хойд хаалга цөмөрхий байсан ба торгууль 562,000 төгрөг төлөх байсан тул торгуулийн мөнгийг Төрийн банканд төлж, салхины шилийг 210,000 төгрөгөөр солиулж, оношилгоонд оруулсан. Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэнэт Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудаж, 4-5 удаа очиж мэдүүлэг өгч, Д.Гэрэлмаатай 2 удаа нүүрэлдүүлсэн. Ингэж шалгагдаж байгаад 6 дугаар сард прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Байцаагч намайг Д.Г хамт яваад машиныг өөрийнх нь ярьж байгаа ББСБ-д тавиад мөнгөө гаргаж ав гэсэн санал хэлсний дагуу 2024 оны 1 дүгээр сарын 26-нд Д.Гэрэлмаатай Ялалт плазагийн 9 давхарт байрлах ББСБ дээр очиж машиныг дахин барьцаалж зээл авах гэсэн боловч Д.Г 50,000,000 төгрөгийн зээлтэй байгаа учир зээл авах боломжгүй гээд бид зээл авч чадаагүй. Хэрэг хаагдсаны дараа Д.Г шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ хүн нэхэмжлэлдээ надад мөнгө өгсөн мэтээр бичсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Хэрэв надаас зээлсэн 16,000,000 төгрөгийг бүгдийг нь өгвөл би машиныг нь буцааж өгөхөд бэлэн байна...гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийт 16,000,000 төгрөгийн төлбөрт тооцож Э.Э машинаа өгдөг. Э.Э нь Д.Г торгууль, урьдчилсан зээл зэргийг нийлүүлээд автомашиныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдаж авсан. Энэ гэрээний зүйл нь эрхийн доголдолгүй байх ёстой. Гэрээ байгуулах саналыг Д.Г гаргаж Э.Э хүлээж авснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Д.Г дараа нь машинаа буцааж авъя, 13,000,000 төгрөгийг чинь сар бүр 1,000,000 төгрөгөөр өгье гэсэн. Хүний хэл үгтэй машинаар ч яахав дээ гээд ББСБ дээр хамт очсон. Гэтэл Д.Г 50,000,000 төгрөгийн зээлтэй байгаа учир зээл олгох боломжгүй гэсэн байдаг. Үүнээс үүдээд өөрийн өмчөө захиран зарцуулах эрхээ эдэлж, эзэмшилдээ машиныг байлгаж байгаа. Ямар нэгэн хууль дүрэм зөрчиж Д.Гэрэлмааг хохироосон зүйл байхгүй. Харин Д.Г нь арга ядаад ирэхээрээ машинаа хүнд өгчихдөг, эргээд “намайг залилсан” гээд 15 жил таньдаг хүнээ “зүс таних хүн” гэж цагдаагийн байгууллагаар шалгуулж, тэр нь хэрэгсэхгүй болсон байдаг. 11,345,000 төгрөгийг өгье, би машинаа буцааж авъя гэж байсан. Нэгэнт Э.Э өмчлөлд бүртгэлтэй байгаа учраас энд өмчлөлийн асуудал яригдахгүй...гэв.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-5/, Авто тээврийн үндэсний төвөөс Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн лавлагаа /хх-6-7/, “БИД ББСБ” ХХК-иас Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-8/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 537 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-9-11/, ... зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: “БИД ББСБ” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар /хх-19/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-20/, Д.Г  бичсэн гар бичмэл баримтууд /хх-21-22/, Э.Э Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23, 33/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-24-28/, ..-..УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлсөн баримт /хх-29-31/, Э.Э Хас банк дахь дансны хуулга /хх-34-35/, ... зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн баримтууд:

5.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18686 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Прокурорын газар, хариуцагч Э.Э нараас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-50-51/, захирамжийн дагуу Баянгол дүүргийн Прокурорын газраас Э.Э 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, Д.Г , Э.Э нарыг 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нүүрэлдүүлж асуусан тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. /хх-58-63/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Д.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийн үндэслэлээ “банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Э.Э тусламжтайгаар барьцаанаас чөлөөлүүлж, зээлийг дуусгавар болгосон. Зээлийг чөлөөлүүлэхэд зарцуулсан мөнгийг буцаан төлж, тээврийн хэрэгслээ өөрийн эзэмшилд авахыг хүсэхэд өмнөх зээлийн төлбөрийг нэмж шаардсанаар үл ойлголцол үүсэж, улмаар өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж чадахгүй болсон учир ..-..УАР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохоо тогтоолгож, буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч Э.Э татгалзлын үндэслэлээ: “нэхэмжлэгчийг олон жил таньдаг байсан, хүүхдийн бие муу гэж гуйсан учраас бусдаас зээл авч, эд зүйлээ ломбардад тавьж байгаад мөнгө бүрдүүлж зээлийг нь чөлөөлүүлэн, тээврийн хэрэгслийг нь барьцаанаас чөлөөлж, машиныг өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд нэмэлт төлбөр төлсөн. Ярилцсаны дагуу өөр ББСБ-д барьцаалж зээл авах гэсэн боловч Д.Г 50,000,000 төгрөгийн зээлтэй байсан учир нэмж зээл олгогдохгүй гэсэн. Өмнөх зээлийн төлбөрөө төлөөгүй байсан, мөн дараагийн зээл чөлөөлүүлсэн төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөгөөр цувуулж төлье гэсэн нь боломжгүй зүйл байсан учраас зээлийн төлбөртөө тооцоод тээврийн хэрэгслийг нь шилжүүлж авсан. Тийм учраас буцааж өгөхгүй” гэж тайлбарласан.

            4. Хэрэгт авагдсан бичмэл баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Нэхэмжлэгч Д.Г нь “БИД ББСБ” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 13,650,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,79 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд ..-...УАР улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж, өмчлөлийг зээлдүүлэгчид шилжүүлсэн байна.

            4.2. Зээлийн гэрээний үүргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр биелүүлснээр гэрээ дуусгавар болж, зээлдүүлэгч “БИД ББСБ” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичгийн дагуу барьцаа хөрөнгө болох ..-..УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөл 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Э.Э эзэмшилд бүртгэгджээ.

            4.3. Э.Энхтуяагаас Д.Г 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд “Gerelmaad, Gerleed” гэх гүйлгээний утгаар нийт 3,050,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-24-28/

            4.4. Мөн ..-..УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр 560,000 төгрөгийн төлбөр 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлөгдсөн байна. /хх-29-31/

            4.5. Э.Э 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны ....дугаар данснаас “зээл олголт шилжүүлгээр” гэх гүйлгээний утгаар 1,700,000 төгрөг, Хас банкнаас мөн өдөр нийт 7,353,391.50 төгрөгийн зээл авчээ. /хх-33-35/

            4.6. Д.Г 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “...би Энхтуяагаас 2 сая төгрөг аваад дараа нь 1 сая төгрө гаваад 5 хайрцаг бүтээгдэхүүн аваад нийт 4 сая төгрөг болсон. Үүний хүү нь 9 сая төгрөг нийт 13 сая төгрөгийг 3 сарын 15-наас эхлээд сард 1 сая төгрөг өгч байхаар боллоо” гэж, мөн өдрөө “...БИД ББСБ-аас 10 сая 440 мянган төгрөгөөр машины зээл чөлөөлөөд даатгал 37000, машины шил 210,000 төгрөг, торгууль 560,000 төгрөг, гэрчилгээний мөнгө 15,000 төгрөг болсон. Нийт 11,262,000 төгрөг одоо 2 сар болсон учир хүү нь 10%-иар бодоод 2,200,000 төгрөг өгөхөөс 450,000 төгрөг өгсөн. Одоо машинаа банк бусд тавиад мөнгийг нь гаргаж өгнө” гэж тус тус бичиж, гарын үсэг зурсан байна.

            4.7. Д.Г Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст “2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа зүс таних хүнд өөрийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ залилуулсан” гэх гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 537 дугаар тогтоолоор “...эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулсанд тооцогдсон иргэний эрх зүйн харилцаа бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байхгүй” гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /хх-9-11/

            5. Талууд маргаан бүхий тээврийн хэрэгсэл анх Д.Г эзэмшилд байсан, Э.Э “БИД ББСБ” ХХК-д Д.Г өмнөөс зээлийн төлбөрийг төлж барагдуулснаар уг тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн, улмаар торгууль болон бусд нэмэлт зардлыг Э.Э төлж, тээврийн хэрэгсэл Э.Э эзэмшилд бүртгэгдсэн, Д.Г тээврийн хэрэгслийг өөр ББСБ-д барьцаалан зээл авч Э.Э мөнгийг буцаан төлснөөр тээврийн хэрэгслийг Д.Г буцааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            5.1. Харин Э.Э уг тээврийн хэрэгслийг Д.Г буцааж өгөх үүрэг хүлээсэн эсэх, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар өөр өөрийн үндэслэл зааж маргав.

            6. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан ба Д.Г ББСБ-аас авсан зээлээ Э.Э төлүүлснээр тээврийн хэрэгслээ чөлөөлүүлсэн үйл баримт нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байна.

            7. Харин хариуцагч Э.Э дээрх хуульд заасны дагуу гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаагүй ба тухайн зээлийн барьцаанаас чөлөөлсөн тээврийн хэрэгслийг өөрийн нэр рүү шилжүүлж, эзэмдэн авсан байна.

            7.1. Энэ нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан “өөртөө туслах” үйлдэл хийсэн гэж үзэх боломжтой.

Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж заасан байна.

            7.2. Гэвч хариуцагчийн хувьд дээрх хуульд зааснаар өөртөө туслах үйлдэл хийсэн эсэхийг дүгнэвэл: тээврийн хэрэгслийг өөрийн нэр рүү шилжүүлж, эзэмшилдээ байлгаснаар нэхэмжлэгчийн түүнд төлөх өмнөх өр төлбөрийн хамт төлүүлэхээр барьцаа болгож авсан, улмаар нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг ашиглах боломжгүй болсон байгаа нь мөн зүйлийн 12.3 дахь хэсэгт “өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчсөн буюу Д.Г хөрөнгөө ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

            8. Талууд хоорондын өмнөх өр төлбөрийн талаар өөр өөрөөр тайлбарлан маргаж байна. Тодруулбал: нэхэмжлэгчийн хувьд анх нэхэмжлэлдээ 10,450,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэж байсан бол шүүх хуралдааны явцад 12,000,000 төгрөг төлнө гэдэг. Харин хариуцагчийн хувьд хариу тайлбартаа өмнөх өртэй нийлээд 16,000,000 төгрөгийг төлвөл машиныг буцааж өгнө гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд нэхэмжлэгчээс мөнгө авахгүй, харин талууд худалдах, худалдан авах гэрээ хийсэн учраас автомашиныг буцааж өгөхгүй гэж тайлбарласан.

            8.1. Хэрэгт байгаа нотлох баримтуудаар Д.Г гараар бичсэн баримтуудад 13,000,000 төгрөгийг сар бүр нэг саяар хувааж төлөх, мөн машин барьцаанаас чөлөөлж нэр дээр шилжүүлэхэд гарсан нийт зардал 11,262,000 төгрөг, үүний хүү 2,200,000 төгрөгөөс 450,000 өгсөн, одоо машинаа ББСБ-д тавиад мөнгийг нь өгнө...гэж тус тус бичиж өгсөн байна. /хх-21-22/

            7.2. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгагдаж байсан хэрэг бүртгэлтийн хэрэгт Э.Э гэрчээр мэдүүлэхдээ маргаан бүхий автомашиныг чөлөөлөхөд гарсан нийт зардал 11,500,000 төгрөг, өмнөх өр 4,000,000 төгрөг байгаа гэж тайлбарлаж, Д.Г нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “автомашины 11,300,000 төгрөг, түүний хүү 5,500,000 төгрөг, өмнөх өр 4,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сард авсан гутлын үнэ 250,000 төгрөг, нийт 20,150,000 төгрөг авч байж машиныг өгнө” гэж мэдүүлжээ. /хх-59-63/

            8. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх ба мөн зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан байна.

            8.1. Тээврийн хэрэгслийн бүртгэлд эзэмшигчээр Э.Э бүртгэгдсэн байгаа нь түүнийг маргаан бүхий ..-..УАР дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

            8.2. Харин талуудын гаргаж буй тайлбар, эрүүгийн журмаар хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шалгагдахад гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнэвэл Э.Энь Д.Г мөнгө зээлүүлж, уг зээлийн баталгаа болгон түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалсан гэж үзэхээр байна.

            8.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.Г зээлийн төлбөрөө буцааж төлөөгүй учир түүний тээврийн хэрэгслийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан буюу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр хийгдсэн гэх агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

            8.4. Гэвч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийх боломжтой боловч энэ төрлийн гэрээ нь хоёр талын буюу гэрээний талууд адил тэнцүү хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гэрээний гол нөхцлийг тохиролцсон байхыг шаардах ба нэхэмжлэгч Д.Г хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа үед гэрээ байгуулсан гэдгийг хариуцагч Э.Э нотлох шаардлагатай.

            9. Хэрэгт цугларсан баримтууд болон зохигч талуудын тайлбараар Д.Г, Э.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн, уг гэрээний баталгаа болгож Д.Г өмчлөлийн тээврийн хэрэгслийг Э.Э барьцаалсан байна.

            9.1. Барьцааны гэрээ аман хэлбэрээр хийгдсэн бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус болно. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч мөн гэж үзэх үндэслэлтэй.

            10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хариуцагч Э.Э буцаан шаардах эрхтэй байна.

11. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан 24-10 УАР улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Г болохыг тогтоож, уг тээврийн хэрэгслийг Д.Г өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч Э.Энхтуяад даалгасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА