| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01316/И |
| Дугаар | 102/ШШ2024/05253 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/05253
2024 оны 11 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2024/05253 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч А.Энхжаргал, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хороо,... тоот хаягт оршин суух, ...,
Хариуцагч: Баянгол дүүргийн ..дугаар хороо, ..дугаар хороолол, ..дүгээр байрны ..тоот хаягт оршин суух, ..овогт .. ..,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,149,000 /нэг сая нэг зуун дөчин есөн мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л...оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн **-**УБА улсын дугаартай Toyota Highlander маркийн суудлын автомашинтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гэмтлийн эмнэлгийн урд Дашваанжил колонктой 4-н замын уулзварт хойноосоо урагшаа чиглэлд явж Д.**улаан гэрлээр орж, **-**УНӨ улсын дугаартай **маркийн суудлын автомашинаараа миний машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Намайг цагдаа дуудах гэхэд “буяны ажил гарсан, хоёулаа тохиръё, хохиролгүй болгоно” гэж гуйсан болохоор түүнд итгээд явуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй, өгнө гэдэг ч дандаа худлаа хэлдэг. Машиндаа хохирлын үнэлгээ хийлгэхэд 1,065,000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Мөн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 84,000 төгрөг болсон. Энэ зардлуудыг л хариуцагчаас шаардаж байгаа. Хохирлыг минь барагдуулж өгнө үү...гэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, “***” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын эх хувь /хх-4/, “***” ХХК-ийн автомашин техникийн хохирлын үнэлгээний тайлан /хх-5/, машины фото зургууд /хх-6/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-7/, хариуцагч Д.**түүний 94178784 дугаарын утсаар харилцсан мессежний фото зураг /хх-8-9/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
3. Хариуцагч Д.**нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй ба шүүгчийн туслах түүний ***дугаар руу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр холбогдоход “мөнгө орж ирж байгаа, ах нь хөдөө байна, ***дансыг нь аваад өгөөч мөнгийг нь бүгдийг нь хийе” гэжээ.
4. Шүүхээс томилогдсон иргэдийн төлөөлөгч О.***хувийн шалтгаанаас болж шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхэд цахим шуудан ирүүлсэн ба хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.***холбогдуулан гэм хорын хохиролд 1,149,000 төгрөг гаргуулахаар шаардсан Л.***нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Л.**нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч Д.***Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж уулзвар руу улаан гарлээр орсноос болж миний тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Ажил явдалд явж байна гэж гуйсан учир цагдаа дуудаагүй ба ослын улмаас тээврийн хэрэгсэлдээ учирсан хохирлын зардал 1,149,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Д.***2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд зохигчоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Л.***2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө өөрийн өмчлөлийн Toyota Highlander маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун талын уулзварт хойноос урагш чиглэлд ногоон гэрлээр нэвтэрч байхад нь хариуцагч Д.***-**УНӨ улсын дугаартай BMW маркийн тээврийн хэрэгсэл жолоодон, улаан гэрлээр уулзварт нэвтэрч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргасан байна.
4.2. Зам тээврийн ослын улмаас Л.***өмчлөлийн тээврийн хэрэгслийн зүүн урд буферын тогтоогч зам, баруун урд гэрэл, улсын дугаар, улсын дугаарын хүрээ, урд буфер, нүүр сетка зэрэг эд анги эвдэрч, нийт 1,065,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарч, үнэлгээ хийлгэхэд 84,000 төгрөгийн зардал гарчээ.
4.3. Хариуцагч Д.**буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гуйсны дагуу цагдаагийн байгууллагад мэдээллээгүй талаар нэхэмжлэгч Л.**тайлбарлах бөгөөд хариуцагч хохирлыг барагдуулах талаар удаа дараа илэрхийлсэн ч хохирлыг барагдуулаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах хариуцагчтай утсаар холбогдоход мөн төлбөр төлөх талаар илэрхийлсэн байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан байна.
6. Хариуцагч Д.**нь Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж, зохицуулдаг уулзварыг улаан гэрэл ассан байхад нэвтэрч, зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтэрч байсан нэхэмжлэгч Л.*** жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан, үүний улмаас нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч эдгээр зардлыг бүрэн хариуцаж төлөх үүрэг хүлээнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 32,199 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,199 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.***1,149,000 /нэг сая нэг зуун дөчин есөн мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.***олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 32,199 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,199 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД А.ЭНХЖАРГАЛ
А.ЭНХЗАЯА