Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 0064

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0064

Улаанбаатар хот

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, гуравдагч этгээд Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, гуравдагч этгээд Ц.Ц-ын өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ц.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Х-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны А/62 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ц.Ц давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 36 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Г.Х нь миний төрсөн ээж Цагаачийн эзэмшлийн өв залгамжилсан Чацран багийн Ямаан усны хаваржаа. Хамар замын өвөлжөөг дур мэдэн 2007 оны 10 сарын 17 нд 0126301, 0126302 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр гаргаж авсан юм.

Уг маргаад байгаа өвөлжөө хаваржаа нь 1981 оны 04 сарын 09-ны өдрийн 10 дугаартай Говь-Алтай аймгийн Халиун сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжаар миний өвөө Б-ы нэр дээр эзэмшил нь бүртгэлтэй байхад ямар замаар өвөлжөө хаваржаа дээр гэрчилгээ гаргуулсан нь тодорхой бус байхад, анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би өнчин өрөөсөн харж хандах туслах хүн байхгүй. Удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 д зааснаар Зохих шатны засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэсний дагуу иргэн Ц.Ц би Халиун сумын засаг даргадаа хандаж өвөлжөө хаваржааны асуудлаа шийдвэрлүүлсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож.энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Х-аас Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий А/62 дугаар захирамжаар түүний эзэмшиж байсан Халиун сумын Хамардаш нэртэй газар байрлах өвөлжөө, Ямаан ус нэртэй газар байрлах хаваржааны газруудыг Ц.Ц-д эзэмшүүлсэн асуудлаар маргасан байна.

Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Ц эзэмших эрхтэй болсон маргаан бүхий газрууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Д.Г-д шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Ц.Ц-д газар эзэмших эрх олгосон шийдвэр үйлчлэлгүй болсон харин Д.Г-д уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж хүчинтэй байна.

Нэхэмжлэгч Г.Х-аас энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч шүүх Д.Г-ыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн маргаж, зөрчигдсөн гэж үзэж буй газар эзэмших эрхтэй уялдуулан тодруулах шаардлагатай байна.

2. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т ... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно, 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Хт 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх үүссэн байх боловч Г.Х-ын газар эзэмших хүсэлт, түүнд холбогдох гэрээ, гэрчилгээ зэрэг баримт байгаа эсэхийг тодруулснаар уг газар эзэмших эрх олгосон шийдвэр нь хэнд (иргэн Г.Х эсхүл Г.Х-ын гэр бүлд) ямар зориулалтаар эзэмшүүлсэн талаар тодруулах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-ын зохицуулалттай маргаан бүхий А/62 дугаар захирамж хэрхэн уялдаж байгаа, А/62 дугаар захирамж нь хэний ямар хүсэлтэд үндэслэн гарч байсан болох, энэ нь гуравдагч этгээд Ц.Ц-д ямар хамааралтай болох талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн шүүх Г.Х уг суманд амьдардаггүй гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, Засаг даргын дээрх захирамжийн дагуу гуравдагч этгээдийн өвөө П.Б, ээж П.Ц нарын эзэмшиж амьдарч байсан гэх уг газрыг Ц.Ц эзэмших эрхтэй хэмээн маргаж байгаа атлаа бусдад шилжүүлсэн байгаа зэрэг нөхцөл байдлыг тодруулан үнэлж шийдвэрлэх шаардлагатай байна.

Эдгээр үндэслэлүүдийг шалган тогтоосны үндсэн дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох тул зохих ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Ц.ЦОГТ