Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01157

 

Б.Батгиймаа, Б.Баярмаа, Б.Чулуунцэцэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03502 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1246 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Батгиймаа, Б.Баярмаа, Б.Чулуунцэцэг, Э.Баттуул, Б.Энхбаатар, Б.Энхтайван, Н.Одонтунгалаг, Г.Гарьдмагнай, Д.Чулуунтуяа, Г.Энхмаа, П.Оюунгэрэл, А.Батчимэг, Б.Ганчимэг, Р.Алтантуул, Д.Дуламсүрэн, Б.Батболд, И.Мөнхзаяа, Б.Батцэнгэл, Э.Түвшинзул нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол-Солонгосын хамтарсан “Ионсей Найрамдал эмнэлэг” ХХК нарт холбогдох,

Ажлаас халагдсаны тэтгэмжид нийт 121 154 984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол-Солонгосын хамтарсан “Ионсей Найрамдал эмнэлэг”-ийг анх 1994 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Ионсей их сургуулийн Анагаах ухааны төв хамтран 50х50 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1999 онд дүрмээ шинэчлэхдээ Эрүүл мэндийн газар бус Нийслэлийн өмчийн харилцааны газартай хамтарсан гэрээ байгуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлснээр эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн. Тус захиргаанаас 2014.09.30-ны өдөр нийт эмч ажилчдад амаар Нийслэл өмчөө авсан учир манай байгууллага татан буугдахаар болсон, үйл ажиллагаа эцсийн байдлаар 2014.10.29-ний өдөр хүртэл явагдаад зогсоно гэсэн. Бид нарын ажлын байр байхгүй болох, уг ажлын байран дээр Концессын гэрээгээр Нийслэлийн оношилгоо, эмчилгээний төв баригдахаар болсон тухай танилцуулсан. Монгол-Солонгосын хамтарсан Ионсей найрамдал эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолоор Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” гэдгээр татан буугдах шийдвэр гарсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас татан буугдаж байгаа гэсэн шалтгаанаар халагдаж байгаа тул тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдээд ажилчдын төлөөлөгч нартай харилцан тохиролцон тус хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмжийг тохиролцсоноор өгөх ёстой гэсэн шаардлага тавьсан. 2014.10.11-ний өдрийн тус эмнэлгийн нийт эмч, ажилчдын хурлыг зохион байгуулж, хуралдаад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг энэ байгууллагыг анх байгуулагдахад л орж ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа, санхүүгийн хувьд ч өгөх боломжтой гэж үзэж 9 сараар тэтгэмжээ авах шийдвэрт санал нэгдсэн.Ингээд 100 хувийн саналаар эмч Б.Батболд, их эмч Г.Энхмаа, Д.Дуламсүрэн, Т.Солонго, Г.Баяржаргал нарыг ажилтны төлөөллөөр сонгон холбогдох байгууллагад энэ тухай шаардлагаа 2014.10.14-ний өдрөөс эхлэн Ионсей найрамдал эмнэлгийн захиргаа, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Татан буулгах комисс, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МЭМҮЭХ, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нарт өгсөн.Гэвч 2014.12.09-ний өдөр татан буулгах комиссын үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөөс өөрсдийн ашиглаж байсан зарим тоног төхөөрөмж, эд хогшлыг 84 000 000 төгрөгөөр өөрсдөө худалдан авч, энэ мөнгөөрөө 1 сарын тэтгэмж аваад л хоцорсон ба 8 сарын тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл бидний мэдэхээр манай байгууллагад үндсэн хөрөнгөө үнэлүүлэхэд нийт үндсэн хөрөнгө нь 248 000 000 төгрөг байснаас зарагдаад үлдсэн 168 000 000 төгрөг, үнэлэгдээгүй эмнэлгийн хангамжийн материал ойролцоогоор үнэлэхэд 10 000 000 төгрөг, МҮОНРТ-ийн хойно байрлах Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хувьсгалчдын 1-12 тоот гэсэн хаяган дээр 0,7-0,8 га газар, 140 м.кв хэмжээтэй 8 өрөө байр 1 давхар байшин, 40 тоннын багтаамжтай 2 ширхэг контейнер дотор нь агуулагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил дүүрэн байгаа болно.Мөн эмнэлгийн байрыг 8 000 000 000 төгрөгөөр зарсан байсан. Татан буулгах комисс буюу Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газраас байгуулагдсан гишүүдтэй уулзахад ямар нэгэн тодорхой зүйл ярихгүй манай байгууллагын дансанд мөнгө байхгүй хэдэн төгрөг цугларахаас хамаарч та нарын тэтгэмжийг өгнө гэдэг ч манай эмнэлгээс татан буулгах комисс өнөөдөр дуртай зүйлээ аваад л явж байна. Солонгосын Ионсей Анагаах Ухааны төв болон эмнэлгийн захирал татан буулгах комисст эмч ажилчдад тэтгэмжийг бололцоотой хэмжээгээр олгох хүсэлт гаргасан боловч татан буулгах комисс энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Гэтэл Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж төлбөрийг барагдуулж болно гэж заасны дагуу үлдсэн өд хөрөнгийг худалдаж бид нарын үлдсэн 8 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөх боломжтой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны төлөөлөлтэй тохиролцох ёстой ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул бид шүүхэд хандах болсон.Манай байгууллага хэдийгээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч улсын бүртгэлээс нэр хасагдаагүй байгаа, татан буулгах комиссын бүрэлдэхүүнд манай эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс байгаа учир бид нар байгууллагаа хариуцагчаар татсан болно. Нийслэлийн өмчийн харилцааны газрыг манай хөрөнгө оруулагч, өмчийн эзэн гэх үндэслэлээр хариуцлага хүлээх ёстой гэж үзээд хариуцагчаар татсан болно. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дээд удирдлага болохоор мөн хариуцагчаар татсан боловч одоо тэднийд холбогдуулан гаргах шаардлага байхгүй тул Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.Иймд үлдэх 2 хариуцагчаас 19 нэхэмжлэгчийн 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 118 648 984 төгрөг, мөн ажил олгогчийн буруугаас нэхэмжлэгч Г.Энхмаагийн ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон 2 506 000 төгрөг, нийт 121 154 984 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол-Солонгосын хамтарсан “Ионсей Найрамдал эмнэлэг”-ийг төлөөлж, татан буулгах комиссын дарга Н.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Төлөөлөн Удирдах зөвлөлийн шийдвэрээр татан буулгах комиссын даргаар томилогдсон. Эмнэлгийн үлдсэн бүх хөрөнгүүдийг зарж, 102 сая төгрөгийн өр төлсөн. Улсын бүртгэлээс хасуулахгүй байгаа үндэслэл нь одоо 24 сая төгрөгийн өрөө төлж чадахгүй байгаагаас юм. Эмнэлэгт одоо 35,6 сая төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгө болон 18,2 сая төгрөгөөр үнэлэгдсэн эргэлтийн хөрөнгө үлдсэн. Үүнийг зарах гэсэн боловч зарагдахгүй байна. Эмнэлгийн барилгыг татан буулгах комиссын шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлсэн. Төлбөрийн чадваргүй компаниас нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг шаардаж байгааг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар шүүхэд гаргасан тайлбартаа:Нийслэлийн өмчийн харилцааны газар нь татан буулгах комиссын бүрэлдэхүүнд орсон, татан буулгах комисс нь манай газарт ажиллаж байгаагаараа “Ионсей Найрамдал эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай холбогдоод байна. Түүнээс өөрөөр манай газар энэ эмнэлэгтэй холбоо байхгүй, нэхэмжлэгч нар яагаад манайхаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03502 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Солонгосын хамтарсан “Ионсей Найрамдал эмнэлэг” ХХК болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох нийт 121 154 984 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Батгиймаа, Б.Баярмаа, Б.Чулуунцэцэг, Э.Баттуул, Б.Энхбаатар, Б.Энхтайван, Н.Одонтунгалаг, Г.Гарьдмагнай, Д.Чулуунтуяа, Г.Энхмаа, П.Оюунгэрэл, А.Батчимэг, Б.Ганчимэг, Р.Алтантуул, Д.Дуламсүрэн, Б.Батболд, И.Мөнхзаяа, Б.Батцэнгэл, Э.Түвшинзул нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батгиймаа, Б.Баярмаа, Б.Чулуунцэцэг, Э.Баттуул, Б.Энхбаатар, Б.Энхтайван, Н.Одонтунгалаг, Г.Гарьдмагнай, Д.Чулуунтуяа, Г.Энхмаа, П.Оюунгэрэл, А.Батчимэг, Б.Ганчимэг, Р.Алтантуул, Д.Дуламсүрэн, Б.Батболд, И.Мөнхзаяа, Б.Батцэнгэл, Э.Түвшинзул нар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1246 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчин тохиролцолгүйгээр нэг сарын тэтгэмж өгснөөрөө уг хуулийг зөрчиж байна. Шүүхүүдээс бөөнөөр халах үед 1 сарын дундаж цалин хөлснөөс дээш хэмжээгээр тэтгэмж олгохоор хөдөлмөрийн гэрээнд тохирсон, эсхүл Хөдөлмөрийн дотоод журамд заасан тохиолдолд ажилтан тэр хэмжээгээр шаардах эрхтэй байна гэсэн байгаа нь мөн хуулийн үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэлд ийм зохицуулалт байхгүй байхад шүүхээс хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна....Хэдийгээр эрх хэмжээний асуудал нь ажил ологчийнх ч гэсэн ажил олгогч үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж энэ үүргийг нь биелүүлэхээр даалгаж өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ажил олгогч энэ үүргээ биелүүлэх гээд ядаж оролдлого хийгээд манай байгууллагад санхүүгийн бололцоо боломж байхгүй гэдгээ нотолсон бол ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаад явахгүй байсан болно. Гэтэл ажил олгогч ийм үйлдэл хийхгүй байхад нэхэмжлэгч нар ажил олгогчоо санхүүгийн боломжтой эсэхийг хэрхэн мэдэх болж байна. Тэгээд ч санхүүгийн боломж бололцоо байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл тус байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан газрыг 8 тэр бум төгрөгөөр зарсан. Үүнээс гаргуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Татан буулгах комисс эхлээд нэг ч сарыг өгөхгүй гэж байснаа нэхэмжлэгч нарыг 9 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхээд эхлэхээр нэг сарын тэтгэмж өгсөн тул үлдэх 8 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулахаар тохиролцоо хийлгэж өгөөч гэсэн болно. Үгүй бол үүнээс ч бага байсан болно. Ямар ч байсан нэг сараас л дээш бол хамаагүй гээд шат шатны шүүхэд тайлбар хийгээд байхад хүлээж авахгүй байгааг шүүхүүдээс анхаарч үзсэнгүй.Хариуцагч байгууллага санхүүгийн боломжгүй гэсэн байна. Гэтэл Ионсей найрамдлын эмнэлэг ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газрыг объектоо нь 8 000 000 000 төгрөгөөр зарсан байхад санхүүгийн хувьд боломжгүй гэж үзэж үндэслэл болохгүй. Ингэж үйл ажиллагаа явуулдаг газар болон объектыг зарсан байгаа нь Иргэний хуулийн 32.7-д зааснаар хэдийгээр өмч байхгүй юм бол бусад эд хөрөнгийг хуульд заасны дагуу худалдаж ажилчдын авах ёстой байсан цалин хөлсийг олгох ёстой гэж заасан байгаа болно.Шүүхээс нэхэмжлэгч Г.Энхмаагийн ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болоод Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээ авах эрхээ үүсээгүйд хариуцагч нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагч хэрвээ Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар төлөх ёстой хувиа бүрэн /7,8 хувь биш 8 хувиар/ төлсөн бол нэхэмжлэгч Г.Энхмаа нь тус сангаас авах уг тэтгэмжид хамрагдах боломжтой байсан болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар   зүйлд   ажил   олгогч   ажилтны   нийгмийн   даатгалын   шимтгэлийг төлөөгүйгээс даатгуулагч хохирсон бол ажил олгогчоосоо нэхэмжлэн авах эрхтэй гэсний дагуу тус шүүхэд хандсан болно. Энэ нь хэргийн материалд цугларсан нотлох баримтаар тогтоогдоод байхад шүүхээс ингэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар ажил олгогч нь  хуулийн  37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч нар нь Монгол-Солонгосын хамтарсан Ионсей найрамдал эмнэлгийн татан буугдсантай холбогдуулан ажлаас халагдсаны 1 сарын тэтгэмжийг авсан байна.

Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан байгууллага татан буугдсан тохиолдолд ажил олгогч нь ажилтнууддаа 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох ёстой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Энхмаа 2014 оны 05 дугаар сард хүүхэд асрах чөлөө авсан, эмнэлэг татан буугдах хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7,8%-иар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь тогтоогджээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Хэргийн оролцогчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т зааснаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/03502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1246 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН