| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/04058/И |
| Дугаар | 102/ШШ2024/05307 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/05307
2024 оны 11 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2024/05307 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дугаар хороолол, Чингүнжавын гудамж, **, **тоот хаягт байрлах “**-**” ЗБН /РД:***/,
Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дугаар хороолол, *****хотхонд байрлах “****” СӨХ,
Нэхэмжлэлийн шаардлага: зөвшөөрөлгүй суурилуулсан чиптэй хаалт албадан буулгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*, Д.*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*, Б.*нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “**-**” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*бичгээр гаргасан нэхэмжлэлд: **-***эмнэлэг нь мэдрэлийн үзлэг оношлогоо, хэвтэн эмчлүүлэх эмчилгээ, зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг юм. Тэгтэл “*****-****” СӨХ нь ямар ч зөвшөөрөлгүй, хууль бус чиптэй хаалтыг нийтийн эзэмшлийн зам талбай болох Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жем молл худалдааны төвийн зүүн талд, төв замаас баруун гар тийш эргэсэн 18м зайд байрлах **-**эмнэлэг, ****сургууль, Нийслэлийн ** дүгээр дунд сургууль руу машин орж гарах, 1 дүгээр эгнээний туслах замд чиптэй хаалтыг зохих газраас зөвшөөрөл аваагүй тавьснаас болж тус эмнэлгээр эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн болон машинтай албан хаагчдын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Баянгол дүүргийн Засаг дарга энэ асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан эрхийнхээ дагуу хэрэгжүүлэгч байгууллага болох Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, газраар хууль зөрчсөн зөвшөөрөлгүй гэдгийг шалгаж тогтоон хуульд заасны дагуу тухайн чиптэй хаалтыг албадан буулгасан. Хариуцагчийн дураар аашилж байгаа асуудлыг төр захиргааны байгууллагад удаа дараа өргөдөл гомдол гаргаж хандсанаар “**-**” СӨХ нь ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар чиптэй хаалт тавьсныг тогтоосон байсан. Үүний үр дүнд хууль дүрэм журам зөрчиж тавьсан хаалтыг буулгахаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хаалтыг буулгасан. Гэтэл тус СӨХ-ны захирал Н.**нийтийн эзэмшлийн талбайг дур зоргоороо хааж, хаалтыг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дахин тавьж, сурагчдын зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх гэж худал ярьж хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалсан дүр үзүүлсэн үйл ажиллагаа одоо ч үргэлжилсээр байна. Хууль бус зөвшөөрөлгүй тавьсан хаалтны улмаас **-***эмнэлгээр иргэд үйлчилгээ авахад хүндрэл үүсэж байгаа төдийгүй эмнэлэг, сургууль нь онцгой объект ба гал түймэр, газар хөдлөх гэх мэт аюултай нөхцөл байдал үүсээд зогсохгүй иргэд эмнэлэг рүү автомашинтай нэвтэрч чадахгүйн улмаас өөр эмнэлэг эмч эрэлхийлж, эмчилгээ авах хугацаа алдах эрсдэлт нөхцөл байдал бий болоод байна. Иймд “**-**” СӨХ-ны зөвшөөрөлгүй суурилуулж дур мэдэн тавьсан хаалтыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаалт суурилуулсан газар нь нийтийн эзэмшлийн зам талбай байна. Энэ нь газар зохион байгуулалтын албан бичгээр нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 446 дүгээр зүйлд энэ талаар зохицуулсан. Газрын тухай хуулийн 57.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмших ёстой. Мөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшихийг хориглоно. Хариуцагч нь хууль бус, зөвшөөрөлгүй хаалт тавьсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 11 дүгээр сарын 11-нд ирсэн албан бичгээр газар чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлж, албадан чөлөөлүүлсэн. Ийнхүү хууль бус хаалт тавьснаас нэхэмжлэгч эмнэлэгээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөж байгаа. Иймд нийтийн эзэмшлийн зам талбайг хашсан хаалтыг авах үндэслэл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар СӨХ-нд ашиглуулах “орчны газар”-ыг тодорхойлсон. Хуульд заасны дагуу олгосон газар нь автомат чип тавьсан хаалт биш байгаа юм. Иймд хаалт тавьсан газрыг эзэмшдэггүй гэдэг нь тогтоогдсон ба хууль зөрчиж хаалт тавьсан учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Урдуур гарах ёстой гэдэг асуудлыг бид мэдэхгүй. Кадастрын зургийн дагуу эмнэлгийн орц гарц хойшоо байхаар гаргасан байна. Хүүхдийн аюулгүй байдал гэж яриад байгаа боловч Тээврийн прокурорын газарт хандсан гэдэг нь бичгээр гаргасан баримтын хүрээнд нотлогдохгүй байна...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. “**-**” СӨХ-ны дарга Н.*шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: *нь ямар ч туслах зам хааж, иргэдийн явганаар, тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Харин хотхоны зам, сургууль орчмын бүс нь замын хөдөлгөөний өндөр эрсдэлтэй болсон, осол зөрчил байнга гарах болсон тул СӨХ, иргэд хамтран 2023 оны 8 дугаар сард хотхоны орц, гарц дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах автомат хаалт байрлуулж, камерын хяналттай болгосон. Энэ нь суурьшлын бүс дотор орц, гарцаа шийдвэрлээгүй үйл ажиллагаа явуулж буй **-**эмнэлгийн эрх ашигт нөлөөлсөн асуудал яригддаг. Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 1 дүгээр эгнээний туслах зам гэсэн нэршил, ойлголт байхгүй. Нэхэмжлэлд дурдсан 51 дүгээр сургууль нь хотхоны зүүн, зүүн урд талд зэрэгцэн байрладаг, урд хэсэгтээ бүрэн тохижуулсан авто зам, зогсоол бүхий төв замтай холбогдсон орц гарцтай. Харин хотхонтой залгаа баруун, зүүн хойд талдаа явган зорчигч нэвтрэх орц гарцтай. Тус сургуулийн нэг сурагч 2022 онд хотхоны зам дээр осолд орсноор эрсдлийг хэрхэн бууруулах талаар СӨХ-той хамтран ажиллаж эхэлсэн. Хотхоны зам эрсдэлтэй гэдгийг, зорчих хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах талаар эцэг эхчүүд, хүүхдүүддээ сануулж хэвшсэн, явган хүний орц гарын цас, мөстсөн талбайг байнга цэвэрлэдэг. Хотхоны орц, гарц хаасан талаар сургуулийн албан хаагчид, сурагчид, иргэдээс ямар ч гомдол гаргаж байгаагүй. Харин замын хөдөлгөөний эрсдэл буурсанд талархдаг. Нэхэмжлэлд дурдагдсан хувийн өмчийн Эрдмийн хишиг ерөнхий боловсролын сургууль нь 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, хотхоны зүүн талд 51 дүгээр сургуулийн хойд талд зэрэгцэн оршдог ба зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийнхаа урд хэсгийн нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй хашаалсныг эрх бүхий байгууллагууд буулгах шаардлага тавьдаг ч сурагч осолд орсон шалтгаанаар эсэргүүцдэг. Хотхоны орц, гарцыг хаасан эхэн үед сургуулийн удирдлага, зарим эцэг эхчүүд аман гомдол гаргаж байсан ч дийлэнх эцэг эхчүүд хүүхдүүд хүүхдүүд эрсдэлгүй зорчиж байгаа, хаалттай байснаар эмх цэгцтэй болсон гэж дэмжсэнээр эсэргүүцэхээ больсон. Гагцхүү хөндлөнгийн этгээд буюу **-**эмнэлгийн зүгээс тус сургуулийг гомдол гаргадаг гэсэн мэдээллийг төрийн байгууллагад өгөөд байдаг.
Нэхэмжлэл гаргасан **-**эмнэлэг нь хотхоны урд талд, төмөр замын цэцэрлэгийн баруун талд залгаа оршдог. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 19 дүгээр тогтоол “Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага”-д тусгагдсан төв замтай холбогдсон орц гарц, явган зам төлөвлөгдөөгүй байранд үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн эмнэлгийн эзэд гомдол гаргаж, янз бүрийн хууль бус авир, үйлдэл гаргадаг. Төрийн байгууллагад худал мэдээлэл өгч ачаалал үүсгэдэг. Энэ удаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд авагдсан материалд мөн адил худал мэдээллээр төөрөгдүүлэх зорилго бүхий нотлох баримт бүрдүүлэн хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар СӨХ-нд гарц хаасан талаар эмнэлгээр үйлчлүүлэгч, сургуулийн сурагчид, иргэдээс нэг ч гомдол ирээгүй. Учир нь оршин суугч бус иргэд автомашинтай чөлөөтэй нэвтэрдэг. СӨХ-ны байрлуулсан автомат хаалт нь зөвхөн нэг талдаа буюу эсрэг урсгалаас машин ирсэн тохиолдолд нээгддэг, мэдрэгч нь хугацааны хязгаарлалтгүй, оройн 22.00-07.00 цагийн хооронд болон сурагчийн амралт, бүх нийтийн амралт, баяр ёслол, 7 хоногийн амралтын өдрүүдэд нээлттэй байдаг. СӨХ-ны *** хотхон нь 2001-2005 оны хооронд ашиглалтанд орсон, хотхоны зохион байгуулалттай, эзэмшлийн газартай, тусдаа хашаатай, 24 цагийн харуултай нутаг дэвсгэр байсан. Гэтэл **-**эмнэлэг 2008 онд баригдаж 2010 оноос хотхоны орц гарц дээрх хашааг буулгасан. Тухайн үед хэний эрх ашгаар хотхоны эзэмшлийн газрыг нийтийн эзэмшил болгон өөрчилж, хотхоны замыг дамжин өнгөрөх зам болгосныг, мөн хотхон, суурьшлын бүс дотор мэдрэлийн эмнэлэг үйл ажиллагаа явуулах эрх олгосныг одоогийн СӨХ мэдэх боломжгүй. СӨХ нь 2023 оны 5 дугаар сард хотхоны орц, гарц дээр хаалт байрлуулах зөвшөөрлийг хүсэн төрийн олон байгууллагад хандаж, тэдгээр байгууллагуудаас газар дээр үзлэг хийн, тус тусын чиглэлийн дагуу хариу ирүүлсэн байдаг. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/2499 албан бичигт дурдсанаар тухайн тохиолдолд хотхоны орц, гарц дээр автомат хаалт байрлуулах зөвшөөрлийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор олгодог гэдэг албан хариутай болсон. Сурагчид, иргэдийн эрхийг хамгаалахаар 145 өрх хөрөнгө гарган хотхоны орц, гарц дээр автомат хаалт байрлуулсан явдал нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Ийнхүү гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдлийг төрийн олон байгууллагуудын төлөөлөл газар дээр ажиллан бодит байдалтай танилцан хүлээн зөвшөөрдөг. Хотхоны замд осол гарсан тохиолдолд сургууль орчмын бүсийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй гэм хорын асуудал нь төр, түүний үүргийг хэрэгжүүлэгчдийн түвшинд яригдахаар байна. Хаалт байрлуулах болсон зайлшгүй шаардлага нь 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хотхоны замд 3 хүүхэд осолд орсон. Зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийг мөргөх, шүргэх зэргээр хохирол учруулах, зугтах, хоорондоо шүргэлцэх, харилцан танхайрах, гараж болон зогсоолд буй машиныг хааж тавьснаас үүдэн маргаан үүсгэх, сигналыг удаан хугацаанд орилуулах, ачилтын машин дуудах зэргээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил, маргаан тогтмол гардаг болсон. Иймд иргэд, сурагчдын эрхийг хамгаалах, эрсдлийг бууруулахаар СӨХ-ноос эхлүүлэн, өмнө гаргасан хууль бус шийдвэрүүдийг засахаар олон төрийн байгууллагуудын оролцоотой хийгдэж байгаа ажлыг эсэргүүцэж, төрийн байгууллагуудын албан даалгавар, шаардлагыг биелүүлдэггүй **-**эмнэлгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол улс иргэнээ хамгаалдаг төртэй, хуультай болохыг сануулж, шүүхийн байгууллагад худал мэдээлэл, баримт нотолгоо ирүүлж, ачаалал нэмж буй ёс зүйгүй үйлдэлд нь хуулийн дагуу арга хэжээ авч өгнө үү...гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 9 дүгээр сараас Ковид гээд 2-3 жил сургууль хичээл амарсан байсан үе дуусаад замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд үүсэж эхэлсэн. 2022 оны 9 дүгээр сар, 2023 оны 1-2 дугаар сарын үед дахиад хүүхэд осолд орсноор Тээврийн цагдаагийн газраас СӨХ-нд шаардлага тавьж эхэлсэн. Оршин суугчид ч мөн эрх ашиг нь зөрчигдөж байна гээд 700-аад хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна гээд гомдол гаргаж эхэлсэн. Энэ үед СӨХ бараг ажиллагаагүй шахуу байсан. Бид дүүрэгт хандсаны дагуу дүүргийн тохижилтын хэлтсээс багаараа ирж ажилласан. Хамтарч асуудлаа ярилцсан ба эндээс гарсан үр дүн нь хаалт хийх байсан. Ингээд хаалтын асуудлыг холбогдох байгууллагад дүүргээс уламжилж өгье гэсэн. СӨХ-г тогтмол үйл ажиллагаатай болго, шинэчил гэдэг сануулга өгсөн. СӨХ хууль зөрчиж бусдын эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Монгол улсын Үндсэн хуульд иргэд нь аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг үндэслэн тавьсан хаалтаа хууль бус гэж үзэхгүй байгаа. Нэхэмжлэгч тал зөвхөн Газрын тухай хуульд заасны дагуу шаардаж байгаа гэдэг. Үндэслэл нь СӨХ нийтийн эзэмшлийн замыг хаасан гээд байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 1.7-д гарц гэж юуг хэлдэг талаар тодорхой заасан байгаа. Дүрмийн 1.2.8-д замын зэргэлдээх нутаг дэвсгэрийг мөн заасан. Эмнэлэг газар эзэмших зөвшөөрөл авах гэж байгаа бол орц гарцаа заавал шийдсэн байх ёстой. СӨХ 2008 онд нийтийн эзэмшлээс СӨХ-ны эзэмшил рүү шилжүүлье гээд явахад манай зөвшөөрлийг өгөөгүй. Бид хэн нэгний өмч рүү дайрсан зүйл байхгүй. Эмнэлэг эрх нь хязгаарлагдаагүй учир чип авахгүй гээд байгаа. Эрдэнийн хишиг сургуулийн захирал нь чипний мөнгийг төлөөд өөртөө болон сургалтын албандаа авсан. Зарим багш нар нь СӨХ-ноос гуйж байгаад авсан. Ганц энэ эмнэлэг л чөлөөтэй нэвтэрнэ гээд байгаа юм. Газрын тухай хуулийн дагуу шийдэх ёстой гэж байгаа бол энэ хуулийн 48 дугаар зүйлд зааснаар урагшаа замаа гаргаад Моносоос шаардах ёстой. Хаана хандаж хаалт тавих зөвшөөрөл олгох талаар заасан бол зөвшөөрлийг нь авчихна шүү дээ. Өнөөдөр гэхэд 6 дахь хүүхэд осолд орчихоод байгаа. Аав нь хүүхдээ хөтөлж явж байгаад машин мөргөсөн. Энэ үед цагдаа ирээд СӨХ-ны ажилтнуудыг дууддаг. Тээврийн цагдаагийн алба асуудал үүсдэг гэдгийг мэддэг учраас жолоочоос хаанаас гарч ирсэн гэдгийг асуухад “эмнэлгээс гарч ирсэн” гэдэг. Газрын албанаас 10 дугаар сарын 02-нд газар чөлөөлсөн гэсэн байна. Бид өөрсдөө явган зам тавих гэж авсан юм. Ингэхдээ газрын албанд хэлж байгаад авсан. Гэтэл үүнийг өөрсдөө албадан буулгасан гэж яриад байх шиг байна. СӨХ-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “орчны газар” гэж яриад байна. Хуульд “...арчлан хамгаалуулах зорилгоор орчны газрыг СӨХ-нд ашиглуулж болно” гэж заасан байгаа. Үүний дагуу газрын алба эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлүүлэх гэхээр газрын албанаас хаалтыг 11 дүгээр сард хурааж авсныгаа буцааж өгөхдөө “энэ бичгийн дагуу орчны газрын гэрчилгээгээ аваарай” гэж байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газар эзэмших эрхийн тухай асуудал яригддаг. Мөнгө авдаг гэдэг асуудал яриад байна. Хэнээс ямар мөнгө авдаг талаар ойлгосонгүй. Оршин суугчид чип ашигласныхаа төлбөрийг сар тутамд 5000 төгрөг төлдөг юм. Оршин суугчдын эд хөрөнгийг хамгаалж байгаа. Дээрээс нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хурд сааруулагчаар ажиллаж байгаа юм. Хотхоны төлөвлөлт нь нэг л орц гарцтай байх ёстой гээд хурд сааруулагч тавиагүй. Ийм учраас уруу харсан хэсэгт осол гараад байдаг. Ганцхан эгнээгээр машин, явган хүн хоёр зорчдог байсан. Яг хаалтны хажууд хогийн цэг байдаг. Өөрөөс хамаарахгүй юмыг манайхаас шаардаж байгааг ойлгохгүй байна. Эмнэлэг нэг удаа ч цасаа цэвэрлэдэггүй. Бид өнөөдөр Иргэний хуулийнхаа хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Эмнэлэг рүү харсан камераа сайжруулахаар ажиллаж байгаа. Хуулийн хүрээнд зөвшөөрөл олгох талаар заагаагүй байгаа учир Иргэний хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг хэрэглэх нь зөв гэж бодож байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл нь газар эзэмшүүлэх л асуудал байгаа юм...гэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн хуулбар /1-р хх-6-7/, Баянгол дүүргийн засаг даргад 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн 24/11 тоот албан бичиг /1-р хх-8/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05/162 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14/785 дугаар, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 05/110 дугаар албан бичгийн хуулбар /хх-9, 11, 14/, Нийслэлийн авто замын хөгжлийн газарт 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн 23/23 дугаар албан бичиг /1-р хх-10/, Тээврийн цагдаагийн албанд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн 23/20 дугаар албан бичиг /1-р хх-12/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн замын хөгжлийн газарт 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн 14/772 дугаар албан бичгийн хуулбар /1-р хх-13/, Замын хөгжлийн газраас Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт уламжилсан албан бичгийн хуулбар /1-р хх-15/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “Алтан-Өргөө” СӨХ-нд мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/5029 дугаар албан бичгийн хуулбар /1-р хх-16/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Алтан-Өргөө” СӨХ-нд хариу хүргүүлэх, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдүийн хуулбар /1-р хх-17-18/, газрын кадастрын зургийн хуулбар /1-р хх-19/, Энх-Ундарга эмнэлгийн үйлчлүүлэгчдийн санал гэх хүснэгт бүхий баримт /1-р хх-20-24/, фото зургууд /1-р хх-25-33/, Энх-Ундарга эмнэлгээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад хүргүүлсэн гомдол гаргах тухай 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24/33 дугаар албан бичиг /2-р хх-33-34/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01-07/7697 дугаар албан бичиг /2-р хх-35/, Хот байгуулалт, хотын стандартын газраас “**-**” ЗБН-д хариу хүргүүлэх тухай 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/01 дугаар албан бичиг /2-р хх-36/, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас “**-***” эмнэлэгт 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлсэн 05/162 дугаар албан бичгийн хуулбар /2-р хх-37/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор: СӨХ-ны гэрчилгээний хуулбар /1-р хх-35, 229/, “**-**” СӨХ-ны дүрэм /1-р хх-36/, Нийгмийн дэд бүтэц – Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагын хуулбар /1-р хх-63-95/, фото зургууд /1-р хх-96-107, 131, 139-144, 201-202, 213-216, 243-245/, СӨХ-ноос Баянгол дүүргийн засаг дарга, Нийслэлийн замын хөгжлийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Баянгол дүүргийн Газрын алба, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн хяналтын хэлтэс, Хотын стандарт хяналтын газар, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, Засаглал эрх зүйн шинэтгэлийн хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс, Хот байгуулалт, хөгжлийн газар, Авлигатай тэмцэх газар, Барилга хот байгуулалтын яамны салбарын хяналтын газар, Монос группийн үүсгэн байгуулагч, Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургууль, Эрдмийн хишиг дунд сургууль зэрэг байгууллагуудад хүргүүлсэн албан бичгүүд /1-р хх-108-114, 119-121, 123-130, 146-155, 157-158, 160-162, 167-168, 170-174, 182-188, 191-192, 194, 198-199, 204-205, 207-208, 242, 2-р хх-16-21/, Замын хөгжлийн газраас Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 31-ний 03/1475 дугаар албан бичиг /1-р хх-118/, Хот байгуулалт, хөгжлийн газрын “**-**” СӨХ-нд тайлбар хүргүүлэх тухай 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/2499 дугаар албан бичиг /1-р хх-122, 179/, Ногоон төгөл хотхоны оршин суугчдын гарын үсэг бүхий хүснэгт /1-р хх-132-138, 2-р хх-22-24/, Нийслэлийн засаг даргын тамгын газраас “**-**” СӨХ-нд хариу хүргүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/7155 дугаар албан бичиг /1-р хх-156/, Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Г.*шаардлага хүргүүлэх тухай 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03/122 дугаар албан бичиг /1-р хх-163, 169, 209/, газрын кадастрын зураг /1-р хх-164-166, 210-212/, “**-**” СӨХ-ноос “**-**” эмнэлэгт шаардлага хүргүүлэх тухай 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 23/005 дугаар албан бичиг /1-р хх-175/, “**-**” СӨХ-ноос “**-**” эмнэлэгт хүргүүлсэн хамтран ажиллах тухай 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар албан бичиг /1-р хх-176-177/, Авлигатай тэмцэх газраас “**-***” СӨХ-нд хариу хүргүүлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/19928 дугаар албан бичиг /1-р хх-189/, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны засаг даргаас “**-**” СӨХ-нд иргэний гомдол уламжлан, мэдээлэл авах тухай 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар албан бичиг /1-р хх-190/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн АХ-02-01 дугаар мэдэгдэх хуудас /1-р хх-193/, Баянгол дүүргийн газар зохион байгйуулалтын албанаас “Алтан-Өргөө” СӨХ-нд хүргүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05/37 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05/280 дугаар албан бичгүүдийн хуулбар /1-р хх-195, 197/, Хотын стандарт, хяналтын газраас “**-**” СӨХ-нд хариу хүргүүлэх тухай 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 01/110 дугаар албан бичиг /1-р хх-203/, Барилга, хот байгуулалтын яамнаас “**-**” СӨХ-нд хариу хүргүүлэх тухай 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1296 дугаар албан бичиг /1-р хх-206/, Хотхон доторх хяналтын камерын бичлэг бүхий зөөврийн диск /1-р хх-218/, уг бичлэг дээрх яриаг сийрүүлсэн бичиглэл /1-р хх-223/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “**-**” СӨХ-нд хүргүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01-05/5663 дугаар албан бичиг /1-р хх-241/, “**-**” СӨХ-ноос Монголын өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороонд хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24/11 дугаар албан бичиг /2-р хх-43-45/, “**-**” СӨХ-ноос Нийслэлийн газар зохион багуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гомдол гаргах тухай 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24/10 дугаар албан бичиг /2-р хх-46-49/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтууд:
5.1. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 15493 дугаар захирамжаар хариуцагчаас нотлох баримтаар гаргасан зөөврийн дискэнд үзлэг хийхээр шийдвэрлэж /1-р хх-220/, захирамжийн дагуу үзлэг хийх ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явуулж тэмдэглэл үйлдсэн. /2-р хх-1/
5.2. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20788 дугаар захирамжаар маргаан бүхий чиптэй хаалт суурилуулсан газарт үзлэг хийхээр шийдвэрлэж /2-р хх-6/, захирамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийх ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн. /2-р хх-7-13/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “**-**” ЗБН-ийн “**-**” СӨХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан, зөвшөөрөлгүй суурилуулсан чиптэй хаалтыг албадан буулгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “нийтийн эзэмшлийн газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авалгүйгээр автомат хаалт тавьсан нь нэхэмжлэгч болон эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн эрхийг зөрчиж байна” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “автомат хаалт тавих зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага байхгүй, хуулиар нарийвчлан зохицуулаагүй, хотхоны иргэдийн болон үйл ажиллагаа явуулдаг хоёр сургуулийн сурагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор, олон удаа зам тээврийн осол гарсны улмаас Тээврийн цагдаагийн албанаас СӨХ-нд шаардлага тавьдаг учир хаалтыг тавьсан. Бусад сургууль болон оршин суугчид чип аваад нэвтэрдэг. Нэхэмжлэгч байгууллагын орц, гарц нь батлагдсан зураг төслөөрөө хойшоо биш, урагшаа гарах ёстой байтал үүнийг зөрчиж хойшоо гарч, хотхоны замаар зорчиж байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар өөртөө тусалсан” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамж, Жем молл худалдааны төвийн зүүн талд байрлах “**” хотхоны зохион байгуулалттай барилгуудын зүүн урд талд “**-**” эмнэлэг байрлан үйл ажиллагаа явуулдаг ба “Ногоон төгөл” хотхоны гэх 73/1-73/5, 77 дугаар байруудын дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээг “**-***48” СӨХ хариуцан үйл ажиллагаа явуулдаг байна.
4.2. Тус хотхон болон эмнэлэг рүү төв замаас чиглэсэн туслах замд хариуцагч нь автомашины замыг хязгаарласан, автомат хаалтыг суурилуулсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч буулгахыг шаардаж талуудын хооронд зөрчилдөөн үүссэн байна.
4.3. Нэхэмжлэгч нь 2015 онд олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд “мэдрэл, гэмтэл, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ”-ний үйл ажиллагаа явуулах чиглэлтэй бөгөөд 2016 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 52 дугаар тогтоолоор “Баянгол дүүргийн 2, 3 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 1 дүгээр зэргийн туслах зам Энх-Ундарга” эмнэлгийн барилгын зүүн талаас Нийслэлийн мал эмнэлгийн газрын урдуур Чингүнжавын гудамжтай холбогдохоор төлөвлөгдсөн” талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас албан бичгээр тайлбар гаргаж, **-**СӨХ-нд мэдэгдэж байжээ.
4.4. Харин “**-**” СӨХ нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байсан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлах боловч 2023 онд гэрчилгээ авч, 2024 онд нэрээ “**-**48” СӨХ болгон өөрчилж дахин гэрчилгээ олгогдсон байна. СӨХ-ны хамаарах орон сууцны барилгуудын дунд орчны газар ашиглах гэрчилгээ олгогдоогүй, энэ талаар газрын албатай гэрээ байгуулагдаагүй байна.
4.5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт “нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ” гэж хуульчилсан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно гэж заасан байна. Ийнхүү ашиглахдаа СӨХ нь Газрын тухай хуулийн 441 дугаар зүйлд заасан журмын дагуу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу шийдвэр гаргах эрх бүхий аймаг сум, нийслэлийн засаг даргад хүсэлт гаргаснаар орчны газрыг ашиглуулах шийдвэр гаргуулах боломжтой.
4.6. Гэтэл орчны газар ашиглах талаар эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй, газар ашиглах эрхгүй боловч нийтийн эдэлбэрийн газарт зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр автомашины замд хаалт тавьсан болох нь Нийслэлийн болон Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичгүүд, мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.
4.7. Нэгдүгээр хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичгүүдээр “Гудамж замд хаалт тавих асуудал нь тухайлсан байршилд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор зөвшөөрөгддөг бөгөөд оршин суугчид иргэд аюулгүй байдал урсгал хөдөлгөөн тасралтгүй байх зарчмын хүрээнд хаалт хийхийг зөвшөөрөхгүйг уламжилж байна” гэж тайлбарласан нь автомашины замд хаалт хийхийг зөвшөөрөл олгохгүй гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж заасан.
5.1. Хариуцагч хуулийн дээрх заалтыг үндэслэн, хаалт тавьсан нь хотхоны оршин суугчдын болон сургуулийн хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан үйлдэл учир хууль бус гэж үзэхгүй хэмээн тайлбарлаж байна. Гэтэл энэ тайлбар нь хуулийн тухайн зохицуулалтад хамаарахгүй ба “эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах зайлшгүй шаардлага үүссэн, ийнхүү туламж авах боломжгүй байсан” гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
6. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”-ээр иргэний эрхийг хамгаална гэж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд буюу эмнэлгийн байр руу нэвтэрч үйл ажиллагаа явуулахад хариуцагчийн суурилуулсан автомат хаалт саад болж байх тул хаалтыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна гэж үзлээ.
7. Эмнэлгээс урагш гарц гаргаагүй, орц гарц гаргах зураг төсөл болон нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаа талаар хариуцагч тал тайлбарлаж, эрх бүхий байгууллагын албан бичгийг нотлох баримтаар гаргасан боловч **-*** эмнэлэг урагш гарах гарц гаргаагүй байснаар өмчлөлийн зүйл рүүгээ нэвтрэх эрхийг хязгаарлах эрх “***” СӨХ-нд олгогдохгүй.
8. Шүүх “****” ЗБН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, Жем молл худалдааны төвийн зүүн талд байрлах туслах замд суурилуулсан автомат хаалтыг албадан буулгахыг “****” СӨХ-нд даалгаж, “****” ЗБНөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА